"Тагтаа" хэвлэлийн газар авьяаслаг, шинэ залуу яруу найрагч, зохиолч, орчуулагчдыг ямагт дэмжиж өөрийн цахим хуудсаараа дамжуулан бүтээлүүдийг нь уншигчдад сурталчлан таниулахад ихээхэн сэтгэл, зүтгэл гаргадаг билээ.
Энэ удаад бид Маргад-Эсмэ хэмээх 22 настай залуу зохиолчийг та бүхэнд танилцуулж байна. "Төгссөн сургууль, эрхэлсэн ажилгүй ч бичих дуртай учраас л бичдэг" гэж өөрийгөө тодорхойлсон түүний эл бяцхан өгүүллэгээс тогтсон ойлголтыг арай өөр өнцгөөс харах чадвар, өвөрмөц чанар нэвт харагдаж буйд бид ихэд олзуурхсан юм. Маргад-Эсмэгийн бусад зохиолуудыг та энд дарж хувийн хуудсанд нь хандан унших боломжтой.
1.
Та бүхэндээ шуурхай мэдээ хүргэж байна. Ойн гүн дэх нэгэн байшинд долоон одойтой хамт амьдардаг гэх Ц учир битүүлгээр амь насаа алджээ. Цогцост задлан шинжилгээ хийж байгаа бөгөөд хэргийн газраас нэг ширхэг хазсан алим олджээ. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Мөн долоон одойг сэжигтнээр татаж цагдан хорих 400-р ангид хорьж байна. Ц нь 16 настай, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганц бие ажээ. Түүний эцэг бага байхад нь нас барсан бөгөөд хойд эхтэйгээ амьдардаг. Гэвч сүүлийн нэг жилд охин гэрээсээ зугатаж танихгүй эрчүүдтэй амьдарч байсан нь олны гайхашралыг төрүүлжээ. Эхийн сэтгэл санаа тун тавгүй, цочролд орсон учраас бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Албан бус мэдээллээр Ц нь үргэлж дуулж хуурдаж, хаашаа ч хамаагүй зугатаж, ханхүү гэх мэт баян айлын хөрөнгөтэй эрчүүдэд их дуртай байсан гэнэ. Хөршүүд нь хүртэл охиныг ээжийгээ огт хүндэлдэггүй, шулмасаар нь дууддаг байсан гэжээ. Төрүүлээгүй ч тэжээсэн эхээ орхин явсан охиныг өөрөөсөө болж үхсэн гэх яриа их байна. Гэвч эрдэнэт хүний амийг хөнөөчихөөд зүгээр өнгөрөх нь хэнд ч байж боломгүй зүйл билээ. Хэргийн үнэн мөн олдоно гэж найдаж байна. Энэ хэргийн талаар сэтгүүлч би вээр шуурхай мэдээллийг цаг алдалгүй хүргэх болно.
Сурвалжилсан: Эсмэ.
2.
Өнөө өглөө 9 цагт хотын цагдаагийн газраас охины үхлийн шалтгааны тухай задлан шинжилгээний хариу гарсан гэж мэдээллээ. Тэд охиныг хортой алимнаас болж үхсэн гэх бөгөөд хэн хохирогч Цасан цагааныг санаатайгаар алсан нь тодорхойгүй байна. Өчигдөр бид та бүхэндээ долоон одойг сэжигтнээр татсан гэж мэдээллэсэн билээ. Гэвч өнөөдөр сэжигтнүүд улам нэмэгджээ. Жилийн өмнө түүнийг алах гэж ойн гүн рүү цугтаа орсон гэх гуч орчим насны анчин залууг цагдан хориод байна. Мөн хэрэгт холбоотой байж болзошгүй, түүний дурлалт залуу ханхүүг эрэн сурвалжилж байгаа ажээ. Гэвч хууль мөнгөний талд нь үйлчилдэг болоод ч тэр үү, ханхүү одоо хүртэл олдоогүй байна. Ийм аймшигт хэрэг манай хотод өмнө нь болж байгаагүй юм. Хэрэгтнийг олбол эрүүгийн хуулийн 92.1.2 буюу хүний амь насыг урьдаас төлөвлөн санаатайгаар бүрэлгэсэн гэх зүйл ангиар ял оноож 10-15 жилийг гянданд хорих аж. Маш олон хүмүүс цаазаар авах ялыг сэргээхийг хүссэн ч, бид бусад улс, хотуудын жишгээр хүний амийг амиар солихын эсрэг зогсож, цаазаар авах ялыг хориглосон билээ. Хэрэв сэжигтнүүд аллагыг бүлэглэн үйлдсэн нь тогтоогдвол 92.2 -т зааснаар хүн тус бүрт 20-25 жилийн ял оноох ажээ.
Одоогоор долойн одоог бүгдийг нь байцааж мэдүүлэг авсан бөгөөд тэдний хэн нь ч уг хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй ажээ. Тэдний дунд маш ууртай нэг одой байх бөгөөд түүнийг өс хонзонгийн сэдэлтэй аллага үйлдсэн байх магадтай гэж таамаглаж байна. Мөн үргэлж инээж, хөөрүү байдалтай явдаг нэгэн одойг сэжиглэжээ. Учир нь хар тамхи эсвэл мансууруулах бодис хэрэглээгүй бол юу гэж ийм хэт хөөрүү зантай байх билээ хэмээн цагдаагийн ажилтнууд үзэж байна.
Харин тагнуулын ерөнхий газраас өгсөн мэдээллээр долоон одой ямар ч буруугүй байх магадлалтай аж. Хэрэг болох үед тэд бүгд уурхайд ажиллаж байсныг батлах гэрчүүд бий хэмээв. Хөөрхий охины үхэл хотын нийт өсвөр насныханд сургамж болсон нь лавтай. Мөн энэ хэргээс өмнө шөнийн цагаар шоу цэнгээнд нууцаар явж байгаад баригдсан үнсгэлжин гэх эмэгтэйн тухай бид хүргэж байсан билээ. Тэрээр одоо ч ялаа эдэлсээр байгаа бөгөөд хэдхэн сарын дараа суллагдах юм байна. Харин түүний үнэтэй болор шаахайг хулгайлсан гэх ханхүү эрх чөлөөтэй яваа нь хууль хэний талд үйлчилдэгийн баталгаа болох шиг.
Цасан цагааны хөрш айлын эмэгтэй:
"Би охиныг харалгүй бараг жил болжээ. Гэхдээ тэдний гэрт их хачин зүйлс их болдог байсан. "Хэн нь хөөрхөн бэ?" гээд л хойд эх нь эрүүл согтуу нь мэдэгдэхгүй орилж толь шил хагална. Охин уурлаж гэрээсээ зугатаж ой руу яваад өгнө. Түүнийг бүр алах гэж оролдсон хүн бий. Миний бодлоор энэ ханхүү нар л их буруутай санагддаг юм.
Айлын жаахан охидыг хайртай дуртай гэсээр гэмт хэрэг үйлдүүлж байгаа нь хүнлэг бус биш гэж үү? Саяхан болсон үнсгэлжингийн хэрэг үнэндээ өөрөөр шийдэгдэж болох л байсан. Зүв зүгээр тохитой томоотой айлын ажилсаг хүүхдийг энд тэндээс болор шаахай хулгайлуулан байж шоунд дагуулаад явдаг өнөөх ханхүү нь одоо эрх чөлөөтэй байгаа шүү дээ!
Би энэ ордонд өссөн баян айлын ханхүү нарыг л их сэжиглэж байгаа. Одоо үхсэн хүн сэхээд үнэнийг хэлж чадахгүйгээс хойш бид л хөөрхий охины ажил явдлыг амар тайван хийхийг хичээж байна. Хойд эх нь сэтгэл санаагаар их унасаг байгаа. Үнэндээ хөөрхий Цасан цагаанаас өөр үр хүүхэдгүй юм шүү дээ. Төрсөн юм шиг л хайрлаж халамжилж, гэрийн ажилд хүртэл оролцуулдаггүй байсан.
Гэхдээ эцсийн эцэст архиных л даа, архиных... Эх нь архи ууна, Цасан цагаан хаяа балгачихаад л шувуутай яриад солиороод явчихна. Дор бүрнээ л охин үрээ хайрлаж хар ус, ханхүү хоёроос хол байлгах хэрэгтэй гэж зөвлөж байна даа. Би өөр юу хэлэх вэ..."
3.
Задлан шинжилгээний хариугаар Цасан цагааны онгон хальс хуучин урагдалтай байсан нь түүнийг хэрэг болох үед хүчиндүүлсэн эсэхийг тогтооход хүндрэл учруулжээ. Түүнтэй цуг бүтэн жил орчим хамт амьдарсан долоон одойг байцаасан байна.
МӨРДӨН БАЙЦААГЧ: Та нарын хэн нь цасан цагаантай бэлгийн харьцаанд байсан бэ?
ОДОЙ №1: Яг үнэндээ бид бүгд л түүнтэй унтсан. Долоо өдөр ээлжлээд л түүнтэй хамт хонодог байлаа. Гэхдээ бид хөөрхий охины үхэлд буруугүйгээ хэлмээр байна. Биднийг хэлсдүүлж байна.
МӨРДӨН БАЙЦААГЧ: Та нарыг насанд хүрээгүй охиныг гэртээ хорьсон байж болзошгүй гэх шалтгаанаар шалгаж байгаа. Болсон явдлыг эхнээс нь ярь. Цасан цагаантай яаж танилцсан бэ?
ОДОЙ №1: Би яг хэдний өдрийг санахгүй байна. Ямар ч байсан тэр үед би зургаан нөхөртэйгөө гэртээ ирсэн юм. Гэтэл гэрийн бүх зүйл цэвэрхэн болчихсон. Бас хоол хийчихсэн байж билээ. Гэрт хэн нэгэн ирсэн байна гээд бид дээд давхарт гартал цасан цагаахан царайтай охин унтаж байсан.
МӨРДӨН БАЙЦААГЧ: Унтаж байсан юм уу? Эсвэл архи уугаад тасарчихсан байсан уу?
ОДОЙ №1: Бид түүнийг нь мэдээгүй. Ямар ч байсан сэрээд биднийг харчихаад их л жигтэй инээгээд байсан.
МӨРДӨН БАЙЦААГЧ: Тэгээд яг ямар шалтгаанаар хамтдаа амьдрах болсон юм бэ?
ОДОЙ №2: Ах минь үнэн хэлж байна. Бид буруугүй. Одоо ингээд бодохнээ Цасан цагаан бидний гэрт дайран орж ирж, биднийг бэлгийн дарамтанд өдөр бүр оруулдаг байсанд гомдолтой байна. Өдөр шөнө ялгахгүй дуулж хуурдах нь ажил ихтэй бидэнд үнэхээр дарамттай байсан. Тэр чинь биднээс том биетэй шүү дээ. Бид зүгээр л айсан. Дарамтанд бүтэн жил байлаа.
МӨРДӨН БАЙЦААГЧ: Тэгвэл энэ их дарамтаас залхаж та нар түүнийг хороосон юм биш үү?
ОДОЙ №1: Үгүй дээ, үгүй. Бид хэрэг болох үед уурхай дээрээ ажиллаж байсныг батлах хүн олон бий.
Нэг иймэрхүү яриа цагдаагийн газар өрнөлөө. Үүнээс хойш долоо хоногийн дараа мөрдөн байцаалтын явцаас долоон одой болон анчинг гэм буруугүй хэмээн дүгнэж тэднийг сулласан байна. Одоог хүртэл ханхүү олдоогүй гэнэ.
Ингээд цасан цагааны хойд эхтэй хийсэн ярилцлагыг хүргэе:
СУРВАЛЖЛАГЧ: Сайн байна уу? Бидэнд ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа. Сэтгэл тань үнэхээр их шаналж буйг мэдэрч байна. Та яг юу болсон талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгнө үү?
ЭХ: Үнэндээ би саяхныг хүртэл тайвширч чадахгүй байлаа. Цагдаагийнхан долоон одойг сулласанд үнэхээр уур минь хүрч байна. Тиймдээ ч ярилцлага өгөхийг зөвшөөрсөн юм.
С: Та өөрийн охины талаар яриач. Тэр яагаад гэрээсээ зугатах болсон юм бэ? Ноцтой шалтгаан бий юу?
Э: Нарийн ширийн зүйлийг би мэдэхгүй байна. Ямар ч байсан тэр их дураараа хүүхэд байсан. Нэг л өдөр би ханхүүтэй гэрлэж гүнж болно гэсээр гэрээсээ гараад явчихсан. Би охиноо хайж хэдэн өдөр нойргүй хоносон гэж бодно. (уйлав)
С: Бид таныг маш сайн ойлгож байна аа. Яг ямар шалтгааны улмаас долоон одой болон анчинг сулласан юм бол оо? Ханхүү яагаад одоо хүртэл олдоогүй байна вэ? Та ер нь охиныхоо үхлийн буруутанг хэн гэж бодож байна вэ?
Э: Миний бодлоор долоон одойг л гэж бодож байна. Харин ханхүү тэдэнтэй хамсаатан байх...
С: Та охиныгоо онгон хальс нь цоорсон байсан тухай мэдсэн үү? Долоон одойтой өдөр бүр бэлгийн харьцаанд ордог байсан гэх мэдээ саяхан олон нийтээр тараад байна.
Э: Би энэ талаар огт мэдэхгүй. Тэр жижигхэн одой нар яаж онгон хальс цоолж чадах вэ дээ? Ханхүү л охиныг минь ашиглачихаад хордуулчихлаа...
С: Таныг үргэлж архи уудаг. "Хэн нь хамгийн хөөрхөн бэ?" гэж хашгичин охин руугаа толь шидэж дарамталдаг байсан гэх мэдээлэл бий. Энэ тухай?
Э: Өдөр бүр толины өмнө эргэлдээд гангалаад байгаа охинг замаа алдчих вий гэж айсандаа гэрийнхээ бүх толийг хагалсан удаа бий. Би байнга уудаггүй. Нийгэм л намайг ийм болголоо. Хөөрхий охин минь мөн л нийгмийн золиос боллоо шүү дээ. Хэргийн үнэн олдтол би тэмцэнэ гэдгээ мэдэгдэж байна. Бусдын жаахан охид ч яг ийм шалтгаанаар үхээсэй гэж би хүсэхгүй байна.
С: Бидэнд ярилцлага өгсөнд баярлалаа. Та сэтгэлийн хаттай байгаарай.
Э: За баярлалаа. Өнөө орой төв талбай дээр Цасан Цагааны учир битүүлэг үхлийн ардаас мянга мянган хүмүүс гашуудан лаа асаахаар болжээ. Дэндүү зохион байгуулалттай хийсэн уг хэргийн зангилаа тайлагдсан ч, охин босоод ирэхгүйгээс хойш хойд насанд нь тайван үдэх нь чухал билээ. Бүгд түүний хүндэтгэлд зориулан нэг минут чимээгүй байцгаая!