Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 23-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 101 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 93 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 45 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах номын нээлт-ийн үеэр зарлаж шагнах болно.
Өгүүллэгийн орчуулгын уралдаанд дээр дурдсанчлан 45 орчуулагч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг таван орчуулагчийг шигшин авч, бүтээлүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 5 орчуулагчаас нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Мөн шилдэгт багтсан таван оролцогч манай хэвлэлийн газартай хамтран ажиллах боломжтой.
Уралдааны шилдэг орчуулагчдын нэг Амарбаатарын Урантогос нобелийн шагналт хятадын зохиолч Мо Яаны "Шөнийн олз" өгүүллэгийг монгол хэлнээ хөрвүүлснийг таалан уншина уу.
ШӨНИЙН ОЛЗ
Их удаан шалж гуйсны эцэст Есдүгээр авга арай гэж шөнө дунд хавч барихаар явахдаа намайг дагуулахаар болов. Тэр бол жараад оны дунд үе байлаа. Жил бүр үер бууж тосгоноос нэг бээр хүрэхтэй үгүйтэй орчин тойрон нэлдээ усанд автчихна.
Оройн хоол идсэний дараа бид хоёр тосгоноос гарав. Явахын өмнө ээж минь надад томоотой байж авга ахын үгэнд орохыг дахин сануулаад, авгад ч бас намайг сайтар харгалзахыг захиж байлаа. Есдүгээр ах “Бэргэн минь санаа амар бай! Би байхад тэр хаашаа ч алга болохгүй” гэж тайвшруулав. Ээж бидэнд өлссөн үедээ идээрэй гэж хоёр ширхэг сонгинотой бин өглөө. Бид хулсаар сүлжиж хийсэн борооны цув нөмрөөд, далбагар хулсан малгай духлуулав. Би олсон нэхээст хоёр том цүнх үүрч авга ах нэг гартаа дэн бариад нөгөө гараараа хүрзээ бат гэгч атгаад мөрөндөө тэгнэж явлаа. Тосгоноос гараад төдий л явж гавьсангүй зам балартан алга болж, хаа сайгүй лаг шавар, бороонд цохигдон доош бөгтийсөн будаа тариа угтав. Хөл нүцгэн байсны ачаар бид ус, шавар ажралгүй тууччихав аа.
Тэр оройн сар онцгой том, найман сарын арван дөрвөн эсвэл арван зургаан л байсан байх. Намрын сар дундаа орох дөхсөнийх оройн салхи хэдийнэ жихүүджээ. Сарны тунгалагхан туяа тариан талбайн дундах усыг гэрэлтүүлэх нь гялтайсан хэсэг бусагхан мөнгөлөг туяа цацраана. Зуны турш вааглаж ханасан мэлхийнүүд ичих гээд завгүй, тиймээс ч орчин тойрон их нам гүм санагдах. Бидний ус туучих чимээ л анир гүмийг цочоох аж. Нилээд удаан явсны эцэст тариан талбайгаас гарч ирэв. Далан дээгүүр авирахдаа авга “Нөгөө голын тохой чинь энэ шүү дээ. Эндээс л хавч шүүрдэнэ дээ” гэж хэллээ. Авга борооны цув, хулсан малгайгаа тайлаад бүсэлхий хүрсэн богино өмдөө шувталж орхив. Эхээс төрсөн биен дээрээ төмөр хүрзээ агсаж нөгөө хэдэн арван алдын өргөнтэй голын тохой руу үсрэн ороод голын усыг хоёр тийш сэтлэхээр шавар чулуу овоолж гарлаа. Энэ тохойн ус барагцаагаар дэлэм хэрий гүн, урсгал нь дөлгөөн ажээ. Төд удалгүй эрдэмт Есдүгээр авга лаг шавраар бяцхан хаалт босгож далангийн талыг дагуулан хоёр алд хэртэй урт ам үлдээгээд тариан түрүүдийг хос хосоор нь шигүүхэн хатгаж үлдээв. Авчирсан тосон дэнгээ баглаатай тариан дээр тавьж орхиод, намайг дэнгийн гэрлийн гадна суухыг заавардлаа. Ингээд бид олзоо хүлээж суух л үлдэв. “Хавч барих ийм амархан уу?” гэж би авгаас асуулаа. Авга “Чи зүгээр л хараад сууж бай! Өнөө шөнө умраас салхилаад яггүй байна. Хөл нь загатнасан хавчнууд хуралдаа суух гээд яаран ирэх нь гарцаагүй. Энэ тохойгоор заавал дамжиж өнгөрнө. Үүр цайхад хоёулаа аягүй бол торондоо багтааж дийлэхгүй их олзтой харих вий” хэмээв ээ.
Далангийн доор нилээд чийгтэй жиндүү, авга цуваа дэвсээд намайг суулгалаа. Авгын нүцгэн биен дээр сарны гэрэл ойх нь их л сүрдмээр үзэгдэнэ. Тэр босож ирээд их л бардмаар хөл гар, хүзүү сээрээ хөдөлгөн суниах нь аварга биет маанагдуу хүүхэд шиг харагдах аж.
Есдүгээр авга тэр жил арван найм дөнгөж хүрсэн, гэрлээ ч үгүй байсан үе. Тэр загас дэгээдэх, шувуу барих, жимс ногоо шуух гээд яаж л бол яаж тоглох дуртай, тоглож ч чаддаг байв. Бид ч түүнтэй тоглох маш их дуртай. Нилээд удсаны эцэст авга дотуур өмдөө өмсөөд цуван дээрээ гарч суунгаа “Битгий хамаагүй чимээ гаргаад бай! Хавч их ухаантай амьтан, жаахан л ажиг авчихвал хөдлөх ч үгүй” хэмээв. Нэг бол тарианы ишнээс зүүлттэй тосон дэнгийн шаргалхан туяаг ажиглан, нэг бол хавчинд барьсан хавхаа ширтэн хэсэг зуур чив чимээгүй суулаа. Голын ус гэрэлтэн гялтаганаад урсаж буй нь бараг мэдэгдэхгүй, гагцхүү тариан хавхлагт тээглэж орхисон бяцхан цахирмаа цэцэг туялзах нь ус урсаж буйг илчлэх. Хавч одоо болтол үзэгдсэнгүйд би жаахан адгаж эхлэв, тэссэнгүй авгаас асуучихлаа. Авга “Чи юундаа яарна вэ, халуун шөл ам түлнэ шүү” гэж сануулав. Удалгүй чийгтэй манан дэгдэж эхлэхэд сар өндөрт хөөрч гараад бүүр жижигхэн болсон мэт байвч, сав саруул, цэв цээлхэн туяа нь газрыг тодхоноор гийгүүлж, зарим хэсэгтээ өтгөрч, зарим хэсэгтээ сийрэгжсэн манан үнэхээрийн гоо үзэмж төгс үзэгдэх ажээ. Голын эргийн зэгсэн дунд зүсэн зүйлийн шувууд найрал хөгжим мэт жиг жиг, жуг жуг хэмээн хоршин жиргэлдэнэ. Шувуудын дуу шөнийн анир гүмийг бүүр ч тодотгох мэт. Тариалангийн талбайд цүл палхийн ус туучих нүсэр чимээ сонсогдох нь хэн нэг хүн тун яаруу том том алхлан явж буйн шинж бололтой. Гол дээр тогтсон манан өтгөн сийргээр сүлэлдэж, янз бүрийн дүрс үүсгэн, усны мөнгөлөг туяа нь заримдаа мананд халхлагдаж буй нь хүртэл хааяахан анзаарагдана.
Хавч одоо хүртэл гарч ирээгүй нь намайг жаахан тэвдээв. Есдүгээр авга ч гэсэн дуугаа хураан байн байн хавхлагаа эргэж үзнэ. Над руу эргэж хараад “Ямар хачин, үнэхээр жигтэй хэрэг бэ, энэ чинь! Өнөө шөнө яах аргагүй хавчны сүрэг үүгээр өнгөрөх ёстой доо. Бас умраас салхилхад хавчны хөл загатнадаг гэж байгаа. Хэрвээ гарч ирэхгүй бол ёстой чөтгөр шүгэлсэн хэрэг болох нь” хэмээн үглэв. Авга ах голын эргийн зэгсэн дундаас шаргал өнгөтэй нэгэн навч олж ирээд хоёр уруулныхаа завсар хавчуулан исгэрэх маягийн муухай чимээ гаргаж эхлэлээ. Би маш их даарсан ч түүнд “Есдүгээр авга аа, битгий исгэрээд бай! Ээж шөнө дунд исгэрвэл чөтгөр дууддаг гэсэн” гэв. Авга навчаар исгэрэнгээ над руу эргэж харахад харц нь цэхэр ногооноор эргэлдээд хачин аймшигтай үзэгдлээ. Зүрх минь хурдан хурдан цохилж гэнэтхэн л авга ах огт танихгүй хүн мэт санагдав. Цувандаа улам нугдайн шигдсэн миний бие даарсандаа салгалан чичирч байлаа.
Нөгөө навчаа хамаг анхаарлаа төвлөрүүлэн үлээж суух авгын бие сарны туяанд умбаад мөсөөр босгосон баримал мэт үзэгдэнэ. Би дотроо ихэд гайхширч “Энэ авга дөнгөж сая л намайг хөдөлж болохгүй, чимээгүй суу, хавч үргээчихнэ гээд байсан, яахлаараа өөрөө навчаар исгэрч гардаг билээ? Арай ингэж хавчнуудыг урхидан дууддаг юм биш байгаа?” гэж бодов.
Тэгээд сулхан дуугаар “Есдүгээр авга аа, авга аа!” гэж дуудлаа. Тэр хүний урманд хөдөлсөн ч үгүй, нөгөө л янзаараа навчаар исгэрэх агаад гаргах авиа нь улам л зэвүүн, аймаар сонсогдоно. Бушуухан хуруугаа чанга гэгч нь хазаад авбал маш их өвдөх нь зүүд биш гэдгийг батлалаа. Авгын нуруунд гараа хүргэтэл хүв хүйтнээр яс хайрах мэт болов. Энэ үед би үнэнээсээ маш их айж эхлэлээ. Тэгээд бушуухан зугтаж гарахыг бодтол хав харанхуй шөнө, зүг чиггүй тариан талбай, лаг шавар дунд гэртээ хэрхэн эсэн мэнд харих билээ? Авгатай хамт хавч барихаар гарсандаа үнэнхүү харамсав. Энэ навчаар үлээж суугаа мөсөн баримал мэт хүв хүйтэн эр аль эрт миний Есдүгээр авга биш болчихсон, домогт гардаг загасан толгойтод хувилсан савдаг ч юм билүү. Ийн бодсондоо үхтэл айж хуйхны минь арьс мулзрах шиг болов, энэ шөнө амьд гарна гэж саналтгүй боллоо.
Хэзээ гарч ирсэн нь үл мэдэгдэх хэсэгхэн шаргал, содон үүл тэнгэрт үзэгдэхэд сар түүнийг сундлаад алга болов. Юутай сонин, ийм өргөн тэнгэр, ийм өргөн чөлөө түүнд бий атал яагаад тэр хэсэгхэн шаргал үүлэнд шумбан сарнив гэж хэмээн өөртөө хачирхан бодлоо. Сарны туяа ийн үгүй болов. Гол дунд зоолттой өнөөх дэн л орчмын түнэр аниргүй дунд улам өнгө нэмж үзэгдэнэ. Яг энэ үед гэнэтхэн ер бусын сайхан үнэр анхилаад явчих нь тэр. Голын зүгээс анхилах тэр үнэр өөрийн эрхгүй намайг татан аваачиж усанд хөвж буй цав цагаахан лянхуа цэцгийг харуулав. Дэнгийн гэрэлд тодхон үзэгдэх энэ лянхуа цэцэг нэг тийм эрхэмсэг, сүр жавхлантай. Гэрийн үүдэн дэх цэцэрлэгийн оргилуурт зөндөө лянхуа цэцэглэдэг авч нүдний өмнөх энэ гоо үзэсгэлэнтэй адилтгаж болох нь нэгээхэн ч үгүй.
Үзэсгэлэнт лянхуа цэцэг миний айдсыг үргээж, хэзээ ч өмнө учирч байгаагүй эрхэмсэг, гоо сайхан оршихуйд намайг умбуулав. Би өөрийн эрхгүй босч зогсоод хамаг хувцасаа тайлан лянхуан зүг алхлаа. Хөл минь бүлээхэн усан дунд умбан орж, намуухнаар долгиолох голын түрлэг гуя шүргэх нь үгээр хэлшгүй сайхан мэдрэмж төрүүлж, хэт таашаалтайдаа хариугүй үхэх гэж буй мэт санагдана. Харахад лянхуа хэдхэн алхмын зайд буй мэт санагдавч, хүрье гэтэл улам цаашлаад байв. Лянхуа бид хоёрын хоорондох зай огтхон ч хорогдсонгүй. Намайг урагш хэд алхахад лянхуа хэдэн алхмаар цааш хөвж одно. Миний зүрх сэтгэл мансууран жаргаж буй гэлтэй, үнэндээ тэр лянхуад хүрч очихын ч хүсэлгүй, яг энэ хэвээр лянхуа усан дундаа цайвалзан хөвж би араас нь явсаар, ийм үзэсгэлэнт, мөрөөдлийн ахуйд бүлээхэн ус зөөлөн зөөлнөөр илбэх нь энэ насандаа мартаж чадамгүй дэндүү сайхан мэдрэмж байлаа.
Удалгүй сарны туяа гэнэтхэн цэлсхийн орчныг дүүргээд ирэхэд би хоёронтоо дагжин чичрэв. Сумаар хайр найргүй харвах мэт цав цагаан туяан дунд цэцэгсийн дэлбээ унаж эхлэхийг харлаа. Хагдарч унасан цэцгийн дэлбээ усны мандалд сарны туяа гялбуулан хөвж, өндөрт дэлбээгээ өргөж мишээж асан цэцгийн иш усанд гудайн хэдэнтээ туялзсанаа гүн харанхуйд уусан одов.
Өөрийн эрхгүй эхэр татан уйлахуй зүрх сэтгэл минь гэгээн гунигаар дүүрчээ. Түүнийг би эмгэнэн гашуудах гэж яасан ч хэлж боломгүй, гэгээн гуниг л гэж нэрлэнэ. Нүдний өмнө болоод өнгөрсөн энэ бүх зүйл хэсэгхэн зуурын жаргалтай зүүд зэрэглээ байсан мэт санагдана. Гэвч би гол дотор зогссон хэвээр, миний бие, миний зүрх усаар аргадуулж, түүний түрлэг зүрхний минь цохилттой уусан одож байв. Лянхуа цэцэг хэдийгээр сарнин үгүй болсон ч, анхилам үнэр нь голын мандалд хөвөн түгсэн хэвээр, сарны саруулхан туяа, зэгсэнд дуулалдах түмэн зүйлийн найрал хөгжим нийлэн сүлэлдэнэ.
Аварга том гар миний хүзүүнээс атган уснаас татаж гаргав. Усан дуслууд бяцхан сувд мэт бөнжигнөлдөн хүзүү, далнаас минь эхлээд, гэдэс, ичимдэг эрхтэн дээгүүр жирс жирс хийлгэн гүйлдэж одно. Голын тэндээс нүсэр хөлийн чимээ гарахыг би олж сонсов. Биеэ бушуухан хураагаад хулсан цуван доороо нугдайн шигдлээ. Уг нь авга намайг татаж гаргасан юм байх гэж бодсон ч тэр нөгөө л газраа хамаг анхаарлаа төвлөрүүлэн навчаа үлээж, байрнаасаа хөдөлсөн гэх өчүүхэн ч шинжгүй сууж байх нь тэр.
Хамаг чадлаараа “Есдүгээр авга аа!” гэж дуудлаа. Авгын навчаа зуугаастай танихгүй хүний харь нүдээр намайг ширвэхийг харахад харцнаас нь уурлаж, өөрт нь саад болсонд бухимдсан шинж үзэгдэв. Голын усанд орсноос хойш айж дагжихаа гээсэн би аль хэдийн түүнийг авга эсвэл сүнс гэдэгт ач холбогдол өгөхөө больсон ажээ. Тэр бараг л намайг ид шидийн орчин руу замчилж, одоо зорилго нь биелсэн болохоор хөндлөнгийн хүн мэт болсон мэт санагдах. Ингэж бодохуй навчаар хөгжимдөн суугаа түүний аялгуу харин ч сэтгэл уярам сонсогдоно.
Тосон дэнгийн шар гэрэл надад “Та хоёр энд хавч барихаар ирсэн шүү дээ” гэж сануулах шиг. Зарим нь толгойгоо унжуулан, зарим нь толгойгоо өргөөд бүхэл бүтэн хавчийн сүрэг тариан хавхлагт орчихсон дээшээ мацаж байв. Эмх замбараатай багшралдсан эдгээр хавч бүгд морины туурай шиг аварга том, ногоон хуяг доороос нь том том нүд нь цухуйгаад, хамаг хөлийг нь бүрхсэн үс нь тэднийг бүр сүрдэм, аймаар харагдуулах ажээ. Би төрснөөсөө хойш хэзээ ч ийм том хавч хараагүй, тэр тусмаа ийм олноороо нэг дор байхыг! Зүрх сэтгэл минь маш их баярлан хөөрсөн ч яагаад ч юм зориг дутаад байлаа. Есдүгээр авгыг дуудавч, тэр огт хариу дугарах янз алга. Би уурласандаа “Хавч байхгүй байхад чи навч үлээгээд байсан, хавч ирчихээд байхад бас л наад навчаа үлээх байсан бол шөнө дунд яах гэж энд ирж үлээж байгаа юм?” гэж хашхирлаа. Авга хэдийн миний мэдэх авга биш болсныг би ахин мэдрэв.
Гэнэтхэн нэгэн булбарай гар хачин зөөлхөнөөр духанд минь хүрэхэд эргэн харвал нэгэн залуухан бүсгүй урд зогсож байх аж. Уртын урт үстэй, чихнийхээ дээхнэ талд нь тахианы өндөг шиг том цагаан цэцэг хатгасан, хамар ороох жигтэйхэн сайхан үнэртэй, яг ямар цэцэг гэдгийг би ялгаж чадсангүй. Нүүр дүүрэн инээмсэглэх түүний духны голд нэгэн хар мэнгэ үзэгдэнэ. Тэр цагаан өнгөтэй нэлбэгэр урт даашинз өмсөөд сарны гэрэлд намилзах нь үлгэр домогт гардаг дагинас шиг гоо үзэсгэлэнтэй харагдана.
Тэр сулхан атлаа ялдам хоолойгоор “Бяцхан жаал минь, энд юу хийж байгаа юм бэ?” гэж асуув. Хавч барих гэж ирсэн гэж би хариулав.
Тэр тэсэлгүй инээн “Ийм жижигхэн юм байж бас хавч барихаа мэднэ ээ?” хэмээн тавлав. “Авгатайгаа цуг ирсэн юм” гэж би гөжүүдлэв.
Тэр инээсэн хэвээр “Хн, чиний авга энэ дэлхийн хамгийн тэнэг амьтан!” гэлээ.
“Чи өөрөө тэнэг!” гэж би адарлаа.
“Бяцхан амьтан минь, би чамд өөрийгөө тэнэг биш гэдгийг харуулъя!” гэж тэр хэлэв. Тэгснээ арын тариан талбайгаас овоо бүдүүхэн тариа нэгийг сугалж аваад нөгөө хавхлаг руу нэг үзүүрийг гулсуулан оруулахад ногоон хуягт аварга том хавчнууд нисэх мэт хурдан түүний дээр гарлаа. Тарианы нөгөө үзүүрийг олсон уутан дотор хийж орхив. Хов хоосон байсан уут дорхноо түнтийж эхлэхэд хавчны самардах дуу сонсогдоно. Нэг уут хормын зуурт дүүрэхэд бүсгүй газраас өвс аваад уутны амыг бэхлэв. Нөгөө уут ч гэсэн энэ маягаар тун удалгүй дүүрэн түнтийв.
“За, ямар вэ дээ!” гэж тэр бардмаар надаас асуулаа.
“Чи дагина байхаас зайлахгүй” гэж би хариулав.
Тэр толгойгоо сэгсрэн “Би дагина биш ээ!” гэлээ.
“Тэгвэл чи үнэг байж таарлаа!” гэж хэлэв.
Тэр чангаар инээн “Үнэг бол бүр ч биш, Үнэг ямар муухай амьтан билээ, жижиг нүүр, урт сүүлтэй, биеэрээ дүүрэн заваан ноостой, өмхий шинхэг үнэртэй” гэснээ биеэ хураагаад “Чи үнэрт дээ, би шинхэг үнэртэй байна уу, үгүй юү?” гэх нь тэр.
Би нүүрээ түүний биен дэх гүн анхилуун үнэрт булхаад хөхний тэнд хүрэхийн алдад толгой манарав. Өмсгөл зүүсгэл нь нүүрийг минь сэрүү татуулан илбэх нь маш таатай байлаа.
Үнэг сайхан хүүхэн болж хувирдаг, гэвч сүүл нь үлддэг хэмээх томчуудын яриаг саналаа, би. Тэгээд бүсгүйд хандан “Чи чаддаг юм бол надаар бөгсөө илүүлчих, сүүлгүй байвал яахав, би чамайг хүн гэж итгэе!” гэв. “Золигийн хүүхэд, намайг дөнгөх санаатай юу?” хэмээн бүсгүй ширүүн дуугаар асуулаа. Тэгэхэд нь би “Илүүлэхээс айж байгаа бол чи үнэг!” гэж эрсхэн хэлж орхив.
-За яахав, чамаар илүүлье. Зөөлхөн илнэ шүү! Хэрвээ намайг өвтгөвөл би чамайг гол руу аваад шидчихнэ гэж мэдээрэй!
Тэр даашинзаа сөхөөд миний гарыг оруулав. Түүний арьс гулгасан зөөлхөн, бөгс нь бөөрөнхий, бас бондойсон том, хаанаас сүүл байх билээ.
Тэр толгойгоо над руу эргүүлэн “Сүүл байна уу, үгүй юу?” гэж асуув. Ичсэндээ “Үгүй” хэмээн сулхан дуугарахад “Тэгвэл намайг ахиад үнэг гэх үү?” хэмээн ам асуув. Ахиад л “Үгүй” гэхэд минь бүсгүй хуруугаараа толгой руу зангаад “Жижигхэн мөртлөө их ухаантай, зальтай амьтныг дээ!” гэлээ.
“Чи үнэг ч биш, дагина ч биш, тэгээд ер нь юу юм бэ?” гэвэл тэр “Хүн” гэж хариулав. “Чам шиг ийм цэвэрхэн, сайхан үнэртэй, мундаг амьтан яаж хүн байх юм бэ?” гэхэд “Бяцхан золиг минь, одоо чамд хэлээд ч чи ойлгохгүй. Хорин таван жилийн дараа дорно нутгийн нэгэн арал дээр би чамтай ахиад учирна, тэр л үед чи ухаарна даа” гэв ээ.
Бүсгүй чихнийхээ дээр хатгасан цэцгийг сугалж аван надаар үлээлгээд, гараа духанд хүргэн “Чи бол мэдрэмжтэй, зүрх сэтгэлтэй хүү. Миний хэлэх үгийг сайтар тогтоож ав! Боломж цагтаа л ирдэг, түүнд нь амжвал гайхамшиг тохиодог юм шүү!” хэмээн өгүүлэх зуур миний хоёр нүд анилдан зүүд нойрны ертөнц рүү хөвж одлоо.
Сэрэхэд минь нар мандаж, голын тохойн зэгсэн шагшуурга тэр чигтээ улаанаар гэрэлтэн, эцэс төгсгөлгүй үзэгдэх тариан талбай цусан далай мэт хөвөлзөн долгиолж байлаа. Энэ үед тэртээ холоос хэдэн хүмүүс миний нэрийг дуудаж байхыг сонсов. Би хашхиран хариу өгвөл тун удалгүй аав ээж, бэр эгч, авга ах тариан талбайн нөгөө үзүүрээс гарч ирлээ. Тэдний дунд Есдүгээр авга ч бас байх нь харагдав. Тэр хоёр гараараа намайг заамдан “Чи ингэхэд хаашаа алга болчихдог юм бэ?” гэж ууртайгаар асуулаа. Авга ахын хэлснээр бид тосгоноос гараад тариан талбай хүрчээ. Гэвч түүнийг халтирч унаад босч ирэх зуур би байхгүй, дэн ч алга болчихсон байсан гэнэ. Яарч сандран гэртээ харихад тэнд мэдээж байхгүй, гэрийнхэн бүгд сандралдан бүтэн шөнө миний эрэлд гарчээ.
“Би таньтай л цуг байсан шүү дээ” гэвэл “Битгий дэмий яриад бай!” гэж тэр уурслаа. “Энэ хоёр уутанд юу байгаа юм?” гэхэд нь “Хавч” хэмээхэд “Есдүгээр авга уутны ам бөхөлсөн өвсийг тасар татан онгойлготол нөгөө аварга том хавчнууд мөлхөн гарч ирэв. “Чи барьсан юм уу?” гэж авга алмайран асуухад би хариу юу ч хэлсэнгүй.
Энэ зун, Сингапурт нэгэн худалдааны төвд би найзыгаа даган охиндоо хувцас авахаар баруун зүүнгүй хэсэж явтал гэнэтхэн тийм гэхийн аргагүй анхилуун үнэр хамарт сэнхийгээд явчихлаа. Үнэрийг дагуулан ажтал хувцас солих өрөөнөөс царай нь намрын саран мэт гэрэлтэй, хөмсөг нь хараацайн сүүл мэт, харц нь од мэт цацарсан бүсгүй бүжих мэт зөөлхөн алхалсаар гарч ирэх нь тэр. Би түүнтэй харц тулгарчихлаа. Тэр над руу ялдам дотно инээмсэглээд, алгуурхан эргэж, бужигнаж үймсэн хүн далайн дунд долгилон алга болов. Түүний инээмсэглэл ирт сум мэт миний цээжийг шархдуулжээ. Зүрхний цохилт хурдасч, толгой эргэн манараад хана түшин нилээд удаан зогссоны эцэст арай гэж хэвэндээ оров. Юу болсныг хамт яваа найз минь асуухад сэтгэл үймрээд би юу гэж ч хариулж чадсангүй. Буудалд харьсаны дараа би надад хавч барьж өгсөн нөгөө эмэгтэйг гэнэт санав. Гараа сунган тоолбол түүнтэй учирснаас хойш яг хорин таван жил өнгөрчээ, бүх зүйл түүний хэлснээр, Сингапур ч гэсэн дорнын нэгэн арал билээ.