Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 23-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 101 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 93 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 45 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах номын нээлт-ийн үеэр зарлаж шагнах болно.
Өгүүллэгийн орчуулгын уралдаанд дээр дурдсанчлан 45 орчуулагч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг таван орчуулагчийг шигшин авч, бүтээлүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 5 орчуулагчаас нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Мөн шилдэгт багтсан таван оролцогч манай хэвлэлийн газартай хамтран ажиллах боломжтой.
Уралдааны шилдэг орчуулагчдын нэг Бат-Эрдэнийн Золзаяа өнөө цагийн хамгийн алдартай зохиолчдын нэг Харүки Мүракамигийн "Хавч" өгүүллэгийг монгол хэлнээ хөрвүүлснийг таалан уншина уу.
ХАРҮКИ МҮРАКАМИ "ХАВЧ" ӨГҮҮЛЛЭГ
Тэд нэгэн цомхон зоогийн газарт санамсаргүй тохиолдлоор яваад орчихов. Сингапурт өнгөрүүлж буй эхний өдрийнхөө үдэш нь тэд далайн эрэг орчмоор зугаалж яваад энэхүү мухар гудманд байх зоогийн газрын дэргэдүүр өнгөрч таарсан хэрэг. Зоогийн газар гэж ташаагаар татсан тоосгон хашаа бүхий нэг давхар байшин бөгөөд хашаан дахь цэцэрлэгт нь давжаа дал модод болон таван модон ширээ байх аж. Гол шавар байшинг бүдэг ягаан өнгөөр будсан байв. Ширээ бүрт дэлгэмэл саравч байрлуулжээ. Цаг эрт байгаа тул бараг хүнгүй шахуу байв. Хятад хүмүүс бололтой, богино үстэй хоёр хижээл насны эр өөд өөдөөсөө харан шар айраг ууж, төрөл бүрийн даруулга хачир идэн, үг дуугүйхэн сууж байв. Хоорондоо ганц ч үг солихгүй юм. Тэдний хөлд том биетэй хар нохой залхуу нь хүрсэн янзтай, нүдээ хагас анин хэвтэх аж. Галын өрөөний цонхоор бүдэг саарал уур савсаж, хорхой хүргэм үнэр үнэртэнэ. Тогооч нарын хөгжилдөн ярих дуу, сав суулганы харшилдах чимээтэй хоршин сонсогдож байлаа. Дал модны навч зөөлөн сэвшээ салхинд найгах нь жаргаж буй нарны туяанд тодхон харагдана.
Бүсгүй орчныг ажин зогтусаад
“Энд оройн хоолоо идвэл яаж байна?” гэж асуув.
Залуу эр зоогийн газрын үүдэн дээрх нэрийг уншаад, ойр тойрноос хоолны цэс хайсан боловч гаднаа хоолны цэс хадаагүй аж. Тэр хэсэг тээнэгэлзээд
“За ёстой мэдэх юм алга. Гадаад оронд, дээрээс нь сайн мэдэхгүй газарт хоол идэх дэмий л байх аа даа.” гэв.
“Зоогийн газар сонгох тал дээр ч би зөн мэдрэмж сайтай шүү. Аль сайхан газрыг шиншлээд л олчихно гэж мэд. Энэ зоогийн газрыг давгүй сайхан газар гэж андгайлсан ч болж байна. Ороод үзэх үү, айн?”
Залуу эр нүдээ анин, гүнзгий амьсгаа авав. Ямар төрлийн хоол хийдгийг нь мэдэхгүй ч, сайхан үнэр үнэртэж байгааг хүлээн зөвшөөрлөө. Дээр нь энэ газарт ямар нэгэн хүн татах увдис байв.
“Дотроо цэвэрхэн болов уу?”
Бүсгүй залуугийн гарыг сугадан авч
“Чи их эмзэг юм аа. Битгий санаа зов. Энэ хүртэл явж ирчихээд жаахан эрсдэлтэй алхам хийгээд үзье л дээ. Өдөр бүр л зочид буудлын зоогийн газарт хоолломооргүй байна. Тэгээд ч уйтгартай шүү дээ. Алив ээ, туршаад үзье” гэв.
Хавчны махаар хоол хийдэг газар аж. Хоолны цэсийг Англи болон Хятад хэлээр бичжээ. Үйлчлүүлж байгаа хүмүүсийн дийлэнх нь нутгийн иргэд бөгөөд хоолны үнэ нь ч харьцангуй боломжийн юм. Цэснээс харвал Сингапурт олон арван төрлийн хавч болон зуу гаруй төрлийн хавчны махаар хийдэг хоол байдаг аж. Бүсгүй, залуу хоёр Сингапур шар айраг, сонгож шилэн байж хэд хэдэн хоол захиалаад, хувааж идэв. Хоолны хэмжээ нь их, орц холио нь ч шинийн сацуу давс хужир нь сайхан таарчээ.
“Үнэхээр сайхан амттай юм аа” хэмээн залуу эр сэтгэл нь хөдлөн хэлэв.
“Тээр, хамгийн шилдэг газрыг олохдоо гаргууд сайн гэж би чамд хэлээгүй юу? Одоо надад итгэж байгаа биз дээ?”
“Тийм ээ. Итгэж байна гэж хэлэх нь зүйтэй байх” гэж залуу эр хүлээн зөвшөөрлөө.
“Ийм чадвар ч хэрэг болох юм аа. Хоол иднэ гэдэг чинь хүмүүсийн боддогоос хамаагүй чухал зүйл байхгүй юу. Амьдралдаа төгс амтыг амталж болох мөч ирдэг. Энэхүү зөрөг замын уулзвар дээр ирэхэд, сайн, муу зоогийн газрын алийг нь сонгохоос шалтгаалж амьдрал чинь өөрчлөгддөг. Хашааны энэ тал руу унах уу эсвэл, эсрэг тал руу нь унах уу гэдэгтэй л адил.”
“Сонирхолтой л юм. Амьдрал ч адармаатай юм даа?” гэж залуу хэлэв.
“Яг үнэн. Амьдрал бол бодож төсөөлснөөс чинь хамаагүй илүү адармаатай зүйл” гэж бүсгүй долоовор хуруугаараа занган хэллээ.
Залуу эр толгой дохин
“Тэгэхээр бид хашааны эсрэг тал руу нь унажээ дээ, янз нь?” гэв.
“Яг тийм.”
“Ашгүй дээ.” гэж залуу эр тайвнаар хэлэв. “Чи хавчинд дуртай юу?”
“Ер нь л дуртай байсан. Харин чи?”
“Би дуртай. Өдөр бүр хавч идсэн ч болж байна.”
“Адил төстэй зүйлээ шинээр нээлээ” гэж хэлээд бүсгүй инээмсэглэв.
Залуу инээж, тэр хоёр хундага тулгав.
“Маргааш ч бас ахин энд ирье. Дэлхий дээр үүн шиг газар тийм ч олон биш шүү. Хоолны амт нь сайхны сацуу үнийг нь хар л даа” гэж бүсгүй хэлэв.
Тэд гурван өдөр дараалан энэхүү цомхон зоогийн газарт хооллов. Өглөө нь далайн эрэг орж сэлээд, наранд биеэ шарж, хотоор зугаалан, нутгийн гар урлалын дэлгүүрээс бэлэг дурсгалын зүйлс худалдаж авна. Үдэш нь харин яг л тогтсон цагтаа арын гудманд байх зоогийн газарт очиж хавчны махаар хийсэн олон төрлийн хоол зооглоно. Тэндээсээ гарч зочид буудалдаа ирээд, янагийн цэнгэлд умбаж байгаад нам унтаад өгнө. Өдөр бүр диваажин мэт байв. Бүсгүй хорин зургаан настай бөгөөд дунд сургуульд англи хэл заадаг. Залуу нь хорин найман настай бөгөөд нэгэн томоохон банкинд санхүүгийн хянагчийн алба хашдаг. Тэд нэгэн зэрэг амралтаа авч чадсан нь эгээтэй л гайхамшиг тохиосон гэхэд хилсдэхгүй бөгөөд хэн ч өөрсдөд нь саад болохооргүй, зөвхөн хоёулхнаа л цагийг зугаатай сайхан өнгөрөөж болох газар ирэхийг хүссэн аж. Тэд энэхүү аятай сайхан нөхцөл байдал, хамтдаа байх үнэт цагийг нь сүйтгэж мэдэх аливаа сэдвээс зайлсхийж байв.
Аялалынхаа сүүлийн өдөр буюу дөрөв дэх өдрийн оройноо мөн л хавч идэцгээв. Зориулалтын хутга, сэрээ ашиглан хавчны хавчуураас махыг нь гаргаж ирэн идэж байхдаа тэд хэрхэн энд ирснээ, өдөр бүр далайн эрэг орж усанд сэлснээ, үдэш бүр хавч идэж байснаа, Токиод буцаж очоод амьдарна гэдэг үнэмшмээргүй санагдаж буйг болон ирээдүйнхээ талаар ярилцаж суув. Гэвч одоогийн нөхцөл байдлын талаарх яриа нь давамгайлж байв. Хоол идэж байхдаа үе үе чимээгүй болж, өөр өөрийн бодолд автаж суулаа. Гэвч энэ нам гүм байдал нь тааламжгүй санагдаагүй билээ. Хүйтэн шар айраг, халуун хавчны мах хоорондоо төгс зохицон ходоод дүүргэнэ.
Зоогийн газраас гарч, буудалдаа ирээд ердийнх шигээ л хурьцал үйлдэн, нэг өдрийн ард гарав. Чимээ аниргүйхэн боловч сэтгэлд ханамжтай хурьцлын дараа хоёул шүршүүрт орж аваад удалгүй нам унтацгаав.
Удсан ч үгүй залуу эрийн бие нь тавгүйрхэн сэрлээ. Яг л нэг хатуу бүхэл зүйл залгичихсан мэт санагдах аж. Тэр ариун цэврийн өрөө рүү гүйхээрээ очиж, жорлонгийн суултуурыг тэвэрч байгаад гэдсэнд байгаа бүх зүйлээ бөөлжин гаргаж орхив. Гэдэс нь цагаан хавчны махаар дүүрсэн байж. Түүнд гэрэл асаах ч сөхөө байгаагүй боловч далайн мандлыг тольдон хөвөх сарны гэрэлд суултуур дотор юу байгааг харж болохоор байв. Тэрээр гүнзгий амьсгаа авч, нүдээ анин суулаа. Толгой нь дүйрч, юу ч бодох сэхээгүй болчихов. Чадах юм нь гэвэл хүлээх л үлджээ. Ахиад л огиудас хүрч, гэдсэндээ үлдсэн бүхнийг юу ч үгүй цутгаж орхив.
Нүдээ нээхэд суултуурын усанд түүний бөөлжиж гаргасан бөөн цагаан юм хөвж харагдана. Бүр маш их шүү. Ямар их хавч гударч орхио вэ! хэмээн тэр өөрийгөө гайхан бодов. Өдөр бүр ингэж их хавч идэхээр өвдөхөөс ч аргагүй. Багаар бодъё гэсэн ч боломгүй арай л хэтрүүлчихэж. Дөрвөн өдрийн дотор хоёр, гурван жил идсэнтэй тэнцэх хавчны мах гэсэн үг шүү дээ.
Залуу суултуур дотор хөвж буй бөөн юмыг ширтэж байхдаа тэр нь үл ялиг хөдөлж байгааг анзаарлаа. Эхэндээ тэр өөрийгөө ургуулан бодож байна аль эсвэл бүдэг сарны гэрлийн нөлөөллөөс болж хий юм харлаа гэж санав. Тэнгэрт хөвөх үүл сарыг халхалж, хэсэгтээ өмнөхөөсөө ч илүү харанхуй болж орхив. Залуу эр нүдээ аньж, удаан гэгч нь нэг гүнзгий амьсгал аваад, нүдээ нээлээ. Хий хоосон зүйл биш байсан аж. Тэр бөөн мах үнэхээр хөдөлж байв. Яг л үрчлээс атирч хунирах мэт, махны гадаргуу нь гуйвж дайвах мэт хөдөлж байх нь тэр. Залуу эр босож, ариун цэврийн өрөөний гэрлийг асаав. Тэр бөөн мах руу тонгойж ойртон харвал, гадаргуу дээр нь хөдлөөд байсан зүйл бол язганасан их өт байсан аж.
Тэр ахин гэдсээ хоосортол бөөлжив. Энэ удаад юу ч үлдээгүй бололтой, түүний ходоод атгасан гарын дайтай л болов. Хэт хүчилснээс болж ногоон өнгөтэй гашуун шингэн гаргав. Ингээд ч санаа нь амарсангүй амаа усаар зайлан, асгалаа. Бүгдийг урсган арилгах гэсэндээ суултуурын усыг ахин дахин татав. Дараа нь тэр нүүрээ угааж, цэвэрхэн цагаан нүүр гарын алчуураар амаа хүчтэй гэгч нь үрж арчаад, шүдээ сайтар угаав. Угааж дуусаад угаалтуурыг гараараа түшин, толинд тусах дүрсээ ширтэн харлаа. Түүний царай нь үрчийж хорчийгоод, үхмэл өнгөтэй болжээ. Өөрийнх нь царай мөн гэхэд итгэмээргүй юм. Тэр яг л тамир тэнхээгүй хөгшин өвгөн шиг харагдаж байв.
Тэр ариун цэврийн өрөөнөөс гарч, хаалгыг нь түшин зогсонгоо унтлагын өрөөг анхааралтай гэгч нь ажиглан харав. Найз охин нь орон дээрээ бөх гэгч нь унтаж байна. Нүүрээ дэрэнд шигтгээд, тайван гэгч нь хурхиран унтаж байх агаад юу болоод өнгөрснийг гадарлаа ч үгүй бололтой. Урт үс нь хацар, мөрийг нь халхалсан нь гоёмсог дэвүүр гэлтэй. Далан дээрх хоёр жижиг мэнгэ нь ихэр мэт эгнэн байрлажээ. Нуруун дээр нь усны хувцасны мөр гарсан байна. Хөшигний завсраар сарны бүдэгхэн гэрэл тусаж, нэгэн хэмээр давалгаалах далайн чимээ сонсогдоно. Орны дэргэдэх сэрүүлэгтэй цагны тооноос ногоон гэрэл тусна. Үдэш хамт хуваан идсэн хавч бүсгүйн гэдсэнд байгаа. Харин тэр өөрөө юу ч гадарлаагүйг л эс тооцвол өөрчлөгдсөн зүйл алга байв.
Залуу эр цонхны дэргэдэх сүлжмэл сандалд шигдэн суугаад, нүдээ анин, удаанаар, жигдхэн амьсгалж байлаа. Уушгиндаа цэвэр агаар оруулж, хуучирч, хэрэцээгүй болсныг нь гаргана. Чадах чинээгээрээ л биедээ агаар шингээхийг хичээж байв. Биеийнхээ нүх сүв бүрийг нээхийг хүсэж байлаа. Хоосон өрөөнд орхигдож хуучирсан сэрүүлэгтэй цаг шиг зүрх нь хүндээр, хүчтэй цохилж байв.
Унтаж буй найз охиноо харж байхдаа тэр гэдсэн дотор нь үй түмэн өт язганаж байгаагаар төсөөлөв. Түүнийг сэрээгээд, энэ талаар хэлдэг юм билүү? Ямар нэгэн юм болохгүй байгаа даа? Юу хийхээ мэдэхгүй хэсэг тээнэгэлзсэний эцэст сэрээж хэлэхгүй байхаар шийдэв. Сайн юм лав болохгүй. Тэр юу ч анзаараагүй байгаа. Энэ л асуудал болоод байна.
Дэлхий ертөнц замаасаа гажчихсан юм шиг санагдана. Шинэ тойрог замд орох чимээг тэр сонссон байж болох юм. Ямар нэгэн зүйл тохиолдсон байх нь. Тэгээд дэлхий өөрчлөгдчихөж гэж тэр бодов. Бүх зүйл эмх замбараагаа алдаж, эргээд хэвэндээ хэзээ ч орохгүй. Бүх зүйл өөрчлөгдсөн учраас одоо энэ шинэ чигээ бариад явахаас өөр аргагүй. Маргааш Токио руу буцна. Тэнд үлдээсэн амьдралдаа эргэн очих нь байна хэмээн бодов. Өнгөн дээрээ юу ч өөрчлөгдөөгүй ч, ахин түүнтэй хамт байж чадахгүй бололтой. Өчигдрийг хүртэл хэвээр байсан бүсгүйг гэх сэтгэл одоо ор мөргүй болсныг залуу эр ухаарав. Ингээд ч болоогүй. Өөрөө өөрийгөө ч хүлээн зөвшөөрч чадахгүй юм шиг байна. Яг л бид өндөр гэгч хашааны гадна талаас өвдөхийг ч мэдрэхгүй, дуу гаргалгүй уначихсан мэт. Харин бүсгүй юу ч анзаараагүй.
Залуу эр чимээ аниргүйхэн амьсгалсаар сүлжмэд сандалд суусан хэвээр үүр цайлгав. Шөнө үе үе салхи хүчтэй шууран, бороон дуслууд цонх тогших нь шийтгэл гэлтэй. Борооны үүл арилж, сар цухуйна. Ийм үзэгдэл ахин дахин давтагдсаар л. Харин бүсгүй ер сэрсэнгүйгээр үл барам орон дотроо хөрвөөсөн ч үгүй. Мөр нь л хэдэн удаа үл ялиг чичигнэн хөдөлснөөс өөр юмгүй. Залуу эр унтахыг, бүр бөх гэгч нь унтахыг, унтаад сэрэхэд нь бүх зүйл шийдэгдэж, эргэн байрандаа орон, амьдрал ердийнх шигээ зугуухан өрнөөсэй гэж юу юунаас илүү хүсэж байв. Залууд бөх гэгч нь унтаж амрахаас өөр хүсэх зүйл үгүй байлаа. Унтахыг тэсгэлгүй их хүсэвч, хясаж байлаа.
Хоёр хөгшин хятад эр чимээ аниргүйхэн хооллож, хөлд нь хар нохой нүдээ анин хэвтэж байсныг, ширээнд байрлуулсан саравч болоод бүсгүй түүнийг сугадан авсан гээд мухар гудманд байх өнөөх зоогийн газарт очиж таарсан тэр үдшийг залуу нэхэн санав. Гуравхан өдрийн өмнөх энэ бүх зүйл олон жилийн өмнөх шиг санагдана. Гурван өдрийн дотор ямар нэгэн гаж хүчний нөлөөллөөр Сингапурын далайн эргийн үзэсгэлэнт хотод тэр мөнөөх ёрын, цонхигор өвгөчүүл шиг болж орхижээ.
Тэрээр гараа өргөн, анхааралтай гэгч нь ажиглан харав. Гарын алгаа эргүүлж тойруулан харав. Гар нь үл ялиг салганаж байгааг нуух аргагүй байлаа.
“Хавчны маханд ер нь дуртай байсан. Харин чи?” гэж асуух бүсгүйн дуу хоолой сонсогдоно.
Мэдэхгүй юм даа гэж залуу дотроо бодлоо.
Зүрх нь ямар нэгэн хэлбэр дүрсгүй зүйлд хүлэгдэж, гүн, тайлбарлагдашгүй нууцаар хүрээлүүлсэн мэт санагдана. Түүнд одоо өнгөрсөн хийгээд ирээдүйн амьдралынхаа талаар санаж сэрэх өчүүхэн төдий ч сэжүүр үгүй болжээ. Зүүн зүгээс нар мандан, тэнгэрийг гийгүүлэхэд түүний тархинд “Хаашаа ч явсан бай ахиж л хавч иддэггүй юм шүү” гэсэн бодол харван орж ирэв.