Уралдааны шилдэг шүлэгчид: Т.АМАР-АМГАЛАН
2017-05-10 Фройдын сүүдэр 1572

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 23-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 101 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 93 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 45 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах “ТАГТАА” номын өдөрлөгийнхөө үеэр зарлаж шагнах болно.

Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 101 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 11 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 11 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 11 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.


Уралдаанд бүтээлээ ирүүлсэн шүлэгчдээс шилдэг 11-т багтсан дараагийн шүлэгч бол Т.Амар-Амгалан. Тэрээр 1991 онд Завхан аймгийн Нөмрөг суманд төрсөн. СУИС-ын Жүжгийн зохиолчийн ангийг 2015 онд төгсчээ. 2013 онд "Хөх өвсний чимээ" яруу найргийн хэвлүүлсэн. Өдгөө Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театрт зохиолчоор ажиллаж буй. Т.Амар-Амгалан зохиолч П.Баярсайханы “Хүн гөрөөс” жүжгийг Завханы театрын тайзнаа саяхан найруулсан тавьсан байна.

 

***

захаасаа шарласан хуучны судар шиг өглөөгүүр
-гудамжнаа хижээл насны эр шиг шувуу үзэгдэнэ.
бөгтгөнөн, юм бүхний сэг зэмээр хооллох
тийм амьдрал хаяа дэрлэн оршино.
өргөн чөлөөгөөр морьд шиг давхилдах навчис
өлсгөлөн шувууны гэдэс дуугарах шиг шуугилдана.
олны хөл дороос амь түүсэн тэнгэрийн сүнстэй
-олон өглөөний уулзварт ийн таарав, би
тэнгэр, шувуу, өглөөний нар
тэрхлэгдсэн морьдын хөл шиг өдрүүд юм, бид
тэвчээр, итгэл, сүсэг, мөрөөдлөөс бүтэж
тэнд гээгдэж орхигдох дурдатгал юм, бид

2017.03.12
Баатар хот
***

хана өөд авиран арвалзсан өглөөний аалз
хаа хүрсэн нь үзэгдэхүй бэрх ч
хачин мэдрэмж цээжний дотогш гулсах мэт
хааяа би ганцаардалыг ямар их хүснэ вэ!
сэрүүлэггүй цаг шиг хүмүүс нулимсаа нуун
сэхээрэх ч завгүй хүйтэн харцаараа хайрахад нь
зохидоггүй инээмсэглэлээ хага татан
зориуд би үл дуугарах тухай л сэтгэнэ.
ор хөнжил дэрнээс нь урвалт үнэртэх
огиудас хүрэм дэн буудлын өрөө шиг
хямдхан хүмүүсийн давчуу сэтгэлээр
хааяа амьсгалах ямар хэцүү!
яагаад гэдэг ганцхан асуултыг нуруундаа хадуулсан
ясгүй хүмүүсийг зүхэх сэтгэлд хэт балар, аа
ханын биеийг эрвэгнүүлэн гулсаж буй оройн наран
хана өөд өглөө авирсан аалзыг залгисан нь таатай санагдана.

2016.11.25
Улиастай хот
Хүн суурин

Явуулын хүн шиг борооны ус урсан одох замаар
Явган салхийг хөлөөрөө хайчлан алхдагсан
Өглөөг тэвэрч, үдшийг нь үүрч ханахгүй
Өмнийн тэнгэрийг нь ширтэж барахгүй
Багалзуур шахах уйтгар гуниг дүүрэн ч
Баруун зүгээс нь борооны үнэр айлчлахад сэтгэл сэргэнэ.
Гудамж бүрийн тогтоолыг туучиж ханаад
Гутлаа дүүдээ өвлүүлдэг том хогшилт хүмүүс бий!
Эзлэгдсэн юм зүрх сэтгэл минь- энэ сууринд
Эцэнги сарны наахан сүүдэр сүүдрээ налаад
Эгэл дүнзэн байшингууд дүлий хүн шиг оргих нь
Эцэстээ намайг хүлээх "Хүн суурин" юм
Явуулын хүн шиг борооны ус урсан одох замаар
Явган салхийг хөлөөрөө хайчлан, хайчлан алхдаг сан.

2016.11.01
Баатар хот

Т.Амар-Амгалангийн шүлгүүдийг бид СУИС-ын театр урлагийн сургуулийн багш, яруу найрагч Я.Баяраагаар уншуулж сэтгэгдлийг нь сонссон билээ.

Баатар хотынхоо өглөөг дээрээс нь харж зогсоно. Миний эрхэм дотны нөхөр Б.Баясгалан хэд хоногийн өмнө нэрийг нь үл мэдэх нэгэн шүлэгчийн гурван шүлэг илгээж, сэтгэгдэлээ илэрхийлэхийг үүрэгдсэн нь их хот сэрж ядан буй ийм нэг цагаар сэтгэлд харвав. Ертөнц үнэгчлэн буй ийм цагаар л хорвоогийн хамаг сайхан шүлэг төрсөн болов уу гэж хааяа бодогддог. Сайн шүлэг гэдэг үймээнт завгүй амьдралыг өрхийг татан салхи оруулж буй хэрэг. Сайн шүлгийг хэрхэн таних тухай Б.Галсансүх найрагч ямар ч шүүмжлэгчээс илүү яруу тод гаргалгаа хийсэн билээ.

Сайн шүлгийг уншихад эхлээд солиотой, сонирхолтой, тэгээд сайхан
Сайн (сонсоход биш шүү уншихад) тэгээд зүгээр л сонгодог  санагдана.
Жич: Зохиогч нь заавал зөрүүд, замбараагүй, задгай
(Завхай гэсэн үг биш шүү) зожиг, ганцаардсан байдаг юм...

“...тэрхлэгдсэн морьдын хөл шиг өдрүүд”-ийнхээ тухай санааширсан эхний шүлэг нэг л танил мэдрэмж байв. Их амархан бичигдчихсэн юм шиг хэрнээ, ийм барьцгүй мэдрэмжийг үгээр жаазлах тийм ч амар биш. Хүчээр бичсэн бол илт мэдрэгдэнэ. Шүлэг амьгүй болно. Гэтэл энэ шүлэг тийм биш юм. Сэтгэлийн хүчтэй, бас эх хэлний өгөгдөл нь эгэл жирийн хүмүүсийнхээс хэдэн хуудсаар илүү хүн болох нь ч мэдрэгдэнэ.

“захаасаа шарласан хуучны судар шиг өглөөгүүр” хэмээх мөр нь их найрагч Б.Галсансүхийн “үнгэгдсэн сурах бичиг шиг навчис үүрээр орсон цасан дороос цухуйж, цухалдангуй сэрчигнэнэ” хэмээх чамин зүйрлэлийг сэрхийтэл санагдуулавч, уг шүлгийн цогц чанар нь энэ авталтыг цагаатгах ажээ. Ер нь шүлгийн тухай шүлэгнээс нь урт тайлбарлах нь таарсан сайхан цайн дээр ус хийх шиг утгагүй үйлдэл мэт санагдах нь олонтаа тул үгээ энд эвхье.

Хоёр дахь шүлэг нь эхний шүлгээсээ даруй дөрвөн сарын өмнө бичигджээ. Хоёр оны зааг энэ дөрвөн сард шүлэгч хувьдаа ихэд өссөн бололтой юм. Их хотын амьдрал дундах бие хүний ганцаардлын түгээмэл сэдвийг түлхэж бичсэн эл хоёр шүлгээс хүний оршихуйн түгжигдмэл, балар талыг төнхөн, эрс шулуунаар илэрхийлэхийг хичээсэн энэ шүлэг нь арай дулимаг санагдав. Шүлгийн санаагаа гүйцэд урлах гэсэн шүлэгчийн тэмүүлэл нь өөрөө шүлгээ баллуурдаж орхисон бололтой. Р.Чойном нэг гар бичмэлийнхээ эхэнд “муусайн шүлгийн дасгал” гэсэн байдаг. Муусайн шүлэгчид ямар муусайн шүлгийн дасгал хийж ханах биш дээ. Харин тэр дасгалаа хэвлээд, хавтаслаад тараачихаасаа өмнө бүтээлийнхээ тооноос хасаад, бүр сэтгэлээсээ ч арилгаад хаячих чадалтай эсэхээр нь уран бүтээлчийн эрэмбэ зиндаа тодорхойлогддог юм шиг ээ.

Гуравдугаар шүлэг. Шүлгийн хэмнэл таалагдлаа. Борооны ус, салхи хайчлан алхах хүн, тосгоны гунигт ахуй, сэтгэл сэргээн сэвших борооны үнэр, гутлаа дүүдээ өвлүүлэх борог амьдрал, тэр амьдралдаа автсан “уянгын би баатар”-ын сэтгэгдэл, эргээд суурингийн тухай дүрслэл, дүлий хүн шиг оргих дүнзэн байшин... Энэ бүхэн нийлээд шүлэгчийн сэтгэлд нэгэн амьд бодгаль, хүний дүрээр оршино. Хоёр дахь шүлэгтэй амьсгал нэгтэй ч, боловсруулалт, шүлэгчийн сэдэл ханаж, хангагдсан янзаараа тэс өмнөө, өлгөөд авчихаар өгүүлэмжтэй шүлэг аж. Хураалгаастай түлээн дээрээ суугаад Ахматовагийн “Цэнхэр үдэш”-ийг уншиж дуусгасан арваад жилийн тэртээх үдшийг сэнхийтэл санав. Тэр үдэш би Улаангомынхоо тухай нэг шүлэг бичсэн юм.

“Хавар гэдэг улирал энэ хотын
Хаагуур нь ороод хаагуур нь гарсаныг
Хагацангуй төрх санагалзангуй нүдтэй
Хайнгахан иргэдээс нь хэн ч санахгүй
Бас охид нь нялхаараа төлжиж
Барилга байшин шиг сэтгэл нь үхжихийг

Хэн ч анзаарахгүй...” хэмээн эхэлдэг Улаангом шүлгийн минь эх мэдрэмж, энэхүү “Хүн суурин”-тай адилхан санагдах юм. Ахматовагийн Хаан тосгондоо ганихран суусан, мөхөс миний түлээн дээрээ шүлэг гүвтнэж суусан, энэ шүлэгчийн суурингаа Хүншүүлэн мэдэрч суусан тэр агшинд хорвоо ертөнцийг бий болгогч чанад хүчийг хэн хэн нь арай тодхон мэдэрсэн юм болов уу? Тэр чанад хүчийг арай илүү хүчтэй мэдрэхийг л ОНГОД хэмээлддэг.

Поэт Б.Галсансүхийн тодорхойлсноор:

Сайн шүлгийг уншихад эхлээд солиотой, сонирхолтой, тэгээд сайхан Сайн (сонсоход биш шүү уншихад) тэгээд зүгээр л сонгодог  санагдана. Энэ гурваас солиотой шүлэг, төгс зохирсон бүтцийг олж анзаарсангүй. Гэхдээ сонирхолтой, тэгээд сайхан санагдсаныг өгүүлэх юун.

гэсэн сэтгэгдэл ирүүлсэн юм. ТАГТАА-ийн зүгээс Т.Амар-Амгаланд   урлан бүтээхүйн онгод цадигийн дээдийг ерөөе!

Түр хүлээнэ үү...
Top