Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 23-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 101 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 93 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 45 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдах “ТАГТАА” номын өдөрлөгийнхөө үеэр зарлаж шагнах болно.
Яруу найргийн уралдаанд дээр дурдсанчлан 101 шүлэгч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг 11 шүлэгчийг шигшин авч, шүлгүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх 11 шүлэгчээс нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно. Бид шилдэг 11 шүлэгчийнхээ бүтээлийг та бүхэнд хүргэхдээ Утга зохиолын хүрээний нэр нөлөө бүхий, хүндтэй уран бүтээлчдээр шүлгүүдийг уншуулж сэтгэгдлийг нь авсан билээ. Тиймээс шүлэгч тус бүр өөрийн бүтээлийг нэр хүндтэй уран бүтээлчдээр үнэлүүлж, сэтгэгдлийг нь сонсох боломж олдож буй юм.
Уралдаанд бүтээлээ ирүүлсэн шүлэгчдээс шилдэг 11-т багтсан дараагийн шүлэгч бол Дэлгэрсайханы Сосорбарам. Тэрээр 1991 онд Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төрсөн. МУИС- Монгол Хэл Соёлын Сургуулийг 2013 онд Монгол судлаач мэргэжлээр төгсөөд одоо Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуульд “Монгол хэл, уран зохиол”-ын багшаар ажиллаж байна. Утга зохиолын “Шинэ үнэр” бүлгэмийн гишүүн. 2010 онд “Жүржийн амтат амьдрал” шүлгийн ном, 2013 онд “Шинэ үнэр” хамтын бүтээл хэвлүүлсэн. Д.Сосорбарам жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 2015 оны тэргүүн найрагч юм.
***
Ширээн дээр Ван Гогийн өрөөсөн чих
Үнсний савнаас цуурайтах radeohead-ийн дууг чагнан
хэвтэх нь гуниг төрүүлнэ
Саяхан төрсөн гуниг минь хэлд орж
цахар Урнаагийн хоолойгоор “миний нирвана”-г дуулахад
Хорьтын дэвсгэрт шиг сарны доор
Задгай мөнгө шиг цасан бударч
Залбиралын минь хариултыг цонхон дор ивмүй
Аавынхаа хуучин гитар шиг үзгээ шүүрч
“Эмээ, өвөө, бясаа гурав”-ын барилтаар
“Будда бол миний анхны хайр . . .
Эр хүйстэнг сонирхсон эхний бөгөөд
эцсийн тохиолдол минь ЭНЭ” гэж дуулахад
Тэр бид хоёрын хуудас завсарт нь хурьцсан
зузаан номын хуудас шиг цасан бударч
Үйлийн үр, хоосон чанар, нирваан хийгээд нисванисийн учиг . . .
. . . ҮХЛИЙН ӨМНӨХ ӨДӨР ШИГ . . .
Цөм цонхон дор минь хөглөрмүй.
Шувуудаас үүссэн тэмдэглэл
1. Шувууд, шувуудын далавч, далавчны хөдөлгөөн, хөдөлгөөнөөс сугаран үлдэх өд, өд бүр хөнгөхөн, хөнгөхөн өдийг дааж ядах дэлхий, дэлхийг дэвслэх өч төчнөөн хөл, хөлөөрөө хөгжим тоглох хүмүүс, хүмүүсийн гунигийг мөрөн дээрээс нь шүүрч аваад модонд өлгөх салхи, салхи гуниглах, гуниглах гэдэг инээхийн хамгийн дээд хязгаар, хязгаарыг давахад дэлхийн ирмэгт тулах, тулах цэггүй дэлхийд цэг нь болж тэндээсээ үсрэх нь л гэгээрэл, гэгээрэл гэдэг тийм хоосон
2. Шувууд, шувуудын жиргээ, жиргэх дуунаасаа цочин гэгээрэлд хүрэх агшин, агшин өнгөрөхөд утга далдрах, далдрах утгын цаана дахиад л дэлхийн ирмэг, дэлхийн ирмэг хаа сайгүй, тэнгэрт ч тэр, тэр бүхэн ердөө л миний галзуу бодлууд, бодлууд залгагдсаар тэнгэрт тулчихлаа. Тэнд ч бас хоосон
3. Шувууд, шувуудын мөр, мөр бүхэн нь өөр өөрийн гүн ухаан, гүн ухаанд суралцах гэж уншаад л, уншаад л байвал дуусахгүй орчлонгийн олон номыг шатааж дуусгахаар мухардалд хүрсэн нэгэн, нэгэн хүний амьдрал үхлээр л төгсөх, төгсөх гэдэг эхлэл гэж будда хэлсэн, хэлсэн үгнийх нь амьсгалаар шүлэг бичих, бичих гэдэг заримдаа хэрэггүй үйлдэл шиг санагдаад зүгээр л шатаах нь сайхан, сайханг мэдрэх минь ч хоосон
4. Шувууд, шувуудын гуниг, гунигаараа л хооллох яруу найрагчид, яруу найрагчдын жинхэнэ шүлэг үг хоорондынх нь зайнд буй, буй бүхнийг нь хайгаад үз, үзээд л байвал нэвтэрнэ, нэвтэрнэ гэдэг ч хоосон, хоосон хайрцаг ч агаараар дүүрдгийг Лаоз хэлэлгүй өнгөрсөн бол шүлгийнхээ номонд үсэг ч дусаалгүй гаргахсан. Тийм дүүрэн ном.
Автобусанд бясалгагч хот
Автобусанд бясалгагч хотод минь
Үгийн гарлыг өөрийнхөөрөө тайлбарлах шиг наран мандлаа
Ай . . . сайхан мандлаа
Сэтгэлээ
Өгүүлбэрийн гишүүнээр зурж ялгадаг
Алгебрийн томъёонд орлуулж боддог
“Шинжлэх ухаанч арга барилд суралцсан”
Шинэ номын хуудасны үнэр шиг хүмүүсийн дунд
Анхилж л яваа залуу насаа залж жолоодоод ч яалтай билээ
Автобусны чиглэлийг ч харалгүй үсрээд л орчихмоор өглөө байна
“Баян болохын нууц” номыг уншаад ч
баяжихгүй байгаагийн шалтгаан нь
нууц үлдэх шиг харанхуйд нь ч дурлачихаж
Агаар, гал, ус, шороо, уул
Аль алин дээр нь суух
Аминд харш.
Энэ жилийн зурхай эрс шинэчлэл хийлээ.
Маргаан гараад байвал гал дээр суугаад үз гэх шиг барьцтай
Эмнэлэгт эмнүүлэхээр ирэхэд эмч өмнөөс минь
Хүж барин тарни унших шиг барьцгүй
Автобусанд бясалгагч хотод минь
Үгийн гарлыг өөрийнхөөрөө тайлбарлах шиг наран мандлаа
Ай . . . сайхан мандлаа
Автобусны чиглэлийг ч харалгүй үсрээд л орчихмоор өглөө байна.
Дэлгэрсайханы Сосорбарамын шүлгүүдийг бид МОНЦАМЭ агентлагийн студийн найруулагч, яруу найрагч Батмөнхийн Занданхүүд уншуулж сэтгэгдлийг нь сонссон билээ.
Тэрбээр шүлгүүдийг уншаад:
Толгой сүүл холбосон л бол шүлэг гэж үздэг хүмүүсийг толгойгоо сэгсрэн гасалтал сайхан бичжээ. Монголын яруу найргийг хайрцаг савгүй, баглаа боодолгүй, шошго зүүлтгүй болгож байгаа шинэ үеийн төлөөлөгчдийн нэгэнд баяр хүргэе. Мэдрэмжүүдийг яг л хэцэн дээрх хувцас шиг үгэнд тохож чаджээ. Надад шүлэг маш их таалагдлаа.
гэсэн сэтгэгдэл ирүүлсэн юм. ТАГТАА-ийн зүгээс Д.Сосорбарамд урлан бүтээхүйн онгод цадигийн дээдийг ерөөе!