Уралдааны шилдэг зохиолч: ПҮРЭВНЯМЖИДЫН БАТ-ЭРДЭНЭ
2017-05-10 Фройдын сүүдэр 2047

Тагтаа Хэвлэлийн Газраас залуу уран бүтээлчдээ дэмжих, номын соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор залуусынхаа дунд өгүүллэг, яруу найраг, орчуулгын уралдаан зарласан билээ. Уралдааны бүтээл хүлээн авах хугацаа Дөрөвдүгээр сарын 23-аар өндөрлөж яруу найргийн төрөлд 101 шүлэгч, өгүүллэгийн төрөлд 93 залуу зохиолч, орчуулгын төрөлд нийт 45 орчуулагч бүтээлээ ирүүллээ. Бүтээлүүдтэй танилцаж шүүн тодруулах үйл явц үргэлжилж буй бөгөөд бид эцсийн ялагчдыг Тавдугаар сарын 10-ны өдөр зохион байгуулагдах номын нээлт-ийн үеэр зарлаж шагнах болно.

Өгүүллэгийн уралдаанд дээр дурдсанчлан 93 залуу зохиолч бүтээлээ ирүүлснээс бид шилдэг гурван зохиолчийг шигшин авч, бүтээлүүдийг нь ээлж дараагаар та бүхэндээ танилцуулж байна. Уралдаан ганц л ялагчтай тул дээрх гурван зохиолчоос нэг нь ялагч болж бусад нь өөрсдийгөө дэд байрт орлоо гэж тооцож болно.


Уралдааны шилдэг зохиолчдын нэг Пүрэвнямжидын Бат-Эрдэнэ. Тэрээр 1992 онд Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийг 2010-2014 онд судлаач мэргэжлээр суралцаж төгссөн. Одоо Ирмүүн Агентлагт туслах арт директор, копирайтераар ажиллаж байна.

ӨӨР НЭГЭН ЧИ ГЭЖ ҮГҮЙ

Шөнө дундаас хойш тасралтгүй асгасан бороонд эмх замбараагүй, жижигхэн хотын нарийхан, муруй гудамжууд нэвт норж, уйтгарт бүүдгэр өглөөний эртэд эл хуль ноёрхжээ. Гудамжны буланд олон жил болж үзэмж дордсон жижигхэн кафед гартаа жижигхэн цагаан цэгүүдтэй улаан шүхрийг хумиастай чигээр нь, хар бүр малгайныхаа хамт барьсан нэгэн өвгөн орж ирэв. Бараан саарал үснийх нь долгио, дух, шанааных нь гүн үрчлээсүүдийг дагаж жижигхэн дуслууд урсана. Хэрвээ хуучин номын үнэрийг харж болдог бол яг ингэж л харагдах учиртай гэмээр, бороонд норсон бараан өнгөтэй гутал, хувцас нь хүртэл өвгөн хүн шиг мэргэн ухаан суусан мэт, харин тэр улаан шүхэр л ганцаараа арван долоон настай охин шиг, уйтгартай олон жилүүдийн хойно яг анхных шигээ тод гэрэлтэж байдаг дурсамж шиг.

Тэр цонхны дэргэдэх ширээнд суухдаа нэг сандал дээр нь улаан шүхрээ эвтэйхэн гэгч нь тавиад, түшлэгэнд нь малгай, цуваа өлгөж, өглөө бүр уншдаг сонингоо гарчиглаж суухад нь өнөө залуу түүний захисан цайг дийзэн дээр тавьсан ёотонтой авчирч өгөв.

Хань ижил нь өөд болсноос хойш ханхай хоосон гал тогоондоо ганцаараа цайлахаас зугтаж өглөө бүр энд ирдэг болжээ. Цайнд нь элсэн чихэр хийгээд хутгаж өгөх дуртай хэн нэгэн байхгүйд нэг л дасаж өгсөнгүй. Эмээ ч хүнээр хэлүүлэлгүй цагт нь ууж сураагүй хэвээр. Шөнөд ор нь ханхай хүйтэн оргиж, зарим өглөө сэрэхэд нь гал тогооноос өглөөний цайны үнэр гарах шиг болно. Заримдаа дэлгүүрээс хүнс цуглуулахдаа өөрийн мэдэлгүй дуртай чихрийг нь авчихсанаа хоосон гэрийнхээ хаалгыг түлхүүрдэж орохдоо л анзаарна. Бороотой өдрөөр зүгээр л эхнэрийнхээ санааг амраах гэсэндээ гэсэндээ өгсөн шүхрийг нь бариж гарчихаад булан тойрмогцоо хумиад барьчихдаг зуршил нь ч хэвээрээ.

Өвгөн цайлж дуусчихаад тамхилахаар сүүдрэвч рүү гарч, энд тэнд шалбааг тогтсон гудамжаар газар шагайн яарангуй явж өнгөрөх хүмүүсийг ажиглан зогсов. Тэдэн дундаас яагаад ч юм өвгөний нүдэнд содон туссан хорь гаруйхан насны нэгэн хархүү тэр зам хөндлөн гараад, өөдөөс нь чиглэж явсаар дотогш ороход өвгөн түүнийг дагуулан цонхоор дотогш харж үлдлээ. Лангууны ард зогсох залуутай инээмсэглэн мэндэлж, уриалгахнаар сул яриа дэлгэж байгаа хэдий ч, эргэн тойрноо харж, хөдөлж, алхах төдийхнөөрөө л бардам зангаа нууж чадалгүй илчлээд байгаа нь анзаарагдахад өвгөн өөрийнхөө залуу насыг түүнээс олж харах шиг болж, нүүрэнд нь инээмсэглэл тодров. Харин хэдхэн хормын дараа өвгөн огт танихгүй хүнийг нууцаар ажиглан ярзайтлаа инээмсэглэж буй өөрийнхөө цонхны шилэнд тусах төрхийг анзаараад даруй төв царайлан цааш эргэж зогсов.

Удалгүй өнөө залуу гартаа цаасан аягатай халуун уух юм барьсаар гарч ирээд тамхи асаав. Ойроос харахад тэр залуу хархүү яг л өөрийнх нь залуу нас мэт, хачин дотно санагдаж эхлэв. Яг үнэндээ, анхааралтай ажиглавал түүний царай төрх, бие хаа нь өөрийнх нь залуугийнхтай огтхон ч төсгүй юм. Юугаараа өөртэй нь ижилхэн санагдаад байгааг гайхсан өвгөн түүнийг хулгайгаар ажигласаар зогсоно.

2.

Олон хүмүүсийн яриа нийлээд хэнд ч үл ойлгогдох нэг тийм намуухан чимээ болж, өглөө хуучрах тийшээ хандан хөл хөдөлгөөн ихсэж эхлэхийн өмнөхөн өнөө хархүү дээр үеийнх нь нэг охин ирэв. Залуу түүнтэй мэндчилж байгаа атлаа хайртай хүнээ хол газар үдэж байгаа юм шиг удаан, чангаар тэвэрлээ. Харин охин зүгээр л хоёр гараа залуугийн нуруунд сулхан хүрнэ.

Өвгөн зайдуухан суугаад, тэднийг ажиглаж, бодолд дарагдана. Тэр охины харц эхнэрийнхтэй нь ижилхэн ч юм шиг, мөнх ногоон сэтгэлтэй, ийм харцтай хүмүүс тун цөөхөн байдаг. Тэр охины нүд өнөөдөр гунигтай байлаа ч, бороотой баргар өдөр байлаа ч, зун бол зун л байдаг... Энэ хоёр хүүхэд хоёулаа өөрсөдтэй нь ийм адилхан байгаад гайхсан өвгөн тэднээс харц салгаж чадалгүй ажигласаар л байлаа...

Хархүүгийн удаан хүлээсэн зун нь аль хэдийн дуусчихжээ. Өөр лүү нь харахдаа гэрэлтдэг байсан тэр харц одоо бол утасныхаа дэлгэцэнд түүнээс нуугдаж, нэг бол огт сонирхолгүй эргэн тойрноор зугтаан тэнүүчилнэ. Хөөрхий залууг юу ч болоогүй царайлан ам нээх бүрт нь охин одоо л жинхэнээсээ яриж эхлэх вий гэж түгшээд байх шиг. Өнөөдрийг хүртэл байдаг чадлаараа зугтааж байсан хүйтэн үнэнээс зугтах гарцгүй болж сэтгэл нь жиндэхэд залуу дэмий л цонхоор харав. Гудамжинд хүйтэн саарал бороо, энд тэнд тогтсон шалбааг, утга учиргүй ийш тийш яарцгаах хүмүүс, машинууд холхилдохоос өөр зүйлгүй. Хаа нэгтээ сонссон ядруухан панк рок хамтлагийн дууны үг санаанд нь оров.

Хайр гэдэг хий хоосон
Хаанаас ч юм гарч ирнэ
Хамаг юмыг чинь аваад
Хаашаа ч юм арилаад өгнө

Залуу нас нь охины гараас утсыг нь авч, ширээн дээр тавиад, урагш унжсан үсийг нь илж чихнийх нь араар хийв. Охин харин ширээн дээр зөрүүлж тавьсан гараа ширтэн чимээгүй сууна. Тэгээд дараа нь залуу хоёр гараа чагтлан ширээн дээр тавьж, урагш тонгойн охины нүднээс ямар нэг юм эрэх мэт эгц ширтээд ярьж эхлэв.

Холоос тэдний яриа сонсогдохгүй ч өвгөн тэнд ямархуу яриа өрнөж байгааг төвөггүй ойлгож байлаа. Түүний залуу нас нь бардам зандаа дийлдэж тэр гэрэлтсэн харцтай охиныг өөрөөсөө явуулж байв. Эргэлзсэн охинд итгэлийг нь буцааж авчрахаар тэмцэхийн оронд, уужим сэтгэлтэй, ухаалаг хүн болохоор шийдэн бууж өгч байна. Хол зай, уулзалгүй удсан хугацаанд төөрч будилсан бяцхан охины гараас атгаад дагуулахын оронд зөнд нь орхиж байна.

Хүүхэд нас, бороотой өдрүүд, зуны цэлмэг шөнүүд, анхны дурлал, ойн дундах түүдэг гал, ширхэг янжуур... Амьдралд юм бүхэн урсаад л өнгөрдөг. Гэхдээ эцсээ хүртэл авч үлдэх хэрэгтэй нандин зүйл гэж бий. Яг тийм л зүйлээ залуу нас нь өөрөөсөө явуулж байлаа.

3.

Гэтэл өвгөний харцанд туссан зүйл сэтгэлд нь нэг хачин бодлыг шүдэнз зурах шиг зурсхийн асаав! Залуугийн бугуйн дахь цаг! Өөрийнхтэй нь яг ижил ийм ховор цаг зүүсэн хүнтэй энэ жижигхэн хотод тааралдана гэдэг бараг боломжгүйтэй адил! Хожим эхнэр нь болсон тэр охины бэлэглэж байсан 1950-иад оны, шоколадан бор нүүртэй, төмөр хүрээтэй Breguet type 20! Хожим нь өөр оосроор солиж зүүсэн бор ширэн оосор нь хүртэл тэр үеийнхээрээ мөн байна! Энэ хархүү үнэхээр өөрийнх нь залуугийн дүр мөн байна! Энэ охин ч тэр!

Тавин дөрвөн жилийн тэртээх тэр өдөр, амьдралд нь ирэх хамгийн нандин зүйлсийг алдах дөхсөн тэр өдөр яг нүднийх нь өмнө давтагдаж байна! Тасралтгүй асгах бороо, олон он жилийн тэртээх хэдэн сард, алс хол байхдаа улам цөөхөн, улам богинохон болоод байсан түүнийх нь захидлууд, алс холын хаа нэгтээ унтарчихаад ирсэн түүний харцан дахь гэрэл, өөрийнх нь гаргах гэж байсан өнөөх тэнэг шийдвэр, өнөөх гуниг!

Өөрөө ч цочим ийм хачин бодолдоо итгэж ядан гайхширч суух хооронд, яг л тэр өдрийнх шиг, өнөө охин буруу юм хийчихээд гэмшсэн хүүхэд шиг уруу царайлсаар гараад явахад залуу нас нь харин бардам зангийнхаа дороос өндийж чадалгүй баргар царайлан цонхоор ширтсээр үлдлээ.

4.

Өвгөнийг хорь гаруйхан настай байхад, дөчин хэдэн жилийн өмнөх тэр өдөр дөнгөж сая нүднийх нь өмнө давтагдсан шиг үйл явдал болоод өнгөрч, тэр яг л энэ хархүү шиг ингээд л ганцаараа суугаад хоцорч байжээ. Яг л эндэх шиг хөл хөдөлгөөн багатай, жижигхэн уушийн газар байсан санагдана. Тэр өдөр, хожим эхнэр нь болж, аз жаргалтай олон он жилийг хамтдаа үдсэн тэр охинд нэг мөсөн үдээд явуулчихлаа гэж итгэчихээд уйтгарлаж суухад нь гаднаас нэгэн хижээл эр орж ирсэн юм. Өнөөх эр цуван дотроо борооноос далдалж нуусан Чэт Бейкэр гэдэг нэгэн цагаан арьст саксофончины пянзаа хажуугийнх нь ширээн дээр тавьчихаад угаалгын өрөө орохоор явахад нь тэр зүгээр л хийх байхаа олж байж ядсандаа өнөөх пянзны хавтасны номын хуудсуудыг эргүүлж эхэлсэн.

“There will be many other nights like this
And I'll be standing here with someone new
There will be other songs to sing, another fall, another spring
But there will never be another you”

мөа Тэр ахиад өөр хаа ч, хэзээ ч байхгүй. Санаандгүй дэлгэсэн хуудсан дээр нь “There will never be another you” гэдэг дууны шүлэг байжээ. Ингэж л ганцхан үйлдэл зөрөхөд л зөрж одох байсан хэврэгхэн тохиолдол түүнд яг л цагаа олж, тийм чухал зүйлийг тийм амарханаар шивнэж орхисон юм. Хэдхэн мөрийг уншмагцаа тэр огло харайн босоод, гудамжаар тэнхээ мэдэн гүйсээр өөрийнхөө аз жаргалыг гудамжны цаадах уулзвар дээр, гэрлэн дохио хүлээгээд гунигтай зогсож байхад нь гүйцэж авсан юм. Түүнээс хойш тэр хоёр бороотой, манантай олон өглөө хамт сэрж, гэртээ шинэ ханын цаас нааж, өөрсөдтэй нь адилхан жижигхэн хүүхдүүдтэй болж, хамт цэцэг тариж, нэг нь хүнд өвчин тусаад эдгэрч, гэр бүлээрээ зугаалганд явж, хүүхдүүдтэй нь адилхан ач нартай болж, шинэ жилээр тэдэндээ бэлэг бэлдэж, амралтын өдрөөр тэднийгээ ирэхийг хүлээдэг болж, нэг л мэдэхэд илүү сайхнаар өөр яаж өнгөрч болох байсныг төсөөлж ч чадахгүй тийм амьдралыг ардаа үлдээн өтөлсөн байсан ч, эхнэрийнх нь өнөө гэрэлтсэн инээмсэглэл зөвхөн дурсамж болж үлдэх хүртлээ анхных шигээ л тодхон хэвээрээ байжээ.

Өөрийнх нь амсах хувьтай байж таарсан, залуу хархүүд ч ирж болох үзэсгэлэнт сайхан бүхэн сэтгэлд нь бүдэгхэн гэгээ тусгахад буурал өвгөнд, түүнийх нь үлдээсэн гуниг хүртэл үзэсгэлэнтэй санагдах...

5.

Өөрийнх нь залуу нас баргар царайлан суусаар, өвгөн ийм хачин зүйл байж болох эсэхэд эргэлзэх, гайхаж хачирхахаа ч мартчихаад, өнөөх пянз барьсан эрийн орж ирэхийг түгшин хүлээж, хаалга руу байн байн харж сууна. Яг л үзсэн киногоо дахин дахин үзсэн ч аз жаргалтай төгсөөсэй гэж догдолдог хүүхэд шиг...

Ашгүй гаднаас нэг хүн орж ирлээ. Тэр шинэ зочны хаана нь пянз байж болохыг нягтлан нүдээрээ нэгжив. Цүнхэнд нь л байгаа байх. Тэгэхээр гаргаж тавихгүй л байх даа? Эсвэл тэгж ч магадгүй. Тэр хүн залуугийн сууж байгаа ширээ рүү биш, шууд лангуу руу чиглэлээ. Нэг алхам... Хоёр алхам... Аз жаргалтай төгсгөл эзэн дээрээ очилгүй, буруу тийшээ алхаад байна...

Энэ биш байж таарлаа. Бүдэг бадаг дурсамжинд нь нээрээ ч үүнээс шал өөр хүн байсан шиг санагдав. Нэгэнт л хачин жигтэй зүйл болж яг тэр өдөр давтагдаж байгаа бол, өнөө танихгүй хүн ч гэсэн заавал орж ирэх л ёстой гэж бодоод дахин горьдлого тавин хүлээж эхлэв.

Орж гарсан ганц нэг хүнийг суудлаасаа өндөлзөх шахам ажиглаж суусны эцэст, ашгүй нэг өмнө нь хаа нэгтээ харсан шиг санагдах хэн нэгэн орж ирэв. Дахиад л биеийг нь харцаараа нэгжлээ. Хоёр гараа өмднийхөө халаасанд хийчихсэн, сугандаа хавчуулсан юм, эсвэл пянз багтчихаар цүнх сав юу ч байсангүй. Гэхдээ л тэр хүн залуу хархүүгийн яг хажуугийн ширээнд суух гэж байгаа бололтой тэр зүг эргэв. Магадгүй түүнд яг тэр пянзны компакт диск хувилбар нь байгаа байх.

Гэтэл залуу хархүү өөрөө явахаар бэлдэж эхлэх нь тэр. Ширээн дээр байсан таблетаа авч цүнхлэв. Гаднаас орж ирсэн хүн түүний зүг дөхсөөр, дэргэдэх ширээнд нь ирж суухтай зэрэгцээд тэр өндийлөө. Юунд ч ажрахаа байгаад удсан гунигт хөгшин зүрх түг түг цохилж эхлэв. Өөрийнх нь залуу нас тэндээ жаахан, маш жаахан л азнахаар шийдээсэй гэсэн хүсэл л түүний ой ухааныг нэлэнхүйд нь эзэмдэж, хүслээр нь болохгүй байх вий гэсэн түгшүүр тэрхэн зуурын хэдэн хормыг удаашруулан сунгаж орхив. Залуу явах гэж байгаа нь илт босож зогсоод, замбараагүй болсон үсээ хойш илбэж, цамцныхаа захыг янзалчихаад байхад ч, өвгөний түгшүүр, итгэл найдвар хоёр бие биенээсээ тас зууран зогсчихоод түүнийг амьсгаа даран ширтсээр байлаа...

Гэтэл, залуу хархүүг шамалсан байсан цамцныхаа ханцуйг буулгах мөчид өвгөний “хараагүй” зүйл түүнийг хиртхийлгэн цочоов. Хэдхэн хормын өмнө байж байсан, өөрийнхтэй нь ижил өнөө цаг, ердөө нүд цавчих хооронд л залуугийн бугуйнаас алга болчихсон байлаа.

Өвгөн, үлээж байсан шаар нь гэнэт хагарчихсан хүүхэд шиг цочиж, гайхаж хоцров. Сайхан зүүднээс гэнэт сэрчих шиг л болсонд итгэж ядан, хоосон, хүйтэн оргиод явчихлаа. Залуу харин цамцныхаа ханцуйг товчилчихоод уруу царайлсаар гарч явахад өвгөн араас нь дагаж гараад гадаах саравчинд зогсон түүнийг булан тойрч алга болтол нь дагуулж харсаар л байв.

Бороо намдаж, бараан хар үүлс нимгэрэн энд тэндээ нарны сиймгэр туяанд цайрч үзэгдэнэ. Ямар нэгэн сонин сайхан зүүд зүүдэлж байгаад сэрчихсэн мэт санагдахад тэр өөрийгөө шоолох, өрөвдөх хоёрын завсар гашуунаар инээмсэглэн толгой сэгсрэв. Тэгээд жижигхэн улаан шүхрээ барьсаар булан тойрч одлоо.

Түр хүлээнэ үү...
Top