Зураач Б.Орхонтуул: Чинагш юм бүхэн улирч одно
2018-03-21 Дуртай шүлэг 2566

Жил бүрийн Гуравдугаар сарын 21-ийг ЮНЕСКО-гоос Дэлхийн яруу найргийн өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай билээ. Бид энэ өдөр зураач Банзрагчийн Орхонтуулыг урьж дуртай шүлгийг нь сонирхлоо. 


"

Б.ОРХОНТУУЛ: Олон сайхан шүлэг байна. Гэхдээ Жамъяангийн Болд-Эрдэнийн шүлгүүд их сайхан санагддаг. Ялангуяа "Чинагш юм бүхэн улирч одно" гэдэг шүлэгт нь дуртай. Хүмүүс амьдралд мянган жил амьдарсан юм шиг эсвэл дахин дахин энэ ой санамжтайгаа ирж буцсан мэт дөжрөөд хөшчихсөн байдаг. Тэр хөшүүн мэдрэмжийг нь сэрээж байгаа юм шиг эсвэл бүх юм гайхамшигтайгаар өрнөж байна гэдгийг ганцхан амьдрах хүний нүдээр харж чадсан юм шиг санагддаг болохоор энэ шүлэг дуртай.

Жамъяангийн Болд-Эрдэнэ

                ЧИНАГШ ЮМ БҮХЭН УЛИРЧ ОДНО

Чинагш юм бүхэн улирч одно
Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно
Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно.

Нарыг зүглэсэн түм түмэн усны модон хорхой
Навчилж өөрчлөгдөхөд хүмүүс ой шугуй гэж нэрлэнэ
Намрын царманд зогсох марал бугын нүдэнд
Магадгүй ямархан гунигаар нулимс цийлэлзэнэ.

Ирэх өдөр хоногууд өнгөрч одно
Ижий минь талын хаяа руу алсарч одно
Эцэг минь зоримогхон шийдээд хальж одно
Ирэх өдөр хоногууд өнгөрч одно.

Ээжийн загсаасан өрөм шиг шаргал саран
Энгэр тойрмын хоромсогтой сум шиг хэдэн зэгсэнд хононо
Эргийн хайргаа зөөлөн зөөлөн илбэж
Эртний домгоо Хэрлэн мөрөн минь шивнэнэ.

Чинагш юм бүхэн улирч одно
Цасан ширхэгүүд одны гялгараас чимхэж одно
Чамайг гэсэн хайр минь цагийн эрхээр бүдгэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно.

Түр хүлээнэ үү...
Top