ДУРТАЙ ШҮЛЭГ: ГАНБААТАРЫН ХҮРЭЛБААТАР
2023-03-02 Дуртай шүлэг 1497

Америкийн яруу найрагч, эсээч, уран зохиолын шүүмжлэгч Роберт Пинскигийн санаачилсан “Favorite poem” төслийн албан ёсны монгол хувилбарыг бид энэхүү булангаараа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочин Ганбаатарын Хүрэлбаатар. 1990.06.28 нд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн. 2013 онд МУБИС МХУЗ-ын багшийн анги төгссөн. Өдгөө Солонгос улсад суралцаж байна. 

1.

Миний хамгийн унших дуртай, хайртай яруу найрагч бол Б.Одгэрэл түүний өдөр бүрийн шүлгүүдэд дуртай тэдгээрээс үнэхээр онцгой санагддаг нь "Үл таних зочин" би яруу найраг үнэн байх ёстой гэдэгтэй санал нийлдэг, тиймээс надад энэ шүлэг шиг үнэн хаана ч байхгүй мэт санагддаг. Хорвоо дээр сайхан юм барагдахгүй их л дээ түүний дотроос хүн мэндлэх шиг, шинэ зочин ирэх шиг сайхан зүйл хаана байх билээ дээ. Өнгөрдөг хавар 2 дахь охиноо өлгийдөн авахдаа тэднээсээ хол байлаа, тэгээд утсаар мэдээ сонсоод шууд энэ шүлгийг уншсан түүн шиг содон мэдрэмж ер нь ховор тохиох байх аа.

ҮЛ ТАНИХ ЗОЧИН

Өнөөдөр нэгэн үл таних зочин манайд ирлээ

Өр зүрх минь түүнийг харуут нэг л хачин догдоллоо

Гэрийн минь босгоор дуу шуутай дайран орж ирээд

Гэнэт алжаасан мэт бөхийн бөх нойронд автан унтлаа.

Хөл гарынх нь арьс хөгшин хүнийх шиг үрчгэр болоод эмзэг турьхан юм

Хөөрхий тэр хэлгүй, бас ганц ч шүдгүй юм

Хязгааргүй сансрын салхинд аяншиж нялхарсан улаан царайт юм

Хайр дурлал, гялбалзсан догдлолын бядагч бяцхан тэнгэр мэт юм

Ирсэн газар нь тодорхойгүй тэр аянчныг

Эхнэр минь хөл алдан бөөцийлөх юм, энхрийлэх юм

Эрхэм алдрыг нь мэдэхгүй түүнийг би баахан харж сууснаа

Эртний дотно танил шигээ тэврээд зөөлөн үнслээ

Ертөнцийн хамгийн ядуу, хамгийн яруу, хамгийн хэврэг

Хамгийн арчаагүй, чармай нүцгэн зочноо

Ердийн хуучин даавуугаар ороож орчлонгийн ичгүүрээс аварлаа.

Тусыг үл санах,

Талархлыг үл мэдэх тийм гэнэн юм тэр

Тийм Гэгээн юм тэр

Тун саяхан ирсэн ч цуу нь аянгын хурдаар түгэх

Алдар цуутан юм тэр

Тухалж буусан гэртээ бяцхан үймээн дэгдээгч,

Баяр баясгалан авчрагч, инээд, гайхшрал төрүүлэгч юм

Туг барьсан зоригтон шиг амьдрал, итгэл, ялалтыг

Тунхаглан зарлагч юм.

Мурилзан инээж, үрчигнэн уйлж, хоол нэхэн хэвтээд

Нүүр рүү минь гэнэт рашаалж мэдэх

Тэр хүндэт гийчиндээ би / Авчирсан догдлолыг нь хүртэн /

Тэсгэлгүй хайртай болсноо гэнэт мэдрээд

Муруй хазгай, алсын гэрэлт аяных нь харгуйд салшгүй

Дагуул нь болохоо өөрийн мэдэлгүй амлалаа.

Өдөр бүхэн, сар бүхэн айлчилдаггүй үлэмжийн ховор тэнгэрлэг зочин минь

Өнө эртний ерөөлөөр заагч одны гэгээнд үүдийг минь онож буусан

Үхлээс намайг гэтэлгэх, үйлийн тэмдэгт үр, элч болохыг танилаа.

Батжаргалын Одгэрэл"Үл таних зочин" 2002.07.032000.12

2.

Шүлэг унших дуртай хүний замд сайн ч муу ч олон шүлэг таардаг юм шиг ээ. Гэхдээ энэ сайн мууг өөрийнхөө хэмжээнд л тодорхойлно шүү дээ. Ийм замд тааралдсан Ц.Гончиг гэдэг яруу найрагчийн шүлэг үнэхээр сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Хэдийгээр нүүр тулж уулзаж байгаагүй ч шүлгээс нь тэр хүний гэгээ мэдрэгддэг. Бараг шүлэг бүр нь тунгалаг юм билээ, яг хүүхдийн нүдээр харж байгаа юм шиг. Мөнхийн хүүхэд настайгаа үлдэж чадаж дээ гэмээр. "Дээврээс дуслах хавар" гэх шүлгийг улирлаас үл харгалзан унших дуртай.

Ертөнцийг аврах гоо үзэсгэлэн бол

Ердөө л дээврээс хавар дуслах,

Болжморууд түлээний завсраар нуугдаж тоглох

Хажуу айлаас барьсан талхны шинэхэн үнэр

Хамар цоргих...

Салхи ямар нэг ая исгэрэхэд

Шонгийн утас дэм болох

Хэмнэлд нь хүүгийн минь хувцас

Хэцэн дээр хөнгөн бүжих...

Энэ бүхнийг гэрийнхээ довжоон дээр харж зогсоод

Эзэмшил нутгаар хашаагаа төсөөлөх

Хаанд өөрийгөө өргөмжлөх...

Ертөнцийг аврах гоо үзэсгэлэн бол

Ердөө л энэ гэдгийг нээх...

3.

Дараагийн дуртай шүлэг бол Мө. Батбаярын "Намаржаандаа очихуй" зүгээр л миний хөндүүр шиг санагддаг. Өөр шалтгаан байхгүй. Хэрэв зээ шүлгэнд дурлахад шалтгаан хэрэгтэй гэвэл өөрийнхөө хөндүүрийг өөр хүний бичсэнээс олох л юм болов уу. 

Намаржаандаа очихуй

Өвсөнд зассан үүрэнд гурван өндөг цайрна

Гурван цоохор өндгөө саатуулаад

Эх бололтой шувуу эгц дээр нь жиргэнэ

Даль жирвэлзүүлэн агаарт тогтох тэр шувуу

Тэнгэрээс зүүсэн эсгий үнэг шиг харагдана.

Үнэгийг тэнгэрт тогтоосон үл үзэгдэх утсыг тасдах гэсэн мэт

Хорон санаат эмгэн саран үүлэнд нуугдаж гэтнэ.

Нурж дарагдсан хуучин худаг хонхойно

Наана нь чулуун онгоц ус царайчилсан морь шиг тонгойно

Тэр онгоцонд гурван чулуу цайрна

Тэднийг би устай онгоцонд булхаж

Амаараа шүүрч тоглодог байсан юм.

Хагссан онгоцны ёроол дахь гурван цагаан чулуу

Хар багадаа энд орхиод явсан миний бага нас байна.

Өвөөгийн гэрийн буурь эдгээд өвс ногоо ургажээ

Өвөг эмгээ үгүйлдэг сэтгэл ингэж эдгэсэн бил үү?

Эзгүй буурь, уяаны шон дээр өвөөлж суугаад донгодно

Эл хуль хашааг тойрон алхахуй саравчны хулс цуурдана.

Энэ хулснаас сум хийж, өвөөлжинд гэтэн харвадаг байсан юм

Тэр хулсны хоосон ор, намайг хүлээсэн эх нутгийн минь зай юу?

Газрын чийг шимж шаваг навчилжээ

Гараараа ялаа сэвж намаржаандаа алхахуй амгалан

Толгод бөгтөрч шаргал зам улбаатна

Түүгээр алхвал гэх еэнүүр бодол төрнө

Толгод бөгтөрсөн улбаа тэр зам бол

Тун чиг холдоо дурсахдах дотор сэтгэлийн үзэмж байна.

Тугал наашлуулж намаржаанд ганцаар алхахуй

Том шар зөгий өмнүүр хэрж дүнгэнэнэ

Энэ зөгий бол нутгаа санах бүрийд дотроос хатгаж

Энэлэнт сэтгэл төрүүлдэг тэр л зовиур мөн байна.

Түр хүлээнэ үү...
Top