ДУРТАЙ ШҮЛЭГ: БАТСҮРЭНГИЙН БАТЧИМЭГ
2022-10-31 Дуртай шүлэг 725

    

Тэрээр хүний эрх, хууль, залуучуудын оролцооны чиглэлээр ажилладаг бөгөөд нийгмийн чухал ойлголтуудыг урлагийн хэлээр дамжуулан олон нийтэд хүргэх ажлуудыг хийдэг билээ. Энэ удаад яруу найргийн талаарх бодол болоод өөрийн дуртай нэгэн шүлгээ бидэнтэй хуваалцсан юм.

Б.Батчимэг: Намайг Батчимэг гэдэг. Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг энгийн л залуу хүн. Багаасаа дурласан хөвгүүндээ зориулан шүлэг бичих гэж оролддог байсан ч түүнээсээ нэлээд ичдэг байсан болохоор төдийлөн хоббигоо хөгжүүлээгүй тэгсхийгээд л орхисон. Харин одоо бол завгүй амьдралаасаа чөлөө авах гэж, толгойгоо амраах гэж, заримдаа зүгээр л эморох гэж шүлэг болон уран зураг сонирхдог. Миний хувьд өөрийнхөө илэрхийлж чадахгүй байгаа мэдрэмжийг маань ил гаргасан, хүний эмзэг мэдрэмжүүдийг илэрхийлсэн шүлгүүдэд илүү татагддаг. Өөрийнхөө дуртай шүлгийг хуваалцъя.

Мэдрэмжүүд минь л намайг бүтээн босгож, нураан сүйрүүлдэг

Миний гэрлийг түгээгч, харанхуйг цацраагч халдашгүй гүн зангирлууд минь

Гарт минь хүрээч! Нигүүлсэл минь, нэргэгч тэнгэр минь

Гадаах ертөнц надад хачин санагдахаа хэдийнээ больжээ!

Тэнгэрийн гунигт нүд, газар ширтсэн уйтгарт харцыг

Тэнгэрийн цоорхой үүлсээс асгарч буй борооны үгийг

Тэнгэрийн дээр гараа алдлан хашгирч буй улаан нарыг

Тийм ээ! Тэдний л тухай бичиж, өөр дээрээ эрээчин сараачмаар!

Цаг хугацааны өөртөө нэхсэн дүүжлүүрийн олсноос

Цагаан даашинзтай савлан тоглох дурсамжууд шиг минь

Хов хоосон хэрнээ биеийг минь дүүргэх тунгалаг тэнгэрийн

Холын холоос ширтэн буй тэр харцыг… цэв цэнхэр нүдийг

Ээ, анзаарахгүй байж, харахгүй өнгөрч боломгүй нууцат минь

Эндээс хурдлан очих галт тэрэгний сүүлчийн зогсоол минь

Салхинд савчих гэрэлтүүлэг мэт бүдэгхэн сарны

Санаа алдахад нь савссан уур мэт үүлс минь ээ, үзэгч минь ээ!

Гарт минь хүрээч, хуруунд минь гэрлээ нэмээч

Ганцаардлыг чинь илчлэх зоригийг өгөөч!

Тэнгэр минь…

Э.Бүжинлхам “Мэдрэмжүүд минь л намайг бүтээн босгож, нураан сүйрүүлдэг”

Түр хүлээнэ үү...
Top