ДУРТАЙ ШҮЛЭГ: Э.УЯНГА, М.ЗОРИГТ, Б.ОРХОНТУУЛ, Б.ГАНЧИМЭГ,
2018-03-21 Дуртай шүлэг 4800

Жил бүрийн Гуравдугаар сарын 21-нд тохиодог Дэлхийн яруу найргийн өдрөөр бид олны танил хүмүүсээс хамгийн "ДУРТАЙ ШҮЛЭГ"-ийг нь асууж, яагаад дуртай болсон талаарх бяцхан түүхийн хамт нийтэлж байна. 


Э.УЯНГА (UBS телевизийн нэвтрүүлэгч, "Хэцүү анги", "Зоорь", "Кино шиг амьдрал", "Хүсэл" зэрэг олон киноны дүрүүдээрээ олонд танигдсан жүжигчин)

Э.УЯНГА: Би өвөөтэйгөө их ойр өссөн юм. Өвөө минь өвдөж зовж, удаан шаналалгүй хорвоогийн жамаар амьсгал хураасаан. Нэг их удахгүй холоо явах нь дээ гэж өвөө, бид хоёрын хэн хэн нь мэдэж байсан ч миний хувьд энэ үнэнтэй эвлэрэх хэцүүхэн байлаа. Цагаан сар болохоор, наадмаар бөх барилдахаар гэр ханхайгаад өвөө л дутна. Би өвөөгөөрөө л дутна. Өөдөө заларснаас нь гурван жилийн дараа энэ шүлгийг дөнгөж тайзнаас сонсоод л хөгшин аав минь санаанд орж нулимс цийлэлзээд ирсэн дээ. Өвөө минь мөнгөн шөнөөр биднээс буцахдаа магад ингэж бодсон байхдаа гэж санаад нэг их уужирч билээ. Хайр тээсээр халин одоход мөн л халуун үргэлжлэлүүд нь зөрөн ирэх хорвоо шүү дээ гэж бодож надад заяасан сайхан үрээ ихэд бэлэгшээдэг дээ.


Яруу найрагч Б.Баттулга

                             МӨНГӨН ШӨНӨӨР

       Мөнгөн шөнөөр би холын холыг зорино
       Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна
       Ийм аялалаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд
       Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар бодогдоно
       Тэнгэрийн гэрэлт хаалгыг аяархан татахаар зорино
       Тэрлэгээ тайлах шиг тавиланг аргадаж тайтгаруулсаар одно
       Надтай зөрж ирэх нялх энхрийхэн бүхэнд
       Нарны галтай бийрээр хайр тэрлэж үлдээнэ.

       Эхлэл нь замхравч төгсгөл нь эхэлдэг орчлон юм
       Ээж нь охиндоо эргэж төрдөг хорвоо юм
       Дуу нь намдавч цуурай нь шуранхайлдаг ертөнц юм
       Дурдатгалын шидэт гүүрээр ирээдүйд зорчих тавилан юм
       Охины минь нууцлаг инээмсэглэл болор одны дохио мөнийг
       Оньсого таах хүү минь өндөр заяаны оньсого мөнийг
       Одож байхдаа мэдрэх ямархан бол гэж санахаар
       Онцын сонин тэр аялал зүрхэн дотор нүргэлнэ.

       Зүсэрч буй бороон дундуур одоохондоо би зүсэрч л явна
       Зөнгийн бүрээ хангинан дуурсахаар аялалын цаг дохиолсныг мэдэрнэ
       Бударч буй цасан дундуур одоохондоо би бударч л явна
       Бурханы мэлмий ирмээд гэрэлтэхээр жингийн сүйх ирчихсэнийг ойлгоно
       Өөрийн биеийг тэрлэг шигээ тайлж орхиод
       Өнгө бүхнийг багтаасан цагаан зурвасыг дагаад
       Холын хол аялалд одохын тэр цагт минь
       Хорвоо дээр нэг л оньсого нууц хэвээрээ үлдэнэ дээ
       Алтан ишийг нь ороогоод хортой могой ургачихсан ч
       Арааны шүлс асгармаар амтат тошлой ургаж байна
       Амьд явна аа гэдэг юутай нандин агуулга мөнийг
       Амжиж мэдрэхээр би одоохондоо алхаж л явна

       Нүднээсээ дотогш харах гээд лааны гэрэлд сүүмийж суулаа
       Нүцгэрч буй модны дотор цагариг эргүүлээд жиндэж суулаа
       Хайртай гээд хэлж зүрхлэлгүй харамласхийгээд ганхаж суулаа
       Халуун бодлынхоо цөмд өөрийгөө аргамжаад бөртийж суулаа
       Мөнгөн шөнөөр би холын холыг зорино
       Мөрөөдлөө хүүдээ үлдээчихээд аниргүйн гэгээнд уусна
       Ийм аялалаа бодохоор сэтгэл нэг л дэнслээд
       Ирж буй цагийн тухай асгаруулан дуулмаар чиг бодогдоно доо
       Зүсэрч буй бороон дундуур би ч бас зүсэрч л явна...

Б.ОРХОНТУУЛ (Зураач)

Б.ОРХОНТУУЛ: Олон сайхан шүлэг байна. Гэхдээ Жамъяангийн Болд-Эрдэнийн шүлгүүд их сайхан санагддаг. Ялангуяа "Чинагш юм бүхэн улирч одно" гэдэг шүлэгт нь дуртай. Хүмүүс амьдралд мянган жил амьдарсан юм шиг эсвэл дахин дахин энэ ой санамжтайгаа ирж буцсан мэт дөжрөөд хөшчихсөн байдаг. Тэр хөшүүн мэдрэмжийг нь сэрээж байгаа юм шиг эсвэл бүх юм гайхамшигтайгаар өрнөж байна гэдгийг ганцхан амьдрах хүний нүдээр харж чадсан юм шиг санагддаг болохоор энэ шүлэг дуртай.


Жамъяангийн Болд-Эрдэнэ

                ЧИНАГШ ЮМ БҮХЭН УЛИРЧ ОДНО

Чинагш юм бүхэн улирч одно
Цавцайх үүлс морин харгуйгаар зуларч одно
Цагаан уул цэцэг хээрийн салхинд сэмэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно.

Нарыг зүглэсэн түм түмэн усны модон хорхой
Навчилж өөрчлөгдөхөд хүмүүс ой шугуй гэж нэрлэнэ
Намрын царманд зогсох марал бугын нүдэнд
Магадгүй ямархан гунигаар нулимс цийлэлзэнэ.

Ирэх өдөр хоногууд өнгөрч одно
Ижий минь талын хаяа руу алсарч одно
Эцэг минь зоримогхон шийдээд хальж одно
Ирэх өдөр хоногууд өнгөрч одно.

Ээжийн загсаасан өрөм шиг шаргал саран
Энгэр тойрмын хоромсогтой сум шиг хэдэн зэгсэнд хононо
Эргийн хайргаа зөөлөн зөөлөн илбэж
Эртний домгоо Хэрлэн мөрөн минь шивнэнэ.

Чинагш юм бүхэн улирч одно
Цасан ширхэгүүд одны гялгараас чимхэж одно
Чамайг гэсэн хайр минь цагийн эрхээр бүдгэрч одно
Чинагш юм бүхэн улирч одно.

 Б.ГАНЧИМЭГ (МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, МОНЦАМЭ агентлагийн дарга, сэтгүүлч, яруу найрагч)

Б.ГАНЧИМЭГ: “Дотно алс” гэсэн нэгэн гайхалтай ном миний найз болоод удаж байна. Зүсийг нь ч хараагүй, нэг ч удаа уулзаагүй нэгэн хатагтайд автаж, заримдаа тачаадан атаархаж, заримдаа оргилон хайрлах болов. Түүний шүлгүүдийн хүчирхэг ховс, ид шидийн гэмээр дуудлага, гуниг баясал, орь хүслэнгийн минь өдөөгч болов. Чичирхийлсэн эмзэг долгион судсан дундуур минь жирвэлзэж, чимээгүйхэн ямар нэгэн хана мөргөх өрөвдөм айдас болов, тэр надад:

Өчигдөрхөн цухлыг минь барж байсан өвөл 
Өглөө сэрэхэд л дуусчихсан нь гунигтай байна.
Өөрөө түлхэж явуулсан бүхнийхээ араас
Өдөр бүр уйлах минь тэнэг байна.

Өдийг туулж, тэндээс энд хүрчихээд
Өчигдөрөө өнгөрсөнд нь үлдээж чадахгүй байна.
Өвдөж, өвтгөхөө туйлд нь хүртэл үзчихээд
Өндийж босох хүчээ мэдрэх бүртээ хоосроод байна.  Өндийж босох хүчээ мэдрэх бүртээ хоосроод байна... Хоосроод... байна...

Ариун галыг хүлцэнгүйгээр
Долоонтой тойрч чадах охин,
Амьдрал туршаа шүд зуух тэсвэртэн
Дотор минь байна.

Өөрийг минь хүрээлсэн
Өндгөн гэрэл хагараагүй,
Өрөвдөх, гомдох, хардахын
Аль алийг мартсан байна. 

Уурссан модод зунжин үсэглэсэн номоо
Урж тасдах шиг навчсаа гөвдөг дөө
Углуурга сайт гинжнүүдээ зүрхнээсээ яаж тэгж
Уйлахгүйгээр тайлахыг л сурахгүй байна. 

***

Эзэн минь, боол минь
Эвхээстэй ганцхан даашинз минь
Хүүхдэрхүү гомдоллогч зөрүүдхэн минь
Хардагч, сэжигч, халшрагч минь
Хачин гутранги ганцаардагч минь
Өмчлөгч, өширхөгч, өөнтөгч минь
Өршөөгч, өрөвч эмзэгхэн минь
Хэврэгхэн итгэлт минь, хэнээт найрагч минь
Хүслэнт хүүгийн минь эцэг, мөнхийн хорьтон минь.
Хэцүү үгтэн, зүрхтэн минь, тэнэгхэн минь
Хэзээд ч чамайг хайралсан юм шүү....

Дуу нь сэтгэлд ингэж хадах гэж байдаг аа. Ингэж хадаагдсан дуу хадаах увидсынхаа цаана хатаагдсан л байгаа даа. Хатаагдсан зүрхний тамир л ийм хүчирхэг тэмтрэгддэг дээ. 

Уйлмаар болох, ураад шидчихмээр болох, оргилоод газрын гав руу тэнэн алга болмоор болох, оч үсэргэн гал шиг шатан халуурмаар болох...Цаадах... цаадахын цаана ийм л юм болж байна даа...

М.ЗОРИГТ (Зам Тээврийн яамны сайд асан, "Бидний цөөхөн Монголчууд" төслийн санаачлагч, гэрэл зурагчин)

М.ЗОРИГТ: Энэ цаг мөчид сэтгэлд хамгийн ойр байгаа шүлэг бол их зохиолч Д.Нацагдоржийн "Миний нутаг" юм. Зохиолч маань тухайн цаг үед монгол орноороо бидэн шиг тойроогүй хэрнээ эх орныхоо үзэсгэлэнт байгаль, дахин давтагдашгүй сайхан бүхнийг яруу найрагт мөнхөлж чаджээ. Яг л энэ шүлгийн мөрүүд шиг эх орныхоо байгалийн үзэмж, өнгө төрх, ёс заншил, өв соёлоор "Бидний цөөхөн монголчууд" төслийн багийнхан өдөр бүр амьсгалж, амьдарч явна. Бидний аялал, Бидний зорилго, Бидний бахдам эх орны ҮНЭН бүхэн яг энэ шүлэг шиг...

Дашдоржийн Нацагдорж
МИНИЙ НУТАГ

Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

               Энэ бол миний төрсөн нутаг
               Монголын сайхан орон

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм болсон горхи булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд
Хүн малын ундаа болсон тойром бүрд уснууд

               Энэ бол миний төрсөн нутаг
               Монголын сайхан орон

Орхон, Сэлэнгэ, Хөхийн онц сайн голууд
Уурхай баялгийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал,хот балгадын сууринууд
Хол газраа одсон харгуй дардан замууд

                Энэ бол миний төрсөн нутаг
                Монголын сайхан орон

Холхи газраас гялалзсан цаст өндөр хайрхнууд
Хөх тэнгэр цэлмэсэн хөдөө хээр цайдмууд
Холын бараа харагдсан ноён шовх сарьдгууд
Хүний сэтгэл тэнийсэн уудам амьсгалт талууд

                Энэ бол миний төрсөн нутаг
                Монголын сайхан орон

Хангай говийн хооронд Халхын уудам нутаг
Хар бага наснаас хөдлөн гулд  давхисан газар
Гөрөөс араатан авласан урт урт шилнүүд
Хүлэг морин уралдсан хөндий сайхан хоолойнууд

                Энэ бол миний төрсөн нутаг
                Монголын сайхан орон

Салхины үзүүрт найгасан соргог нарийн ногоотой
Саруул талд яралзсан сонин янзын зэрэглээтэй
Сайн эрс цугларсан байц бэрх газартай
Сүлд тахилга улирсан сүмбэр их овоотой

                Энэ бол миний төрсөн нутаг
                Монголын сайхан орон

Нарийн өвс ургасан малын сайхан бэлчээртэй
Нааш цааш сүлжсэн тэнэгэр сайхан нуруутай
Дөвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай
Таван зүйлийн тарианы хөрс шороо газартай

                Энэ бол миний төрсөн нутаг
                Монголын сайхан орон

Өлгий сайхан ууланд өвгөдийг тавьсан газар
Үр ач хүүхдийн үржиж өссөн орон
Таван хошуу малууд дүүрэн бэлчсэн нутаг
Монгол хүн бидний сэтгэлийг сорсон орон

                 Энэ бол миний төрсөн нутаг
                 Монголын сайхан орон

Өвлийн тэсгэм цагт цасан мөсөн бүрхээд
Болор шилийн өнгө гялтганаж гялалзсан орон
Зуны найртай улиралд цэцэг навч дэлгэрээд
Жигүүртэн шувуу холоос ирж гангар гунгар донгодсон орон

                Энэ бол миний төрсөн нутаг
                Монголын сайхан орон

Алтай, Хянганы завсарт атар баялаг орон
Аав ижийн минь оршсон ашдын заясан нутаг
Алтан нарны туяанд энхжин тогтсон орон
Мөнгөн сарны гэрэлд мөнхжин гялалзсан газар

                 Энэ бол миний төрсөн нутаг
                 Монголын сайхан орон

Хүннү Сүннүгийн үеэс  хогшид өвгөдийн минь нутаг
Хүн ард бидний хайрыг булаасан орон
Он онд идээшиж олон жилд дассан нутаг
Одоогийн шинэ Монголын улаан туг бүрхсэн орон

                 Энэ бол миний төрсөн нутаг
                 Монголын сайхан орон

Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өнгөлзөгч дайсан ирвэл үтэр өшиглөн хөөнө
Хувьтай энэ орондоо хувьсгалт улсаа мандуулж
Хойчийн шинэ ертөнц  дээр  хөдэт гавьяаг байгуулая

                Энэ бол миний төрсөн нутаг 
                Монголын сайхан орон

Монгол гэдэг нэг нэр ертөнцийн чихнээ дурсгалтай
Монголын төлөө гэдэг санаа бидний зүрхэд холбоотой
Өсөхөөс сурсан үндэсний хэл,мартаж болшгүй соёл
Үхтэл орших төтөлх нутаг слаж болшгүй орон

                Энэ бол миний төрсөн нутаг
                Монголын сайхан орон.

Түр хүлээнэ үү...
Top