Э. ЭНХЦОЛМОН: ЦАГ ХУГАЦААНЫ АМСХИЙЛТ
2020-11-04 Э.Энхцолмон 3241

Г.Аюурзанын эхэн үеийн зохиолуудын нэг “Хэвтрийн хүн” романаар “Алсын удирдлага”-ын С.Бямба найруулагч бүрэн хэмжээний кино хийнэ гэсэн сургаар олон олон хүн догдолсны нэг нь үүнийг бичигч би. Үнэнийг хэлэхэд дуртай зохиолч, дуртай найруулагч, дуртай зохиол гурвын хоршил миний л хувьд хоёр жил дамнасан догдлол, хүлээлт үүсгэснийг нуух юун. Ингээд удаан хүлээсэн киногоо сая л нэг юм үзэж санаа амарлаа. Бүр үзэх үзэхдээ, нээлтээ хийснийх нь маргааш нэг, номоо уншсаны дараа дахин нэг удаа үзсэнээр хорхойгоо нэгмөсөн дарж авсан. Харамсалтай нь үзэх бүрт үзэгчдийн тоо тун цөөн байсан нь тоогүй. Аюурын 32 насандаа хэвлүүлсэн зохиолыг кино хэлбэрээр 32 насандаа үзнэ гэдэг цаг хугацааны хувьд бас сонин давхцал байлаа.

ХОЁР ӨӨР ХЭВТРИЙН ХҮН

"Хэвтрийн хүн" нэрнээсээ эхлээд, оп-роман гэсэн өмнөх тодотголоосоо авхуулаад адармаатай зохиол. Лав Аюурын зохиолуудаас кино хийхэд хамгийн хэцүү төдийгүй хамгийн тохиромжгүй нь байх. Хоорондоо далд нууцлаг сэжмээр холбогдсон олон янзын дурсамж, түүн доторх зүүд, бодол эргэцүүлэл бүрийг дүрсжүүлнэ гэдэг найруулагчаас асар их ур ухаан, нарийн "мэс ажилбар" шаардсан чимхлүүр ажил. Үүнээс гадна найруулагч эх зохиолоос юуг нь гээж, юуг нь өөрчилсөн бол гэдгийг үзэгчид хамгийн ихээр сонирхож таараа. Магтууштай нь С.Бямба найруулагч хамгийн чухал хоёр даалгавраа маш чамбай биелүүлсэн нь анзаарагдсан. Зохиол дээрх Х.Х., кинон доторх Х.Х. адил уу гэвэл үзэгчийн хувьд би өөр гэнэ. Киноны дундуур ээж нь хүүдээ "Дурлалгүй ертөнцийн блюз" түүврийг санал болгож, киноны төгсгөлд зохиолч Г.Аюурзана өөрөө найруулагчийн бүтээсэн "Хэвтрийн хүн"-ий ертөнцөд алхлан орж ирж буй зэрэг нь үүнийг нотлох хангалттай том шалтгаан мөн билээ. Эх зохиолд Х.Х. оп-арт сонирхдог, мөн хэвтэх зуураа Виржиниа Вүүлф уншиж, О.Хэнригээс эшилж, ханандаа Английн оп-артист Райлигийн зурагтай байдаг бол кинон дээрх Х.Х. гэрэл зураг сонирхдог, зохиол бичдэг, хэвтэх зуураа Кафка уншиж, ханандаа хачин том тойрог бүхий зураг өлгөсөн байгаагаар гардаг. Эх зохиол дахь Х.Х. энэ бүхний эцэст орноосоо босоод өндрөөс үсэрчихдэг бол кинон доторх Х.Х. үүргэвчээ үүрээд цэнхэр тэнгэрийг зорин алс замд гардаг. Зохиолд Х.Х., түүний сүйт бүсгүй Цолмон хоёрын зөрчил голчилдог бол кинон дээр Х.Х. ихэнхдээ эцэгтэйгээ зөрчилддөг. Эхний Цолмон Х.Х.-ийн оп-артад дургүй бол хоёрдахь Цолмон Х.Х.-ийн үнэнч уншигч. Зохиолд Цолмон гэдсэн дэх хүүхдээ авхуулж, Х.Х. өндрөөс унах явцдаа хүүхдийнхээ аав болохыг хүсдэг бол кинон дээр эсрэгээрээ Х.Х. тийм үйлдэл хийхээс нь өмнө Цолмон руу дуут шуудан амжиж илгээдэг. Тэгвэл найруулагчийн эдгээр өөрчлөлтүүд юуг илэрхийлнэ вэ?

ЦАГ ХУГАЦАА АМСХИЙХ ЗУУР

Анх Аюурын “Хэвтрийн хүн”-ийг уншаад Х.Х.-ийн нөхцөл байдлыг, нэг үгээр хэвтрийн дэглэмийг нь өөрийгөө цаг хугацааны амсхийх чөлөөнд аваачиж байгаа үйлдэл гэж харж билээ. Бие хүндээр өвдвөл хэвтэж тэнхэрдгийн адилаар оюун санаа оршин байх аргагүй болбол яагаад “хэвтэж” болохгүй гэж? Хэвтэнэ гэдэг бодож эргэцүүлэхийн зүйрлэсэн нэр юм биш биз. Магадгүй философийн үүднээс бол үүнийг хувь хүний дотоод дахь “би”-ийн тухай эрэл буюу оршихуйн тухай эргэцүүлэл, эсвэл буддизмын үүднээс бол амьдралын хоосон чанарын тухай оюун санааны бясалгал гэж ч нэрлэж болмоор. Цаг хугацаанаас ангид, бодит ертөнцөөс тусдаа, оюун санаандаа Г+А+Н+Ц+А+А+Р+А+А хэнд ч хэрэггүй, утга учиргүй хэвтэх дүр. Хэрэв Х.Х.-ийн амьдардаг гэрийг түүний оюун санаа гэж зүйрлэвэл тэнд нэвтрэх эрхтэй хэдхэн хүн л бий: Аав, ээж, Цолмон, охин дүү, компьютер засварчин, гэрийн үйлчлэгчид. Тэд цаагуураа юуг илтгэнэ вэ? Уг нь ганцаараа бясалгах ёстой байтал юун бодит дүрүүд билээ? Эсвэл эд хийсвэр утгыг илэрхийлж байна уу? Хүүдээ хүссэн бүхнийг нь авч өгдөг болохын тулд хангалуун чинээлэг амьдралыг цогцлоосон аав нь эд баялаг, хүч чадал магадгүй ахуйг бэлгэдэж буй мэт. Харин хүсэл зоригийнхоо төлөө аавыг нь орхиод явсан, уран зохиолын номонд дуртай ээж нь цаагуураа мэдлэг, оюун санааны эрх чөлөө, магадгүй нэг үгээр ухамсрыг бэлгэдэж буй мэт. Нээрээ ч ингээд бодохоор аль аль нь амьдралд орлуулшгүй чухал, яг л аав ээж хоёр нь салах үед хүүхдүүд алийг нь дагахаа мэдэхгүй тээнэгэлздэг шиг. Бидний оюун санаа ч гэсэн өдөр тутам ийм шийдвэрүүдийн дунд үргэлж тээнэгэлздэггүй гэж үү! “Өндөр цалинтай өөрт дургүй ажлаасаа гарах уу, байх уу? Нэгэн хэвийн амьдралаа хөсөр орхиж хаяад холын холд хүсэл зоригоороо хэрэн тэнүүчлэх үү, болих уу? Цаашлаад уран бүтээлч хэвээр үлдэх үү, байх уу?” Гэтэл бидний зарим маань ядуу нь хангалуун болохыг, баян нь хүслээрээ амьдрахыг мөрөөссөөр энэ амьдралыг барж дуусгадаггүй гэж үү? Тэгвэл аль жимээр нь явбал амьдрал хайран биш санагдах вэ? Уг нь ганцаараа амьдраад буцдаг бол эдгээр асуултууд арай хөнгөн санагдах сан. Гэтэл “Хэвтрийн хүн” зохиолд Х.Х.-ийн хувьд хамгийн зөрчилдөөнтэй дүр нь түүний аав, ээж хоёр биш, харин сүйт бүсгүй Цолмон нь байдаг. Цолмон бол “хайр”-ын бэлгэдэлт дүр. Хайр биднийг дахиад л оршихуйн зөрчилд оруулдаг, бас нөгөө талаар оршихуйд утга учир нэмдэг, цаг үргэлж ёс суртахуунтай байхыг шаарддаг, хариуцлага нэхээд зогсохгүй биднийг өмчлөх гэдэг. Хайр үргэлж хууран мэхлэлт, хүсэл тачаалтай дайсагналцдаг. Магадгүй аавынх нь хөлсөлсөн асрагч хүүхнүүд бол хүсэл тачаалын бэлгэдэлт дүрүүд биз. Х.Х.-ийн оюун санаан дотор хувцсан дотуураа дотоож, хөхөвчгүй сэлгүүцэх хүсэл тачаалууд түүнийг хэдийд ч хууран мэхлэлт, үл ойлголцол рүү түлхэхэд бэлэн. Харин охин дүү Намуу нь Х.Х-ийн хувьд харсан бүхэндээ итгэдэг хүүхэд мэт гэнэн томоогүй итгэл найдвар. Яг л Сэлинжирийн романд гардаг Холдений охин дүү шиг. Эцэст нь “Компьютер бол ердөө санамж, эрэмбэлэгдсэн ой тогтоомж дээр л суурилж байгаа юм. Дурсамж л гэсэн үг” хэмээн ярих засварчин өөрөө хүний оюун санаан дахь дурсамжийн хэсгийг төлөөлж буй юм шиг санагдсан. Сүүлийн хэдэн сар компьютер (дурсамж) дээрээ бодож боловсруулсан оп-арт зохиомж (эргэцүүлэл) нь Х.Х-д ямар ч утга учиргүй мэт санагдана. Зохиолчийн бичсэнээр бол бүр “арга барагдам хоосон.” Тэгээд л компьютерээ “эвдчихдэг”. Уг нь түүний зохиомжийн төвд Цолмонгийн дүр төрх байсан. “Бусдыг хайрлана, түүнийхээ улмаас бусдын боол байна гэдэг бол нохой болно гэсэн үг. Энэ ганц амьдралаа нохой явж яасан ч тэвчихгүй” гэж бодоод Х.Х. амиа егүүтгэдэг. Үхэл бол түүний хувьд чөлөөлөлт мэт боловч өндрөөс унаж байхдаа амьдарч болох байсан тухай эргэцүүлж амждаг. Зохиолын энэ “гутранги” төгсгөл Абэ Кобогийн “Элсний хүүхэн”, Камюгийн “Хөндлөнгийн хүн”-ий амьдрал угаасаа л утга учиргүй боловч хүсэж зорих зүйлгүй амар жимэр амьдрах бас арга бий шүү дээ гэх эргэцүүллүүдтэй, мөн хүсэл шуналаа дарж амьдрах буддизмын сургаальтай тун төстэй ч юм шиг санагдсан. Зохиол дээр Х.Х. 26 настай гэж гардаг. Харин Аюур энэ зохиолоо 31-тэйдээ бичээд 32-тойдоо хэвлүүлснийг дээр дурдсан. Энэ хоёр насны хооронд зохиолч ч өөрөө иймэрхүү эргэцүүллүүдтэй нүүр тулж байсан болов уу гэж хааяа бодогддог. Сургуулиа төгсөж ирээд сэтгүүлчээр ажилласан, эхнэртэй болсон, дараа нь бие даан сонин эрхлээд ажил амьдралын хувьд нэлээд амжилттай явсан ч нэг л өдөр эрхэлж байсан сонингоо хаагаад гэртээ бүгэн зохиол бичиж эхэлсний эхнийх нь “Дурлалгүй ертөнцийн блюз”, дараагийнх нь Цасны роман, Хэвтрийн хүн юм. Тэгээд хажуугаар нь 2х2=6, Зэн буддизм, Дао хэвлүүлсэн. Эдгээрээс дүгнэвэл амьдралынх нь энэ үе бүхэлдээ оршихуйн тухай хамгийн хүчтэйгээр эргэцүүлсэн, судалсан, уншсан үе юм шиг санагддаг. “Цаг хугацаа амсхийх зуур би нүдээ нээгээдЦаашаа явж эхлэхэд нь үхлийг хардаг.” 28 настай Г.А.

ХУВЬ ТАВИЛАНГАА ӨӨРЧЛӨХ СОНГОЛТ

Эхэнд дурдсанчлан С.Бямба найруулагчийн “Хэвтрийн хүн” кино эх зохиолоосоо гэгээлэг, өөдрөг төгсгөлтэй. Найруулагч 2010 онд өгсөн ярилцлагадаа “Намайг оюутан байх үед зах зээлийн нийгэм рүү хийсэн шилжилтээс үүдсэн хэдэн арав нугардаг бизнесүүд ид цэцэглэж, сургуулиа хаяад тийшээ хальтрах өгөөш эргэн тойрон дүүрэн байдаг байсан. Хэрвээ тэгэх юм бол кинотой зууралдсанаас тэс өөр баян тансаг амьдрал чамайг хүлээж байсан цаг үе. Надтай хамт сурч байсан олон хүн кино урлагаа орхисоны зарим нь ч ийм шалтгаантай байсан. Энэ шалгалтын цаг үе “би хэн юм бэ, би яах гэж энд байгаа юм бэ” гэдгээ танихад минь улам ч түлхэц өгч, өөрийгөө шахаж сургасан болов уу гэж боддог” гэж ярьсан нь одоо уншихад “Хэвтрийн хүн” киногоо эх зохиолоос нь арай өөрөөр дуусгасны хариулт болмоор ч юм шиг санагдлаа. Бусадтай адил болгоод байх шиг санагдсан учраас төгсдөг жилээ сургуулиа хөсөр хаяад дүрслэх урлагийн оп-арт чиглэлээр бүтээл туурвиж өөрийгөө илэрхийлэх болсон Х.Х.-ийн дүр зарим шинжээрээ С.Бямба найруулагчийн амьдралыг өөрийн эрхгүй санагдуулдаг. Эрхүүд математикч болохоор хоёр жил кино үзэж “суралцсан” болоод сургуулиа хаясан тэрбээр өөрийнх нь ярьснаар “бусад хүмүүс сурч мэдээд уран бүтээлээ ид туурвидаг” 28 насандаа хойно ВГИК-т сурахаар явсан бөгөөд тэр хүртлээ кино үйлдвэрт туслах ажилтнаар ажилласан байдаг. Ингээд бодох ахул тэдний туулсан залуу нас дэндүү төстэй биш гэж үү?Амьдрал хоосон, утгагүй, яг л зэнгийн тойрог шиг давтагдмал шинжтэй зүйл юм бол хувь тавилангийн тэр тойрог урьдаас зураатай гэсэн үг шүү дээ. Гэтэл найруулагч эх зохиол дахь энэ санааг кинондоо эрс няцаах шиг болсон. Хувь тавилан хөдөлгөөнгүй, тогтонги, тойрог зүйл юм бол түүний эсрэг талд юу байх вэ? Мэдээж сонголт буюу хувь тавилангаа өөрчлөх боломж. Тэгвэл кинон дээрх хачин инээмсэглэдэг эр хэн бэ? Алдар нэр ч үгүй, алганы хээ ч үгүй тэр эр миний л хувьд хувь тавилангаа өөрчлөх сонголтыг бэлгэдэж буй мэт санагдсан. Цаг хугацаа зогсоход ч зогсдоггүй дүр. Өөдөө алсуур өгсөөд хамаг эрчээрээ хурдлан доошилдог “галзуу хулгана” тоглоомыг хүний амьдралын цаг хугацаа (кинон дээрх Х.Х.-ийнх), түүн дээр орших эхэлсэн цэгтээ эргээд ирдэг тойрог замыг амьдралын хоосон чанар гэж үзвэл энэхүү сүрдэм байгууламжийн дэргэд зогсоод гартаа ганц түлхүүр атган түүнийгээ шидчихэж буй энэхүү дүр найруулагчийн оршихуйн тухай үзэл санааг киноны турш маш урнаар илэрхийлж чадсан гэж би хувьдаа бодож байна. Гэхдээ энэ бүхэн миний л хувь дүгнэлт шүү. Киноны төгсгөлд галзуу хулгана дээр суухыг хүсдэг, эмээтэйгээ яваа хүү Х.Х.-ийн бага насны үеийг шууд санагдуулаагүй гэж үү! Гэтэл өнөөх хачин эр “Засвартай” гээд хүүг суулгадаггүй шүү дээ. Х.Х.-ийн туулсан бүхнийг дахиад мэдэрч байж хувь тавилангаа өөрчлөх сонголт хийх шаардлагагүй гэдгийг найруулагч илэрхийлсэн бололтой. Найруулагчийн энэхүү санаа “ОРШИХУЙ мөн чанараас өмнө байдаг” гэсэн Францын экзистенциалист философич Жан-Поль Сартрын үзэл санааг эрхгүй санагдуулсан. Өөрөөр хэлбэл хүний оршихуй урьдаас бүтээгдсэн зүйл биш, бид өөрсдийгөө урьдаас тодорхойлж, хэн байхаа сонгож чадвал одоо байгаа мөн чанараа өөрчилж болно гэсэн үг. Тийм учраас л С.Бямба найруулагчийн Х.Х. орноосоо босоод алсыг зорьдог.

ДУРЛАЛГҮЙ ЕРТӨНЦИЙН БЛЮЗ

Кинон дээр ээж нь хүүгээсээ “Дурлалгүй ертөнцийн блюз”-ийг уншсан уу гэж асуудаг. Энэ ном Аюурын хар хавтастай номуудын нэг боловч яг ийм нэртэй метароман сайх түүвэр дотор бий. Миний санахын энэ бол Аюурын анхны үргэлжилсэн үгийн зохиол. Хоорондоо холбоогүй мэт үйл явдлууд бүхэлдээ нэг утга санаа илэрхийлэхийг метароман гэдэг. 15 тусдаа өгүүллэгээс бүрдэх тус зохиолын “Анхны дурлалын намар” гэсэн хэсэгт Х.Х. нэртэй нэг хүүгийн дүр бий. Зэргэлдээ байрныхаа эмэгтэйг орой бүр дурангаар харах хүү хамгийн сүүлд тэмдэглэлийн дэвтрээ захиатай хамт бүсгүйд хаяглаж үлдээгээд эмээтэйгээ Хөтөл рүү нүүж буй тухай гардаг. Х.Х.-ийн бага нас ч байж болох энэ дүр зарим талаараа “Алсын удирдлага”-ын Цогийг санагдуулсан шүү. Найруулагч энэ өгүүллэгээс санаа аваагүй нь мэдээж боловч тун хачирхалтай давхцал байгаа нь сонин. Мөн “Дурлалгүй ертөнцийн блюз”-ийн хэд хэдэн өгүүллэгт нэр ус ч үгүй нэг дүр цөөнгүй удаа гардаг. Зохиолч түүнийг зарим газар Өшөө авагч гэж нэрлээд цонхигор цагаан царайтай, өндөр туранхай эр гэж дүрсэлжээ. “Хорвоод мэндлээгүй” өгүүллэгт түүнийг аав, ээж нь болох ёстой байсан залуу, бүсгүй хоёрын өшөөг авч байгаагааар гаргаад өгүүллэгийн төгсгөлд “Энэ бол өшөө авалт биш, шударга үнэн юм” гэж хэлүүлдэг. “Амьдрал гэж юу болохыг би ойлгосон. Харин тэнд чинь жинхэнээсээ дурласан хүн нэг ч алга” гэж ярих энэхүү өндөр цонхигор эр “Хэвтрийн хүн”-ий өнөөх хачин эр мөн үү гэж өөрийн эрхгүй асуумаар. Аюур түүнийг “Хэвтрийн хүн”-дээ “өндөр, царайлаг, аятайхан инээмсэглэдэг залуу” гэж тодорхойлсон нь бас л сонин давхцал. Ингээд бодохоор нэг хүн байж болмоор ч юм шиг. Хэрэв тийм бол Аюур мань эрийн дүрээр “амьдралын шударга үнэн”-ийг бэлгэдсэн байж болох юм. Намуу хүнтэй унтсаныхаа дараа толины өмнө зогсоод “Онгон байна гэдэг бол согог, дутагдал. Түүнийг эртхэн шиг засч залруулах, амьдралыг түргэхэн шиг бүхий л биеэрээ амсч мэдрэх ёстой” гэж хэлдэг шүү дээ. Хэрэв тэгж дүгнэвээс Цолмонгийн хувьд анх унтсан энэ эр бол амьдралын шударга үнэн, харин Х.Х. бол түүний хувьд зүүд зөнгөөр илэрсэн хувь тавилан. “Нэг хүний, тэр тусмаа эмэгтэй хүний дотор бие биеэ үзэн ядсан хоёр өөр ертөнц тэрсэлдэн оршиж байгаа үед, амьдрал өөрөө утгагүй болчихдог” гэх зохиол дээрх үг Цолмонгийн дотоод зөрчлийг тун тодорхой илэрхийлсэн санагддаг. Бид ч гэсэн цаг тутам, хором мөч бүр ийм эсрэг тэсрэг зөрчлүүдийн дунд амьдардаггүй гэж үү? Сайн хүн байх уу, үгүй юу? Үнэнч байх уу, хууран мэхлэх үү? Үнэн ярих уу, худал хэлэх үү? Нэг хүнтэй насаараа амьдрах уу, үгүй юу? Аль нэг талдаа хурдхан шиг гарахгүй бол амьдрал угаасаа утгагүй болчихдог тухай зохиолч хөнджээ. Энэ талаас нь дүгнэвэл Х.Х. ч тэр, Цолмон ч тэр гэгээлэг, ёс суртахуунлаг дүрүүд юм, ялангуяа эрчүүд нь 5 минутаас дээш амраглахыг хүсдэг, долоо хоног бүр өөр хүүхэнтэй унтахыг хүсдэг, том эрхтэнтэй гэдгээрээ бардамнахыг хүсдэг, бүсгүйчүүд нь долоо хоног дахь нэг хүүхэн нь болж амжиргаагаа залгуулдаг, эрчүүдийнхээ амраглах хугацааг уртасгаж арилжаа хөөдөг энэ ертөнцөд. Тийм учраас л зохиолын төгсгөлд Х.Х.-ийн радиогоор сонссон дугаар луу Цолмон залгаад түүнд бага зэрэг ой гутдаг шүү дээ.

ЦАГ ХУГАЦААНЫ ДААМАН ХААЛГА

Зохиолд Цолмон амьдралын шударга үнэнтэй нүүр тулаад гэдсэн дэх хүүхдээ хөндүүлж буй феминист дүр. Харин кинон дээр Цолмон хувь тавилангаа дагадаг. “Сувилагч нар байхгүй байгаа учраас маргааш хүрээд ир дээ” гэж хэлж байгаа нь хүртэл хувь тавилангийн шийдвэр биш гэж үү! Энэ утгаараа Цолмон кинон дээр уламжлалт эмэгтэйн дүрийг төлөөлдөг бол Х.Х.-ийн ээж феминист, чөлөөт эмэгтэйн дүрийг илэрхийлдэг. Олон жил тусдаа амьдарсан Х.Х-ийн аав, ээж хоёр гэнэтхэн гудманд таараад машинд ярилцаж байгаа, эх зохиолд ер дурдагдаагүй энэ хэсэг бол киноны хамгийн яруу шигтгээнүүдийн нэг. Машины цонхоор урт хонгил, цаана нь хэзээ ч онгойж байгаагүй гэмээр хуучин дааман хаалга. Хонгилоор жагсагчид нааш, цааш гүйлдэх зуур аав, ээж хоёр нь хүүгийнхээ тухай ярилцана. -Хүү яаж байна?-Хэвтэж л байна. Эд баялгийг шүтсэн аавынх нь ертөнцөд ээж нь цалингаа нэмүүлэх жагсаалд оролцох хэмжээний ядруу амьдарчээ. Гэхдээ өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй. Олон жил унасан эвдэрхий, хуучин машинтай ч дулаахан тансаг машинаар хүргүүлэхээргүй бардам. Гэвч тэр ердөө гудамжин дахь жагсагчдын нэг. Жинхэнэ уран бүтээл хийж, хүслээрээ амьдаръя гэсэн хүмүүс нь гудамжинд, ашиг орлого, эд мөнгийг шүтэгчид нь дулаахан машинд суугаад юунд ч санаа зовсон байдалгүй суугаа нь яг өнөөгийн нийгмийн амьдралын хоржоонтой дүр төрх. Цаана хаалга байвч жагсагчид зүгээр л нааш цааш гүйхээс өөр үр дүнгүй. Үүний дараахан Нисванисын “Сэтгэл хөдөлнө” дуу хөвөрч “Дааман хаалга шиг цаг хугацаанд хашигдсан буюу” гэх нь үнэнхүү сэтгэл хөдөлмөөр хэсэг. Энэ мэтчилэн жижигхэн детайл бүрийг бичвэл нэлээд нуршуу бичвэр болох бололтой. С.Бямба найруулагч аргагүй л математикч байсныхаа хэргийг гаргаж киноны “уран бодолтыг” дэлгэцэнд дэглэж чаджээ. Тоосго бүртээ гүн утга шингээж байшин барьдаг ийм уран барилгач бидэнд бий нь аз юм. Одоо бодоход ерээд оны арилжаа наймааны ид үед ч уран бүтээлч байх шийдвэртээ үнэнч үлдсэн найруулагчийн амьдрал өөрөө хувь тавилангийн эсрэг сонголт ч байсан юм шиг санагдлаа. Кинотеатрын дэлгэцнээс арилжааны кинонуудад шахагдан хоёрдахь бие даасан кино нь өмнөх шигээ хэнд ч анзаарагдалгүй буух гэж буй энэ цаг үед ч найруулагч киног минь үзээч ээ гэж хаана ч хашхирсангүй, хэнийг ч гуйсангүй. Энэ бүхний эцэст баян, хангалуун л амьдарвал болоо хэмээн эд баялгийн эрх чөлөөг л шүтсэн, алхам үйлдэл бүрээ ашиг хонжоо гэж хардаг уран бүтээлч, улс төрч, инфлюнсэрүүдтэй манай нийгэмд өөр сонголт бий юу гэж түүнээс асуумаар? Тийм ээ, бий гэж тэр хариулах байх. Найруулагч энэ асуултад маш ойлгомжтой хариулт өгч чадсан нь түүний “Хэвтрийн хүн” билээ.

Түр хүлээнэ үү...
Top