ГАНЦААРДЛЫН 400 КМ
2018-01-17 Э.Энхцолмон 37467

Хөвсгөл нуурын эргийн шугам 414 км. Энэ зам тийм ч амар хялбар биш. Хатгалаас Ханх руу өгсөхөд моторт тэрэг урд хормойг нь мөргөн зогсож, зөвхөн мориор л давж цаашилдаг өндөр даваа гүвээ, цавчим хя­саа олон дайралдана. Нэг тодорч нэг алсрах бүдэгхэн шороон жимээр өөрийн сүүдрээс өөр ханьгүй ганцаар алхахад хүний бараа харахгүй хэд хонох нь энүүхэнд. Энд зөвхөн эцэс төгсгөлгүй тайга л үргэлжилнэ.

Харин Ханхаас Хатгал руу уруудахад 180 км шороон замаар шогших хэрэг гарна. Эрт цагт энэ зам бартаа саадтай, барж дийлэхээргүй, ёстой л төмөр хүлгийн хүч тэнхээг шавхтал нь сорьсон бэрх хэцүү жим байв. Архаг жолооч нар элсэнд сууж, шаварт шигдсээр хоёр хоног явж байж умард боомт хүрвэл “Хурдан явж ирлээ” хэмээн саймширдаг байсан гэдэг. Моддын зурвас чөлөөгөөр зурайх энэхүү замыг өдгөө ч элс, чийг идсэн хэвээр. Далай руу түрсэн ам бүрт нь хэдхэн эсгий гэр л зуншдаг зүүн эрэг бас л зэлүүд тайгын үргэлжлэл. Өдрийн турш алхаад хоёр гурван мотоцикл, хуучны фургон машинтай л тааралдана.

Тэгвэл яг энэ замаар Хөвсгөл нуурыг нар зөв тойрон ганцаар алхсан тэмдэглэлээ уншигч та бүхэндээ хүргэж байна. Хатгалаас гарч Хатгалд ирэхэд 20 орчим өдрийг зарцуулсан бол энэхүү тэмдэглэлийнхээ эхний өгүүлбэрийг тавиад, хойшлуулшгүй ажил албанд дөнгөлөгдсөөр ийм тэмдэглэл бичиж эхэлсэн гэдгээ ч ор тас мартаж орхиод, одоо л нэг юм эцсийн өгүүлбэрээ бичиж дуусгах энэ цаг мөч хүртэл барагцаалбал хоёр жилийг үрэн таран хийжээ. Тэмдэглэлд минь “гайхамшигтай, үзэсгэлэнтэй” гэх энгүй үгс ганц ч тааралдахгүй гэдгийг уншигчдадаа сануулъя. Угаас Хөвсгөл нуурын эрэг бүхэн, хөвөөн дэх модод бүхэн, хойморт нь дүнхийх сарьдаг уулс бүхэн цөм л дахин давтагдашгүй, бас давтан батлаад байх шаардлагагүй ер бусын гайхамшигтай, өнө мөнхийн үзэсгэлэнтэй билээ. Энэ бэсрэгхэн тэмдэглэл бяцхан охин Алис, аль эсвэл “аварга” Гулливерийн адал сонин түүх шиг гайхамшигт орны тухай бус, харин ганцаардлын хязгааргүй орон зайн тухай өгүүлэх юм.

1. ХООСОН

Эхлээд бүх юм оргүй хоосонд, алсын алсад буй мэт санагдаж байлаа. Өчигдөр, өчигдрийн өмнөх өдөр, бүр тэрний цаад өдөр сэрсэн тэр л янзаараа наймдугаар сарын хоёрдахь Ням гарагийн үдэд гэнэтхэн нойрноос сэрэв. Тэгэхэд бүх юм урьдынхаараа байлаа: Хөшиг хаалттай, өрөө маань бүүдгэр, олоон өдрийн урьдаас өглөө сэрэхдээ ч, үдэд алхахдаа ч, үдэш нойрсохдоо ч боддог асан нэгэн аяллын санаа дотор минь бас л нойрмоглосон хэвээр. Бүх юм өчигдрийнх шигээ.

Өнөөдөр би энх тунх хорин долоон настай. Уолт Уитмэний “Энэ биеэ дуулна би” шүлгэнд тоо нь л өөр боловч яг ийм мөрт бий. Тэгэхэд аугаа найрагч гучин долоотой байж. Харин яг миний насан дээр Лермонтов “хүний амьдрал гэдэг чинь мунхаг, хоосон, шог юм байна” гэж хэлчхээд хэзээ ч эргэж ирэхгүйгээр хорвоог үүрд орхиход үгийн ертөнц бүхэлдээ уйлан гашуудсан гэдэг. Хэдий бидний амьдарсан он жилүүдийн тоо ижил ч бусдаар бол өөр хоорондоо дэндүү адилгүй. Харьцуулж байгаа юм биш л дээ, магад харьцуулагдахаар хүмүүс ч биш, гэлээ ч өдгөө би үхвэл уйлж гашуудах нь бүү хэл, үгүйлж санагалзах хүн энэ хотод ховор. Тийм юм болохгүй гэж өөдрөгөөр тунгаавал, дахиад дөрвөн жил амьд явахад л Дашдоржийн Нацагдоржоос ч удаан амьдрах нь. Их найрагчийн хажууд миний амьдрал ёстой л “мунхаг, хоосон, шог” эд л дээ. Юуны учир хар залуугаараа хорвоог орхисон агуу найрагчдын тухай дурсаад эхлэв ээ гэж уншигч та гайхаж магадгүй. Одоохон учрыг өгүүлэмз.

Суут зохиолчдоос үүдэлтэй сэтгэлийн хоосрол, уй гансрал энэ мэтчилэн шавхран дуусчихгүй. Тэдний цалгиж халгисан их авьяас үзгийг минь заримдаа өрөөний булан руу шидчихдэг юм. “Чадашгүй нь” хэмээн шантарч байгаа хэрэг. Гэвч “Алхимич”-ийг уншсаны дараа Бразилийн зохиолч Пауло Коело бүр хожуу насандаа бичгийн машин тачигнуулж эхэлснийг дуулаад өнөөх үзгээ өрөөний булангаас эрж билээ. Тийм ээ, зохиолчдын тухай, тэдний үхэл амьдралын тухай ийн хүүрнээд буй минь их энгийн учир шалтгаантай. Аяны бэсрэгхэн тэмдэглэл, алдартнуудын товч намтрыг эс тооцвол би хорин тав хүртлээ бичиг цаастай буурьтайхан зууралдаж үзээгүй нэгэн. Гэхдээ нэг л өдөр бичнэ дээ гэсэн гэгэлгэн бодол хүсэл мөрөөдлийн минь далайд тэртээ холын гэрэлт цамхаг адил бүдэгхэн гэрэлтдэг байлаа. Овоолсон сонины дунд он жилүүдийг элээсэн аав маань тэрхүү бяцхан оч гэрлийг хөлөг онгоцны хашир ахмад шиг гярхай ажчихаад үе үе уулзах бүртээ “Мянган тонн үгийн хүдрийг хайлуулж нэг тонн үгийн эрдэнэсийг гаргадаг” хэмээх Майковскийн ончтой үгийг шуналтайяа эшлэхдээ “Юу ч хамаагүй бич. Цонхоор хараад болжмор, хүүхдүүд, зам, машин, моддын тухай ч бичиж болно шүү дээ” хэмээн дотночлон захидаг байв.

Ийнхүү нэг л өдөр би үгс мэтгэж эхэллээ. Яг л над шиг юуг ч үл бичин он жилүүдийг үрчихээд 29 насандаа галзуухныхаа өрөөнд гэв гэнэтхэн л бичиж эхэлсэн Харүки Муракамийг зөвхөн энэ л учир шалтгаанаар нь дотночлон унших болов. Харамсалтай нь түүнийх шиг онгод тэнгэрийн дуудлага намайг хөтлөөгүй юм. Харин сэтгүүлийн газарт, суудаг ширээтэй болсон би эрхлэгчийн шахалтаар бичдэг боллоо. Үзэг цаас тууштай нийлүүлж үзээгүй хүнийг ажилд авсан нь бас л зоригтой алхам шүү. Ийнхүү хоёр жил яах ийхийн завдалгүй урсан оджээ. Нэг нь нөгөөтэйгөө нэвт сүлэлдсэн нарийн нэгдмэл энэ ертөнцөд сэтгүүлчийн асуулт л юуг ч чичлэн илчлэх хүчтэй, “Сэтгүүлч” хэмээх ганцхан үг үнэний үүдийг нээх шидэт шившлэгтэй гэдгийг, өдөр бүр хооллож, унтаж, бусдыг хайрлаж байдагтай адил бичих гэдэг бол амьдрах хэв маяг гэдгийг ойлгон ухаарсан нь энэ хугацаан дахь миний хамгийн том олз байв. Бусдаар бол би өөрийгөө голсоор, бусад маань ч намайг бичиж дадахыг хүлээсээр... Бас би бичиж туурвих гэдэг чинь шантарч халширмаар хэцүү зүйл гэдгийг ухаарч ойлгов. Эхлээд миний хувьд бичиж эхлэх нь л чухал байсан бол одоо надад цаашид үргэлжлүүлж бичих эсэхээ шийдэх нь л чухал болоод байна.

Яг энэ цаг мөчид би суудаг ширээндээ очилгүй нэг сар өнгөрснийг анзаарлаа. Учир нь ажлаасаа хугацаагүйгээр чөлөө авчихсан юм. Эхлээд чөлөө миний бүх юмны шалтгаан болсон. Удахгүй хаашаа ч хамаагүй холын холд одох шалтгаан, урьтаж төлөвлөнө гэж өөртөө цаг гаргаж буйн шалтгаан, үүрд эндээ үлдчихгүйн тулд өөрийгөө чөлөөлөх шалтгаан болдог байв. Гэвч энэ нэг сарын турш амьдралд минь юу ч өөрчлөгдсөнгүй. Өнөөх чөлөө маань өглөөд хэвтэж, оройд суух шалтаг төдийхөн болж хувирав. Нэг үгээр өдрийн хагасыг унтаж, шөнийн хагасыг гиюүрч өнгөрөөдөг боллоо. 

Манайх жир нэгэн айл. Амьдардаг байр маань гурван өрөө, галзуух, жорлон, Г үсэг мэт давчуухан корридортой. Би ээж, бас эгчийн арван настай хүү хоёрын хөлд эсгий гудсан дээр унтдаг юм. Гэрийн маань хамгийн цэлгэр өрөө ээж бид гурвынх. Тэдний маань унтдаг, хөл нь хугарсан хүрэн буйдан өрөөний талыг дүүргэн үргэлж дэлгээстэй байдаг. Харин хэмжээгээрээ биднийхтэй бараг л адил гэмээр зэргэлдээх өрөөнд хоорондоо зургаан насны зөрүүтэй хоёр ч дэрсхэн хүү гаргасан эгч маань бага хүүтэйгээ суурьшдаг бол үүдний жижигхэн өрөөнд энэ жил их сургуулиа төгссөн охин дүү маань орь ганцаараа амьдардаг. Бид зургуулаа гэсэн үг: гурван эмэгтэй, гурван эр. Энэ дундаас эгчийн том жаал эмээгийнх болоод удаж байна. Тэд маань өглөөнөөс үдэш хүртэл ам зөрөлдөн маргалдах авч эмээгийнх нь уурлаад л зөөлөрдөг дуусашгүй энэрэл, зээгийнх нь гомдоод л мартдаг уучламтгай зан тэдний харилцааг улам ч бат бөх болгочихдогийг унтсаных нь дараа, суудаг ширээнийхээ араас тэднийг ажих болгондоо анзаардаг юм. Ээжийг эмээ нь өсгөсөн гэдэг. “Цаг хугацаа гэдэг нэг л тойргоор эргэж байдаг шиг байна, бид чинь эхэлсэн цэгтээ эргээд ирлээ шүү дээ” гэх Маркезийн үг юутай үнэн.

Манайх Бага тойруу дахь эгэл жирийн таван давхар тоосгон байшингийн нэгдүгээр давхарт байрладаг. Эрт дээр үед энэ байшинг эр цэргүүд барьсан юм гэнэ лээ. Элж мөлийсөн чулуун шат, энд тэндээ халцарсан орцны хана манай байшингийн насыг, магад хүнээр бол, ер зуу дөхсөнийг илтгэнэ. Гэсэн ч хэд алхаад л хотын төвийн хаана ч хүрчихдэг ашигтай байршилтай тул бид энэ байшиндаа хайртай. Хамгийн гол нь манай байшингийн хаяанд сүрлэг улиас модод бүхий бичил цэцэрлэг байдаг юм. Бидний хувьд энэхүү модот цэцэрлэг чихцэлдсэн энэ хотын буйд чөлөөн дэх тайвшралын бяцхан орон зай болдог билээ.

Ийнхүү би энгийн, жир нэгэн өглөө энэ л байрныхаа өнөөх өрөөнд эсгий гудсан дээрээ сэрсэн юм. Өчигдөр буюу наймдугаар сарын хамгийн бүгчим өдрүүдийн нэгэнд Туулын хөвөөнд найзынхаа гэр бүлтэй өнжиж, мөн долоон настай жаахан охинтой нь усаар байлдаж шалба нороод, дараа нь Зайсан толгойн хоолны мухлагт хуушуур идэж, цаашлаад Цэнгэлдэх хүрээлэнгийн хажуу дахь найзындаа зочлон том савтай шар айраг, хөргөгчин дэх дундуур сөжүг найзтайгаа хоосолчихоод, шөнийн гурван цагийн үед хоосон гудамжаар хоосорсон сэтгэлээ дааж ядан гав ганцаар алхсан нь эргэн санахад ойрмог өдрүүдийнх биш, өнгөрсөн дэх бүр холын үйл явдал ч юм шиг. Холын аянд хоосон цүнх л хамгийн тээртэй гэдэг юутай үнэн үг вэ! Амьдрал гэгч урт аянд дахиад л нэг зорилгогүй, хоосон өдөр эхлэх нь. Тийм учраас л энэ өглөө бүх юм оргүй хоосонд, алсын алсад буй мэт санагдаж билээ. Харин ганц л зүйл өөр буй нь “Манайх хулганатжээ...” гэх ээжийн үг.

Манайх модон шалтай учраас байсхийгээд л хулганатчихдаг юм. Бяцхан хулганууд бүтэн жил нам гүм байснаа нэг л шөнийн дотор, хэнийг ч унтуулахгүй шөнөжин түчигнэсээр дээш гарч ирдэг нь “Зуун жилийн ганцаардал” романд гардаг, бөмбөр нүдэж, бүрээ татан айлчлан ирснээ дуу шуугиантайхан зарладаг цыганы отгийг санагдуулам. Хулганууд ер бусын уйгагүй амьтад. Шавар, модыг жил тойрон мэрж, өчнөөн бэрхийг туулан манайд ирдгий нь бодохоор гаргасан нүхэнд нь хаалга цоож хийлгүй хамгаа дэлгэн онгорхой орхичихмоор. Хэрэв хүн бүр ийм уйгагүй байсан бол хорвоо дэлхий хэчнээн өөр байх бол оо? Үгүй ядаж, би тийм байж чадсан бол миний амьдрал одоогийнхоос огт өөр байх байлаа. Хамгийн инээдтэй нь, бяцхан хулгануудын уйгагүй хөдөлмөрч чанарыг ухаарч ойлгодоггүй юм аа гэхэд, өөрсдийнх нь биеийн жингээс хэдэн зуу дахин жижиг гэдгийг өдөр бүр дээр нь зогсдог электрон жин нь батлан хэлсээр байтал манай гэрийн бүсгүйчүүд “доод айлын” хөршүүдээсээ үхтлээ айж мэгдэнэ. Тийм учраас л би нүх хайж мөлхсөөр үдийг барав. Яг тэр агшинд тэр өдрийнхөө орой хар зах хаалгаа хаахын урьдаар хямд майхан, хийн зуух, эвхэгддэг хутга, борооны куртка худалдаж авчхаад “Гурав хоногийн дараа эндээс явна” гэж өөртөө хэлнэ гэдгээ огтхон ч төсөөлөөгүй явлаа. Харин хоосорсон сэтгэлийн гүнд хулганууд л үймэлдэж байв.

Цаг хугацаа гэдэг даажигнаантай эд. Өчнөөн өдрийг урьд өнгөрснөөс нь ялгараад байхааргүй өнгөрөөсөн атлаа үй олон үйл явдлыг зөвхөн нэг л өдөрт багтаачихдаг нь дэндүү хоржоонтой гэмээр. Тэгэхэд л хачин сонин мэдрэмж хулгануудын оронд үймэлдэв. Өнөөдөр гэдэг энэ өдөр дуусчихвал дотор минь удаан нойрмоглосон мөнөөх аялал оргүй хоосонд ангижрахыг, эхлэх цаг хугацаа хэмээн эхлэхэд нь л харамласан энэ зун үүрд өнгөрсөн рүү одохыг мэдрэв. Бүр гэв гэнэтхэн шүү. Гэлээ ч би юунд ч итгэж чадахгүй байлаа. Орой нь хар захаас хямдхан майхан сав авчхаад харанхуйд гэрийн зүг алхахдаа ч, “Гурав хоногийн дараа эндээс явна” гэж итгэлгүйхэн өөртөө сануулахдаа ч, маргааш нь номын дэлгүүрээс газрын зураг авчхаад дэлгэж зогсохдоо ч, нөгөөдөр нь дараа өдрийн 18:00 цагт хөдлөх автобусны тасалбар авчхаад халааслахдаа ч бүх юм бодит биш, хамгийн эцсийн мөчид хаашаа ч одолгүй гэртээ үлдчих мэт санагдаж байлаа. “Тийм ээ, эцсийн мөчид л би энд үлдэнэ.”

Ийнхүү гурав хоногийн дараах бүрхэг мөртлөө бороогүй үдэд цонхны тавцан дээр жилжин өнжсөн цэнхэр үүргэвчиндээ сүүлчийн гурав хоног цуглуулсан бүхнээ хийж баглав. Гэхдээ л өнөөх үл итгэсэн байдал надаас ер холдож өгсөнгүй. Үүргэвч минь хүртэл минийх биш, манайд ирээд түр гарсан харь жуулчных мэт санагдана. Аяллын автобус хуваарьт цагтаа хөдлөхөд нэг цаг гаруй л хугацаа үлджээ. Эхлээд үүргэвчээ, дараа нь өөрийгөө электрон жин дээр жинлэв. Өглөө, үд, оройд ч илжиг шиг зүтгэх энэ жин манай гэрийн эмэгтэйчүүдийг ууц нуруугаа чилтэл өдөржин үүрдэг юм. Тэдний маань зорилго харилцан адилгүй: Ээж эгч шиг, эгч дүү шиг болохыг, харин дүү жингээ барихыг зорьдог. Юутай ч, үүргэвч маань уух юмгүйгээр 17 орчим кг-ийг заах нь тэр.

Тэгтэл гэрээс гарахын урьдаар аав маань гартаа ууттай юм барьсаар гаднаас орж ирлээ. Орой бүр ирэхий нь хүлээдэг асан хүүхэд насны минь аав манайд амьдардаггүй болоод олон жилийг үджээ. Гэхдээ л өнөөг хүртэлх он жилүүд аавгүй өнгөрсөн гэвэл худал болно. Нэг ойртож, нэг алсарсаар барааны газраас биднийг ажих аав маань миний хувьд яг л нар шиг санагддаг юм. Тэр дэргэд атлаа хол. Бид аавыг тойроод л байвч түүнд алхам ч ойртож, бас түүнээс алхам ч холдож чаддаггүй сэн. Гэсэн ч бэрхшээлтэй, бууж өгмөөр үе бүхэнд аавын дэм бүүдгэр өдрүүдийн дараах нарлаг өглөө мэт хамгийн гэгээлэг итгэл найдвар, бүхнийг даван туулах хүч болдог байв. Ихэнхдээ л гундуухан хувцаслах аав маань энэ удаад хачин өнгөлөг харагдах аж. Цав цагаан цамц, цайны өмд хоёроо өмсжээ. Уг нь бол хуучирсан хөх жийнснээс ер салдаггүй хүн. Аав олон ч юм ярьсангүй: “Айлуудаар ороорой” гэснээ өнөөх ууттайгаа өгөөд гэнэтийн зочин шиг гараад явчихлаа. Гэм биш зан нь юм гээд дотроо уучлав. Харин надад өгсөн жижигхэн гялгар уутандаа самартай цай, нэг ширхэг лаа, тос даасан том ааруул хийжээ. Ингээд хамгийн сүүлчийн ачаагаа цүнхэллээ. Ээж шөл хийхээр завдсан ч явах цаг ойртсон тул болиулав. Би өдөржин үүргэвчээ баглаж, ээж цаг үргэлж намайг харуулдсан болохоор бид өлсөж буйгаа ч анзаарсангүй. Гэвч гэдэс өлсөх нь ер тээртэй санагдахгүй байв. Гол нь аливаа үйл яг л эцсийн цэгтээ тулмагц анх эхэлсэн газар руугаа буцаад зугтаачихвий гэхээс үнэн голоосоо айж байлаа. 

Би итгэлгүйхэн босоод үүргэвчээ үүртэл миний дотор амь бөхтэй оршиж асан “Чадашгүй нь” гэх айдас хэчнээн их хүнд болохыг мэдрэв. Нуруу минь ачаагаа, урам зориг минь айдсаа даахгүй нь илт. Эргэж буцах эцсийн мөч арай л ойртоогүй учраас одоохондоо энэ бүхнийг тэвчиж чадах юм шиг санан ээж, эрэгтэй жаахан дүү хоёрыг дагуулан гэрээс гараад автобусны буудал руу алхлаа. Энэ бүхнээс хэзээ мөдгүй зугтаж ч магадгүй учраас зүгээр л нийтийн тээврийн автобусанд суугаад хотын баруун дүүрэгт хүрэх даруухан төлөвлөгөө боловсруулаад байсан юм. Сүр дуулиантайгаар үдүүлчихээд холын холд одох эр зориг дутчихвал хүний царай яаж харна даа гэхээс эмээсэн хэрэг. Гэхдээ ээж гэрийн ойролцоох автобусны буудал хүртэл дөхүүлж өгье гэлээ. Тэнгисийн автобусны буудал бахь байдгаараа. Бидний бяцхан үдэлтийг таамаглаж байгаа ч хүн алга. Мэдээж тэгэх албагүй л дээ, тийм учраас юундаа ч гомдоллох билээ.

Миний суух чиглэлийн автобус ирж яваа харагдав. Дүүг үнсээд, ээжид үнсүүллээ. Ээжийн харцанд гуниг хуржээ. Саарал бүүдгэр тэнгэрийн дор тэд маань бүр ч гунигтай санагдав. Би автобусны урд хаалгаар орлоо. Ээж миний хөдөлгөөн бүрийг алдалгүй ширтсээр л байв. Би үүргэвчээ буулган хаалганы дэргэдэх хүнгүй сандал дээр суув. Зэргэлдээх цонх саарал бүрсгэр наалттай учир ээж намайг харж чадахааргүй болжээ. Харин би утас мэт нарийхан зүйдлээр нь ээж, дүү хоёрыг ажив. Ээж мэгшин уйлж байлаа. Олон өдрийн дараа бороонд цохиулан бөглүү ойн гүнд майхандаа бүгэхдээ, ойн захаар, далайн хөвөөгөөр ганцаар алхахдаа энэ мөчийг би эргэн санасан юм. Тэгээд тэмдэглэлийн дэвтэртээ “Бүхий л амьдралын минь турш миний төлөө хамгийн нам гүм атлаа хамгаас хүчтэйгээр уйлж чадах цорын ганц эмэгтэй” хэмээн бичиж билээ. Ээж маань эхэндээ байж болох бүхий л аюул бэрхшээлийг тоочин энэ аяллыг эсэргүүцэж байсан ч эцсийн мөчид хамаг чадлаараа дэмжсэн. Өвдвөл уугаарай гээд уут дүүрэн эм авч өгсөн. Өлсвөл идээрэй гээд өчнөөн хоол хүнс бэлдэж өгсөн. “Ээж нь чамайг залбирлаар хучна аа” гээд итгэл найдвар бэлэглэсэн. Тэгээд эцэс сүүлд нь, намайг гэрээс гарахын яг өмнөхөн өөрт буй сүүлчийн хэдэн төгрөгөө надад өгсөн. Эзгүй зэлүүд газар энэ мөнгөөр юу хийх билээ гэж бодохоос илүүтэй “Ээж минь, та өөрөө юугаараа болгох гээд байгаа юм бэ” гэж санаа зовнисон. Гэсэн ч ээж “Заавал ав” гээд халгаагаагүй.

Одоо би орь ганцаараа. Цаашхи бүх замыг энэ л биеэрээ туулна. Автобус миний танил ертөнцийг дайран өнгөрсөөр хотын баруун хаяанд дөхөж ирэв. Том үүргэвчтэй л болохоос би энгийн л нэг зорчигч. Эргэн тойрны маань намайг үл ажих хэтэрхий нам гүм байдал “Энэ бүхэн бодит биш” гэсэн доторх айдастай минь улам л зөрчилдсөөр. Би автобуснаас буулаа. Хэрэв төрөлх хот чинь уйтгартай, дүнсгэр, хоосон санагдаад хаашаа ч хамаагүй холын холд, ганцаараа, магад хамгийн төсөрхөн зардлаар хэсүүчлэн бэдрэхийг хүсвэл чиний ирэх газар энэ. Тэгээд л би энд ирсэн юм.

Дараагийн автобусаа эрж олох, суудалдаа төвхнөх зэрэг нь “Энэ аяллыг яажшуухан барж дуусгана даа” гэсэн халшрам бодлын минь хажууд дэндүү амархан зүйлс байлаа. Зорчигчид бүрдэх зуур алгын чинээхэн дэвтэртээ анхны тэмдэглэлээ бичив. Эцсийн мөч дэргэд ирчихээд байхад би юуны учир эндээс буун, үүргэвчээ авчхаад, гэрийн зүг явахгүй байгаа юм бол доо гэж өөрөөсөө асуулаа. Уг нь миний бодлоор оргүй хоосноос эхэлсэн энэ аялал оргүй хоосон мэт утга учиргүй төгсөх ёстой байв. Гэвч би суусаар л. Гурав хоногийн өмнө “Манайх хулганатжээ...” гэх ээжийн үгээр нойрноос сэрсэн тэр өглөө би ингэж явна гэдгээ ч ер төсөөлөөгүй явлаа. Хоосон гэдэг ер бусын хүчтэй зүйл аж. Нэг л өдөр холын холд одохоор шийдсэнийг хоосноос л эхлэлтэй гэж би боддог юм. Надад бусдад гайхуулаад хэлчих тодорхой зорилго юу ч байгаагүй. Зүгээр л явах ёстой гэж гэв гэнэтхэн шийдсэн. Одоо л явахгүй бол үүрд эндээ үлдчих мэт, сэтгүүлчийн замналаа ор тас хаячих мэт санагдсан. Тэгэхээр энэ аялал оргүй хоосноос эхтэй. Би ердөө гурав хоногийн дотор үүргэвчин доторх бүх юмаа, бас итгэл найдвар, урам зоригоо олж цуглуулжээ. Хоосноос эхтэй энэ аялал хоосноор төгсөхгүй л байгаасай.

2. ӨНӨӨДӨР ЭНД, МАРГААШ ТЭНД 

Хөвсгөл далайг би нүдээр үзэж байсангүй. Замын турш шөнөжин асгарсан хүйтэн бороонд далай надад ер төсөөлөгдөхгүй байлаа. Талд бороо орохыг би мэднэ, харин далайд бороо яаж ордгийг мэдэхгүй. Эрчлэх давалгаа нь эргээ нүдэж буйгаар төсөөлөгдөх ч шуугих чимээ нь үл сонсдоно. Эсвэл бороотой үед далай огт давалгаалдаггүй ч юм билүү, хэн мэдлээ. Хамгийн хачирхалтай нь, намайг холын холд хүргэх учиртай шөнийн автобус өглөөтэй уралдан Мөрөнд ирэхэд, бас намайг Хөвсгөл далайд хүргэх учиртай Хатгалын унаа үдтэй зэрэгцэн усан боомт дээр ирэхэд шөнөжин шаагисан ширүүн бороо хааш одсон нь мэдэгдэхгүй алга болчихсон байлаа. Үнэнийг хэлэхэд бороо миний хамгийн том айдас. Тийм учраас л аяллын минь эхний өдөр бороогүй байж таарсанд би хамгаас их баярлаж билээ. Гэвч үүнээс хэд хоногийн дараа далайд бороо яаж ордгийг уйдталаа, уйтгартлаа харж суусан юм даг. Хэрэв надаас хэн нэгэн “Далайд бороо яаж ордог вэ?” гэж асуувал “Бороо гунигтай ч юм шиг ороод л байна, ороод л байна, ороод л байна. Яг л тэнгэр бүхэлдээ тэнгис болчихсон мэт...” гэж хариулна.

Хатгал бол умардаас өмнө тийш сунан тогтсон Хөвсгөл нуурын хамгийн өмнөд суурин. Эндээс миний аялал эхэлж, энд миний аялал төгсөх учиртай. Харин Ханх бол умардын суурин. Би баруун эргээр алхсаар тэнд хүрч, тэндээсээ зүүн эргээр алхсаар Хатгалд ирэх ёстой. Би Хатгалыг ч, Ханхыг ч мэдэхгүй. Гагц Сүхбаатар хөлөг онгоцыг л кинон дээрээс, зурагт хуудсан дээрээс харсан билээ. Би унаанаасаа буугаад л энэ хөлөг онгоцыг удаанаар ширтэж зогссон. Түүнээс нэг л тийм дүнсгэр, номхон дөлгөөн, мөн хүчит давалгаанд ч ажирдаггүй ер бусын хүлцэнгүй тайван мэдрэмж төрсөн. Дараа нь би шороон замын дэргэдэх хүнгүй, эл хуль эрэг олж аваад далайг ширтэж баахан суусан. Бас гараараа ус хутгаж, зулайгаа чийглэсэн. Далай нойрсож буй мэт ер бусын нам гүм байлаа. Баруун эргээс зүүн эргийг ажвал бариад авчмаар ойрхон атал умард эрэг усны мандал руу уусан алга болчихсон мэт санагдав. Хэчнээн гярхай ажаад ч энэ далай эцэс төгсгөлгүй юм шиг... Хараа үл хүрэх тэр хязгаарт алхаж хүрнэ гэхээс зүрх үхнэ.

Гар утсаа хартал ажлын газрын эмэгтэйгээс нэлээд хэдэн уурссан зурвас иржээ. Намайг ор мөргүй, гэнэтхэн л алга болчихсонд бухимдангуй байгаа тэрбээр нэг нүүр комик сурталчилгааны зохиол бичиж явуул гэлээ. Би намуухан долгисох далайн чимээг анирдан, өвс чийг ихтэй бяцхан дов сондуул дээр суун хүйтэрвэл гал асаана даа гэж авчирсан сонины тасархай дээр өнөөх зохиолынхоо өрнөл, харилцан яриаг бичиж тэмдэглээд гар утсаараа өгүүлбэр өгүүлбэрээр нь хариу бичиж явуулав. Тэгмэгцээ утсаа шууд л унтраагаад өөрийгөө урьдын танил ертөнцөөсөө тасалчихлаа. Одоо би хэнд ч өргүй. Аялал эхлэхийн урьдаар сэтгэлийн ачаагаа хөнгөлөх ёстой гэж бодсон юм.

Би борооноос гадна шөнөөс айж байлаа. Түнэр харанхуйд далай ч харагдахгүй, тэнгэр ч харагдахгүй гэхээс айна. Үд нэгэнт хэвийж, харуй бүрий айсуй тул гэгээ тасрахаас урьтан хоноглох газар хайхаар үүргэвчээ үүрээд далайг өгсөн алхлаа. Үүргэвч маань тээртэй санагдахаа больжээ. Сэтгэлийн зовуурь, айдас махан биеийн өвдөлт, шаналлаас илүү хүчтэй гэдэг нь үнэн аж. Би нар шингэх хүртэл алхлаа. Зам зуур хуучин шилтгээн, эвдэрсэн завь, эзэнгүй зогсоол, бас нэгэн бельги гэр бүлтэй таарав. Наймдугаар сарын өдийд эрэг хавийн амралтын газрууд эл хуль болчихдог ажээ. Ой тал руугаа том том чулуутай, далай тал руугаа жижиг жижиг хайргатай эргийн бяцхан чөлөөнд нэг хүний жижигхэн майхангаа босгоод төвхнөлөө. Бөөрөнхий зүйл бол өнхөрсөөр далай руу орчихож мэдэх налуу газар юмсанж. Гэвч балар ой, хязгааргүй далайн зааг дахь цагаан чулуут энэ эрэг зэлүүд онгон нутгийн хэсэгхэн зурвас чөлөө, ганцаар аялахуйн тааламжит буудал гэвэл ононо.

Тэнгэр үүлэрхэг. Далай эргээ цохих чимээнээс өөр аниргүй. Далайг уртааш нь ширтвэл үүл, ус хоёр л мөргөлдөнө. Гэхдээ сэлэмний ир шиг нарийхан уулс далай, тэнгэр хоёрыг зааглаж буй нь бүрий нөмрөхийн өмнөх сүүлчийн гэгээнд бараг үл анзаарагдам гэмээр. Нааш алхах замдаа нэгэн завьчин эрээс “Далайн уснаас шууд ууж болох уу?” гэж асуусан. Тэр ихэд гайхсан янзтай “Бололгүй дээ” гэж хариулж билээ. Би хийн зуухаа дэлгэн, өөдөсхөн савандаа ус буцалгаж, аавын өгсөн самартай цайнаас хоёрыг ч уунгаа маргааш, маргаашийн цаад өдрүүдэд намайг хүлээж буй олон олон үл таних эргийг ширтэн суув. Яг энэ агшинд нарны сүүлчийн илч дулаан зүүн эргийн модот уулсын оройг илэх шахам төөнөсөөр хөөрөн дээшилж, унтарч буй лааны дөл шиг алгуурхнаар бөхөж билээ. Ингэж л эргэн тойронд минь харанхуй айлчилсан юм. Би хэзээ ч гэрээсээ ийм хол, эзгүй зэлүүд газар, тэртусмаа харанхуйд ганцаараа хоноглож байсангүй.

Харанхуй миний хамгийн эхний бодит айдас, нүүр тулах ёстой сорилт билээ. Гэхдээ л би түүнтэй нүүр учрахаас хулчийгаад зогсохгүй шөнө айсуй гэх эхний дохио тэмдгээр л шууд зугтчихсан юм даг. Учир нь майхан миний харанхуйгаас зугтах хоргодох байр болсон юм. Би тийш шургаж ороод л жаахан хүүхэд шиг шууд нүдээ аньчихсан. Харанхуйг даван туулж л байвал даарах, доороос нухах зэрэг нь тийм ч төвөгтэй, халширмаар биш санагдаж байлаа. Далай шөнөжин эргээ ноолов. Гэхдээ би салхи исгэрээд өнгөрөх төдийд л айснаасаа болоод дагжин чичирсэн атлаа давалгааны чимээнээс л ер айгаагүй юм даг. Өчигдөрхөн л дулаан хөнжилдөө сэрсэн би өнөөдөр ингээд хэвтэж байгаадаа нэг л итгэж өгөхгүй байлаа.

Өглөөн нарны эхний илч дулаанд майхан маань дорхноо бүлээцчихэв. Бүр удаан хэвтвэл бүгчимдэх шинжтэй шүү. Харанхуйгаас айх айдас минь өглөө болмогц л үргэн одчихсоныг сая л анзаарлаа. Оронд нь урьд шөнийн их даарсныг, оройжин доороос нухсаныг бодож тавгүйтсэн ч орой болмогц энэ бүхэн чухал биш, харин дахиад л харанхуйгаас айна гэдгээ мэдэж байв. Шөнийн турш амсхийгээгүй давалгаа өглөөний салхины нөлөөгөөр бүр ч хүч нэмжээ. Би хар цай чанаж уучхаад өөрийгөө утга учиртай ч юм шиг, эсвэл огтоос хэрэггүй ч юм шиг баахан асуултаар шалгаан хайргат эргийн дагуу нааш цааш холхилоо. Би юуны учир аялж байгаа вэ? Энэ аяллаас юуг хүсэн хүлээгээ юм бол? Энэ бүгдийн эцэст би өөрчлөгдөх ёстой юу? Ийн асуучхаад тэмдэглэлийн дэвтэртээ “Энэ аяллын зорилго бусдад чадна гэдгээ гайхуулах гэсэн хий хоосон чамирхал л бүү байгаасай” гэж бичив.

Дараа нь үүргэвчин доторхоо бүгдийг хоослоод өөрт буй бүхнээ бүртгэлээ. Хар захаас худалдаж авсан нэг хүний жижигхэн МАЙХАН, аяны ХИЙН ЗУУХ, борооны КУРТКА, эвхэгддэг ХУТГА-ыг эс тооцвол ихэнх хувцас хэрэглэл маань надад өөрт, бас манайд байж таарсан. Жишээлбэл, үүрч яваа цэнхэр ҮҮРГЭВЧ-ийг эгчийн өрөөний цонхны тавцангаас “олсон” юм. Хожим олж мэдсэнээр тэр нь хүргэн ахынх байсан юм билээ. Мөн чийг тусгаарлагч ДЭВСГЭР, гэрийн ШААХАЙ, МИШОК, хоолны ХОЁР САВ, ХАЛБАГА-ыг гэрээсээ зохицуулчихсан. Хувцасны тухайд гэвэл олон халаастай ногоон ӨМД, хөнгөн КЭЭТ, ЮҮДЭНТЭЙ ЦАМЦ, гурван ширхэг ФУТБОЛК, таван ОЙМС, хоёр ДОТООЖ, бараг аяллын турш байнга өмсөж явсан БИЕИЙН ТАМИРЫН ӨМД, эрээн ШООРТ, уулын ГУТАЛ, улаан НООСОН МАЛГАЙ, БОРООНЫ ЦУВАН УУТ гээд цөм миний өмсөж дадсан, хуучин хувцаснууд гэсэн үг. Ихэнх нь аяллын зориулалтгүй боловч надад үүнээс өөр төсөр арга байгаагүй. Харин Хөвсгөл аймгийн ГАЗРЫН ЗУРАГ-ийг номын дэлгүүрээс шинээр авсан бол ариун цэврийн цаас, оо, сойз, саван, ширхэгийн шампунь, чүдэнз, лаа, газ (4 ширхэг) болон хоол хүнсээ хүнсний захаас базаасан. Бороонд норгохгүйн тулд би бүх хоол хүнсээ саарал гялгар уутанд хийгээд баглачихсан юм. Миний бүх хоол гэвэл хагас кг борц, давсалсан самар, ууттай жигнэмэг, тус бүр дөрвөн ширхэг бэлэн гоймон, лапша гоймон, будаатай борцтой шөл, нэг сармис, хэдэн бор еэвэн, атга ааруул, барбарис чихэр, мөн ядрахад хүч тамир нэмдэг гэсэн учраас жижиг, том нийлсэн долоон шоколад, ингээд л болоо. Гэрээс гардаг өдөр аавын надад өгсөн жижиг гялгар уутанд хоёр ширхэг тос даасан том ааруул, нэг нойтон салфетка, 1 ширхэг лаа, 7 ширхэг найруулдаг самартай цай байв. Үүнээс гадна надад дүрдэг ногоон цай дөрөв, найруулдаг кофе хоёр, гүрж ногоон цай, уутны ёроолоор жаахан давс бий. Дүрдэг ногоон цайг нэг ч удаа ашиглаагүй бол найруулдаг самартай цай, кофег аялал эхэлсэн даруйд уугаад дуусгачихсан. Харин гүрж ногоон цайгаар өдөр бүрийн өглөө оройд хар цай чанаж уудаг байлаа. Бас үүргэвчинд минь гал асаана даа гэж авчирсан хоёр сонин, нэг асаагуур бий. Гэвч тэдгээрээр нэг ч удаа гал асааж чадаагүй юм. Мөн ээжийн бэлдэж өгсөн анхны тусламжийн уутанд спирттэй хөвөн, ходоодны эм, хоросол, шархны боолт, иодын уусмал, ханиадны эм бий. Ээж эмийн санчаар эм бүрийн дээр ямар үед уух ёстойг бичүүлжээ. Үүргэвчин доторх ачаа минь бараг ингээд гүйцэх шив. Нээрээ бараг мартах шахлаа, Хөвсгөлийн автобусанд суухын өмнөхөн хүнсний дэлгүүрээс худалдаж авсан цэвэр усны савыг аяллын турш авч явсан бөгөөд чанасан хар цайгаа тийш юүлээд өдөржин тэндээсээ уудаг байв.

Үүнээс гадна хүзүүнээсээ дүүжилчихдэг жижигхэн ногоон цүнхэндээ өөрт хэрэгтэй жижиг сажиг зүйлсээ бүгдийг багтаачихсан. Тэнд эвхэгддэг хутга, оосоргүй бугуйн цаг, хумсны хутга, цэнхэр палмастер, дуу хураагуур, гар утас, гар чийдэн, зай, иргэний үнэмлэх, банкны карт, бэлэн мөнгө, тэмдэглэлийн дэвтэр, цэнхэр бал бий. Оосоргүй цагийг би аяллын турш атгаж явсан. Япон найз нь ахад, харин ах надад өгсөн энэ цаг анхнаасаа л оосоргүй ирсэн юм. Миний хэнэггүй, хойш тавьдаг зангаас болж оосоргүй цаг маань олон жилийн турш номын тавиурын мухар сахисан. Аялалд гарахын урьд өдөр цагныхаа зайг солиулаад өнөөх хүзүүний цүнхэндээ хийчихсэн нь одоо бодоход тун ч хэрэгтэй алхам болжээ. Учир нь орлуулж, бас орхиж боломгүй цөөн хэдэн зүйлсийн маань дотор энэ цаг заавал багтана.

Би авч явах номоо удаан бодсоны эцэст “Зуун жилийн ганцаардал”-ын монгол орчуулгыг, Жэк Курокийн “Замд” (On The Road) романыг сонгож билээ. Гэтэл аялалд гардаг өдөр хамаг ачаа бараагаа баглачихаад байтал хоёрдахь ном ерөөсөө олдохгүй баахан сандаргасан. Ээжийг “Ном ачааны нэмэр биш үү” гэж хэлэхэд нь “Заавал авч явна!” гэж зөрүүдэлсээр өнөөх номоо эрж олсон юм даг. Энэ ном, энэ номыг өгсөн хүн, бас ижил нэрт кино нь ч миний хувьд юу юунаас илүү чухал. Залуу насаа дуусахаас өмнө заавал аялах ёстой гэдгийг энэ ном, энэ киноноос мэдэрсэн. Бас энэ номыг өгсөн хүн аялах төлөвлөгөөг маань ганцаархнаа эхнээс нь дэмжсэн юм. Бүх хүн “Битгий” хэмээн намайг мохоож байхад тэр л намайг “Одоо л яв” гэж ирлэсэн. Тиймээс л энэ номыг авч явахаар шийдсэн хэрэг. Үнэндээ энэ номыг эргүүлж тойруулж бараг амжаагүй. Ээжийн хэлдгээр ачааны нэмэр л болсон. Аяллын турш “Зуун жилийн ганцаардал”-аа ноолсоор, бүр дуусгаж ч амжилгүй ирсэн. Гэхдээ л номгүй аялна гэдэг миний хувьд ер төсөөлөгдөшгүй хэрэг байлаа. Тэр тусмаа Жэк Курокийн ном аяллын минь туг болсон юм. Мөн энэ номыг өгсөн хүн эргэж ирэх ёстой гэсэн итгэл найдварын минь оч болсон.

Аяллын кинонуудыг би ер нь л шимтэн үздэг хүүхэд байлаа. Сурагч хөвүүн байхдаа Че Гуварагийн оюутан цагийнх нь аяллын түүхээс сэдэвлэсэн “Мотоцикльчны өдрийн тэмдэглэл” киног үзчихээд “Хожим ингэж аялах юм сан” гэж чин сэтгэлээсээ хүсэж билээ. Дараа нь Америкийн баруун эрэг дагуу, зэлүүд уулсын хяр даган ганцаар алхдаг америк бүсгүйн тухай “Wild” киноноос олж мэдчихээд “Хэрэв би аялбал алхах ёстой юм байна” гэж шийдсэн. Харин “Into the wild”-аас “Алхаж аялах ёстой юм бол ганцаараа л явна. Бүр заавал зэрлэг умард руу явах болно” гэдгээ мэдэрсэн. Тийм учраас л эх нутгийнхаа хамгийн умард, онгон зэлүүд хязгаарыг зорьж ирсэн минь энэ.

3. ОЙ БА ДАЛАЙН ОГТЛОЛЦОХ ЗААГААР 

Алхана гэдэг бодлоо чагнахын нэр, мартсан бүхнээ эргэн дурсах үйл явц, яг л хөвөгч завины ард ганцаар суучхаад зөвхөн арагш харж явахтай адил ч юм шиг. Бодолд минь айсуй ирээдүйн тухай юу ч орж ирээгүй, зөвхөн өнгөрснийг л өвдөлт зовуурьтай нь мэдэрч явсан. Утас эцэс төгсгөлгүй хөврөх мэт урт урт бодлууд оюун санааг минь зай завсаргүй чигчиж дүүргэхэд хэн нэгний уучилшгүй алдааг яг одоо л уучилж чадах юм шиг тийм эмзэг, өршөөнгүй мэдрэмж хамаг биеэр минь тархсан. Тийм ээ, ганцаар алхаж явахад хэнийг ч, юуг ч үзэн яддаггүй юм билээ.

Дотор жиндүүлэм хүйтэн бороо зогсохоо мэдэхгүй уйлагнан орсоор. Хэрэв бороо хэн нэгний нулимс юм бол шаналал ийм хүйтэн мэдрэгддэг гэж үү! Унах гэж буй, үгүй ээ, унаж буй өвгөн модны нөмөрт жижигхэн майхандаа бүгэхдээ би шантарч, шаналж байгаагаа мэдэрч суулаа. Бие минь ч, бодол минь ч дотроосоо жиндэж даарч байв. Бороонд нэвт норсон нойтон хувцсуудаа майхныхаа буланд овоолчихоод өнгөрсөн хоёр өдрийг нэхэн дурсав. Эхлээд би тун ч өөдрөг явсан. Алхаа хөнгөн, сэтгэл тэнэгэр. Учир нь би эхний хоноглосон эргээс хөдлөөд замд хөндөлсөх уул өөд мацсан юм. Тэгэхэд далай бүхэлдээ миний өлмий дор мэлтэлзэх шиг болсон. Сүхбаатар хөлөг онгоц далайг зүсэн аядуухнаар, нам гүм урагшилж байлаа. Тэр ихэмсэг агаад эгэл. Яг энэхэн агшинд энэ далайг бүү хэл, энэ дэлхийг ч тойрч чадмаар санагдсан. Гэвч энэ бардамнал, ихэрхүү бодол маань үд ч хүрээгүй унтарсан юм. Алхах уг нь амархан боловч алхаад л, алхаад л, алхаад л байхын хэцүүг би алхаж үзээд л биеийнхээ эд эс бүхнээр мэдэрч үзсэн.

Ер нь ганцаар алхахад шантрах энүүхэнд, бараг л алхам тутамд тохиодог зүйл, харин урам зориггүйтэх л хамгийн хэцүү. Ядарснаас үүдэлтэй шантрал жаахан амсхийхэд л эдгэчихдэг бол цөхрөл барагтаа л эдгэдэггүй. Эхний шөнө би жаахан хүүхэд шиг айж хоносон гэдгээ нуухгүй ээ. Удаах шөнө ч бас айсан. Гэвч дараа дараагийн шөнүүдэд үргэлж айгаад байхгүйгээ мэдэж байлаа. Бас далайд шөнө их хүйтэн болдог. Далайн жихүүн хүйтэн амьсгал шөнөжин намайг дааруулсан. Хоёрдахь шөнө ч бас даарсан. Гэвч дараа өдөр нь нэгэн амралтын газрын бүсгүйгээс “Хотод очихоороо заавал буцааж өгнө” гэж амлан дулаахан, нимгэн бүтээлэг гуйж аваад даарах айдсаа дарчихсан. Тэр Достоевскийн “Карамазовын хөвүүд”-ийг шимтэн уншиж байсныг одоо ч тод санаж байна. Явахад минь ууттай еэвэн өгсөн тэрхүү уриалгахан бүсгүй Ханх хүрэх гэж байгааг минь дуулаад цаасны тасархай дээр жижигхэн захиа бичмэгцээ “Ханхад очоод манай найзыг олж уулзаарай. Тэр чамд туслах болно. Нээрээ эндээс цааш айл амьтан, амралтын газар бараг л үгүй. Эзгүй зэлүүд тайга л бий” гэж хэлээд өнөөх захиагаа өгч билээ. Түүний хэлсэн үнэн байсаан, цаашлах тусам далайн эрэг улам эзгүйрсэн. Гэхдээ эзгүй зэлүүд байна гэдэг миний айх шалтгаан биш, угаас үүнийг л зорин тэмүүлж ирсэн бус уу! Харин гагц борооноос, эдгэшгүй шантралаас айж байлаа.

“Рэнчинлхүмбэ сумын хил” гэсэн төгөл доторх улаан хүрээтэй самбар, хадлангийн талбайдаа отоглосон настай эр, нас залуу хүү хоёр, гүйцэж түрүүлсэн ч нэг л мэдэхэд алхаанд минь гүйцэгдэн ард хоцорсон бартаат замын хоёр унаа, алгуурхан дусалснаа аажим ширүүссэн жиндүү бороо миний оршиж үзээгүй асан зэлүүд орон зай, зэрлэг умардын зааг зурваст тулаад ирчихлээ гэдгийг надад сануулав. Ойд тааралдсан хадууртай хүү араас минь хараад л байсан, хараад л байсан. Алхах зуураа эргэж харсан ч тэр надаас харцаа ер салгаагүй. Гэхдээ харцнаас нь атаархал, зэвүүцэл биш, хэзээ нэг өдөр ингэж аялна даа гэсэн сониуч, эрэмгий байдал мэдрэгдсэн.

Шивтнэсэн, хүйтэн бороонд нэвт норон алхахдаа “Борооноос зугтах хамгийн сайн арга бол түүнтэй нүүр тулах” хэмээн баатарлагаар бодож билээ. Харин дараа нь сөхрөн ойчиж буй өвгөн модны нөмөрт майхангаа босгочихоод дотор нь дагжин чичирч суухдаа “Би буруу боджээ. Борооноос зугтах хамгийн сайн арга бол бороо орохоос өмнө норохгүй байх аргыг сэдэх” гэж нойтон тэмдэглэлийн дэвтэртээ бичсэн. Лааны илч дулаанд майхан алгуурхнаар бүлээцлээ. Хоёр өдрийн турш 50 км алхсан нь нэг талаар ялалт боловч нөгөө талаар би ялагдаж байлаа. Биеийн минь зарим хэсэгт зовуурь илрэв. Зүүн хөлний өсгий цэврүүтэж, хэвлийгээр улаан бижрүү туураад зогсохгүй мөрний орчмоор хөндүүрлэн, улайгаад цус хуржээ. Бүх хувцас нойтон. Биед минь илч дулаан гэх юм үлдсэнгүй. Бодол санаа маань ч сул дорой, цааш алхаж чадах эсэхээ ч мэдэхгүй байлаа. Энэ их цөхрөлийг яажшуухан давж гарна даа. Бас бороо хурдан зогсоосой гэж хүснэ!

Гэтэл хүсвэл хясна гэгчээр бороо оройжин, шөнөжин, өглөөжин оров. Үдийн үед хэсэгхэн намдсан ч удалгүй дахиад л уйлагнав. Давалгаа яг л салхи шиг исгэрэн хуйларч байлаа. Магадгүй салхи далайн давалгаа болж хувирсан нь энэ байх. Ганц сайн мэдээ гэвэл өчигдөр шөнө юунаас ч айлгүй хонолоо. Шөнийн нам гүм дундах өчүүхэн төдий анир чимээ хамгийн ихээр айдас төрүүлдэг хэрнээ давалгаан чимээ л намайг тайвшруулах юм.

Би бүрий нөмрөхийн өмнөхөн майхнаасаа гарч далайг ажив. Тэр яг л зах хязгааргүй мэт цалгиж байлаа. Ер нь далайн эрэг бүр өөр, давтагдашгүй төрхтэй. Зарим нь элсэрхэг хайргатай, атгаад далай руу шидэхэд чулуугаар бороо ордог сон. Тэгвэл зарим нь аварга бул чулуудтай, далай тэднийг дийлж эс чадан хий дэмий л давалгаагаараа түлхдэг сэн. Би нэг удаа хясаа шиг хавтгай чулуутай эргийн дэргэдүүр явж өнгөрсөн. Бас далайн эрэг дээр аварга модод үй олноороо үхсэн байхыг олж харсан. Тэд элгээ тэврэн нойрсож буй мэт ер бусын гунигтай санагдаж билээ. Ойд модод янз бүрээр л үхэж байдаг. Зарим нь гунигтай, зарим нь гэнэтийн. Гэхдээ миний олж харсан шиг үхэл ховор. Далайн эргээс дээш арваад тохой өргөгдсөн өндөрлөг газраас модод эгээ л үсрэх гэж буй мэт далай руу тонгойж байсан. Тэдний дор үхсэн модод үй олноороо. Залуухан шинэсүүд араас нь унах гэж буй мэт өнгийн тогтсон нь хорвоо ертөнц дээрх хамгийн удаан “үсрэлт” гэмээр. Магадгүй энэ үсрэлт моддын хувьд амиа хорлолт ч байж мэднэ. Тэд одоо ч унасаар байна. Ингэж хөдөлгөөнгүй, анир чимээгүй унах нь төгс оршихуйнхаа эцсийн хязгаарыг гэтлэх хамгийн баатарлаг хэрнээ уулга алдам амиа хорлолт гэмээр. Бөмбөрцгийн түм буман модон дундаас тэд л ганцхан далай цэнгэг ус руу ерөөс эхний агаад сүүлчийн удаа үсэрсэн юм. Ингээд бодохоор ой хийгээд далай, чулуу хийгээд ус эхлэлгүй, эцэсгүй эсрэгцэл, өнө мөнхөд үргэлжлэх түлхэлцэл мэт удаанаар дайтан тэмцэлдэх ажээ. Эргийн аварга модод үндсээ булгалан үүрд нойрсох нь ой ялагдаж буй мэт авч түүний тогтоосон хязгаарт далай давалгаалан оршдог нь ойг бүхнээс өндөрт тунхаглана. Тэгтэл далай “Үгүй дээ. Намайг тойрч чи ургасан юм” гэсэн шиг үдэш ч үл амсхийн эргээ ноолно.

Өнөөдөр дэргэдүүр нэг ч машин, мотоцикл өнгөрсөнгүй. Үдшийн харанхуйд цаасан дэнлүү мэт гэрэлтэх бяцхан майхандаа тухалж аваад өөрийнхөө тухай баахан эргэцүүлэв. Тэгмэгцээ тэмдэглэлийн дэвтэртээ ингэж бичлээ:

-Би үүргэвч, түүн доторх эд агуурс, өмссөн хувцас шигээ үнэ хүндгүй нэгэн. Дөрвөн уулын завсар дахь саарал бүүдгэр хотод ээж, эгч, дүү нарын хамт аж төрөн суудаг жирийн л нэг эр. Намайг хэзээ ч эргэж ирэхгүйгээр үүрд одоход нар мандаж, энэ хотын эд эс бүхэн урьд ямар байсан түүгээрээ л хөдөлнө. Ээж минь, бас намайг хүлээж буй нэг хүн мэгшин уйлж, арай ойр нэг нь өрөвдөн уйтгарлаж, алив бусад нь хөөрхийдөө гэсээр урьдын амьдралын хэмнэлдээ эргэн уусаж, би мартагдана. Гэлээ гээд би үүнд гомдоллохгүй ээ. Ийм эгэл нэр алдар, эгээ л үүргэвч шигээ, эд агуурс шигээ төсөр үнэ хүнд л надад бий учраас би энэ аялалд гарсан юм. Надад алдах зүйл байхгүй. Гэхдээ би юуг ч алдах эрхгүй. Энэ хоёрын зөрчилдөөнөөс утга учрыг эрнэ. Энэ биеэ эзгүй зэлүүд нутагт гээхэд эхлээд эрэл сурал, дараа нь уулын энгэр дэх нэр нь бичээстэй нэгэн чулуу л болно. Өөр юу ч өөрчлөгдөхгүй. Харин энэ биеэ ээждээ, бас түүнд аваачхад энэ хорвоод би дусал нулимс хэмнэнэ.

Бороо орсоор л байна. Заримдаа майхан маань хүчтэйхэн салхинд тогтож ядан дэнжигнэнэ. Энэ бороо ингээд ороод л байх юм шиг, энэ тэнгэр ийм бүүдгэр саарал өнгөөрөө үргэлжид байх юм шиг... Үүнийг тулаан гэж үзвэл энэ “дайн”-д би ялагдаж байна, бас ганцаардаж байна. Учир нь эргэн тойрон эх захгүй ганцаардал. Далай, давалгаа, бороо, миний буудалласан модот эрэг, өнө эртэд одсон үхмэл саарал модод бүгд л цуцашгүй ганцаардагчид атлаа нэг нь нөгөөгүйгээрээ оршихгүй мэт ер бусын амь нэгтэй. Салхи үгүй бол далай хөөсрөх давалгаагүй, ой шуугих чимээгүй. Давалгаа үгүй бол далай хүчгүй, салхи үггүй. Эрэг үгүй бол далай орших хязгааргүй, ой огтолцох хөвөөгүй. Энэхүү нийлмэл цогц орчилд би л ганцаараа шоовдор. 

Унтахын өмнө “100 жилийн ганцаардал”-аа эхлүүллээ. Энэ бол ганцаардал дунд уншвал зохих ганцаардлын ном. Макондогийнхны олон сар үргэлжилсэн аяллын дэргэд миний ингэж яваа нь гэрээс гараад дэлгүүр орохтой адил санагдав. Маркезын романыг унших бүртээ номонд гардаг дүрүүдийн хэнтэй нь адилхан болоо гэж өөрөөсөө асуудаг. Өнөөдөр дахиад л энэ тухай бодлоо. Яг одоо бол би хурандаа Аурилена шиг Ремедиост дурлаж, алхимийн эрдэм, алт хайлуулах аргад суралцаж, нэг л өдөр хувьсгалч болж, балар ширэнгэ дамжин партизаны дайн өдүүлэх зэргээр залуу насаа үдэж, харин Хосе Аркадио Буэнди шиг соронзон гүрээр алт эрэх, галт шилээр дайснаа дарах, бурханы оршихуйг гэрэл зурагт буулгах галзуу атлаа хүүхдийнх гэмээр балчир төсөөллийн санаанд амьдарч, бас болоогүй ээ “Дэлхий жүрж шиг л бөөрөнхий” гэх зэргээр шинжлэх ухааны нээлт хийж өтөл насаа өнгөрөөмөөр байна. Би лав өвгөн Буэнди шиг хайртай бүхнийхээ дэргэд хамгаас чанга хүлүүлээд үхлээ хүлээж хүчирнэ байх.

“Бороо дөрвөн жил, арван нэгэн сар, хоёр хоног оржээ.” Яагаад ч юм, бороо орох болгонд энэ өгүүлбэрийг нэхэн санадаг. “Бороо намжтал эндээ байя” гэж хэлээд үнэхээр л бороо зогстол хаашаа ч яваагүй Хоёрдугаар Аурилена шиг эзгүй эрэг дээр бороо зогсохыг хүлээнэм... Бороо яг хоёр өдөр, хоёр шөнө дараалан орсон юм. Тийм ээ, бороо заавал намдана гэсэн итгэл найдвар намайг бороон дундах цөхрөлөөс аварсан. Давалгаан чимээ дэргэд өнжсөн наймдугаар сарын эхлэхээ мэдсэн ч зогсохоо мэддэггүй энэ жихүүн бороог би хэзээ ч үл мартана. Тэртээх эргээ нуучихаад тэнгис мэт хязгааргүй харагддаг болохоороо нуур бороонд дуртай байдаг биз.

4. ДАГШИН БАЙГАЛЬ

Умраас өмнө тийш сунан тогтсон Хөвсгөл нуурын тэхий дунд Модон хүй арал, түүний баруун чигт Жиглэгийн даваа буй. Хатгалаас эхтэй, эрэг бараадсан шороон зам яг энд зүгээ өөрчлөн сайхь давааг давж баруун зүгийг зорьсоор Рэнчинлхүмбэ сумын төв хүрдэг. Тиймээс Жиглэгээс хойш эрэг дагуу машин зам үгүй. Долоон уул тохой хүртэлх 50-иад км газар эзгүй зэлүүд гэсэн үг. Уулын ам бүрт эзэнгүй өвөлжөө бий боловч тэдгээр нь өвөл л амь ордог. Хүйтний эрч чангарах арванхоёрдугаар сарын сүүлч гэхэд далай бүрэн хөлдөж, цэлэлзэх их ус нь тэр чигтээ мөсөн зам болж хувирдаг. Тэр үед л тэдгээр өвөлжөөнүүдэд төвөггүйхэн хүрч очиж болно.

Бороо зогсдог өдрийн маргааш буюу нарлаг, дулаахан өглөө аяллаа үргэлжлүүлэв. Нарны илч гэрлийг яасан их санаа вэ, сэтгэл хөнгөрөөд л явчих шиг. Энэхүү эрчим цэнэгээ хадгалан эрчтэйхэн алхсаар үдтэй зэрэгцэн Модон хүй арлын харалдаа, Жиглэг уулын хормойд тулж ирлээ. Модон хүй бол битүү модоор хучигдсан, Хөвсгөл далайн хамгийн том арал. Бороотой үед, эсвэл үдийн хурц нарнаар энэ арал яг л манан дунд хөвөх хөлөг онгоц шиг харагддаг. Бас алхаж буй хүнд ер гүйцэгдэхгүй, гүйцээд дэргэд нь ирчихээр ер холдож өгдөггүй ийм л жигтэй арал.

Урд минь хөндөлсөх уулыг ажиглаж эрэг дээр удаан суулаа. Алхам бүрийг минь удирдан чиглүүлэгч урьдын танил зам харгуйгаа үгүйлэн санав. Одоо урд минь зам алга, харин уул, ус, тэр хоёрын заагт өндөр хадан хясаа л байна. Уул нь усаа түрж, ус нь уулаа идэж, тэр хоёрын зөрчилдөөнөөс хадан хясаа үүсжээ. Би усны савандаа хар цай чанаж юүлчихээд уул өөд өгслөө. Заримдаа энэ аялал ямар ч утга учиргүй, буцаж очсоны дараа юу ч өөрчлөгдөхгүй мэт санагдаж, цааш алхах урам зоригийг минь мохоочих юм. Тэрхүү бодол гэнэт биежнэ. Тэрхэн үед “Юу билээ?” гэж өөрөөсөө асуугаад алмайран зогсдог сон. Тэгээд ерөөс бүх юм утгагүйг санан, угаас эхлэхдээ л зорилго эрээгүй, үүргэвчиндээ онцын учир шалтгаан багтаагаагүй энэ аялал ямар ч л байсан заавал дуусах ёстой гэж өөрийгөө урагш түлхдэг байв.

Хясаат уул хамаг тамирыг минь барж гүйцлээ. Ер нь би өндөрт удаан байх дургүй. Бас их ус, ээрэм тал, эзгүй говь миний амьдрах газар биш. Тэд надтай л адил өнө мөнхийн ганцаардагчид. Хэрэв энэ насаа тэдний дэргэд өнгөрөөхөөр болбол ганцаардлын хоосон орон зайд үүрд живчих юм шиг санагддаг. Харин би галт тэргэнд дуртай. Галт тэрэг дайран өнгөрдөг жижигхэн сууринд дуртай. Бас модонд дуртай. Модод шуугисан холын бяцхан сууринд дуртай. Мөн хүмүүстэй хөгжилдөөд байхгүй ч тэдний хажууд ганцаардах дуртай. Олны дунд нам гүм суух дуртай.

Уул уруудан, шатсан ойн дундуурх бүдэгхэн жимээр алхсаар эзэнгүй өвөлжөөтэй уулын аманд иртэл бүрий нөмрөх дөхсөн байлаа. Энэ бол миний хоноглож буй дөрөв дэх эрэг, 6 дахь шөнө. Эндхийн эрэг ер бусын нам гүм аж. Усны мандал анир чимээгүй байдал шигээ тогтуухан. Үе үе, энд тэнд ус цагираглахаас өөр хөдөлгөөнгүй. Нуурын загаснууд оройн хоолоо идэж буй нь энэ аж. Би ч бас юунаас дутахав, майхангаа босгочихоод орой бүр хийж иддэг борцтой гоймонтой шөлөө буцалгалаа. Ер нь миний өдөр бүрийн дэглэм ижилхэн шахуу өнгөрдөг. Эхлээд хоноглох газар эрж олно. Далайтай аль болох ойр, өвсөрхөг тэгш газар байвал тун сайн. Дараа нь майхангаа босгоод хөлстэй нойтон хувцсаа солино. Үүнтэй залгаад оройн хоолны ажил ундардаг. Харин хоолоо идсэний дараа нар шингэж, бүрий нөмрөх хүртэл майхныхаа үүдэнд далайг ширтэж сууна. Ингээд харанхуй өтгөрөхтэй зэрэгцэн майхандаа бушуухан шургаж ороод лаа асаан газрын зураг дэлгэж өнөөдрийн явсан зам, хоноглож буй газраа сар өдөртэй нь тэмдэглээд маргаашийн явах замаа төлөвлөнө. Газрын зураг ажиглах бол майхан доторх хамгийн зугаатай ажил. Хэчнээн удаан ширтсэн ч ер уйддаггүй сэн. Дараа нь хэвтэж аваад “Зуун жилийн ганцаардал”-аа мэрнэ. Тэгээд нойр хүрэн хүртлээ уншина даа. Харин өглөө босоод хамгийн түрүүнд хар цай чанаж уудаг. Үлдсэн цайгаа усны сав руугаа юүлээд өдөржин түүнийгээ ууж явна. Цай дуусвал далайгаас ус хутгаад уучихна, заримдаа жин үдийн амралтаар залхуугүй бол дахин цай чанана. Аяллын турш ердөө хоёр л төрлийн хоол унд хийж явсан нь давстай хар цай, борцтой гоймонтой шөл. Энэ хоёроос хэзээ ч уйдахааргүй. Халуун наранд өдрийн турш алхахад хар цай шиг цангаа тайлагч үгүй. Харин борцтой гоймонтой шөл “хийхэд амархан, үүрч явахад хөнгөн” хоол. Энэ мэтчилэн өдөр бүр минь ижилхэн өнгөрдөг боловч дэргэдүүр нь өнгөрдөг эрэг, ой, уул бүхэн давтагдашгүй янз маягтай. Тиймээс ч би ер уйддаггүй сэн.

Далайн баруун эргийг хойноос урагш эмжих мэт сунан тогтсон нүцгэн оройтой модот уулс бол Баяны нуруу, өмнө талынх нь Хорьдол сарьдагийн нуруу билээ. Миний хоноглосон өвөлжөөтэй эрэг бол Баяны нурууны урд үзүүр юм. Уул, усны заагаар умардыг чиглэн оддог бүдэгхэн морин жим нэг тодорч, нэг алсарна. Аяллын хамгийн бэрх хэцүүг би энд л туулсан. Гаталж туулсан гол горхи минь тоогоо алдаад удаж байна. Тэдний зарим нь гүнзгий, зарим нь харайгаад гарчихмаар. Далай руу цутгах нь хүртэл олон янз. Зарим нь чулуун доогуур шургаж цутгана, зарим нь далайн эргийг хүрзээр сэтэлчихсэн мэт нарийхан судлаар багтаж ядан цутгана. Зарим нь шуугиж цутгана, зарим нь анир чимээгүй цутгана. Зарим нь шууд цутгана, зарим нь эргээ ороож цутгана.

Бас энэ зам байгалийн бартаа саад ихтэй. Нэг л хальт гишгэхэд далай руу шидэгдэж мэдэх уулын налуу энгэрээр айдастайгаа тэмцэлдэн алхсан. Эрэг дагуух унасан моддыг сүлжиж, эцэс сүүлд нь аргаа барсандаа далайн ус туучиж өдөржин алхсан. Ачаагүй бол энэ зам амархан ч байж мэднэ. Харайгаад л, харайгаад л... Харин үүргэвчтэй үед үнэхээр хэцүү. Гэхдээ энэ бүхний хажуугаар умард нутгийн сайхныг ханатлаа мэдэрч явлаа. Эзгүй уулын аманд амарч суухдаа чармай нүцгэлээд далайн хүйтэн усанд булхсан. Хөвсгөл нуурын хамгийн аглаг, буйд байгалийг биеийнхээ эд эс бүхнээр мэдэрч явахдаа шантрал, цөхрөлийг бараг мартах шахсан. Эргийн шувууд усны мандлыг алгадан тэнгэр өөд дээшлэн хөөрөх нь үгээр өгүүлшгүй тансаг зураглал. Нар жаргах, манан буухын сайхныг яриад ч хэрэггүй биз.

Ийнхүү хүний бараа харалгүй хоёр өдөр алхсаны эцэст Хөвсгөл нуурын умард эрэг, түүний цаадтайх мөнх цаст Их саяны нуруу алсад тодорлоо. Д.Нацагдоржийн “Миний нутаг” шүлгэнд гардаг мөнөөх Саяны нуруу шүү дээ. Энэ бол дархадын нутагт ойртон ирсний дохио. Газрын зураг дэлгээд харвал далайн баруун умард хязгаарт далай руу түрсэн модот уул бий. Тэр бол Долоон уул тохой, тэндээс цааш дархадын нутаг үргэлжилнэ. Алсаас Долоон уулыг ажиглавал баруунтай нь үүрийн цолмон мэт өнчин ганц гэрэл гялтганаж байгаа харагдав. Гэвч өдөржин алхсаар тэнд хүрч очтол өнөөх бяцхан оч нь од биш, дээврийн гөлмөн төмөр байж таарсан. Ингэж л би дархад айлд анх удаагаа зочилсон юм. Хаяандаа монгол гэртэй ханагар том байшин намайг угтлаа. Гэрийн эзэн Ухнаа гуай Хөвсгөлийн БЦГ дахь 30 гаруй байгаль хамгаалагчийн нэг. Өнөөх од мэт гялалзагч байшин хүүгийнх нь гэнэ. Тийш явж ортол сүүтэй цай, гэрийн талх, цөцгийн тос, элсэн чихрээр дайлав. Дархад айл талх, цөцгийгөөрөө алдартай. Учир нь үхэр, сарлаггүй айл энэ нутагт ховор. Гэрийн эзэгтэй пийшин дээр жижиг том нийлсэн дөрөв таван саванд талх барьжээ. Талх, цөцгий, чихэрний нийлмэл цогц амт долоон өдрийн турш оройн хоолны нэг л цэстэй явсан надад яриангүй сайхан байлаа. Бид цайлах зуураа яриа хөөрөө дэлгэв. Эндээс Ханх хүртэл 70 орчим км, бас ач хүү нь тэнд сурдаг, энэ жил хоёрдугаар анги гэнэ. “Дотуур байрнаас нь энэ жил авахгүй ээ” хэмээн өвөө нь дэггүй бор хүүгээ зэмлэх ч хичээлийн амралтаар санаж бэтгэрээд тэгэхгүй дээ гэдгийг хүү мэдэж буй мэт үгийг нь үл тооно.

Ухнаа гуай “Бага сантын даваанаас Их хилэнгийн даваа хүртэл айлгүй, чонотой” гэж санууллаа. Зүүн эргийн тухай анхааруулж буй нь энэ. Тэгмэгцээ хэдэн жилийн өмнө Хатгал орж явсан 60 орчим насны эмэгтэйг түүдэг галынх нь дэргэд сүрэг чоно барьж идсэнийг дуулгаад үргэлжлүүлэн урам өгөх санаатай “Гэхдээ Жиглэгээс наашхи хэцүү бэрх замаа чи туулжээ. Хорхойтсон баавгай л хамгийн аюултай. Чи баавгайтай таарсангүй юу? Хөгшин бид хоёр баавгайнд хөөлгүүлж л явлаа” гэв. “Тэгээд юу болсон бэ?” гэж сонирхтол “Морьтой болохоор гүйцэгдээгүй. Харин явганаар бол доошоо хараад хэвтчих хэрэгтэй гэдэг юм билээ. Нүүрээ харуулах юм бол ганц самардаад л арьсы нь сөхчихдөг” гэж хариулаад бас л урам өгөх санаатай энэ хавар 19 настай орос охин нуурыг нохойтойгоо бүтэн тойрсон хэмээн нэмж сонирхуулав. Хамгийн сүүлд тэднийхээс гараад замд намаг тааралдах эсэхийг асуутал “Ойгоо захалж явбал ус туулахгүй, гэхдээ 3, 4 км газар тойрно. Тиймээс гутлаа тайлаад дөтөлчих дөө” гэлээ. Нээрээ ч түүний хэлсэн ёсоор гутлаа тайлахгүй байхын аргагүй ус чийг ихтэй өтгөн шигүү өвсөн дундуур алхав. Бас Ходон, Нарийн голыг гаталлаа. Ходон гол эрэг хөвөөндөө багадан зүг чиггүй олон салаалан урсана. Эргээ ч их идэх юм. Харин Нарийн гол үнэхээр л нэр шигээ нарийн гол.

Дархадуудын модон байшин ихэнхдээ дөв дөрвөлжин, доторх нь ханагар уужим, бүр тулах баганагүй. Миний удаах зочилж буусан дархад айл яг ийм байшинтай. Уг нь эрэг бараадаж хоноглох гэсэн боловч нар шингэх дөхсөн тул ойролцоох айлын гадаа хоноглохоор шийдсэн юм. Гэрийн эзэн Мягмар гуай тун чиг алиа хошин зантай. Харин хөгшин нь гэж эгэл даруухан эмэгтэй, нөхрийнхөө наргианч ярианд инээмсэглээд л байна, инээгээд л байна. Нэр нь Уранчимэг. Тэгмэгц нөхөр нь “Мөн ч уран нэртэй хүн шүү” хэмээн хөгшнөө явуулна. Хариуд нь “Хөгшрөхийн цагт хэрэггүй л санагддаг юм байна” хэмээн тэрбээр намуухан ярина. Мягмар ах 1953 оных. Харин Уранчимэг эгч нөхрийнх нь яриагаар бол “25-тай” гэнэ. Энэ мэтчилэн Мягмар ах үг газар гээхгүй инээд хөөр авчирна. Эднийх 8 хүүхэдтэй. Дөрвөн охин, дөрвөн хүү. Дунд хүү нь Ухнаа гуайн ганц охинтой суужээ. Бэргэн нь аавтайгаа тун адилхан санагдав, яг л аавын дүрлэгэр том нүд. Харин бага хүү нь дуулахдаа дориун тул СУИС-д элсэн орж, нэг жил суралцжээ. Гэвч хүүгээ үргэлжлүүлэн сурах сонирхолгүй байгааг анзаарсан аав нь “Чи яамаар байна. Үргэлжлүүлье гэвэл дуустал нь сур, үгүй гэвэл энэ жил орхи” гэснээр хүү гэрийн дээдийг сонгожээ. Гэрийн дээд гэдэг нь Мягмар ахын өөрийнх нь үг шүү. Одоо хүү тань гэрийн дээдэд хэдэн жил сурах вэ гэж асуутал Мягмар ах бодолхийлснээ “За байз, 50, 60 жил юм уу даа” гэж хэлээд учиргүй хөхрөв. Харин надтай нас чацуу дунд хүү нь Ханхын хилийн боомтод банкны эдийн засагч. Эднийх гурван айлаараа нийлээд 400-аад үхэртэй. Мягмар гуай амьдралдаа дөрвөн удаа л хот орж үзсэнээ дурсан ярив. Цэрэгт явж, цэргээс халагдахдаа, наяад онд зөвлөгөөнд суухдаа, мөн хориод жилийн өмнө эгчийгээ өөд болоход тус бүр нэг удаа хотод очиж үзжээ.

Урьд шөнө юунаас ч айлгүй ер бусын тайван хонов. Айлын гадаа хонохын амар тайвныг ханатал мэдрэх шиг боллоо. Өглөө нь Мягмар ах усны савыг минь сүүтэй цайгаар дүүргэж, цөцгийн тос түрхсэн зүсэм талх уутанд хийж өгөөд бараг саахалтын дайтай газар гаргаж өгөв. Бид салахад Мягмар ах гэрийн зүг буцлаа. Хүний сайханд хоргодож дасна гэдэг цаг хугацааны их, багаас ер шалтгаалдаггүй ажээ. Хэд алхаад эргэж хартал эргэн тойрон нэг л гунигтай. Хэзээ ч билээ дээ, хэн нэгэн “Танилцаж дотносох шиг амархан зүйл үгүй. Харин салан одох л хамгийн хэцүү” гэж хэлсэн нь юутай үнэн!

Тэднийхээс алхсаар Бэрхтэй, Мунгараг голуудыг гаталлаа. Гатлахад бэрх гол тул Бэрхтэй гэдэг нэр авчээ. Харин Мунгараг голын нэрний учрыг олж мэдсэнгүй. Дараа нь Шургааг голыг гаталлаа. Юуны учир ингэж нэрлэсэн нь Шургааг нэрнээсээ л ойлгомжтой. Төдөлгүй Долоон уул тохойг өнгөрч эрэг бараадан алхтал далайн цаадтайх Ханх суурин тодрон харагдав. Тэнд хүрвэл нийт замынхаа тэн хагасыг туулж барна гэсэн үг. Урам зоригоо сэлбэнэ, уух юм авч ууна гэхээс улам яарч байлаа, болдогсон бол өнөөдөртөө багтаад тэнд очихсон гэж адгав. Гэвч энэ нь бүтэшгүй хүсэл байсныг өдөржин мэрийж алхаад нар буухын алдад Их хороо голын модон гүүр хүрээд мэдэрсэн. Одоо миний хувьд харанхуйгаас өмнө Ханх биш, умард эрэг хүрэх нь хамгийн чухал зорилт.

Цэлэлзэх их усны дэргэдүүр алхан явахдаа уртаашаа эцэс төгсгөлгүй мэт санагдах энэ далайн умард үзүүрийг өөрийнхөөрөө төсөөлөх гэж оролдоод бүтлийг эс олсон. Нээрээ энэ далайд эцэс хязгаар гэж байдаг болов уу, байдаг бол тэр нь яажшуухан харагдах бол? Далайн умард хязгаарт хүрч очоод түүнийг яаж тойрох вэ? Умард эрэг миний амьдардаг Бага тойруугийн гудамж шиг тойрог хэлбэртэй юм болов уу, аль эсвэл байшингийн булан шиг хурц өнцөгтэй юм болов уу?

Үнэндээ умард эрэг өмнө минь гэнэтхэн л гараад ирсэн. Намхан гүвээг давтал давалгаа цаст уулын урд хормойг илэх шахам ноолж байв. Оройн нарны илч дулаанд далай тайвширч номхорсон нь илт. Тийм ээ, энэ бол миний үзэхийг хүссэн өнөөх умард эрэг. Хатгалд ирээд Хөвсгөлийг үзэх нэг хэрэг, харин миний зогсож буй намхан гүвээн дээрээс умард эргийг ажна гэдэг тэс өөр таашаал гэж бодлоо. Учир нь энд нэг л ирвэл умард эргийн уулс, далайн сүр бараа ой тойнд чинь хэзээ ч мартагдахгүйгээр хадагдан үлдэнэ. “Үүнээс илүүг мэдэрсэн үү?” Хэрэв надаас ингэж асуувал “Далай чамайг алмайруулж ханахгүй” гэж хариулна. Тэр орой би далайн хамгийн умард цэгт, нэгэн амралтын газрын хаяанд хоноглосон юм. Дахиад л далайн сайхныг харж баахан догдолсон. Далайг умардаас өмнө зүг рүү ширтэх ямар гоё гээч! Бүрий нөмрөхийн өмнөх далай анир чимээгүй дүнсийдэг. Тийм ээ, Хөвсгөл бол харж ханамгүй, мэдэрч дуусамгүй өнө мөнхийн гоо сайхан. 

5. УМАРДЫН СУУРИНД

Ханх бол Хөвсгөл далайн умард хязгаарт орших ганцаардмал буйд суурин. Эндээс хамгийн ойрхон сумын төв гэвэл 180 км-ийн цаадтайх Хатгал. Уг нь нэгэн цагт далайн урд, умард үзүүрийг холбосон усан зам хөл хөдөлгөөн ихтэй байсан гэдэг. Гэтэл өдгөө энэ зам бүдгэрч мартагджээ. Гагц урьд усан боомт байсныг гэрчлэх эзэнгүй зогсоол үдэж гаргасан сүүлчийн хөлөг онгоцоо хүлээх мэт нэг л ганцаардангуй… Арга ч үгүй биз, умард зүг хэзээд л ганцаардлын эцэсгүй хязгаар байсан.

Энэ суурин эхлээд бүхий л боомт хотуудын адилаар эрэг хөвөө бараадан үүсчээ. Олон жилийн настай хуучин модон байшингууд эргээс ердөө хэдхэн алхмын зайтай. Далай шигээ эцэс төгсгөлгүй мэт үргэлжлэх их ой тайгын “эрэг хөвөө”-нд оршдог учраас эндхийн байшин бүр модноос бүтэж, модоор дулаацдаг. Сургуулийн арын хашаан дахь жирийлгээд өрчихсөн уул овоо шиг их түлээг хараад Ханхын жавар тачигнасан хүйтэн өвлийг өөрийн эрхгүй төсөөлөн бодож билээ. Нээрээ ч эндхийн өвөл жихүүн хүйтэн гэсэн.

Суурингийнхан зөвхөн түлээний мод гэлтгүй ундны усаа холоос зөөхийн зовлонг мэдэхгүй. Хаяанд нь Монгол орны хамгийн том цэнгэг уст нуур цэлэлзэн байхад арга ч үгүй биз. Намайг эрэг дагуу алхаж явахад гартаа хувин барьсан усны гуталтай хархүү далай руу шууд туучиж орсноо хувингаа ганцхан дүрээд л усаар дүүргэчихэж билээ. Харин зарим нэг нь далай руу оролгүй, эрэг хөвөөнд нь зогсож байгаад уурга шиг урт шанагаар ус хутгаж авдаг. Айл бүр хаяандаа “худаг”-тай байх ийм л сайхан. Гэвч сүүлийн жилүүдэд суурин өргөжиж, эргээс зайдуу орших айлууд усны машинаар ундны усаа зөөлгөдөг болжээ.

Ийнхүү эрэг хөвөөндөө багтахаа байсан суурин эцэс сүүлдээ дэнж өөд тэлсэн нь энэ. Эндхийнхэн тэр хэсгээ “Хяр” гэцгээх бөгөөд суурингийн бүхий л арилжаа наймаа энд л өрнөдөг учраас эрэг орчмоо бодвол хөл хөдөлгөөн ихтэй. Энэхүү худалдааны гудамжийг нэвт дайран өнгөрдөг өргөн шороон зам хойд зүгийг чиглэсээр хилийн боомт хүрдэг бөгөөд түүгээр цааш давхивал хилийн цаадтайх Монды гэх орос тосгон, бүр цаашлаад Эрхүү орно. Тиймээс эндхийн дэлгүүрүүд орос бараагаар баялаг төдийгүй амралтын газрууд нь ч орос жуулчдаар дүүрэн. Монды Хатгалаас, Эрхүү Улаанбаатараас ойрхон гэх зарчим оросуудад ч бас хамаатай. Улаанбаатар бүү хэл Хатгал ч орж үзээгүй орос амрагчид Ханхад бол хаа сайгүй. Тийм болоод ч тэр үү жаалуудын орос хэл “мама папа”-тайгаа, мөн мухлаг хоршоонууд орос, монгол хэл дээр давхар хаягтай.

Энд бас урд, хойд хяр гэж бий, голцуу айлуудтай. Би Ханхад ирээд урд хяр дахь нэгэн айлын хашаанд буудалласан юм. Энэ бол миний урьд шөнө хаяанд нь хоноглосон Долоон уул хэмээх жуулчны баазын эзнийх нь Ханх дахь гэр. Далайн хамгийн умард цэгт хүрч очоод хаана хоноглохоо мэдэхгүй, ойролцоох амралтын газрын дэргэдүүр өнгөрч байтал нэгэн эр намайг холоос харчихаад гараа даллан дуудаж билээ. Яваад очтол өнөөх эр энэ амралтын газрын эзэн гэж өөрийгөө танилцуулаад “Үүргэвчтэй яваа монгол аялагч үүгээр өнгөрөхийг бараг л харж байгаагүй тул сонирхоод дуудчихлаа” гэв. Хариуд нь би Хатгалаас нааш есөн хоног алхсан, бороонд цохиулан хоёр өдөр саатсан тухайгаа дуулгатал өнөөх ах үг бүрийг минь хажуу дахь орос зочдодоо орчуулж өгөв. Тэгтэл нөгөө хэд нь ам уралдан уулга алдацгаагаад миний явсан зам мөрийг ажиглаж буй мэт далайг өмнө тийш гүн ширтэцгээж билээ. Далай тэгэхэд анир гүм байсан.

Амралтын газрын эзнийг Ренчинхорол, эхнэрийг нь Оюунчимэг гэдэг. Тэд жуулчны баазаа дөрвөн жилийн өмнө байгуулжээ. Одоо хоёул тэтгэвэрт. Нөхөр нь хилийн цэрэгт насаараа ажиллаж, эхнэр нь социализмын үед Уралын их сургуулийг англи, франц хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн тул тэдний хувьд амьдралын туршлага, хүсэл сонирхолд нь яв цав нийцсэн ажил бол энэхүү буйдхан жуулчны бааз гэдгийг тэдэнтэй өнгөрүүлсэн багахан хугацаандаа ойлгож мэдэрсэн. Ренчинхорол ах нутаг орны онцлог байдлыг сайн мэддэг бол Оюунчимэг эгч зочдоо хүлээж авах, дайлж цайлахдаа үнэхээр гаргууд. Үүнийг би өглөөний цайн дээр мэдэрч суусан.

Тэр орой Ренчинхорол ах маргааш буцах үндсэн зочдоо уйдаахгүй гээд надтай төдийлөн ярьж хөөрсөнгүй. Харин би Оюунчимэг эгчтэй удаан уулзалдаагүй эртний танилууд шиг оройжин элдвийг ярьж зогсоцгоосон. Итгэхгүй байгаа бол тэмдэглэлийн дэвтэртээ юу гэж бичсэнийг уншуулъя: “Эднийх 5 хүүхэдтэй. Бага хүү нь нэгэн уул уурхайн компанийн Сөүл дэх салбарт ажилладаг бол нэг хүү нь Туркэд сурдаг. Энэ хавар МУИС-ийг төгссөн бага охин нь үргэлжлүүлэн магистрт сурах төлөвлөгөөтэй. Одоо хичээл эхлэх хүртэл аав ээжийнхээ ажилд тусалж байгаа. “Сургалтын төлбөрөөс гадна цалинг нь харамгүй өгчихдөг юм” хэмээн Оюунчимэг эгч сонирхууллаа. Охин нь “Funny” нэртэй бяцхан нохойгоо салхилуулж яваа харагдав. Тэд 5-р сараас 10-р сарын эхэн хүртэл жуулчны баазаа ажиллуулдаг. Харин өвөлдөө ажил төрөл хийлгүй, ач зээ нартайгаа өвлийн урт саруудыг хотод өнгөрөөдөг байна.”

Бидний дуусдаггүй яриа өглөөний цайны дараа ч үргэлжлэв. Оюунаа эгч намайг байхуу цай, печень, мантуу, нэрс, маслоор дайлаад зогсохгүй “Замдаа идээрэй” гээд ууттай ааруул өглөө. Ренчинхорол ах охинтойгоо дараагийн зочдоо тосохоор өглөө эртлэн босоод Ханх оржээ. Би үүргэвчээ баглаж дуусчихаад өглөөний цэвэр тунгалаг агаарыг амьсгалан далайг ширтэж зогсов. Ханх энүүхэнд гэх бодол намайг юунд ч яаруулахгүй байлаа. Явахын алдад Оюунаа эгч ээжийг минь ямар хүн байдаг болоо гэж их сонирхсон. “Хүүгээ ингэж явахыг тэвчиж хүлээнэ гэдэг ер бусын их зориг шүү” гэж хэлээд намайг хашааныхаа үүд хүртэл гаргаж өгөхдөө “Дараа заавал ээжтэйгээ ирээрэй. Эрхүүгээр явбал илүү ойрхон. Би өвгөнтэйгөө галт тэрэгний буудлаас тосоод авчихна” гэж билээ. Мөн надад утасны дугаараа өгөөд заавал яриарай гэсэн боловч хожим би хэнтэй нь ч холбогдож чадаагүй юм. Дугаар нь холбогдох боломжгүй байна гэх бүрт тэднийг далайн умард эрэг дэх буйдхан жуулчны баазаа ажиллуулж байгаагаар төсөөлдөг. Магадгүй энэ тэмдэглэл биднийг эргэн учруулж ч болно шүү дээ, хэн мэдлээ.

Умард эргээс Ханх хүртэл 20-иод км-ийн зайтай. Эрчтэйхэн алхвал нар буухаас өмнө зорьсон газраа хүрчихнэ. Эрэг дагуух шороон зам Ханх хүрэхийн алдад уул өөд өгсөж, модтой давааг давдаг бөгөөд цааш тонгойвол суурингийн хойд үзүүр харагдана. Замд би Ренчинхорол ахтай тааралдлаа. “Ханхад очоод манай хашаанд буудаллачих. Том охин маань жаахан дүүтэйгээ байгаа” гэв. Ер нь холын аянд хүний сэтгэл тухайн өдрийн тэнгэрийн өнгийг их дагадаг. Тухайлбал өнөөдрийнх шиг ийм цэлмэг, гэгээн өдөр гуньж гутрах нь хүртэл багасчихдаг. Бас энэ мэт багахан үйл явдалд баярлаж хөөрөх нь их. Гэхдээ нөгөө талаар алхах тутамдаа биеэ чагнаад эхэлдэг. Заримдаа далайг бүхэлд нь уугаад дуусгачихмаар их цангадаг сан. Мөр чилэх бол алхам тутамд мэдрэгддэг биеийн зовуурь. Заримдаа хоёр гар маань эсэргүүцлээ илэрхийлж үүргэвчийг минь арагш шидчихдэг сэн. Ядарч, цөхөрч байгаа нь энэ. Тийм үед хэсэгхэн амсхийхэд л биеийн зовуурь дорхноо мартагдчихдаг юм.

Ханхад би нийтдээ хоёр хоносон. Ингэснээр гэрээсээ гараад 12, далайн эрэг дээр 11 дэх шөнөө өнгөрөөж байна гэсэн үг. Ийш ирэх олон өдрийн замд хүмүүс надаас “Хаа хүрэх гэж байгаа вэ?” хэмээн асуух бүрийд ёс юм шиг “Ханх орно оо” хэмээн хариулдаг байв. Үнэндээ “Далайг тойрч байна” гэхээс ичиж эмээсэн хэрэг. Учир нь би хэзээ шантрахаа мэдэхгүй байлаа. Магадгүй Ханх л хүрчих юм бол, урьд хэзээ ч үзэж байгаагүй тэрхүү умардын сууринд яваад оччих л юм бол далайг тойрох хүч тэнхээ, урам зоригтой болчих мэт санасан. Тиймээс би Ханхыг оюун санаандаа төсөөлөн, чин зүрхнээсээ зорьж тэмүүлж алхсан. Очих газраа бодоод л байвал эцэс сүүлдээ очоод юу хийхээ хүртэл урьдаас төлөвлөчихдөг юм билээ. Ханхад ирсэн орой хамгийн түрүүнд ээж рүү утсаар ярьчихаад эхний хүслээ, дараа нь хүнсний мухлагаас уух юм худалдаж авчхаад удаах хүслээ биелүүлсэн. Бас хоол авч идчихээд гурван жаалхүүгийн хамтаар суурингийн булан тохой бүртэй танилцсан. “Илүү сартай зун” кинон дээр гардаг Соёлын төвийн хуучин байшин, усанд живчихсэн эвдэрхий зогсоолыг хүртэл заалгуулж харсан. Ер нь хаа газрын хамгийн сайн хөтөч нар бол хүүхдүүд. Тэд шан харамж нэхэлгүй, өдөржин газарчлахад бэлэн улс. Томчуудын үзэж хараагүй нууцыг тэд л мэддэг. Нар жаргахын алдад сууринг хэдэнтээ хэрж алхсан бид хяр өөд өгсөж гараад далайг ширтэж суунгаа хүйтэн ундаа залгицгаасан. Бүрий нөмрөх яг энэ агшинд далай ер бусын нам гүм болчихдогийг бидний хэн маань ч андахгүй билээ.

Ер нь Ханхын жаалууд усанд сэлэхдээ үнэхээр гаргууд. Тэд үдийн халуун нарнаар далайн ус бүлээцэх үед томчууд барагтаа л бол очдоггүй, эзэнгүй хуучин зогсоолоос ус руу үсэрцгээдэг. Заримдаа жараахай шиг шумбан загас барина. Яг энэ үед тэдний хөгжилдөх дуу шуугиан суурин даяар сонсогддог. Хөдөөний буйдхан сумын төвүүд хүүхэд багачуудын чимээнээр “амь орж”, хөл хөгжөөнтэй болдог нь энд ч бас адилхан. Өнө мөнхийн дүнсгэр, уйтгартай далайг тэд л цовоо цолгиун дуу хуураараа хөгжөөдөг. Түүнчлэн хүүхдүүдэд мэдэхгүй газар, танихгүй хүн ховор.

-Ханхад хочгүй хүн үгүй хэмээн жаалуудын нэг нь өгүүлэхэд:

-Тэгвэл та гурав ч бас хочтой гэсэн үг үү гэтэл манай гурван “хөтөч” ам уралдан хариулцгаав.

Хөвгүүдийн арай ахмадыг Гамбир Ганболд гэдэг. Гамбиртай онигоо ярьснаас ийм хочтой болжээ. Удаах хүүг Төмс Төөгий гэнэ. Эгчийнхээ захисан төмсийг дэлгүүрээс аваад явж байтал найзуудтайгаа санаандгүй тааралдчихжээ. Тэгээд л ийм хочтой болчихсон хэрэг. Харин гуравдахь хүүг Мээм Мэндээ гэдэг. Цээжиндээ хад хийгээд “Миний мээм ургачихсан” гэснээс болж найзууд нь түүнийг ингэж дуудах болжээ. Нээрээ ч хөвгүүдийн хэлдгээр Ханхынхан бүгд хочтой бололтой.

Хоёрдахь өдөр сууринтай хөтөчгүйгээр явж танилцлаа. Бас ганцаараа явж амжуулах ажил их байсан юм. Эхлээд өглөө босмогцоо халуун усны газар усанд орсон. Толинд хараад өөрийгөө бараг л таньсангүй. Зүс царай минь гандаж бүүдийжээ. Сахал, үс маань ч их ургаж. Бас эцэж турсан нь илт байв. Гэхдээ энэ бүхэн миний сэтгэлийг ер зовоосонгүй. Шантарч цөхрөөгүй байгаа нь л яг одоо чухал гэж өөрийгөө тайвшрууллаа. Дараа нь тэндээс гараад сонин содон зүйл олоод харчих санаатай дэлгүүр хоршоо хавиар хэсэг эргэлдэв. Гэтэл дэлгүүрийн үүдэнд эрдэмтнийх шиг том зузаан линзтэй, зараа шиг загзгар үстэй, өндөр биерхүү өвгөн ганцаар сууж байна. Хажуугаар нь өнгөрөх бүрийд өвгөн намайг алдалгүй ширтэнэ. Гоочилсон, зэвүүцэнгүй харцтай. Эсвэл зүгээр л тэгж санагдсан байх. Ямар ч л байсан дэргэдүүр нь өнгөрөхдөө түүнээс жийрхэж, аль болох холуур тойрч өнгөрөхийг зорьдог болов.

Үдийн үед буусан айлдаа эргэж очоод өдрийн хоолоо идмэгцээ хөлстэй, хиртэй хувцсуудаа гараар угаав. Би яг л сувиллын газар амарч байгаа мэт өглөө, өдөр, оройн хоолоо эднийд идэж байлаа. Ренчинхорол ахын том охин, ач хүү хоёр намайг яг л гэр бүлийнхээ нэг гишүүн шиг л хооллож ундалсан. Бид хамтдаа далайгаас ус авсан. Замдаа олон зүйлийн тухай ярилцав. Ренчинхорол ахын 9 настай ач хүү ном их уншсанаас гэр бүлийнхэн дундаа “Ерөнхийлөгч” хоч авчээ. Тээр би хэлээгүй билүү, Ханхынхан бүгд хочтой гэж.

Өнөөдөр бас Хирвэс орох “ажил”-тай. Хирвэс гэдэг нь суурингийн баруун талд байрлах битүү модоор хучигдсан өндөрлөг газар. Ийш залуус ирж зугаалдаг бололтой, замд мотоцикльтой залуус олон дайралдав. Дээш өгсөж гараад төгөл дундуурх бүдэгхэн жимээр алхтал нар хөшиглөн туссан ойн хэсэгхэн чөлөөнд хоёр модон байшин харагдлаа. Эхний модон байшинд яваад ортол сурагласан айл маань яг мөн байв. Одоогоос нэлээд хэд хоногийн өмнө баруун эргээр алхаж явахдаа нэгэн амралтын газрын бүсгүйгээс дулаахан нимгэн бүтээлэг гуйж авсныг уншигч та санаж байна уу? Хэрэв санаж байгаа бол Достоевскийг уншиж байсан тэр бүсгүй “Манай найзыг олж уулзаад үүнийг өгөөрэй” гэж хэлээд надад нэгэн зурвас өгснийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тэр зурвасыг би найзад нь өглөө. Тэрбээр захиаг дэлгээд “Энэ хүнд боломжоороо туслаад явуулаарай” хэмээн бусдад сонсогдох төдий уншив. Хоол, хоноглох газраа шийдчихсэн тул үнэндээ надад тусламж төдийлөн хэрэггүй байсан. Гэхдээ надтай энэ хүртэл цуг явж ирсэн тэрхүү захиаг хаяглаж бичсэн эзэнд нь заавал уншуулах ёстой гэж би бодсон юм.

Ханхын төв рүү харих замдаа өглөө тааралдсан өндөр настай нэгэн эмээг бодож явав. Тэр тун хөл муутай. Таяг тулж удаанаар алхана. Эмээгийн өмссөн нилэмгэр улаан халаад эгээ л зогсох мэт удаан алхахад нь салхинд үе үе дэвэрнэ. Яг л хүчтэй шуургыг сөрөн тэмцэж буй мэт харагдах аж. Гэрээсээ гараад 50 алхам хүрэхгүй газрыг бараг 20 минут туулахдаа өчнөөн ихийг боддог нь лавтай. Ингээд байнга суудаг газраа арай чүү хүрч очоод далайг ширтэж баахан сууна. Тэднийх урд хярд байрлалтай учраас далайг өндөр дээрээс ажиглах боломжтой. Яагаад ч юм бэ, буцах замдаа түүнтэй ярилцах сан гэж хүсэв. Ингээд өнөөх эмээ нөгөө газраа сууж байхыг олж хараад хажууд нь очиж суулаа. Эмээ нас сүүдэр 76 хүрчээ. Хоёр ч удаа харваснаас хөл нь их муудсан гэнэ. Өдөрт хоёр удаа гэрээсээ гарч, хэдхэн алхмын дайтай газрыг бараг хагас цаг алхаж туулаад, хоёр цагийн турш далайг хөдөлгөөнгүй ширтэж суудаг байна. “Ингэж л тэмцэхгүй бол талийчих гээд байна шүү дээ” хэмээн эмээ өгүүлэв.

-Танд ямар нэгэн хүсэл бий юу гэж түүнээс асуухад:

-Эдгэх л юм сан. Өөр хүсэх зүйл алга даа. Хөгшрөөд хөл муудахын цагт ярьж хөөрөх ч хүнгүй хэцүүддэг юм байна гэсэн сэн.

-Далайтай ойрхон амьдрах сайхан байх даа гэж хэлтэл эмээ хэсэг дуугүй байснаа:

-Намар далай их шуугидаг. Тэр үед давалгаан чимээ чихэнд чийртэй болчихдог юм. Харин өвөл 12-р сарын аравдаар их дуу чимээ хадаан далай хөлдөж нам гүмд автдаг гэж билээ.

Ханхад урьдын адил ер бусын амгалан тайван үдэш айлчлав. Нар уулын орой дээр тогтож ядан дэнжигнэж, далай өнөөх л намуухан төрхөөрөө дүнсийнэ. Шувуудын дуун, хүүхдүүдийн хөгжөөн харанхуйн өмнөх нам гүм сууринг амьтай болгосон хэвээр. Маргааш би эндээс явна, өмнөдийг зорино гэж бодох төдийд л энд улам хоргодох шиг. Хэрэв хэн нэгэн надаас Ханхад харсан хамгийн сайхан зүйлээ нэрлээч гэвэл “Далайн хамгийн умард сууринд нар жаргахыг харна гэдэг үгээр өгүүлшгүй сайхан” гэж хариулна. Үнэхээр ч Ханх надад хамаг сайхнаа дэлгэсэн. Энд уулзаж учирсан бүх хүн ой тойнд минь арилшгүй ул мөр үлдээжээ. Эндхийн хүн бүртэй дотносож танилцаад, дулаахан яриа өрнүүлж чадвал бүгд л сэтгэл татам мартагдашгүй хүмүүс гэдгийг маргааш өглөө нь Ханхаас хөдлөхийн урьдаар хүнсний мухлаг орох далимдаа үүдэнд нь суугч өнөөх өвгөнтэй ярилцан суухдаа олж мэдсэн юм. Тэр миний урьд бодсончлон “гоочилсон, зэвүүцэнгүй харцтай” өвгөн яавч биш байлаа. Эсрэгээрээ хөөр хөгжөөнтэй, чигч шударга нэгэн, бас хүүхэд шиг юуг ч нууж хаалгүй үнэнээр өгүүлэгч. Дэргэд нь суугаад яриа өрнүүлмэгц өвгөний баярлаж хөөрч байгаа гэж жигтэйхэн. Түүний тухай юунд тэгж буруу бодов оо, өөрөөсөө би үнэхээр ичиж байна.

-Та Ханхад хэр удаан амьдарч байгаа вэ?

-Талийсаан хө.

Өвгөн анх 1954 онд Ханхад ирж суурьшжээ. Өдгөө 83 настай. Насаараа худалдааны дамжлага баазад ажилласан гэв. Тэрбээр хүргэн, охин хоёрынхоо ажиллуулдаг хүнсний дэлгүүрийн дээд давхарт ганцаараа амьдардаг.

-Та ер нь тэтгэврийн мөнгөөрөө юу хийдэг вэ?

-Өдөрт нэг шилийг уучихдаг юм. Гэхдээ оройн цагаар. Үдийн хоолны дараа зуу татчихна, орой унтахын өмнө үлдсэнийг. Уусны дараа бие хөнгөрнө, бодол сарнина. Бас сайхан унтана.

-Та ганцаараа л уучихдаг хэрэг үү?

-Ихэнхдээ ганцаараа ууна. Хааяадаа хөдөөнөөс үеийн өвгөчүүд ирэхээр харилцан нэг нэгийг авч байгаад хувааж ууна. Өдөрт ер нь заавал нэгийг ууна шүү. Хүүхдүүд заримдаа өгнө, өгөхгүй бол өөрөө авчихна.

Ийм л нэг хөх срочик, бэлтгэлийн өмд, гэрийн шаахайтай өвгөн дэлгүүрийн үүд сахин өдөржин ганцаар суух. Хэрэв түүнтэй уулзаагүй сэн бол урьдын буруу дүгнэлт минь үүрд хэвээр үлдэх байв. Эргээд эндээ ирэхэд эд минь энэ хэвээрээ байж байх болов уу?

Ханх бол хэнийг ч хоосон буцаалгадаггүй өглөгч суурин. Энд ирээд буцсан хэн боловч зүрх сэтгэлийнхээ уудам орон зайг атаархал, үзэн ядалт, гомдлоор дүүргэчихээд түүнийгээ итгэл найдвар гэж эндүүрч явсныг, бас тэдгээр нь амьдралын урт аянд дааж барамгүй хүнд атлаа утга учраар хоосон ачаа гэдгийг олж ухаарах болно. Энэ бүхний эцэст хэрэв хэн нэгэн надаас “Ханх ямар вэ?” гэж асуувал би лав ингэж хариулах байсан. “Сайхан сэтгэл л байхад бүхнийг ялж дуусдаг шидэт үлгэрийн тухай та сонсож байсан уу? Тийм ээ, Ханх бол яг л тийм үлгэрийн ертөнцөд баймаар шидэт суурин.” 

6. ААВ

Ханхаас хөдлөөд аавын тухай их бодлоо. Үнэндээ өнөөг хүртэлх бүхий л хугацаанд аавыгаа би бараг л таньж мэдээгүй явж. Өдрийн турш гэртээ эзгүй байдаг, хүүхэд насны минь аав бусад жаалуудын аав шиг тогтсон цагт гэртээ ирэх нь ховор. Ихэнхдээ орой үдшийн цагаар ирнэ. Бас үүр цүүрээр эртлэн босчихоод юмаа бичнэ. “Аав чинь юу хийдэг вэ?” гэх хүмүүсийн асуултад “Сэтгүүлч” гэж хариулахаа мэддэг ч тийм мэргэжилтэй хүн чухам юу хийдгийг мэдэхгүй явсаар өсөж томорчээ. Магадгүй хүүхэд байхдаа аавыг сонин уншиж, юм бичиж байгааг ховорхон харсан болохоор тэр биз. Гэтэл аав энэ бүх ажлаа биднийг унтаж байх хойгуур, өглөөний нам гүмд амжуулдаг байсныг хожим би ээжийн ярианаас л олж мэдсэн юм. Гэхдээ ямар ч л байсан аавын мэргэжил сонинтой холбоотой гэдгийг бид бага байхын л хэнээр ч хэлүүлэлтгүй мэддэг байлаа. Учир нь бидний амьдрал овоолсон сонин дунд өнгөрсөн. Хаашаа л харна үдсэн үдээгүй сонинууд, хэрэгтэй хэрэггүй цааснууд. Аавын сонины газарт бичгийн машиныг эс тооцвол хүүхдүүдийн сонирхлыг татчих юу ч үгүй. Бас л бөөн сонин. Намайг дунд ангид байхад аавын сонины газар өөр тийшээ нүүсэн юм. Тэгэхэд ах бид хоёр байрны хэдэн найзаа дагуулан очоод өнөөх уул овоо шиг их сониныг нүүлгэж билээ. Одоо тэр их сонин аавын гараажид байгаа. Аав ер нь л сониндоо харам. “Энэ чинь түүх шүү дээ” гээд өөрийн, өрөөлийн бүх сонинг хадгалдаг сан.

Аавын сонин уншдаг зуршил одоо ч хэвээр. Гэтэл ах бид хоёр энэ их сонин дунд “живчхэлгүй” амьд гарсан атлаа “сэлж сураагүй” нь сонин. Өдөржин утсаа оролдоод суучихдаг ах маань цаасан сонин гэхээр төвөгшөөнгүй хандана. Би ч бас ялгаагүй, сонин уншихдаа хойрго талдаа. Ер нь л бид сонин уншиж хэвшээгүй том болцгоосон. Гэхдээ сонингоор “зодож” гал түлэхийг гаргууд сайн мэднэ. Пийшингээ дүүртэл цаас чихэж байгаад том том түлээгээр гал асаадаг байсныхаа горыг хэд хоногийн өмнө хүйтэн бороонд бээрч суухдаа амссан. Тэгэхэд би өчнөөн оролдсон ч ерөөсөө гал асааж чадаагүй юм.

Бидний мэдэх аав ер бусын амгалан тайван хүн. Уурлаж бухимдах нь хүртэл өдрийн од мэт. Ийм хүлцэнгүй дөлгөөн хүнээс загнаж зандрах үйлдлийг хүлээгээд ч хэрэггүй. Би нэг удаа найзтайгаа байрных нь гадаа зогсох машиныг дур мэдэн хөдөлгөчихөж билээ. Хүчтэйхэн хаазлаад урагшилтал хойд талын нэг дугуй траншейны нүх рүү бүхлээрээ яваад орчихсон мэт их дуу чимээ гарч, доргилт үүсэв. Гараад хартал нэг дугуй нь мултарчихсан байлаа. Аав гэрээсээ гарч ирээд намайг ерөөсөө загнаагүй. “Дугуйгаа солиод боолтуудыг нь амсуулах төдий хийчихсэн байсан юм. Гарч ирээд чангалах хооронд ийм юм болчихлоо. Аавынх нь буруу” гэхээс өөр юм хэлээгүй. Уншигч та намайг энэ үед хүүхэд байсан гэж бодож байна уу? Үгүй ээ, би хорь гарчихсан идэр залуу байхдаа ийм хэрэг тарьсан. Нэг охинд хаягдчихаад юу хийхээ мэдэхгүй цөхөрч байхдаа аавын машиныг унаад хаашаа ч хамаагүй салхи татуулан давхимаар санагдсан хэрэг. Гэтэл аавын машин буруу зүйл хийж байгааг минь болиулах гэсэн мэт байрнаасаа алхам ч хөдлөөгүй юм даа.

Ханх голыг гүүрээр гаталлаа. Алхаад л байвч зам ер хоргодохгүй юм. Бүр тэгэхээс тэг гэсэн шиг орой бүр өмсөж унтдаг, өдөр нь гартаа барьж алхдаг улаан ноосон малгайгаа хаа нэгтээ гээчихлээ. Өөр юу ч байж болно, энэ малгайг л яавч гээж болохгүй байв. Би үүргэвчээ ойролцоох айлд үлдээчихээд буцаж алхлаа. Бараг нэг цаг орчим хэртээ, газар ширтэн алхсан ч өнөөх малгайгаа олсонгүй. Бүр цөхрөнгөө барж гүйцлээ. Улаанбаатарын жиндүү хүйтэн орой малгайгүй явааг минь харчихаад “Миний малгайг өмсөөд яв” гэснээр минийх болсон энэ малгай өнгөрсөн өвлийн хүйтнээс, бас эдгэшгүй ганцаардлаас намайг хамгаалсан юм. Ийнхүү буцаад урамгүйхэн алхахдаа малгайгаа олохгүй нь гэдэгтэйгээ бараг эвлэрч гүйцээд дотнын хэн нэгнээ холын холд үдчихсэн мэт тун ч гунигтай явлаа. Гэтэл юу болсон гээч! Эрээд эрээд олдоогүй малгай минь гэнэтхэн урд гараад ирсэн. Би бөөн баяр. Сэтгэл хөнгөрөөд л явчихсан. Нээрээ ч зарим дурсамж яг л ийм мэдрэмж төрүүлдэг. Эргэн дурсах гээд хэчнээн хичээвч санаанд ордоггүй дурсамж олон. Гэтэл заримдаа тэдгээр нь гэнэтхэн, хаа нэгтээгээс гараад ирдэг. Аавын тухай зарим дурсамж нулимстай гашуун ч гэлээ гэрээсээ ийм хол яваа надад хайрлаж хүлхмээр амттай санагдаж байна.

Аав, ээж хоёрын олон сар өдөр үргэлжилсэн хэрүүл маргаан бүгдийг цөхрөлд унагалаа. Амьдралд минь бүдэрч ойчвол түшиж унах хоёр л багана бий: тэр нь аав, ээж. Тэгвэл хүүхдүүд бидэндээ хэзээ ч хугарч нугарамгүй санагдах тэр хоёр багана нэгнийгээ нурааж сөхрүүлнэ гэвэл бид хэний талд орох ёстой вэ? Хорвоо дээрх хамгийн хэцүү асуулт энэ. Үүнийг ганцхан хүүхдүүд л ойлгоно, өөр хэн ч биш. Нагацууд, авгууд ч, аав ээж хоёрын найзууд ч үүнийг үнэн зөвөөр ойлгож чадахгүй. Бүгд л өөр өөрсдийн “хүн”-ээ өмөөрч хамгаална. Үнэн мөнийг эцэслэн тогтоодог шүүхэд ч ийм хүч увдис байхгүй. “Миний хүү, ээжийгээ дагана биз дээ” гэж ээж минь надад хэлэхэд арван хэдхэн настай жаахан хүү би юу хэлэхээ мэдэхгүй байлаа. Дараа нь шүүхийн ажилтан эмэгтэйд “Тийм ээ, би ээжийгээ дагана” гэж хэлэхдээ ч хэний талд орох ёстойгоо шийдэж чадаагүй л байв. Би одоо ч гэсэн ийм сорилттой нүүр тулгарахаас айдаг. Зүрх зүсэх шиг болдог учраас тэр.

Зам, далай хоёрын зааг дахь хэсэгхэн чөлөөнд хоноглож байна. Борооны хар үүл далайг гатлан нааш айсуй. Далай яг энэ үед анир гүм байдаг ч борооны өмнө ааш аяг нь гэнэт догширчихдог. Уг нь далайд нэг дусал бороо нэмэгдэж л байвал сайн бус уу? Гэвч далай тэгж боддоггүй бололтой, цөхөрч дуусахгүй мэт зөрүүдэлсээр л байх юм. Үнэндээ би яг ийм гөжүүд хүүхэд байсан гэдэг. Энгийн үед эглээс эгэл даруухан хүү. Гэвч хүмүүсийн хүрээлэл дунд ороод жаахан л зүйл буруугаар эргэчихвэл шууд тэндээсээ зугтчихдаг. Би нэг удаа зуслангаас оргосон. Өрөөний ах нартай таараагүй юм. Бас нэг удаа харанхуй шөнө айлаас оргосон. Авга ах намайг хүүхэдтэй нь муудалцлаа гээд цохичихсон юм. Бас нэг удаа ааваас зугтсан. Санзайн зуслан дахь эмээ өвөөгийнд хашаа барьж байсан аав маань гэнэтхэн надад хатуу үг хэлчихэж билээ. “Тус болохгүй, сэлгүүцлээ” л гэсэн байх. Би шууд л зугтчихсан юм даг, хаашаа яваагаа мэдэхгүй ч зам даган хот руу алхсан. Миний араас ухасхийх гэсэн ээжийн эрэгтэй дүүг аав болиулаад “Наадхаа орхи, орхи” гэсэн нь надад бүр ч хорсолтой санагдаж билээ. Би удаан алхлаа. Алсад манайхан юмаа хийж байгаа харагдав. Би яг л энэ омголон далай шиг цөхөршгүй зөрүүдлэгч учраас тэдэн рүү хэзээ ч буцаж очихгүй гэдгээ мэдэж байлаа. Тэгтэл араас минь ээжийн эрэгтэй дүү ухасхийв. Бүр алхаж биш, гүйж байна шүү. Би баригдахгүй гэсэндээ алхаагаа түргэсгэж, эцэс сүүлдээ гүйж эхэллээ. Арван хэдхэн настай жаахан хүү араас нь нэхэж яваа нагац ахдаа баригдахгүй гэж удаанаар тэмцэлдсэний эцэст Хандгайтын ам өнгөрч яваад гүйцэгдэв. Тэр орой би аавын машинд ороод шууд л унтчихсан. Харин гэрийн гадаа ирээд машинаас ер гараагүй, сэрсэн ч хэвтээд л байсан. Гомдол минь арилаагүй учраас тэр. Энэ далай шиг омголон учраас тэр. Ингээд бууж өгмөөргүй санагдсан учраас тэр. Гэтэл аав намайг хоёр гар дээрээ өргөөд гэрт оруулж билээ. Тэгэхэд л би аавыг шууд уучилчихсан юм даг. Хүн уярахаа тулбал өчүүхэн төдий зүйлд буугаад өгчихдөг юм билээ. Тээр, энэ далайг харж байна уу, саяхан л эрэг хөвөөндөө багтаж ядан цалгиж байсан, гэтэл бороо орохтой зэрэгцэн гүн санаашрах мэт уяран тайвширчих юм.

Амьдралын минь тулах багана болсон хоёр хүн нэг нэгнээ сөхрүүлж гүйцэхээс өмнө хоёр тийш салахаар шийдэж, хурааж хуримтлуулсан бүхнээ эв найртайгаар хувааж аваад амар жимэр амьдарна гэж санацгаав. Ээж бид хэд 6-р бичил хорооллын хоёр өрөө байр луугаа нүүж, аав Гандангийн эл хульхан байшиндаа үлдлээ. Хууль ёсоор ах аавыг дагасан ч хожим их сургуулийн нэгдүгээр дамжаагаа төгсөөд Солонгост сурах хүртлээ бидэнтэй цуг амьдарсан. Хатуу хөтүү нь ээлжилдэг амьдрал гээч зүйлийг үргэлжид л ийм элбэг дэлбэг байх мэт санаж явсан ээж минь ааваас салахдаа дөрвөн хүүхдээ бусдын дэмгүйгээр хооллож ундлаад байж чадна гэж бодсон байх. Гэтэл амьдрал амар хялбар зүйл биш билээ. Ээж маань ааваас авч үлдсэн хоёрдахь өмч болох эзэнгүй хашаа байшингаа зараад Санзай дахь эмээ өвөөгийн хашаанд хүнсний мухлаг барьж эхлэв. Хашаагаа зараад мөнгөтэй болсон тэр өдрийг би одоо ч мартдаггүй. Ээж бид хэд хааяадаа ордог жижигхэн цайны газарт дуртай хоолоо авч идсэн. Мөн ах бид хоёрт пүүз аваарай гээд мөнгө илүүчилсэн. Пүүзэнд хорхойтой ах маань бөөн баяр. Би ахыг даган бүх л өдөржин пүүзний лангуунуудаар хэсэж билээ. Харамсалтай нь, бидний барьж эхэлсэн тэр дэлгүүр хэзээ ч нээлтээ хийгээгүй юм. Баригдаж дуусах нь мэдэгдэхгүй, байнга л “нэхэж” байдаг тэр дэлгүүр яг л бидэн шиг ээжийн ажил алба эрхлэх гэсэн сүүлчийн горь найдлагыг үгүй хийчихсэн юм. Ээж уг нь “биднийг төрүүлээгүй бол” сувилагч болох байв. Гурван жил дараалан гурван хүүхэд гаргасан ээж минь ажилдаа эргэж орохоос ичээд бүрмөсөн гэртээ суучихсан гэдэг. Дараа нь ээж маань аавын сонинд бичээч, эх бэлтгэгч хийдэг байв. Тэгвэл одоо ганц чаддаг зүйлээ хийх аргагүй болжээ, ээж минь тэр үед яасан их цөхрөө бол?

Эрэг бараадах шороон зам Ханхаас хөдөлснөөс хойшхи хоёрдахь өдрийн өглөө зүгээ өөрчилж, далайн эргээс холдлоо. Газрын зургаа хартал нэлээд тойрч алхах шинжтэй тул “Яадаг юм билээ” гэж хэсэг тээнэгэлзэв. Учир нь би далайн эргээс ч, замаас ч холдмооргүй байлаа. Гэтэл амьдрал заавал аль нэгийг нь сонгох хүндхэн шийдвэрийг өршөөлгүйгээр тулгадаг. Хүүхэд насны минь дурсамжаар бол аав энэ зам, ээж энэ далай байх. Ийнхүү хэсэг бодсоны эцэст машин замаас гарч далайн эрэг дагуу товчилж алхахаар шийдэв. Дагаж явсан бүдэгхэн жим маань нэг л мэдэхэд хааш одсон нь мэдэгдэхгүй алга болчихсон тул би давалгааны чимээг баримжаалан жим ч үгүй, мөр ч үгүй эзгүй зэлүүд ой дундуур үд хүртэл алхлаа. Тэгтэл ойн зах дахь өтгөн шигүү өвстэй налуу судагт нэрсний намхан бутнууд үй олноороо ургасан байхтай таарав. Бут бүр жимстэй. Бүр сагсайтал ургажээ. Би үүргэвчнээсээ хоолны саваа гаргаж ирээд нэрс түүж баахныг идээд бараг бялуурах шахав. Манайхан жилийн яг өдийд нэрсэнд бөөнөөрөө явдаг сан. Ээж түүгээр нь нэрсний чанамал хийнэ. Аав түүнд нь их дуртай. Зууван чех талхыг зузаан гэгч нь зүсмэгцээ хөлдүү маслыг хутгаар хэрчин дээр нь хам хум тавьсан болоод чанамалаа “хайр найргүй” нялна. Заримдаа маслыг бяслагаар орлуулна. Анх идсэн хүнд эвгүй амттай. Гэхдээ өглөө бүр идээд хэвшчихвэл энэ амтны сайхныг төвөггүй ойлгож ухаарна. Аав одоо ч ингэж цайлдаг хэвээр. Ер нь аав хоолны хольцгүй, цэвэр амт чанарт гойд дуртай хүн. Гурилтай шөлөндөө амтлагч хийлгүй, зүгээр л тос даасан том ааруул чулуудчихна. Бас дэлгүүрээс чихэр жимс авахгүй, орос маягийн өглөөний цайндаа зориулж зууван талх, дөрвөлжин масло, нүхтэй бяслаг, нэрсний чанамалаа заавал авна. Үнэхээр ч аавыг байхад бидний амьдрал энэхүү баялаг өглөөний цай шиг хангалуун байсан. Бидний өвлийн турш иддэг идэшний хэмжээг хэрэв хэн нэгэн санаандгүй сонсож дуулчихвал гайхаж шогширдог байв. Харин аавын эзгүйд бидний амьдрал элбэг дэлбэг байхаа больсон. Ээж минь аргаа бараад хажуу өрөөгөө түрээсэлсэн. Ах гал тогооны өрөөнд, харин ээж, эгч, охин дүү бид дөрөв том өрөөндөө төвхнөв. Гэтэл нэг өдөр аав орж ирлээ. Тэр бол бидэнд ойртдоггүй, биднээс холддоггүй аав. Тэр бол үзэгдэх төдий сүр бараагаараа биднийг баярлуулагч аав. Тэр бас бидний гомдол тунирхлын шалтгаан болсон аав. Тэр биднийг орхиод явсан учраас “муу” аав. Тэр бас зүгээр л гэнэтхэн ингээд ороод ирдэг учраас “сайн” аав. Бид аавын тогшилтыг хүртэл анддаггүй байлаа. Аав хоёр удаа аяархан тогшдог сон. Орж ирмэгцээ хажуу өрөөг түрээсэлснийг хараад “Энэ хүмүүсээ долоо хоногийн эцсээр гаргачих. Өнөөдрөөс эхлэн түрээсний мөнгийг аав нь өгч байна аа” гэв. Бид бөөн баяр хөөр. Аав хэдэн хүүхдээ хоол ундаар гачигдаж дутагдаж байгааг хараад өрөвдсөн байх. Амьдралын минь хамгийн бүүдгэр өдрүүдэд аавын тус дэм хэзээд л гэрэлт нарны илч дулаан шиг эрхэм дотно санагддаг байж билээ. Тэрхүү “түрээсний өрөөнд” би нүүн нүүтлээ амьдарсан. Ээж бас эх бэлтгэгчийн ажилдаа эргэн оров. Энэ хорвоо дээр аавын бичгийг гаргадаг тоотой хэдхэн хүний нэг ээж учраас аргагүй биз. Ээж энэ ажлаа олон жил хийсэн. Сонины дугаар шилжих болгонд аав, ээж хоёр маань ахин дахин эргэн “учирдаг” сан.

Аав, ээж хоёрын салалтыг бүгд л өөр өөрсдийн өвдөлт зовуурийг сэтгэлдээ тээн, даван туулцгаасан. Бага ангид сурдаг охин дүү маань сурлагандаа тааруу болов. Ээж дахиад л аргаа барж гүйцсэн бололтой, дүүг төлбөртэй сургуулиас нь гарган гэрийнхээ ойролцоох улсын сургуульд оруулчихаж билээ. Тэгтэл жаахан дүү минь шинэ орчинд дорхноо л сэргээд ирлээ. Харин ах, эгч хоёрт аавын түшиг тулгуур үгүйлэгдэж байлаа. Тэд заримдаа ганц нэг өдрөөр гэртээ ирдэггүй байв. Төдөлгүй эгч 19 насандаа бяцхан хүү төрүүлснээр гэр амьтай боллоо. Сургуулийнхаа хамгийн царайлаг, хамгийн ухаантай, хамгийн сэргэлэн гэгдэх ах маань их сургуульд орсон эхний өдрөөсөө л бор дарсанд толгойгоо мэдүүлэх болов. Ууж наргих нь өдрөөс өдөрт ихэсч байлаа. Үүнийг анзаарсан аав нэгдүгээр дамжааг нь төгсмөгц Солонгос руу сургуульд явуулчихсан юм. “Хэрэв тийш яваагүйсэн бол замаа эгнэгт алдах байлаа” хэмээн ах маань одоо ч үе үе дурсдаг. Харин ээжийн уйт цөхрөлийг бидний хэн маань ч анзаардаггүй байж. Ээжийн ууж ирэх нь өдрөөс өдөрт ихэслээ. Хар ус сэтгэлийг тайтгаруулдаг гэдэг нь худал юм билээ. Орой бүр халамцуухан орж ирчихээд зөвхөн нэг л дуугаа давтан давтан сонсдог ээжийгээ дэргэдээс нь харах болгонд энэ ундаа хүнийг улам л гуниглуулан, сэтгэл доторх цөхрөл шаналлыг нь улам л сэдрээгээд байх шиг санагддаг байв. Гэвч ээж энэ их шаналлыг ууж биш, сэтгэл доторх сүүлчийн итгэл найдвараа шавхан байж, даван туулсан. Нэг л өдөр “Би дахиж уухгүй ээ” гэж хэлээд үгэндээ хүрснийг нь бодохоор намайг төрүүлсэнд нь биш, намайг өсгөсөнд нь биш, зүгээр л энэ их уй цөхрөлийг цор ганцаараа давж туулсанд нь ээжийг хязгааргүй ихээр хайрламаар...

Хүүхэд байхаасаа л хэнд ч анзаарагдамгүй эгэл даруухан байж дадсан би бусдын уй шаналанг сонсогч, ажиглагч, ойлгогч болж, өсөж томорсон. Найзууд маань баяр жаргалтай гэхээсээ илүүтэй, хамгийн зовлонт үедээ намайг дууддаг. Зовлонг нь гэтэлгэх арга ухааныг мэддэгтээ биш, бүх л оройжин юу ярихыг нь тэвчээртэй сонсож чаддаг учраас л тэд надад бүхнээ итгэж ярьдаг сан. Харин баяр жаргалтай үедээ тэд намайг мартчихдаг. Тийм учраас ч би ялж буй нэгэнтэй биш, ялагдаж буй нэгэнтэй ярилцах дуртай. Нөгөө талаар би хэнд ч юуг ч ярьдаггүй хүн болж төлөвшсөн. Одоо ч тийм хэвээр.

Аавын уйлж байгааг би нэг ч удаа олж хараагүй. Бас сэтгэлээ хэнд ч уудлан ярьж байгааг сонсоогүй. Аавыг ер нь над шиг уйлдаггүй хүн гэж боддог байлаа. Гэтэл ахыг Солонгост сурахаар явсан өдөр аав гэртээ ирээд ийм нэг тэмдэглэл бичсэнийг хожим л олж уншсан юм. Тэгэхэд л би аавыгаа арай өөр нүдээр харж билээ.

“Хүү минь хөөрөн нислээ
Хөлөглөн суусан цагаан онгоц нь
Хөх үүлэн дунд шингэхийг харлаа би.
Эл хульхан Гандандаа сууж
Эцэг нь уйлан тэмдэглэлээ бичиж байна.
[2004.09.15.]”

Гэхдээ л би аавд үе үе голдоо ортол гомддог. 20 насныхаа төрсөн өдрөөр жолооны үнэмлэхтэй болчихоод ааваас машиныг нь өчнөөн гуйж билээ. Аав уг нь зөвшөөрсөн ч эцсийн мөчид татгалзсан. Би яахав дээ, эмэгтэй хүнд анх удаа чин сэтгэлээсээ сайн болчихоод, бас бидний эхлүүлсэн харилцаа хэзээ мөдгүй нуран унах гээд байгааг гадарласан тул төрсөн өдрөөрөө аавын машиныг унаад очвол тэр өдрийг тун дурсамжтай өнгөрөөж, бид хоёр эргээд хэвэндээ орчихож магадгүй гэж найдсан хэрэг. Гэвч аав машинаа өгөөгүй, би явган явж очсон, тэр орой сэтгэл догдлом сайхан өнгөрсөн, гэтэл төдөлгүй хэд хоногийн дараа тэр надаас больё гэсэн. Би энэ бүхний бурууг амлалтдаа хүрч чадаагүй шалтгаанаа аавд тохоочихсон. Тэгээд хэд хоногийн дараа аав надад машинаа үг дуугүй унуулах өртэй гэж муйхарлан бодсон учраас машиныг нь хөдөлгөх гээд бөгсөөр нь унагачихсан юм. Гэтэл хамгийн егөөтэй нь, тэр орой машинтай, машингүй очсоны ялгаа бараг үгүйг би бүр хожим олж мэдэрсэн сэн. Тэр аль хэдийн надаас салан одохоо шийдчихсэн байлаа. Ингээд бодохоор аав машинаа өгөөгүй нь, бас аавын машин хөдлөөгүй нь зөв ч байсан юм шиг...

Би бас аавын төрсөн нутагт нэг ч удаа очиж байгаагүйд гомддог. Намайг гадагшаа сургуульд явуулаагүйд гомддог. Сэтгүүлч болно гэхэд минь надад итгэж байгаагүйд гомддог. Энэ бүхнийг бодохоор өр зүрхний минь гүнд өчнөөн жил хадгалагдсан гомдол, тунихрал яах ийхийн зуургүй ундарч гараад аавыг агшин хормын төдийд “муу аав”-ын дэнсэн дээр тавьчихдаг сан. Гэвч төдхөн сайн аавын тухай дурсамжууд ээлж дараалан хөвөрнө. Аав надад төрсөн нутгаа үзүүлж байгаагүй ч Киргизийн хөх сувд Иссыкуль нуурыг үзүүлсэн. Бас Номхон далайд аваачсан. Аав намайг гадагшаа сургуульд явуулаагүй ч хичээл эхлэхээс ч урьтаад их сургуулийн минь төлбөрийг бариад ирдэг байсан. Ийм өглөгч аав өөр хаана байдаг билээ? Аав намайг сэтгүүлч болоход дэмжээгүй ч төгсөх ангийн оюутан байхад минь гэрэл зургийн камер авч өгсөн. “Аав аа, би ер нь чөлөөт цагаараа гэрэл зураг авдаг юм билүү” гэхэд үгэнд минь шууд итгээд үнэтэй камерыг өчүүхэн ч эргэлзээгүйгээр авч өгсөн. Би сайн гэрэл зурагчин болж чадаагүй ээ, гэхдээ гэрэл зурагт дуртай болсон. Арван жилийн маань ангийн хүүхэд нэг удаа “Хэрэв би чам шиг аавтай бол дэлхийг тойрох байсан” гэж хэлж билээ. Тийм ээ, түүний хэлдэгчлэн дэлхийг тойрох галзуу санааг минь (хэрэв ийм санаа хэзээ нэг өдөр орж ирвэл) хамгийн түрүүнд дэмжиж чадах хүн бол манай аав.

Цаг хугацаа өнгөрөх тусам би аавтайгаа улам адилхан болж буйг мэдэрдэг. Алхах дуртай минь ааваас өвлөсөн зуршил. Өдөр бүр шахуу нэг л хувцсаа өмсдөг нь бас л аавыг харж сурсан дадал. Дөрөвдүгээр ангид байхад ангийн маань тун ч дэгжин хүү “Чамд үүнээс өөр цамц байдаг уу?” гэж сониучирхан асууж билээ. Тэгэхэд л би өөрийгөө өдөр бүр нэг хувцсаа өмсдөг гэдгийг олж анзаарсан юм. Гэвч тэр үед ичсэндээ “Байгаа” гээд хариулчихсан. Уг нь надад өөр цамц байгаагүй юм. Харин хожим, бүр том болчихоод сэтгүүлийн газарт ажилд орсны дараа нэгэн зураач залуу “Чамд үүнээс өөр цамц байдаг уу?” гэж асуухад өөртөө бардам итгэлтэйгээр “Байхгүй ээ” гэж хариулж билээ. Уг нь огт өмсдөггүй хэд гурван цамц надад бий л дээ. Ингэж хэлээд ч болтугай уртаашаа өргөөшөө, өмсдөг ганцхан цамцтай гэдгээ ойлгуулчихвал амар гэж бодсон хэрэг. Би бас аав шиг дотогшоогоо хүн. Бусдад дотроо уудалж ярьдаггүй. Нөгөө талаар би аавын хаана ч хүрэхгүй гэдгээ мэддэг. Би уужуу тайван хүн ч аавын эгэл даруухныг яавч гүйцэхгүй. Жаахан дүү нарынхаа жижигхэн алдааг хүртэл өлгөж аваад уурлаж хашгичдаг. Би аавд хааяа гомддог, гэтэл аав маань аавдаа хэзээ ч гомдож байгаагүй. Би ээжид хааяа уурладаг, гэтэл аав маань ээжийгээ үргэлж эрхэмлэн хүндэтгэсээр ирсэн.

Далайд хүчтэй салхи дэгджээ. Миний буудалласан модот эрэг хачин эл хуль аж. Өглөөхөн салж холдсон зам маань энүүхэнд байх шиг, моторт тэрэгний уухилах чимээ холгүйхэн сонстоно. Энэ зам эргээсээ хэчнээн холдсон ч эргээд л нийлчихдэг шиг аав бид хоёр энэ хүртэлх хугацаанд хэчнээн ч удаа “холдож ойртов” доо. Нэг удаа аавын надад өгсөн хатуу хавтастай хуучин номын завсраас “Нулимстай дурсамж” гэх гарчигтай сонины хайчилбар олж билээ. Бавуугийн Лхагвасүрэн гуайн бичсэн эл дурсамжийг аав маань ихэд анхааралтай уншсан бололтой, зарим өгүүлбэрийн доогуур улаан балаар зурсан байв. “Аав минь 76 нас зооглосон, 27-тойд нь би гарсан гэхэд 49 жил аавдаа эрхэлж, үнсүүлж, тэнэглэж явж дээ” гэсэн ийм нэг өгүүлбэрийн чанх дээд талд “1957 – 37” гэсэн тоонуудыг бичсэн нь содон харагдлаа. Аав минь 1957 онд аавынхаа 37 настайд төржээ. Аав үүнийг уншчихаад аавыгаа л бодож байж. Харин “Хүний үр хүүхэд гэж үр хүүхэд л байдаг. Хань байж чаддаггүй юм билээ” гэх өгүүлбэрийн доогуур улаанаар зурсныг хараад аав энэ үед хүүхдүүдээ л бодож байж гэж бодсон. Нээрээ бид аавдаа хань болж чадсан билүү. Бидэнд юу ч өгсөнгүй гэж байнга гомдоллодог атлаа бид аавдаа юу өгч гийгүүлсэн билээ?

Ахыг Солонгост сурахаар явснаас хойш гурван жилийн дараа аав ийм нэг тэмдэглэл бичсэнийг бас л хожим олж уншсан юм. “Онгоцны буудал дээр миний хүү намайг тосохоор ирж, дараа нь хоолны газар хоол идэж суухдаа ийн бодов. Би хүүгээ өмнө нь их шүүмжилдэг байсан. Одоо харин хүүгээ шүүмжлэхгүй, миний адил миний хүүг бас өөр хэн ч шүүмжлэх ёсгүй. Миний хүү мөрөөрөө явж хувь заяагаа өөрөө олсон. Ном сурахгүй ч гэсэн номхоныг нь сур гэдэг билээ. Номхон гэдэг нь худал хэлдэггүй, хулгай хийдэггүй, үнэнч шударга байх тэр эрхэм занг монголчууд хоёрын хооронд эрдэм боловсрол, ном сургуулиас илүү үнэлж байсан юм. Миний хоёр хүү энэхүү чанарыг эзэмшсэнээрээ юунаас ч үнэ цэнэтэй Бурханы хүүхдүүд. [2007.12.25.]”

Бавуугийн Лхагвасүрэн гуай аавынхаа тухай бичсэн өнөөх “Нулимстай дурсамж”-даа “Аавыгаа би гомдоож зовоож байгаагүй ч аахар шаахархан гийгүүлж явсан минь аавын минь намайг гэсэн хайрын дэргэд юу ч биш. Аавынхаа өмнө үхэж л байж “луйвардаж” дуусах агуу их өртэй үлдсэн” гэснийг уншаад доогуур нь тодруулж зурмаар санагдсан. Аавыгаа бид аахар шаахархан гийгүүлж явсан маань аавын минь биднийг гэсэн хайрын дэргэд үнэхээр л юу ч биш байж. Бүр юу ч биш...

7. ЗҮҮН ЭРЭГ

Зүүн эргийн ихэнх хэсэг элсэрхэг, зам нь ч тэр, эрэг хөвөө нь ч тэр. Харин ой тал руугаа хөрс хатуужиж, элсгүй болдог. Нарлаж хэвтмээр дулаахан элстэй, эзэнгүй эрэг замд минь олон тааралдсан. Би нэг удаа бараг хүүхэд ч сэлж болохуйц гүехэн устай эрэг дээр үдийг өнгөрөөхдөө бүх хувцсаа тайлаад усанд булхаж билээ. Эр хүн ганцаар байхын жаргалыг эзгүй хээр мэдэрдэг гэдэг нь үнэн бололтой. Эзгүй зэлүүд байгальд би юунаас ч ичиж эмээхгүй байлаа. Гэхдээ нөгөө талаар улам сүсэг бишрэлтэй болж байгаагаа анзаарсан. Энэ нуур, энэ ой, бас энэ зам үүрд энэ чигээрээ байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж явав. Туулж барахад хэцүү учраас л ийш зорин ирэгсдийн тоо цөөн байдаг. Далайн давтагдашгүй мөн чанар дагшин байгалиараа буй үед л өнө мөнхөд хадгалагдана. Эрэг хөвөө бүр нь эзэнтэй, тохилог сууцтай, төмөр хашаатай болсноор энэ нуур өнгөн талдаа өөдлөн дээшилж буй мэт боловч нөгөө талаар амин чанараа гээж буй хэрэг. Анчигасын амны зуудаг нохойтой, тансаг амралтын газар надад яг ийм мэдрэмж төрүүлсэн. Эрэг дагуу нь алхахад хүртэл манаачаас нь зөвшөөрөл авдаг ийм “ирээдүй”-г бид хүсээгүй байлтай.

Миний давж уруудсан давааны тоо чухам хэд хүрснийг мэдэх юм алга. Зүүн эрэг дагуух 180 км шороон зам даваанаас давааны хооронд үргэлжилдэг. Бүгд л өөр өөрийн давтагдашгүй онцлогтой. Сэвсүүлийн даваа нэрс, аньс ихтэй. Анчигасын даваа амралтын газартай. Борсогийн даваанаас Модон хүй арал харагддаг. Их сантын даваа алгуур өгссөн замтай. Уруудсаар ахиад алгуурхан өгсөхөд Бага сантын даваа бий. Их Хилэнгийн даваа зэлүүд. Халзан даваа нэр шигээ халзан толгойтой. Хөндийн даваа туулж барамгүй урт. Сагсагийн давааг уруудахад Хатгалын урд үзүүр харагддаг. Гэхдээ эд бүгд нэг зүйлээрээ ижил, тэр нь нар жаргах үеийн төрх байдал. Бөхөж буй нарны сүүлчийн гэрэл туяа далайн долгисох мандлыг илч дулаанаараа бүлээцүүлэн баруун зүгт, нүцгэн оройтой уулсын цаагуур одох нь зүүн эргийн аль нэг даваан дээрээс гайхам сайхан үзэгддэг.

Тэмдэглэл хөтлөх арга минь аяллын турш улам гүнзгийрч байлаа. Эхлээд би өглөө, өдөр, оройдоо тэмдэглэл хөтөлдөг байсан бол дараа нь бичих боломж олдсон даруйд, эцэс сүүлдээ үүнийг л бичиж тэмдэглэх ёстой гэж бодсон даруйд дэвтэр, балаа даруйхан шүүрч авдаг болсон. Учир нь тухайн агшинд бодож мэдэрсэн зүйлээ хэсэг хугацааны дараа л мартчихаад байгааг олж анзаарсан юм. Ганцаар алхахад алхам тутам шинэ сэргэг зүйлийг мэдэрдэг боловч тэдгээр мэдрэмжүүд сөөлжилсөн олон бодлын дунд дорхноо л мартагдчихдаг. Эргэн саная гэж хэчнээн хичээвч санаснаар ер болохгүй. Тийм учраас л би дэвтэр, балаа гарт ойр байлгаж, заримдаа гараасаа салгалгүй чанга атгачихаад мэдрэмж бүрээ тэр дор нь тэмдэглэж явдаг байв. Өглөө, өдөр, оройны мэдрэмж харилцан адилгүй. Айдастай, хүйтэн шөнийн дараах нартай, дулаахан өглөө би өөрийн доторх “эрэлхэг нэгэн”-ийг мэдэрдэг. Харин биеийн зовуурь шаналлыг тултал амсдаг жин үдийн үед хэзээ мөдгүй нуран унахын ирмэг дээр буй ч “Одоо л биш шүү” хэмээн өөрийгөө уйгагүй ятгах үл цөхрөгчийн дүрд энэ биеэ авааччихдаг. Тэгвэл нар жаргахын алдад байгалийн сайхныг ажиглагч, давалгааны чимээг сонсогч, эргэн тойрны хэтэрхий нам гүм байдалд уусагч болж өөрчлөгддөг. Ингээд хамгийн сүүлд харуй бүрийтэй зэрэгцэн хязгааргүй ганцаардал намайг нөмрөн авдаг юм. Энэ үеийн минь тэмдэглэл дандаа гунигтай, ганцаардангуй, эсвэл ганцаар яваагаа зөвтгөсөн өнгө аястай болдог. Тухайлбал гэрээс гарснаас хойшхи 12 дахь өдрийн орой 20 цагт ийм тэмдэглэл бичжээ.

“Ганцаар алхахад чи хэний ч цагт хүлэгдэхгүй. Майхангаа удаан хураалаа, хэтэрхий хурдан алхлаа, хийсэн хоол амтгүй боллоо гэж хэн ч чамд гомдоллохгүй. Хэзээ амрах, хаана отоглохоо чи л шийдэж, зарим өдөр урагш эрчтэйхэн давшилж, зарим үед зүгээр л майхнаа ч хураалгүй, хоноглосон газраа өдрийг өнгөрөөнө. Ганцаар аялахад чи өөрийгөө, биеийн эд эс бүхнээ, бодол бүрээ чагнана… Хатуу хөтүү хээрийн аялал амьдралынх нь энгийн л нэг хэмнэл болсон хөдөөнийхөнд унаагүй яваа минь л хачирхалтай санагдаж байсан бол ярилцахдаа ч, ажиллахдаа ч хамтдаа байдаг суурин газрынханд ганцаар яваа минь л гайхаж сонжмоор зүйл аж.”

Алхам тутамдаа тэмдэглэл хөтөлж хэвшиж буй минь баярлууштай зүйл. Урьд миний хувьд бичих гэдэг шаналал зовлон байлаа. Эхний догол мөртэйгөө зууралдсаар нойрондоо дийлддэг шаналант шөнүүд маань тоогоо алджээ. Ер нь миний амьдралаас “Аав сэтгүүлч” гэх ганцхан тодотголыг аваад хаячихад л надад цаашид бичгийн хүн гэгдэх ямар ч найдвар үлддэггүй байв. Би хэлний авьяасгүй, бага ангид байхдаа үсгээ хамгийн сүүлд нүдэлсэн, бүр 16 нас хүрчихээд анхныхаа номыг уншсан. Эрнест Хэмингуэйн “Өвгөн, тэнгис хоёр” миний анхны ном. Ширүүхэн эргүүлэхэд л урагдчихмаар нимгэн шар хавтастай номыг хэдэн өдөр дамнуулан уншчихаад үйл явдлыг нь ангийнхандаа ярьж билээ. Тэр яриа монгол хэлний багшид маань ихэд таалагдсан бололтой, дахиад хоёр ч удаа өөр ангийнхны өмнө энэ яриагаа давтан давтан өгүүлэх ичгэвтэр даалгавраар намайг шагнасан юм. Загасчин өвгөн яг л ийм хэлгүй, омголон далайд гардаг. Өдөр бүр ганзага хоосон харих ч өглөө болгон уйтгарт далайгаа зорино. Гэвч өвгөн шантардаггүй. Яг л үүнтэй адил бичнэ гэдэг үр дүнгүй, хоосон ирэхээ мэдсээр байвч өглөө бүр далайд гарахыг хэлдэг байх. Ийм энгийн атлаа эрхэм учир шалтгаантай учраас л “Дуртай зохиолч чинь юу вэ?” гэх зэрэг асуултад “Хэмингуэй” гэж хариулаад нэгэнт хэвшжээ.

Өнөөг хүртэлх миний бичсэн зүйлс бусдыг шагшируулж байсан нь ховор. Сурагч ахуй нас минь сүр дуулиан багатай, бусдаас хөндий зожигдуу өнгөрсөн атлаа үргэлж л өөрөө өөрийгөө сатааруулж өнгөрөөдөг ганцаардлын цаг хугацаагаа бичиж тэмдэглэх үйлд зориулж байгаагүй минь одоо бодоход тун тоогүй хэрэг. Мэдээж бусдын шахалтаар бичиж байсан таатай, таагүй хэд гурван дурсамж надад бий. Наймдугаар ангид бичсэн зохион бичлэгийн маань эхний өгүүлбэрийг багш чангаар уншихад ангийн хүүхдүүд нэрхийтэл инээж билээ. Тэгэхэд дан ганц намайг инээгээгүй үлдсэнийг тэдний хэн нь ч анзаараагүй байх. Хичээлийн үеэр хичээн байж бичсэн миний зохион бичлэг эхний өгүүлбэрээрээ л бусдыг инээлгэж байхыг бодвол яавч сайн болоогүй нь ойлгомжтой гэдгийг би тэрхэн үед мэдэрч суусан. Нийт зохион бичлэг дундаас хэдхэнийг сонгож уншсаны дотор минийх хамгийн муу ангилалд багтсан нь энэ.

Сурагч насандаа сурсан миний хамгийн том “эрдэм” бол арван хуруугаар шивэх. Мэдээлэл зүйн сурах бичиг дээрх тун ойлгомжтой зааварчилгааг ашиглан бие дааж сурсан энэ чадвар их сургууль төгссөний дараа намайг сонины амьдралаас ер холдуулаагүй юм. Миний дөрвөн жил сурч эзэмшсэн мэргэжил улс төр судлаач боловч хурдан шивж чаддаг гэх ганцхан шалтгаанаар аав намайг хаврын хахирган хүйтэн өдөр машиндаа суулган Гүнтийн зуслан дахь нэгэн айлын гадаа аваачиж билээ. Ханагар том дүнзэн байшингаас алхаа гишгээ хөнгөн, аядуу найрсаг харилцаатай нэгэн хүн гарч ирсэн нь хожим түүхийн музейгээс зургийг нь олж харсан “өвгөн хувьсгалч”. Тэрбээр Ардчилсан хувьсгалын “гол үзэл сурталчдын нэг” байсан гэдэг. Аав цайлж ундалчихаад яваад өглөө. Би зөөврийн компьютерээ дэлгээд “түргэн бичээч”-ийн ажилдаа оров. “Хувьсгалч өвөө” хэд гурван үг хэлээд надад бичих хугацаа олгож буй мэт азнасхийлээ. Би хэдхэн товших төдийд өнөөхийг нь биччихэв.

-Биччихсэн үү?
-Тийм ээ.
-Ийм хурдан уу?
-Тийм ээ.
-Үргэлжлүүлээд хэлээд л байх уу?
-Тийм ээ. Та яг ярьж байгаа юм шиг л хэл.

Ингэж эхэлсэн бидний уулзалт энэ цаг мөчөөс хойш долоо хоног бүр давтагддаг болов. Тэрбээр яг л Довстоевский шиг цээжээр хэлж бичүүлдэг. Орооцолдсон урт урт өгүүлбэрийг бараг нэг амьсгаагаар шахуу хэлэхдээ найруулга зүйн алдаа огт гаргахгүй. Өгүүлбэр бүрээ өөр өөр нөхцөл дагавраар төгсгөнө. Намайг сонины амьдралтай үүрд холбосон энэхүү түргэн бичээчийн ажилд эхлээд би тун дурамжхан ханддаг байлаа. Дотор минь ирээдүйд бичиж магадгүй гэсэн том хүсэл тэмүүлэл оршдог учраас утсан хүүхэлдэй шиг бусдын хэлснийг давтан давтан бичих нь миний хувьд яавч хүлээн зөвшөөрч боломгүй ажил. Гэвч би бичсээр, өвөө бичүүлсээр л байв…

13 дахь өдрийн орой. “Нутгийнхнаас зам асуувал тэдний хэлсэн үг эхэндээ ер ойлгогдохгүй. Харин заасан зүг рүү нь явах тусам тэдний зааварчилгаа бүгд үнэн болох нь мэдэгдэнэ. Гэхдээ өөрөө зөв замаа арайхийж олсны дараа. “Уулын хяраар яв. Доош бууна. Хад асгатай газар бий. Дараа нь яг ийм ам бий. Элстэй учраас эргээр нь яв” гэж хэлснийг нь өөрөө яг ингэж явсных нь дараа л эргэн санав.”

Миний бичих хурд жилээс жилд өсөн нэмэгдэхийн хэрээр “хувьсгалч өвөө” маань улам хөгширч байлаа. Өвлийг зуслангийн байшиндаа өнгөрөөдөг өнөөх илч дулаан нь хүртэл багасав. Бичсэн өгүүлбэрээ байн байн эргэж уншина. Бас сонсгол нь муудаж, цайлж суухдаа яг л буцаж буй нэгэн шиг дотносож зөвлөгөө өгөх нь ихсэв. “Судлаач хүнд сонины амьдрал чухал шүү. Тэмдэглэл хөтлөхдөө нямбай бай” гэж хэлэхэд нь огт ойлгодоггүй байж. Үнэндээ сонины амьдрал намайг сэтгүүлч болгосныг, энэ тэмдэглэл аяллыг минь илүү амьтай болгож буйг яг энэ агшинд л ойлгож ухаарч байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэр намайг “ач хүү” шигээ, би түүнийг “өвөө” шигээ санах болсон. Намайг очих бүрт хүндтэй зочин нь хүрээд ирчихсэн мэт цайлж дайлна. Байхуу цайн дээр зөгийн бал, гүзээлзгэнийн чанамал хийж болдгийг би өвөөгөөс л сурсан. Сонины хайчилбарыг яаж эмх цэгцтэй хийж болдгийг би өвөөгөөс л олж харсан. Өгүүлбэрийн хэмнэлийг хэрхэн оновчтой тааруулдгийн учрыг би өвөөгөөс л мэдсэн. Ийнхүү уулзалтаас уулзалтын хооронд би бичээчийн ажилдаа улам дуртай болж байлаа.

Аавын сонин дахь энэ ажил маань эцэс сүүлдээ сонин түгээгч, эх бэлтгэгч, техник редактор болж өргөжсөн ч бичих хүсэл маань биелээгүй явсаар 25 насны босгыг давав. Би энэ үед судлаач болох уу, сэтгүүлч болох уу гэж удаан эргэлзсэн. Одоо л шийдэхгүй бол аль ч замыг сонгосон оройтох байлаа. Ингээд явж байтал санамсаргүй гэнэтийн тохиолоор нэгэн сэтгүүлийн газарт ажилд орсноор сэтгүүлчийн замналыг сонгохоос өөр аргагүйд хүрч билээ. Гэхдээ би энэ замналыг сонгосондоо нэг ч удаа харамсаж байгаагүй, одоо ч харамсахгүй байна. Хамгийн гол нь би сэтгүүлч болж чадахгүй юм биш биз гэхээс ухаангүй айж эмээдэг байв. Учир нь надад ухрах зам үгүй, өөр сонголт ч байхгүй. Гэвч би юуг ч сэтгэл хангалуунаар бичиж чадахгүй байлаа. Сэтгүүлчээр ажилласан хоёр жилийн хугацаанд “бичиж чадахгүйн зовлон” хамаг тамирыг минь барж гүйцэв. Ахиад алхам л ухрахад бүхнийг зоригтойгоор хөсөр хаяж чадах бүтэлгүй шантрал цөхрөлийн минь тоо миний давж уруудсан даваанаас ч олон гэдгийг яг энэхэн агшинд нуугаад ч хэрэггүй биз. Юу намайг тэсэж үлдээхэд хүргэснийг үнэндээ мэдэх юм алга. Би одоо ч эргэж хариад шаналал, цөхрөлгүйгээр бичнэ гэдэгт эргэлзэж байна. Гэхдээ энэ тэмдэглэлийг ийм уйгагүй хөтөлж байгаа учраас л дотор минь үргэлжлүүлж бичиж магадгүй гэсэн итгэл найдварын өчүүхэн оч дахин гэрэлтэж эхэлсэн. Бичиж эхлээгүй байхад минь яг ийм “оч” миний дотор оршдог байсныг би сайн мэднэ.

14 дэх өдрийн орой - 21:10.Борсогийн амны айлын гадаа хоноглож байна. Сансрын антеннаар Астана дахь Дэлхийн аваргын жудо бөхийн тэмцээн үзэв. Ням-Очир хүрэл авлаа. Одбаяр хүрлийн төлөө барилдаж ялагдахад “Олхиогүй юм” хэмээн бүгд дурамжхан байв. Цай ууж, талх идэж, эцэст нь тараг уув. Энэхүү уулын ам үгээр өгүүлшгүй сайхан байгальтай. Борсогийн гол нуур мэт тогтсоноо далайд цутгана. Эрэг дээрээ хэдхэн сөөвгөр модтой. Модон хүй арал хаяанд харагдаж байв. Уг нь би далайн эрэг дээрх зам ангийнхны модон байшингийн дэргэд отоглох гэж байтал цагаан дарцаг намируулсан 10 орчим насны хүү унадаг дугуй жийсээр ирсэн юм. “Манай аав таныг ирж цай уу гэнээ” гэв. Тэд намайг Борсогийн даваанаас уруудахад олж харжээ. Зам уулын энгэрийг ороож буудаг. Хүүгийн аав тун наргианч. Ганцаараа явааг минь сонсоод “Хорхойтсон баавгайн хоол болох нь дээ” гэхэд гэрт цугларагсад цөм нэрхийтэл инээв. “Тун саяхан хоёр жимсчнийг бариад идчихсэн гэнэ лээ. Гуравдахь нь чи болох нь дээ” гэнгүүт хүүхэд хөгшидгүй нэрхийнэ. “Өглөө хаанаас гарсан бэ?” гэж надаас асуухаар нь “Ноён гол хавьцаа” гэв. Тэгсэн өнөөх ах “Хөл хөнгөн хүн л баавгайнд бариулдаг юм даа” гэв. Дахиад л бүгд нэрхийтэл инээв. Хүү манайд цөөхөн хүн байгаа гэсэн боловч тэднийд 5 том хүн, 4 хүүхэд хоносон юм.”

Алхам тутамдаа тэмдэглэл хөтөлж хэвшиж буй минь баярлууштай зүйл гэж хэлсний учрыг уншигч та сайн ойлгосон байх. Алганд багтах жижигхэн тэмдэглэлийн дэвтэр дэх жирийлгээд биччихсэн үгс гэртээ хариад үргэлжлүүлж бичих ёстой гэсэн итгэл найдварын минь бамбарыг өрдөж асаав. Би тэмдэглэл хөтөлж явахдаа шүлэг хүртэл бичсэн:

“Бороо ороход тэр уйлдаг
Бороо зогсоход тэр тайвширдаг.
Салхи ширүүсэхэд тэр санаа алддаг
Салхи намдахад тэр дуугаа хураадаг.”

Бас дурсамж, ганцаардлаар дүүрэн энэ аяллаа ганцхан өгүүлбэрээр тодорхойлоод биччихсэн: “Ганцаардал миний дотор хоригддог.”

Туулсан замналаа “Энэ миний хувь тавилан” биш гэж голж, гомдоллож ирсэн минь алдаа байж. Аав намайг аль нэг сонины газар гараас минь хөтлөөд аваачаагүй нь гомдоллох шалтгаан биш байж. Аав надаар сониныхоо хамгийн хар бор ажлыг хийлгэдэг байсан нь алдаа биш байж. Аав намайг сэтгүүлч болоход дэмжээгүй гэж бодож явсан минь харин алдаа байж. Үүнтэй адил шаналж, цөхөрч бичнэ гэдэг нь туулах ёстой замнал юм байна. Яг одоо би өөрийнхөө үлдсэн амьдралыг яг л аав шиг овоолсон сонин дунд байгаагаар төсөөлж байна. Миний амьдрал “овоолсон сонин” дунд эхэлсэн шигээ овоолсон сонин дунд төгсөх учиртай байж. 

16 дахь өдрийн өглөө. “Нар миний хоноглосон далайн бяцхан буланг бүлээцүүлэв. Шөнө цахилгаан цахилаа. Эхлээд би шөнөөс айдаг байлаа. Дараа нь бороо, салхи. Харин урьд шөнө цахилгаан цахихаас айв. Эзэнгүй эрэг дээрх өнчин ганц майхан тэнгэрийн цэнэгийг соронздон татаж юуны магад хэмээн айн мэгдэв. Айдсууд маань нэг нэгээр үргэсээр. Үнэндээ бороо айдас биш юм билээ. Хэсэгхэн бараан үүл тэртээх эрэг дээр оройжин саатаж, усан хөшиг урсган далайг гатлан наашлах нь аюумшигтай гэхээсээ илүү, сүрдэм сайхан санагдсан. Далай үргэлж тогтуун байвал түүний өнө мөнхийн гоо – уйтгар гуниг ч уйтгартай санагдах сан. Давалгаалдаг учраас л энэ нутгийн дийлдэшгүй эзэн гэдгээ бусдад мэдрүүлдэг бус уу.” 

8. СҮҮЛЧИЙН ЮМ БҮХЭН ГУНИГТАЙ

Хөл биш, нуруу биш, мөр л их цуцах юм. Бие минь ядарч байгаа нь өдрөөс өдөрт хөнгөрөх үүргэвч маань улам л хүндрээд байгаагаас мэдрэгдэх. Маргааш би Хатгал хүрнэ, тэнд хүрч очоод энэ аялал дуусна, тэр үед юу намайг хүлээж байгааг үл гадарлана. Би яарч байлаа, намайг хүлээж буй танил дотно ертөнц рүүгээ тэмүүлж байлаа. Сүүлийн хэдэн өдөр зөвхөн харих тухай л бодов. Эгэл даруухан амьдралдаа эргэн очмоор санагдаж байна. Бас далай тойрлоо гэж хэлэхээс үнэндээ залхаж байна. Урагшлах тусам энэ тийм ч гайхуулахаар зүйл биш гэдгийг уулзаж учирсан зарим хүмүүсийн харц, тоомжиргүй байдлаас нэвт мэдрэгдэж байв.Гал дээр борцтой шөл пор пор буцална. Энэ бол миний зүүн эрэгт өнгөрөөж буй сүүлчийн шөнө. Маргаашнаас эгэл даруухнаар энэ аяллаа өндөрлөхөөр шийдлээ. Таарсан хүмүүст зүгээр л энэ зуур алхлаа гэе. Энэ бол гайхуулах, онгирох, бусдаас сиймхий ч гэсэн нэр хүнд олох зорилготой аялал байгаагүй юм.

Эзэнгүй амралтын газрын хаяан дахь хаягдмал модон байшингийн нөмөр бараадан буудаллав. Далай өнөөх л янзаараа шуугисаар, түнэр харанхуй өтгөрсөөр. Гэхдээ би майхандаа ороод тэднээс зугтсангүй. Тэд яг одоо миний нөхөд шиг л санагдаж байна. Маргааш би суурин амьдралын заагт хүрч очиход энэ бүхнийг үгүйлэн санах болов уу? Ойртож дотносоод ирвэл харанхуй хүртэл өөрийн гэгээтэй юм билээ. Баруун эрэгт од мэт олон гэрэл анивчихыг олж харав. Дараа нь майхандаа ороод лаагаа асаан унтах хүртлээ “Зуун жилийн ганцаардал”-аа уншлаа.

Урьд шөнө дулаахан хонов. Өнөөдөр Хатгал хүрнэ. Энэ аялал юуг ч өөрчлөхгүй байх вий гэхээс жаахан эмээж жийрхсэн боловч нэг зүйлийг бодож тайвширлаа. Энэ удаад би хаашаа ч яваагүй гэртээ үлдчихсэн бол дахин хэзээ ч, юуг ч зориглон үйлдэж чадахгүй байв. Харин одоо дахин алс хол явмаар санагдаж байна. Борооны үүл тэнгэрийг хулджээ. Газар хув хуурай. Явах уу, үлдэх үү гэдгээ шийдэж ядан удаан тээнэгэлзсэний эцэст үүргэвчээ баглаад Хатгалыг зорилоо. Бороо орвол орог, би норвол норог гэж бодсон хэрэг.

Хөвсгөл далайн өмнөд үзүүрээс нэг л гол эх аван урсдаг нь Эг. Шуугих их ус утас мэт нарийссаар үндэс мэт олон салаалан өмнөдийг зорьдог. Далайг хүрээлсэн хөвчит их уулсын “өөдөс тасархай” мэт өнчин ганц толгод урсан одох далайн усыг хаших мэт замд нь хөндөлссөнөө үдэх мэт хормойгоороо урсгана. Хөвсгөл далайн алсад одох нь хүртэл ийм гунигтай.

Би өдөржин алхсаар далайн хамгийн урд үзүүрт хүрч очоод тэрхүү ганцаардмал толгодын оройгоос Эг, түүний модон гүүрийг удаанаар ширтэн суув. Учир нь энэ гүүр миний мэдэх ертөнцийн хил юм. Цардмал замтай, тухлаг уушийн газартай, дулаахан сууцтай, хөдөлгөөн бүрээ хөлс гэж хардаг, хэнд ч, юуг ч зүгээр өгдөггүй, нэгэн хэвийн атлаа нийлмэл цогц ертөнцөд би амьдарч бас үхэх болно. Аялал маань өндөрлөхөд “урьдын би” энэ л ертөнцийнхөө хэмнэлд эргээд л уусаж нэгдэнэ. Уг нь доош бууж модон гүүрийг даваад Хатгалыг уртааш нь туулах төдийд л энэ аялал маань өндөрлөх хэдий ч би юунд ч яарахгүй байлаа. Адгаж яарах нь хүртэл утга учиргүй мэт санагдана.

Одоо надад ам чийглэх цай ч алга. Үүргэвч маань байж болох хамгийн хөнгөн жиндээ хүрсэн ч мөр маань сульдаж ядарчээ. Гэхдээ тэсэх л ёстой гэж өөрийгөө зоригжуулаад Хатгалд анх удаагаа ирж буй мэт эхнээс нь хойш алхлаа. Салхи ширүүсчээ, бараг хийсгэчих шахам хүчтэй салхилж байв. Уух юм авахаар хүнсний мухлаг руу ортол худалдагч эмэгтэй Гурав хоног бороотой гэв. Өдөржин ороогүй бороо өнөө орой л асгарах нь дээ гэж бодлоо. Ийнхүү цааш алхсаар анх чийгт эргээс нь умардыг зорьсон тэр газраа эргэн ирэв. Сүхбаатар хөлөг онгоц урьдын адил ер бусын амгалан тайван хэвээр. Гэрийнхэнтэй холбогдох гэтэл гар утас маань болдоггүй ээ. Эрэг дээрх танихгүй эрийн утсаар ээжтэй ярив. Бүгд л нам тайван, намайг явсан тэр өдрийнх шигээ бүх юм хэвээр гэв. Юу ч өөрчлөгдөөгүй аж. Яг энэхэн агшинд эрэг дагуух энэ 400 км бодит биш ч юм шиг сонин мэдрэмж төрөв. Угаас энэ “аялал” дотор минь хэдий чинээ гүн булагдана төдий чинээ үнэ цэнээ хадгалах учиртай. Уяанаасаа алдуурсан өнчин ганц морь зам дагуу хатирч явахыг олж харлаа. Эзэндээ тэр эргэж очих л биз. Би ч бас түүнтэй адил, хаашаа ч зугтсан миний мэдэх цорын ганц тэр л ертөнцдөө эргэн хүлэгдэнэ. Одоохондоо морь минь чи хатирч л байг, яг л над шиг.

Умардын жихүүн салхи надтай цуг энд иржээ. Гар бээрч байна. Сэтгэл ч бас бээрч байна. Хажуухан дахь орхигдсон отоглох цэгт майхангаа босгох зуур холд нохой хуцахыг олж сонсов. Урьд би аймхай, хулчгар байж. Харанхуй, хүнгүй гудмаар ганцаар алхахаас ч айдаг байв. Гэтэл одоо би юунаас ч айхгүй байна. Модны тайрдас дээр суугаад ээжийн өгсөн будаатай шөлийг буцалгангаа салхины сэвшээ, далайн давалгааг сонсож тайвшрав. Маргааш болж Мөрөн орох, өдөржин давхиад Эрдэнэт хүрэх, тэнд нэг хоноод галт тэргээр гэртээ харих нь ер төвөгтэй санагдсангүй. Сонин юм даа, уг нь би сүүлийн хэдэн өдөр гэртээ харих тухай л бодож явсан. Гэтэл одоо энэ үггүй, омголон далайд яагаад ч юм хоргодоод байх юм. Майхандаа ороод газрын зургаа дэлгэж, дараа нь “Зуун жилийн ганцаардал”-аа уншлаа. Хамгийн хачирхалтай нь, майхны үүдийг хаахтай зэрэгцэн яг л энэ агшныг хүлээж байсан мэт бороо ганц нэгээр дуслав.

Шөнийн бороо өглөө зогсчээ. Наймдугаар сарын сүүлчийн бороо намайг ингэж үдсэн юм. Өглөө босоод юунд ч яарч тэмүүлсэнгүй, өнөөх тайрдас дээр суун далайг гүн ширтэв. Тэр анир чимээгүй, шуугих давалгаа ч үгүй. Сүүлчийн юм бүхэн гунигтай байдаг шиг далайг ийм дүнсгэр байхыг урьд би ерөөс хараагүй билээ. Баяртай далай минь, хөвчит уулс минь, үүлс, бороо, салхи минь. Гуниг, ганцаардал, цөхрөл минь. Амттай, гашуун дурсамжууд минь. Надтай тааралдсан сайн санаат хүмүүс минь, бүгд баяртай.

Түр хүлээнэ үү...
Top