ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС-7: ЭНД ЦОХИЛОХ ЗҮРХ ХЭНД Ч ИНГЭЖ ШУНАХГҮЙ
2021-06-25 Илгээгээгүй зурвас 1785

"Танд хэн нэгэнд илгээж чадаагүй, зовоох вий гэсэндээ ч юм уу, аль эсвэл зориг дутаад ч юм уу илгээгээгүй аваад үлдчихсэн захидал, бичвэрүүд байдаг уу? Тэгэвч түүнийгээ хэн нэгэнд хуваалцах хүсэл төрдөг үү? Манай tagtaa.mn сайт тэр нандин бичвэрүүдийг тань хуваалцах "Илгээгээгүй зурвас" булан нээж байна. Та нэрээ нууцлаад нийтлүүлж болно, хүсвэл нэртэйгээ ч нийтлүүлж болно. Хамгийн гол нь илгээж чадаагүй тэр зүйл тань л байх ёстой юм. Магад таны сэтгэлийн шарх жаахан ч атугай эдгэж, хөндүүр тань түрхэн ч болов мартагдах ч юм бил үү? "

Бидний анх уулзсан шиг хүйтэн бороо гунигтай нь аргагүй асгарсан үдэш. Тэртээ хол алслагдаад, хэтэвчинд хадгалагдах хуучирсан зураг. Чиний надад үлдээсэн дурсамж хэтэрхий гэгээн учир шантрах бүртээ санадаг. Учраагүйсэн бол хичнээн таатай. Гэвч нэг ертөнцөд оршиж буйн учир хэзээ ч юм дахин таарахсан. Энэ удаад би сурагчийн дүрэмтгүй, шаргал үсэндээ зүүчихдэг цэцгэн тууз байхгүй, чиний дурласан нүдний цоггүй харцыг нуух гэж их тод буддаг. Хүнгүй автобусны арын цонхоор алхдаг байсан зам харагдах бүрийд, зуны орой нар жаргаад аниргүй нөмөрч, хэн нэгэн надаас чиний тухай асуух бүрт, чам руу зурвас бичингээ сонсдог байсан дуу хаа нэгтээгээс эгшиглэж, энгэрээс минь чиний үнэр сэнх хийх шиг болоход таньж амжаагүй амьдрал хичнээн бүүдгэр гээч.

Сагсны өмсгөлтэй талбайд тоглохыг нь ширтэнгээ "Хайртай" гээд мишээх тухайн үедээ магадгүй би бүх зүйлийг энэхэн эгшинд гацаагаад зогсоочихмоор санагдаж билээ. Уртаас урт насалж, цаашдаа өчнөөн хүмүүстэй таарч, цорын ганц заяаны ханиа олсон ч чамайг хайрласан шигээ бүхнээ өгч өөрөөсөө ч илүү итгэхгүй л дуусмаар. Богино юбкатай очихоор цамцаа бүсэлхийгээр ороогоод зэмлэнгүй харц шидхийг чинь, согтуу хүн, шалбаагтай замын хажуугаар миний бамбай шиг нөгөө талдаа гаргаад хөтөлдгийг, "хуриман дээрээ яаж бүжиглэнэ дээ л гэж боддог" гээд инээхийг ийм жижиг зүйлсийг ч алгасаж мартсангүй.

Хувь тавилан бидний хүссэнийг өгөөгүй ч мөрөөдлөө биелүүлж мундаг сэтгүүлч болоод үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд л өнгөрсөн намайг хэдэн жилийн дараа ч заавал таниарай. Хожим цагаан даашинз өмсөөд чиний өмнө зогсох эмэгтэйд атаархах сэтгэлээ үгээр илэрхийлж чадашгүй. Энд цохилох зүрх хэнд ч ингэтлээ шунаж үзээгүй шунах ч үгүй. Чухам миний "өндөр пороро" л онцгой гэх үү дээ. Нам гүм гэгээлэг ирээдүй чамайг миний дэргэд байсныг алгуурхан арчаад, зорилгодоо хүрсэн ажил хэрэгч бүсгүй өөр залуугийн гэрийг гийгүүлсээр энэ түүх бүр мөсөн дуусна. Даанч харамсалтай. Би дахин дахин хэлье. Чиний хэлдгээр "сэтгэшгүй" их хайртай.

2021.06.23

Түр хүлээнэ үү...
Top