ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС-5: ГАНЦААР БАЙХ НЬ МИНИЙ МЭДЭХ ХАМГИЙН ЗӨВ ЗҮЙЛ
2021-06-22 Илгээгээгүй зурвас 2178

"Чамгүй тавдугаар сар" гэж хэлээд гуниглан суухад өнөө шөнийн уртыг гайхах юун. Үнэн гэвэл чамтай чамгүй ертөнц хангалттай л гунигтай байсан. Гэлээ ч чи байхгүй ертөнц мэдрэх ёстой гунигийг минь хоёр дахин нэмчихнэ. Тиймээс л бид танилцаагүй чигээрээ зөрсөн бол дээр байж... Энэ насандаа чамтай танилцаагүйсэн бол, чиний хоолойг сонсоогүй,надад дуулж өгдөг дуунуудыг чинь сонсоогүй бол, чиний тэнэг царайг харж , чиний хоолойг сонсож инээн, үүр цайтал утсаар яриагүйсэн бол чам шиг хүн байдгийг ч мэдэлгүй насыг барж яваа сан. Чамд гэх тодотголтой бичсэн сүүлийн захидал байгаасай гэж хүснэ. Учир нь би хэн нэгнийг юу ч болсон хайрласаар, эсвэл үргэлж санасаар залхаж гүйцэв.


Ганцаараа байх бол миний мэдэх хамгийн зөв зүйл. Тийм болохоор би хэн нэгэнд үхтэл дурлаж, эсвэл хэн нэгэн намайг үнэхээр хайрлаж буйг мэдрэх үед өөрөөсөө түлхэн холдуулдаг зуршилтай болчихсон.
Шалтгаан нь зүгээр л хайрласан хүмүүс минь намайг гэмтээж байсан болохоор одоо би хайр өвтгөдөг гэсэн хачин ухамсартай болчихож.
Тэгээд л болж өгвөл одоо байгаагаасаа илүү хүн нэмж хайрлалгүй, зүгээр л хэн нэгнийг чамайг хайрласан шигээ тэгтлээ их хайрлалгүй насыг бармаар байна. Энэ хичнээн уйтгартай, ганцаардмал, бүр утгагүй, увайгүй тэнэг амиа хичээсэн үйлдэл болохыг би мэднэ. Тэгсэн байсан ч хамаагүй би чадах хүртлээ өөрийн босгосон энэ хачин ханан дотроо оршино.
Одооных шиг од түгсэн шөнөөр, чиний хоолойг сонсчихвол яаж тайван амардаг байснаа, шөнөжин утсаар юу ч хамаагүй чалчдаг байснаа, надад л зориулж дуулж өгдөг дууг чинь мартаад, Ичих үедээ ямар царайтай болдгийг чинь мартаад, хоолойны чинь өнгө инээх үедээ хэр чангарч, гуниглахдаа яаж бүдгэрдгийг мартаад, ямар нэг зүйл болох бүрт зөвхөн "намайг уучлаарай" гэж зөвхөн өөрийгөө буруутгадагыг чинь ч мартаад...Би чамд хайртай байсан. Би чиний надад өгдөг мэдрэмжүүдэд, бас чиний надад дуулж өгдөг байсан дуунууд , бидний дунд өнгөрсөн муухай ч хамаагүй дурсамжууддаа ,тэнэг царайнд чинь , нэг л атгачихвал ертөнцийн төгсгөл хүртэл дагаад явчихмаар дулаахан гаранд чинь ,сэтгэлд чинь хайртай байсан. Бүр зовиуртай бүхнээ мартаад чиний л тухай бодож чамтай зугтаж чадахаар тийм л хэмжээнд хайртай байсан. Ойлгоосой билээ чи минь .


Таван жил урсан өнгөрчээ. Гэвч одоо ч чинийхээ талаар бодоход чиний хоолой чихэнд сонсогдох шиг болж цээжээр хүчтэй хатгуулахад чи энэ таван жилийн хугацаанд ужиг өвчингөөс ч хүчтэй болж миний зүрхэнд сийлэгдэжээ гэдгийг бүр ч ихээр ойлгоно. Чамтай өнгөрүүлсэн дурсамж бүрээ бодох төдийд л хачин их гунигт автах тул тархинаасаа юу ч үгүй арчиж хаяхыг тэсэлгүй ихээр хүсэх ч би хэзээ ч тэгж чадахгүй гэдгээ ойлгох мөчид би хачин сульдаж орхино яг л амьдралыг нь тэтгэдэг амин сүнс нь орхиод явчихсан юм шиг. Хэдийн таван жил , таван зун... Чамтай танилцаагүй ч байсан болоосой. Хааяа эрхгүй ингэж бодогддог.
“3-4хөн сарын хугацаанд ээжшиг минь хүн болчихоод яагаад ингээд байгаа юмбэ" гэж хэлж байснаа санаж байна уу ? Тэр үед л би чамд үнэнээ хэлчихсэн бол тэр үед л ярилцчихсан бол би өдийд энийг бичиж суухгүй Амьдралдаа ингэж их харамсаж суухгүй л байсан
Миний хувьд чи өдөр бүхэн миний анхны хайр.
Хайртайшүү өнөөдөр маргааш бас үргэлж...

Түр хүлээнэ үү...
Top