ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС - 3: Хатагтай Үлэг гүрвэл-ээс ноён Гумдүри-д
2021-06-18 Илгээгээгүй зурвас 2019

ӨРШӨӨЛ ЭРСЭН ЗАХИДАЛ

Чамдаа амласнаас хойш 1 жил, 2 сар, 17 хоног өнгөрчээ. Хоног өнгөрөх тусам бодолд өнжих нь цөөрч, үнэр чинь алсарч, арьсан дээрх мөр чинь арилах байх л гэж бодсон юм. Гэтэл тийм байсангүй ээ. Наалдчихсан, уусчихсан, нэг болчихсон хоёр зүрх, хоёр сэтгэлийг хүчээр салгах амаргүй юм. Эргээд харахад чи надаас алхам ч холдоогүй дулаахан харцаараа ажиглаж, уйлахад нулимсыг минь арчиж, гансрахад тэвэрч өгдөг хэвээрээ.

Хамтдаа бүтээсэн дурсамжууд минь бүгд амь орон, хөөртэй нь аргагүй бүжиж байна. Мартагнах байх гэсэн хайр минь хоног алсрах тусам улам л халуун, улам л амьд болж байна. Өдөр бүр, цаг бүрд чамайг баруун гар талд минь алхаж явааг би харж байна. Намуухан зогсоод аажуухан инээмсэглэхийг чинь мэдэрч байна. Гэхдээ яагаад ч юм чи миний дэргэдээс алхам ч холдохгүй хэрнээ огт ярихгүй юм. Дэргэд байгаа хэрнээ дуугарахгүй болохоор чинь айж сандраад чинийхээ дотор төөрч байна.

Би мэдсээн. Чамайгаа хэчнээн зовоож шаналгаж байснаа, байгаагаа би мэдсэн. Энэ захидлыг унших үедээ ч хоолой бачуурч, амьсгал чинь боогдож байгааг би мэдэж байна. Эмнээсээ хэдийг давхарлаж хөнтөрчхөөд арай ядан үсэг нийлүүлж суугааг чинь мэдэж байна. Чиний тарчлаантай хүнд амьсгал чихэнд минь сонсогдож, зүрхэнд минь жин татан хурж байна. Эндээс л би шархалсан зүрхнээс дутахааргүй шархлуулсан зүрх тэсэхүйеэ бэрх шаналдгийг мэдсэн юм. "Уучлаарай" гэх үг хоцорчихоороо энгэр цээжинд борооны хар үүл шиг жин татаж хургачхаад асгарах ч үгүй зовоох юм билээ. Тэртэй тэргүй тэр ганц үг чамд хангалтгүй байсныг ч би мэдэж байна.

Хавь илүү сайхнаар өршөөл эрж болдог сон бол гэж харамсах юм. Харамсал. Тийм ээ харамсал. Өнгөрсөн бүгдийг ахиж эхнээс нь давтмаар хүсэл төрөх юм. Ахиж нэг боломж олдоно л гэвэл чамайгаа өөрөөсөө ч нандигнан хайрладаг гэдгээ л үзүүлэх сэн.

Балчир ч байж дээ. Үнэндээ чамайг шархлуулсныхаа дараа л дэргэдэх эрээ хүндлэх ёстойг анх ухаарсан сан. Үлгэр дуурайл авах хүн минь унтаад эргээд сэрэхэд л орхиод одсоныг нь чи даанч мэдээгүй л дээ. Би үнэхээр мэдээгүй гэж өөрийгөө өмгөөлмөөр байгаа ч чиний тарчлангийн хажууд миний мэдсэн мэдээгүй нь хэчнээн цэнгүй тайлбар болохыг ч би мэднэ.

Нээрэн өчигдөр би чамайг зүүдэлж сэрсэн. Биес минь алсарснаас хойш 443 хоногийн дараа анх удаа зүүдэндээ жаргаж сэрлээ. Өглөө бүр дэрээ нэвширтэл уйлдаг асан нулимс минь ширгэж байх шиг байна. Чамгүйгээр хорвоог яаж туулна даа гэх сэтгэлийн зовлонгоосоо хагацаж байх шиг байна. Магад энэ бүхний учиг нь чамдаа шивнэсэн сүүлчийн үгийн хариу байх гэж хэлээд чамайгаа үүрд ч бай хамаагүй гэж шийдэн, өөрөөсөө салгаад нисгэчихсэн сэн. Аз жаргалын чинь учиг нь байж чадахгүйдээ, адаглаад зовлонг чинь нимгэлэх эрхгүйдээ би, дэргэдээс чинь ажиглаж л явъя. Эргэж харахгүй байсан ч зүгээр ээ. Амласан ёсоороо би чамайг хүлээнэ. Эцсийн амьсгаа татталаа би хүлээнэ. Эргээд ирээсэй гэж үнэнхүү хүсэх ч өөрийгөө дэндүү бөөцийлсөн тачаал гэдгийг ухварлах тул дэргэдээ уяж хаших бодолгүй байна. Чиний хэлсэн сүүлийн хэдхэн үг гол зурж цээж рүү шивнэ. Гэхдээ зүгээр дээ. Үлдээсэн тэр л газарт чинь сүүдрийг чинь харуулдан саравчлан зогсоо шүү. Хайрт минь...

Түр хүлээнэ үү...
Top