ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС 19: ЗҮҮДЭЭ УХРААН БОДОХ УЙ
2022-10-11 Илгээгээгүй зурвас 585

Хамгийн анх саахалт айлын ах гэж л таньдаг байлаа. Надаас 2,3 насаар ах л даа.  Одоо бодоход энэ төрх нь яг хэвээрээ хөөрхөн хүү байж. Шинэ сургуульд шилжиж очоод нэг сургуулийн сурагчид болцгоож 1 жил мэссэж бичиж харилцсаны дараа бид үерхэж эхэлсэн юм. Санаж байна уу? Эхний 7 хоног зүгээр л гудамжаар алхдаг, 2 дахь долоо хоногоос гар гараасаа хөтлөлцөж билээ. Сургуулийнхан бүгд мэддэг. Хөөрхөн хосууд гээд л завсарлагаанаар коридорт нэг нэгнийгээ харах гэж яарна, ангид гэнэт зайрмаг оруулж ирнэ. Тэгээд л нэг мэдэхэд түүнд эрхлэх гэж би ямар их хүлээдэг байснаа ямар үгээр илэрхийлэхээ мэдэхгүй байна. Өдөр хоног өнгөрөх тусам би түүнд маш их хайртай, бүр ухаангүй их хайртай болж байгаагаа анзаарч байлаа. Хичээл дээр ч бодогдоно, гэртээ харих замд ч бодогдоно, минут бүрт л бодогдоно. Уулзах цагаа хүлээхдээ яасан их догдолдог байсан гээч. Дэндүү сайхан мэдрэмж. Чамаас хойш би ингэж догдолж үзээгүй ээ. Зөвхөн тэр үеэ буцаан бодож, дурсаж өөрийгөө догдлуулдаг. Миний гараас барих, тэвэрч, хацар дээр үнсэх л хамгийн гоё мөчүүд байлаа. Чамайг дэмжих, урам өгөх миний хамгийн дуртай зүйл.  

Хоёулаа гэхдээ яг юунаас болоод салсан юм бол? Хоёр биетэйгээ холбоо барихааргүй болтол юу биднийг салгасан юм бол? Эхний 1 жил төгсөх анги байсан болоод ч тэр үү чамайг санахдаа санаж явсаар нэг мэдэхэд дуусчихсан. Харин оюутан болж эхлээд л их бодогдох болсон. Тэр үед чи хажууд байсан ч болоосой. Орой унтаж ч чадахгүй чихэвчээр хөгжим сонсож өөрийгөө ядрааж байж унтдаг болов. Өөр хүнтэй уулзах, үерхэх, өөр хүнд огт сэтгэл алдарсангүй. Найзууддаа мартаж чадахгүй байгаагаа хэлье гэхээр тэгж хэлж чадахгүй угаасаа л март гэж л хэлнэ. Хүслээр ч болдоггүй юм билээ. Зөвхөн чиний л тэврэлт, үнсэлт, үнэр л миний дотроос нэхээд байгаа юм шиг нэг л болж өгөхгүй. Өөр хүнтэй уулзаж, харилцаа холбоотой байх гэсэн ч чам шиг сэтгэгдэл, догдлол төрүүлэхгүй байсан болохоор тэгсгээд л холбоогоо тасалдаг байсан. Ингэлээ гээд найз охинтой хүн рүү холбоо барилтай биш гээд л өөрийгөө хориглоод л явдаг байлаа. Оюутны 4 жил яаж чамайг мартах вэ гэдэг бодлоор л дүүрэн байж. Зүүдэлж хонохдоо хүртэл яг уулзсан юм шиг баярлаж өдөржингөө зүүдээ ухраан боддог. Тийм арчаагүй болтлоо би чамд дурлаж, хайрласан.  Жилдээ нэг удаа миний төрсөн өдрөөр мэнд хүргэдэгт чинь харин их баярладаг байсан. Намайг мартаагүй байна. Миний төрсөн өдрийг санаж байна шүү дээ гэж . Тэр үед нь би чамд одоо ч гэсэн хайртай гэж бичээд ямар олон удаа арилгасан гэж санана. Дэндүү гэрэл гэгээтэй, үнэхээр л хүүхдийн ариун нандин хайр байсан болохоор одоо болтол ингэж сайхнаар дурсагдаж, сэтгэлд минь тод үлдсэн байх. Одоо ч гэсэн тэр үеийн тэр л хөөрхөн сурагч хөвгүүнд хайртай. Надад ярьж байсан ирээдүйн амьдралдаа заавал хүрнэ гэдэгт чинь итгэдэг шүү. Заавал амжилтанд хүрээрэй. 2 жил ч гэсэн хорвоогоос буцан буцталаа энэ дурсамжаар сэтгэлээ баясгаж амьдрах юм шиг байна. Хэзээ ч мартагдахгүй. Чиний үнэрийг одоо ч гэсэн санасаар...

Түр хүлээнэ үү...
Top