ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС 18: ХАМГААС САЙХНЫГ ЕРӨӨХ БОЛНО
2022-10-10 Илгээгээгүй зурвас 644

Сайн уу? Чи минь чилийсэн урт өдрүүдийг ганцаараа туулна уу, хоёулаа туулна уу? Халтирч унахад чинь чамайг хүн түшнэ үү? чи түшнэ үү?

Хамгийн сүүлд уулзсанаас хойш хоёр жил өнгөрчээ. Сүүлд утсаар ярихад би бас л учиргүй уйлж байжээ. Яалаа даа, хүрээд ирж чадах уу, үхэх гээд байгаа юм шиг дотор давчдаад байна л гэж байсан санагдана. Ирэхгүй гэдгийг чинь мэдэж байсан ч уйлаад л яриад байж билээ. Дуусах ёстой байхад яагаад ч тэгж их торгоохыг хүсээд байсан юм. Ганцаардахаас, чухал хүнээ алдахаас л үхтлээ айсан байх. Хаагуур юу хийж явааг чинь мэдэхгүй юм. Юу хийж явааг чинь мэдэхгүй байх ч таатай юм. Чиний тухай сонсох хамгийн эхний мэдээ чамайг аав болсон талаар байгаасай л гэж хүснэ ээ.Өнөөдөр чамд захиа бичихээр шийдээд "бид" хаанаас эхэлсэн юм бол гэж хэсэг бодож суулаа. Тэгэхэд чи ч жаахан, би ч жаахан байжээ. Дүүтэй болсонд чинь баяр хүргэе гэж хэлээд гараа сунгатал чи учиргүй ярвайгаад, гарыг минь барилгүй Баярлах үйл явдал биш ээ гэж хэлж билээ. Хөрстөд унаа ч үгүй байгаа хүүхдийг үгүйсгэх чамайг хараад яагаад ч юм дотор эвгүйцсэн. Бүхэл оршихуйг үгүйсгэж болдгийг анх удаагаа харсан нь энэ. Тэгэхэд л хойшоо хоёр алхах хэрэгтэй байж дээ. (Одоо дүүдээ ямар их хайртайг чинь мэднэ шүү.) Эргээд бодохнээ энэ л цэгээс бидний зовлон эхэлсэн юм шиг. Энэ үеэс л чиний нэхэх утсанд би орооцолдож эхэлсэн. Аажим аажмаар, алгуурхан ягуухнаар. Бид уулзаж ярилцан, өөрсдийн нандин бодлуудаа хуваалцах бүрийд чиний нэхэх утас улам зузаарч өргөссөөр, би ч дуртайяа өөрийгөө ороосоор л байсан. Гэнэтхэн чангалж татахад чинь л энэ олон жил намайг ороосон чиний нэхмэл хүзүүг минь дулаалах ороолт биш, хүүхэд насыг минь хөнөөх бүдүүн олс байсныг ухаарсан даа. Хүүхэд нас минь чамтай хамт дууссан юм шиг л санагддаг. Тэр шөнө хүүхэд нас минь чиний гарт амь тавьсан. Хүсэж зорихоос, хайрлахаас, өршөөхөөс айж эхэлсэн. Чи намайг ойлгож чадах юм шиг санагддаг гэж чи хэлж билээ. Нэг сарын өмнө өвөө маань бурхан болов. Ийм өдөр ирэхийг мэдэж байсан учраас сэтгэлийн бэлтгэлтэй байлаа. Анх өвөөг бурхан болсныг сонсоход нүдэнд нулимс мэлтэлзээд л өнгөрсөн юм. Харин өвөөгийнхөө гэрт очиход, бодит үнэнтэй улаан нүүрээрээ халз тулгарахуй хөрст дэлхий хөмөрчих шиг л, би би биш болчих шиг л болов. Гэрийн хойморт бурхан байна, хадаг байна, зул байна, маанийн ая эгшиглэж байна, эмээ минь эрх зүүчихсэн сууж байна, гэр дотор бүрсгэр, хүмүүсийн царай дүнсгэр. Тэссэнгүй дээ. Ээж минь тэсэж чадсан нулимсыг би ер тэссэнгүй. Гадаа гарч, дороо сууж байгаад учир мэдэхгүй дүү нараа айлгачихгүй гэсэндээ амаа гараараа дарж байгаад уйлж гарсан. Бид үхлийг дутуу үнэлдэг. Тэр үед ч, энэ үед ч чи ч, би ч - бид ч үхлийн мөн чанар-ыг огт таниагүй байж. Зугаатай хөнгөхөн зүйл шиг л хэлэлцэж, тэнгэрт дэрвэж явжээ. Өвөө бурхан болсны дараа чи хажууд минь байсан бол аштай юу, түшигтэй сэн гэж бодсон. Дараа нь ингэж бодсондоо дотор муухайрсан шүү. Чамайг хэзээ ч сайн сайхнаар дурсаж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон доо. Одоо санахнээ сүүлд уулзахад ч би уйлаад л байсан юм байна. Бүтэн цагийн турш элдвийг гомдолж, үглэж, нусаа татаж, уйлж явсан. Хөл учиргүй холгоод замдаа хэд хэд амарсан шүү дээ. “Холгоод, бариад байгааг нь мэдэж байгаа юм байж өмсөхөө боль” гэж чи хэллүү дээ. Харин би “Үнэтэй авсан болохоор өмсөхгүй бол болохгүй” гэж хариулсан. Чи “Тэгээд чиний хөл үнэгүй юм уу?” гэж билээ. Тэр өдрөөс хойш холгодог хараа өмсөхөө больсон доо. Одоо дүү өмсөөд л жирийж байгаа. Гадаа дэндүү дулаахан, намар байсан юм байна. Тэр өдөр уйлаад л, үглээд л байсан хэрнээ гомдол ер тайлагдахгүй байсан. Гэрийн үүдэнд хүргэж өгөөд намайг тэврэхэд чинь би “Хоёулаа ахиж уулзахгүй юм чинь ингээд удаан зогсоё” гэж хэлсэн юм байна. Үнэхээр ч үүнээс хойш хоёр жил өнгөрчээ. Барааг чинь харсангүй. Хоолойг чинь сонссонгүй. Нээрээ ажил чинь сайн уу? Би сайн байгаа. Худал үгс биш шүү. Ажил урагштай, сургууль ч урагштай. Амсхийх ч завгүй ажиллаж, заримдаа хоол ч идэх завгүй хичээлээ хийж байгаа. Найзуудтайгаа хөгжилтэй, гэрийнхэнтэйгээ нийцтэй. Ёстой л нэг ажин түжин, үнэхээр сайн байгаа шүү. Заримдаа гуниглах ч завдал гарахгүй өдөр дуусчих юм. Ийшээ тийшээ адгасан, сурч мэдэхийн хүслээр цалгисан энэ амьдралдаа хайртай. Харин чи амьдралдаа хайртай юу? Хайргүй гэвэл хариулбал би жаахан баярлах юм шиг ээ. Үнэндээ чамайг сайн сайхан явж байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж чаддаггүй юм. Аль болох л гуниглаж, гудайж явбал би чамд баярлана. Би ч хувиа хичээсэн, увайгүй зантай, амны бэлэггүй амьтан юм даа. Аав болоход чинь л чамд сайн сайхныг хүсэж чадах юм шиг ээ. Яагаад бүтэн хоёр жилийн дараа ийм захиа бичиж, хэн хэнийхээ мэдэх дурсамжуудыг бичиж сууна вэ гэвэл өнөөдөр би чамаас, чиний үлдээсэн шархнаас ч тэр чигтээ ангижрахыг, ахиж өөрийгөө шалзлам халуун усаар шүршихээ болихыг (үнэнээр нь бичихэд хааяа хааяа шүршүүрт орж байх үед чи харваж орж ирдэг юм, тэгмэгц л усныхаа халууныг нэмэгдүүлж, учиргүй биеэ үрж, үсээ зулгааж эхэлдэг дээ), өөрийгөө ч өрөөлийг ч буруутгахыг, нэгэнт өнгөрчихсөн борооны араас цув нөмрөөд л зогссоор байхаа, хэчнээн уучилж, өршөөх ёстойгоо мэдэж байгаа ч харамссаар байгаагаа, өөрийгөө утгагүй их ядраан байж гунигладгаа болимоор байна. Нэг мөр чамд, бидний дурсамжуудад, биеэр минь дүүрэн үл үзэгдэх шарх сорви болгонд томоос том цэг тавимаар байна. Энэ захиаг бичиж байх үедээ бас л усан нүдлэх байх гэсэн уйлсангүй. Хүсэж байсан тайтгарлаа ч олох шиг болов. За, баяртай миний үнэнч найз, үүлгэр зовлон, үүтгэл сүйрэл, лай ланчиг, уйтай дурсамж минь. Аан тийм, аав болохоороо над руу утсаар яриарай. Би чамд чин сэтгэлээсээ баяр хүргэж, хамгаас сайхныг ерөөх болно оо!

Түр хүлээнэ үү...
Top