ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС 17: ХАМТДАА ТУУЛСАН НЭГ ЖИЛ, МИНИЙ СЭТГЭЛД МӨНХИЙН ЦАГ ХУГАЦААГ ОЛЖЭЭ
2022-09-28 Илгээгээгүй зурвас 1134

 

                Өчигдөр бас л уучихлаа. Үүрээр CU орж сууж байгаад тэндээ унтчихаж. Өглөө хажууд хүн гоймон сорох чимээнээр сэрлээ. Нүдний булай. Өндийгөөд харсан нэг оюутан охин  нэг амьсгаагаар гоймон идэж энэ тэр. Санаа зовоод эгцэлж ч харж чадалгүй л ум хумгүй алга боллоо. Шартаад сэтгэл санаа най алга. Хямраад, хоосроод шарталтын сэтгэл гутрал дотроос идэхийг яана. “Илгээгүй захидал” гэж булан байсныг санаад гэртээ ирээд үүнийг бичиж сууна.

Мэдээж өчигдөр бас яаж зүгээр байхав, бас л залгачихаж. Одоо үүндээ ч нэг их харамсахаа больж дээ, эвлэрч. Цагаандаа гарсан гэдэг нь юм уу даа. Дээр хүнсний нэгийн зам гарч байхад чамтай зөрсөн. Хамт явсан чинь танай шинэ найз залуу юу. Цаашаа бүр алхахад хэцүү байв даа. Хөл тушигдчихсан юм шиг болсон шд ккк. За энэ ч яах вэ.  Хүн хүнээс их сонин сонин зүйл санах юмаа. Зарим хүний үнэрийг, зарим хүний үсийг, зарим хүний гар хурууг, зарим хүний хайр халамжийг, зарим хүний дуу хоолойг. Харин чиний яг юуг ингэтлээ санаад байдгаа ойрд хэсэг бодож байна.

Салаад таван сар болжээ. Сэтгэлийн цаг хугацаа гэвч өөр юмаа. Хүний сэтгэлийн цаг хугацаа их замбараагүй урсдаг юм байна. Бидний зохиосон он тоолол шиг ар араасаа урсан хөвөрдөг дэс дараатай биш. Тийм учраас хүмүүс эмх цэгцтэй байхын тулд ийм он тоолол зохиогоо биз. Гэвч сэтгэлд өөрийн гэсэн цаг хугацаа бий. Миний сэтгэлийн цаг хугацаанд чи бид хоёр салснаас хойш таван сар өнгөрөөгүй. Яг салсан тэр мөч дээрээ гацчихсан юм шиг санагддаг. Чамтай туулсан нэг жилийн амьдрал миний сэтгэлд мөнхийн цаг хугацааг олжээ.

Хэн нэгнийг хайрлах хүчээ чамтай цуг алдсан юм шиг мэдрэмж төрж байна. Хэнийг ч хайрлахгүй, хэнд ч дурлахгүй. Сайхан хайр, ариун нандин сэтгэлд итгэхгүй болчихож. Энэ нь амьдралын үнэн мэт санагдаад байгаа нь хоржоонтой. Би амьдралыг сүүдэр талаас нь харж байх шиг. Би сүүдэрт зогсчихоод хорвоог сүүдэртэй гэж байх шиг. Гэрэл гэгээ минь бөхсөн.  Энэ амьдралд итгэж болох бүхэндээ итгэж тэр бүрээр урмаа хугалуулсан. Хайр л гэнэ. Үүрд л гэнэ. Мөнх л гэнэ. Бурхан л гэнэ. Хараагүй үзээгүй хаана ч үгүй зүйлийг дээдлэх, бишрэх амархан л даа.

Ахиад ганцхан удаа чамайг авахсан. Арьсныхаа ширхэг бүрээр мэдрэхсэн.  Үсийг чинь илбэхсэн, гараас чинь хөтлөхсөн. Тэврэхсэн, унтахсан, шөнө дунд өнгөртөл ярилцах сан. Дуулах сан, уйлахсан, чиний дуртай дуунуудыг тоглож өгөхсөн. Хамт хоол идэхсэн, дэлгүүр хэсэхсэн, цуг явж хүнс цуглуулахсан. Хэн нэгнийг ам нийлж магтахсан, муулахсан. Ууж суухсан. Маргааш нь хамт шартаж  согтуугийн явдлаа ярьж инээлдэхсэн.  Уг нь ердийн л зүйлс. Гарын үзүүрээр биелүүлчих ийм амархан үйлдэл ганцхан чи л байхгүй болохоор миний мөрөөдөл болчихоод байна.

                Гэрийнхэн чамайг асуух юм. Намайг хараад өөрсдөө яасныг маань мэдчихээсэй гэж би хүсэх юм. Ийм юмыг хэн нэгэнд тайлбарлаж долоон булчирхайгаа тоочих хүсэл ч алга. Цаашдаа яах, хэрхэн амьдрах, хорвоог яаж туулах, хаа нэгтээ инээмсэглээд алхаж яваадаа гэж бодохоор хаашаа ч яваагүй мэт санагддаг чи минь дээ.

                Дотор гайгүй болох янзгүй. Тааз ширтэж баахан хэвтлээ тарчилж үхэх нь ээ. Төгөлдөр хуур дээрээ чиний дуртай хэдэн дуу тоглов. Тэгээд завсраараа ийм нэг юм бичлээ.  Шартсан надад хорвоог туулахаас өнөөдрийг давах л хэцүү санагдаж байна даа.

               

 

Түр хүлээнэ үү...
Top