ИЛГЭЭГЭЭГҮЙ ЗУРВАС 16: БИ ГУНИГ ДУРЛАЛЫН ТУХАЙ БИЧИХ ГЭСЭНГҮЙ
2021-12-03 Илгээгээгүй зурвас 1538

Сайн байна уу. Илгээж чадахгүй үгсээ "Илгээгээгүй зурвас" буланд зориглон хаяглалаа. Нийтлэхгүй байсан ч хүлээж авснаа хариу мэдэгдэхийг хүсье. Баярлалаа. 

Голоос шидэгдсэн элгэн чулууны чийг хатавч дотор нь горхи хоржигонон урснам. Цүлхгэр улаан нарны улирал цааш хэвийж, илч нь бууравч цөмдөө аагим шатнам.  Саран өнгөтэй цэцэгсийн даль хагдравч, үндэс нь газрын судал орооном. Тэнгэрийн нил цэнхэр шөнөдөө унтравч, гэгээ нь сүүн голдоо цутгаж, чи бидний цаг хугацаа урсан одовч зүрхэн гүндээ л цогшном. Аниатай нүдээ хүчлэн нээхдээ л харсан бүхэн минь  үнэн мөн чанартай ч, олж харж чадашгүй, хүрэшгүй бүхэн минь ганихрал болж дотор ээддэг ажээ.  Хав халуун насны минь аагь өрцөн цаанаас нэвт төөнөвч би гэдэг хүн цасан хөшигт өвлийн өглөө шиг цэл хүйтэн сэтгэлээр чинь эгнэгт дутаж явах нь нэгэнт л үнэн болчихсон. Энэ гэнэт л тохиочихсон. 

 Энд би, энд би гуниг-дурлалын тухай бичих гэсэнгүй. Цэх шулуун сэтгэл минь хүнд хүчрийг тань даахгүй нь хэмээн адгасан туйлбаргүй сэтгэлийнхээ тухай ч бичих гэсэнгүй. Олон олон зууны онхи халуун сэтгэлнүүдээр эд цөм бичигдчихсэн шүү дээ. Энд би харин  цасны цагаан, өвлийг тунгалаг, нулимсны төөнөм илч, тэнгэрийн анир гүмд итгэдэгээ, мөн харах нүдний гэрэл гэгээ минь болсон чинийхээ тухай л буулгах гэсэн минь. Далайн түрлэг эргээ ширвэн цойлдог нь тэнгисийн эргийн гэрэлт цамхагийн дээрх өчүүхэн гэгээнд тэмүүлдэгийнх байх. Тийм ээ, би тэр их л гоо далайн хэдхэн дусал нь, харин чи гэрэл гэгээ нь байж дээ. Гэвч эрт уртдын цагт гэж эхэлдэг шидэт үлгэрүүд эрт урьддаа л төгсчихсөн байдаг юмсанж.

Анх чамайг олж нээсэн тэр өдөр оршихуйн чинь гүн ухлаадас миний сэтгэлийг хунираан бат тогтож,  гэнэ сэргүй байсан зэлүүд зүрхэнд минь алаг нүдэн цэцэг атар газарт халиуран ургасан нь чи хэнэг ч үгүй ихэмсгээр тэнд дурлалын халуун үрээ цацсанын байж. Тийм ээ чи цэцэгчин. Харин зүрх сэтгэл минь цэцэгчнийх бас цэцгийнх. Олноос ялгарах зүйлгүй чиний эгэл болхи төрхний цаана уулга алдам зуны гэнэхэн салхи сэвэлзэхийг , гагцхүү тэрхүү салхинд сэтгэлийн бүч минь сэрхийн дэрвэхийг би гэнэтэд л мэдэрсэн, мэдэрсэн биш ээ, бүр ухаарсан гэх үү дээ. Гэвч чи бол адгуу салхин, хурууны хээгээ ч үлдээлгүй сэмхэн дутаан одогч. Намрын навчсыг хуйлруулагч , өвлийн цасыг догшруулагч , хаврын хавсаргат шуурга , зуны ариун сэвшээ л байж дээ. Үл үзэгдэх төрхний чинь цаана нуугдах өчнөөн мэхийг чинь би бүгтхэн гадарлаж , өөр сайхныг нь ч бас мэдэж л байлаа. Бүхнийг зүрхлэгч зүрх минь бүрэг дорой инээднээс чинь халширсандаа өөртөө чамайг агуулж зүрхлээгүйдээ л өрөөлийн энэлэн болгохоор өөрөөсөө түлхэн явуулсан юм шүү. Барихын аргагүй чамайг барахын аргагүй тэнүүн талд гүйцэж очих зам ер байсан гэж үү. Тийм зөн зүүд гэж огт үгүй,  мөн зүрх зориг нь ч надад байгаагүйгээс гадна чамд хүрэх хангалттай урт зөрөг зам байгаагүй л гэж өөртөө итгүүлэхийн тулд, өдөр бүр дотроо нуусан чамайг гээхээр энхэл донхол бүрийд дэгдчин явнам би. 

Одоо надад, тэнгэрт мандах саран шөнө шөнөөр нимгэрэхийг, тэртээд хурсан цас өвөл өвлөөр дундрахыг мэдрэх, хоосон гэсэн бүхнээ хоосноор дүүрнийг, гүн гэсэн бүхнээ гүехэн гэдгийг таних л ноогдож. Сэтгэл дотор тань хэнийхээс ч илүү нинж халуун сэтгэл байдагт, надаас илүү надтай ижил гэдэгт тань итгэх. Үүрд гэдэг үгийн бүдэг бадагтай, үлдсэн амьдрал гэдгийн сайн сайхантай эвлэрэх л үлдэж... Гэвч сайхаан, хөнгөн гунигтай, хөлчүү зүрхтэй хоцорсон ч чиний сүүдэр туссан чулуу бүхэн надад сайхан санагдаж байна. Энэ бүх сайхныг, үл ялиг гашуун эхүүнийг, үгтээн дэвтээх бодролыг үлдээсэнд чинь харин баярлалаа гэдгээ л би хэлэх гэсэн юм. Баярлалаа. Амь халуун хүн гэдгийг минь мэдрүүлсэнд тань талархлаа. Чамтай ярилцаж, инээж өнгөрсөн бүх дурсамжаа би заримдаа энхэл багын хүүхэлдэй шигээ л элгэндээ өвөртлөөд унтдаг юм. Их биш л дээ гэвч, тийм дулаан илчит шөнүүдийг би өглөөний нарнаас хэрхэн нууж чадах сан билээ дээ. Чиний хувьд үүрийн өвсний үзүүрт халирах шүүдэр байгаад замхарчихсан тэр мөчидхөн бүхэн миний хувьд зүүдэлж ч байгаагүй догдлол, хүлцэл, амь бөх мэдрэмж байсан юм шүү гэдгийг санаж яваасай л гэж хүснэ. Гэвч, өдрийн сэхүүн салхинд сэмрэх сэмжин үүлс шиг энэ бүхэн чимх чимхээр замхран одовч  үүнд би огтхон ч харамсахгүй байна. Цаг хугацаа авах ёстойгоо л шүүрэн одож буй нь энэ биз ээ хэмээн бодож сууна. 

Гагцхүү буй бие минь хүлээлтээр халгин дүүрээд, хүлээлтийн хахир нум минь тэрслэн хөвчрөхдөө тэсгэл алдан буруу газраа хугарчирсан л даа. Чамтай инээж алхсан тэр үеийн нандин мэдрэмжийг ширвээд л өнгөрдөг асан гудамж тохой бүрээсээ хайн адгахдаа хэн нэгний уруулын хээг хэлээрээ цөхөн тэмтэрч, тэднийг чамтай тэгшитгэхийг хүсэхдээ их, бага, тэнцүүгийн тэмдгийн учрыг олох гэж  дотроо гашилган, сэтгэлээ залгилж яваа минь л чухам үнэн. Өөрийгөө чамаас хайхдаа өвөрт байсан бүхнээ сэгсэрчихснийг минь чи уучлаарай. Гэвч одоо би, намрын талд ижийгээ даган хаа нэг бүртийх хар хомоолыг зүдэн барин хормойлдог байсан шигээ өөрөөсөө хулгайлаад чам руу асгачихсан бүхнээ ирээдүйгээсээ хайн бэдэрч явна. Гэлээ ч би олохдоо итгэдэг болсон. Ядаж л надад ижийгээсээ үгтээж хоцорсон ирээдүйн гэгээд итгэх сэжим үлдсэн байж. Одоогийн би эмтэрч хэдий баларсан ч эвлэж өөрийгөө зүйх замаа олсон шиг байна. Хайрласан, хагацсандаа огтхон ч харамсахгүй, харин ч дотор минь дутсан мэдрэмжүүдийн гинжин хэлхээнд тэд нэг нэгээрээ ган мэт гагнагдаж, хэзээ хойно орчлонгийн халуун элгэнээс зуурч үлдэх зангуу минь болно гэж бодохуйд жаргал гэдэг надаас ямхын зайтай л санагдаад, намрын хүйтэн өдөр нар бараадан алхах шиг буй бүхэн сайхны өнгөөр шаргалтан туяарч байна. Хэн нэгнийг үггүйгээр анир гүмд явуулж, үймэртлээ их хайрлаж чадахыг минь өөрт минь харуулсанд, өгсүүр замын хойно ч цуцалгүй халиран одсонд тань талархаж байна. Жирийн бидэн нэгэндээ жирийн огт санагдаагүй, жир бус өдрүүд бидний цаг хугацаанд л үлдсээн. Баяртай. 

Жирийн бидэн нэгэндээ жирийн санагдаагүй

Жир бус өдрүүд бидний цаг хугацаанд л үлдсэн

Агаарт хатаан өлгөсөн чийгт мэдрэмжүүд дундаас

Амьсгалах бүртээ бид догдлол уушгилж байсан 

Гэрийн урдах модон сандлыг

Навчсаар хулдан дулаалсан 

Жингэнэх савлуурын гинжийг

Цэцгээр зүйж гоёсон

Жилийн хамгийн богинохон өдрийн

Жинхэнэ боловч мөчидхөн уулзалт

Агаарт бидний амьсгал хөхийж

Догдлол, бишүүрхэл болон цантаад

Алтрах оддын туяа

Миний л нүдэнд очтоод

Хотын бүүдгэр тэнгэр

Сүүн замаа зурайлгаж

Хорчийж хатсан саран

Ердийнхөөсөө ч хурц гэрэлтээд

Тэнд би, цаг хугацаатай эгчин дүүс болоод

Тийм алгуураар, анх удаа л тайван оршиж үзсэн 

Биелээсэй гэж хүсээгүй зүүд зөн

Бичиж ч зүрхлээгүй гэнэн хайлган мөрөөсөл

Итгээгүй, энэ бүхэн минь өөрөө ирлээ гэж мэдрэгдэхэд

Итгээч гэж хэлээгүйн чинь учир л чамд би итгэж орхисон 

Гэвч, ямар ч мэдрэмж төгсгөлийнх байдаггүйг

Гэнэн сэтгэл ямагт намарт жинддэгийг нь мэдсэн

Гунигтай төгсгөлд дуртай, бүр хайртай 

Гутлынхаа хоншоорыг ширтэн эгэл ноомой алхдаг чи

Гэхдээ л хайртай... гэх энэ хэмгүй дорой үгний минь 

Хэн ч олж мэдэхгүй эзэн нь болсон чи 

Одоо

Намар хийгээд навчсыг мартдаг шигээ чамайг үгүйлэхээ болиод 

Надтай учрах бүхний өөдөөс дурсамжаа тээгээд эрэмгий алхана

Харийн тэнгисийг агуулагч цалгиун тэнгэрийн дор

Хотын өвлийн хүйтнийг нэгэн нарыг бараадан давна 

Улирсан энэ намрыг би чиний өнгөөр дурсана, чи шаргал болохоор

Учирсан амраг бүрээ би чиний нэрээр дуудна, чи дурлал болохоор

Хайртай гэж ерөөс бодохгүй, энэ үнэн болохоор

Харамсаж би бүр чадахгүй, жаргалтай байсан болохоор 

Хэлж амжсан үгс минь үйрч, хэлэгдээгүй нь дотор дүүрч

Хариг харуй сэтгэл минь тэнгисийн цамхаг мэт гэрэлтсэн, гэвч 

Жирийн бидэн нэгэндээ жирийн огт санагдаагүй

Жир бус өдрүүд бидний цаг хугацаанд л үлдсэн

Гагцхүү

Ганцхан харсан чамдаа би жаргал ерөөнө хонгор минь 

Гараас минь атгасанд баярлалаа, үлгэр ч ингээд төгслөө 

Түр хүлээнэ үү...
Top