Ном зохиол дээр гардаг шиг л чин үнэн хайрыг мэдрүүлсэн голт зүрхний хайрт минь. Санахаараа эргүүлж тойруулан уншиж өөрийгөө тайтгаруулдаг чамд зориулсан тэмдэглэлүүдээсээ нэгтгээд илгээгүй зурваст илгээлээ.
Чиний тухай бодох бүрт зүрхэнд мэдрэгддэг нөгөө мэдрэмжүүд одоо ч хэвээрээ. Салаад, нийлээд дахиж нийлээд дахиад л салаад чамгүй хугацаа өнгөрч байгаа хэрнээ л мэдрэмжүүд дурсамжууд яг л урьдынх шиг намайг догдлуулж бас гуниглуулсаар... Салалт... хэн нэгний үнэ цэнэ, орон зайг улам гүн гүнзгий мэдрүүлдэг зүйл ажээ.
Арван долоотой жаахан охин хайр гэж юу байдгийг огт мэдрээгүй явсаар чамтай учирсан сан. Анхны хайр минь нэг л өдөр зүрх сэтгэлийн хаалгыг цэлийтэл нээснээ асуух ч үгүй шууд л ороод ирсэн. Тэгээд л чамд уусчихсан бүрмөсөн. Ангиас гадуурх анхны уулзалт, гараас минь атгасан тэр өдрөөс хойш чи миний зүрх сэтгэлийн нэг цул хэсэг болчихсон. Харахаар л хамаг хайр хүрч дэргэд чинь нялх хүүхэд шиг л аашилдаг сан. Яагаад өөрийгөө тийм үйлдлүүд хийдэг байснаа одоо гайхаад олдоггүй шдээ. Ингээд л надаас залхсан юм болов уу гэж өөрийгөө буруутгана...
Хамгийн амар тайван амгалан газар бол чиний тэвэр чи үүнийгээ мэдэх үү. Тэр энгэрт одоо дахиж тэврүүлбэл хэзээ ч холдохгүй гэж би үргэлж мөрөөддөг.
Заримдаа чи, чи бид хоёрын бүтээсэн дурсамжууд зүгээр л хий хоосон миний бодол, төсөөлөл байсан бол яанаа гэж айдаг. Инээдтэй байгаа биз. Би чамайг ингэж ихээр үгүйлж санаж шаналж байгаа шиг чи намайг санаж байгаа болов уу. Миний орон зай чамд үгүйлэгдэж байгаа юу.
Огт муудалцаж ам зөрж бие биенийгээ гомдоосон үйлдлүүд хийгээгүй атлаа бид салчихдаг, тусдаа болчихдог. Тэгээд уулзалгүй, холбоо барилгүй хэсэг хугацааны дараа таарахаараа бие биенийгээ маш их саначихсан байдаг тээ. Ингээд л аз жаргалтай өдөр хоногууд өнгөрч байснаа гэнэт дахиад л таг алга болчихно. Ийм гунигтай харилцаатай болсон доо харамсаж, чамайг хайрлахаа больж чадахгүй өөртөө урам хугарч, найзууд гэрийнхэндээ дахиад салчихсан гэж хэлэхээс зүрх урагддаг сан. Тээр би чамд хэлээ биз гэж тэд ам асууна. Би харин дотроо гэхдээ л хамтдаа байхад сайхан байсан юм чинь гэж чамайг өмөөрч, өөрийгөө тайтгаруулах гэж хичээнэ. Хэчнээн гунигтай гээч. Чиний гуниглалыг, орчлон хорвоог бусад шиг хардаггүй хачин этгээд бодлуудад чинь би хайртай. Бодит байдлаас илүү бодолдоо амьдрах дуртай чи намайг зүгээр л гэнэт тоохоо больчихдог би харин араас чинь зууралдалгүйгээр орхичихдог. Ингээд л миний шаналал, гуниглал намайг сайн уу дахиад л чи юу гээд угтдаг сан. Ийм харилцаатай болоод бүхэл бүтэн зургаан жил өнгөрчээ. 2296 өдөр, өдөр бүр би чиний тухай бодсон. Зарим өдөр нь чамайг үзэн ядаж, уур хүрч, гомдсон ч хайрласан, санасан өхөөрдөж, инээд хүрсэн өдөр нь илүү олон шүү.
Одоо би чамайг хаана байгааг мэднэ, гүйгээд очмоор байгаа ч намайг түлхэх вий гэдгээс зүрх хүрдэггүй ээ. Яах ч ёстой юм. Гэхдээ ганц л зүйлийг сайн мэдэж байна. Цаг хугацаа яаж ч өнгөрч, юмс яаж ч өөрчлөгдсөн чамайг гэх хайр миний зүрх сэтгэлээс огтхон ч арилалгүйгээр намайг дүүрэн санагдуулж, догдлуулна гэдгийг. Угаас хайрлах гэдэг чинь мартахгүй байхыг хэлдэг гээ биз дээ тээ. Хайрладаг даа чамайгаа гунигийн нүдэт минь.