Чингиз Айтматов бол Киргизстаны нэрт зохиолч, социалист реализмын үеийн уран зохиолын тод төлөөлөгч. Анхлан төрөлх хэлнийхээ уран зохиолоос орос хэл рүү орчуулж, улмаар өөрийн зохиол бүтээлээ туурвиж эхэлсэн тэрбээр олон арван уянгын тууж, “Зуунаас ч урт өдөр”, “Цаазын тавцан” зэрэг улс төрийн сэдэвтэй романууд бичсэн. Зохиол бүтээлүүд нь дэлхийн олон хэлнээ хөрвүүлэгдэж, уянгын туужуудаар нь цөөнгүй кино бүтээгдсэн гээд тоочвол намтар арвин нэгэн.
Түүний бүтээлүүдтэй бид ахмад үеийн гарамгай орчуулагчдын шимтэй сайхан монгол хэлээр танилцсан нь бас нэгэн завшаан. “Цайран харагдах хөлөг онгоц”, “Далайн хөвөөний алаг хав толгой” зэрэг туужууд, “Зуунаас ч урт өдөр”, “Цаазын тавцан” роман гээд дорвитой бүтээлүүдийг нь С.Бадраа, Г.Аким, Г.Амар нарын тулхтай орчуулагчид монголчилж уншигчиддаа хүргэсэн байна.
Энд өгүүлэх “Жамиль” туужийг нэрт сэтгүүлч С.Жамбалдорж 1964 онд анх орчуулсан агаад “Монсудар” хэвлэлийн газраас утга зохиол цувралаараа дахин хэвлүүлсэн нь нэн олзуурхам. Монгол хэлнээ орчуулагдсан бүх л бүтээлийг нь сонсож дуулж, уншсан хэрнээ энэ туужийн чухам хаагуур нь тойрчихсоноо гайхан байж уншиж дуусгав, миний хувьд.
Уншигчдын хувьд “Жамиль” хэмээх бүсгүй хүний нэр хийгээд “Дэлхийн хамгийн сайхан хайрын түүх” хэмээх Луи Арагоны үгтэй ягаан гадраас нь энэ номын тухай ерөнхий төсөөлөл буух биз ээ. “Хайр” хэмээх бүхий л урлагийн мөнхийн сэдвийг тойрсон уран бүтээлч гэж үгүй боловч харин энэ мөнхийн сэдвээр мөнхийн бүтээл туурвина гэдэг л хамгийн амаргүй билээ. Тэгвэл Чингиз Айтматов хайрын тухай чухам яаж бичсэн болоод хамгийн сайхан хайрын түүх хэмээн үнэлэгдэж, өнөө ч уншигдсаар байна вэ?
Үнэндээ монгол уншигч бидний хувьд нүүдэлч угсаатай Чингиз Айтматовын зохиол бүтээлүүд илүү ойрхон ч буух талтай. “Жамиль” туужийн эхний хуудсыг сөхөхөд л тал нутгийн таана агь ханхалсан салхи сэвэлзэж яг л Монголынхоо хөдөө талд оччихсон явах шиг сэтгэгдэл төрнө. Киргизийн буйд тосгон. Тал нутаг, тариан талбай, намрын улирал... Дэлхийн II дайн эхлээд гурван жил болжээ. Идэр эрс цэрэгт мордож, эмс, хөгшид, хүүхдүүд гэсэн буурайхан иргэд бууриа сахин үлддэг нь дайны жилүүдийн дасал болсон дүр зураг.
Ард үлдэгсэд ахуй амьдралаа залгуулахын зэрэгцээ тариан талбайд ажиллаж, морин тэргээр буудай зөөн фронт руу явах галт тэрэгний буудалд хүргэнэ. Жамиль бүсгүйн эр нөхөр Садык ч бас фронтод дайтаж яваа. Идэрмэг, золбоотой Жамиль бүсгүй хүн хүч хүрэлцээгүйн улмаас фронтод хүргэх буудай зөөх ажилд дайчлагдаж, эрчүүд голдуу зүтгэдэг ажлын талбар руу явуулахаас зүрхшээсэн хадам эх нь хүү Сеитийг бэр эгчийгээ харж хамгаал хэмээн хамт явуулах шийдвэр гаргана. Үнэндээ дайны бэрх цагт хүн бүл цөөтэй үлдэнэ гэдэг амаргүй. Дээр нь сайхан төрсөн бүсгүй хүн хаана ч явсан бусдын харааг булаах тул хадам эх бэргэнээ битүүхэн харамнаж, болгоомжилж буй нь тэр ээ. Энэ болгоомжлол нь зөв ч, зөнтэй ч байдаг.
Дайны шархтай буцаж ирсэн битүүлэг, дуугүй хархүү Данияр жаалхүү Сеит, Жамиль хоёртой хамт ажиллахаар болжээ. Тэдний харилцаа эхэндээ хөгжөөнтэй, тоглоом наргиантай байв. Гэвч өнчин өрөөсөн өсөхийн зэрэгцээ дарийн утаа үнэрлэж, дайны галд ширээгдсэн Даниярын дүнсгэр төлөв байдлын цаадах уужим, халуун сэтгэлийг Жамиль бүсгүй аажмаар танин мэдэж, нэг л өдөр тариа хүргэчихээд буцах замдаа энгэрийг нь түшин суухад хүргэдэг. Юу тэднийг ийнхүү холбов?
Тал нутаг шигээ талбиун уужим сэтгэлийг нь Жамиль Даниярын дуунаас анх мэдэрдэг. Ярихдаа тааруу, дүнсгэр Данияр дуундаа чин зүрх, үнэн сэтгэлийнхээ хөг аялгууг шингээж дуулдгийг, харин тэр зүрх сэтгэлд нь зөвхөн өөрийг нь гэх хайр төдийгүй эх орноо, тал нутгаа, амьдралын сайхныг хайрлах хайр ундарч явдгийг Жамиль танин мэддэг. Гэтэл эр нөхөр болох Садыктаа тэр хулгайлагдан ирж гэргий нь болсон, дайны талбараас гэрийнхэндээ ирүүлсэн захидлыг нь унших бүртээ догдон хүлээх ч Садык захидлынхаа төгсгөлд өөрийнх нь талаар ердөө ёс болгож асуудаг хэвээр л... Тийнхүү тал нутагт цуурайлах эгшиг дуу адил хайрын сэтгэл Жамиль, Данияр хоёрыг нуухын аргагүй болтол нөмрөн авдаг.
Зохиолын хүүрнэгч, хожмын зураач Сеитийн зурганд богцтой ачаагаа дамжлаад зам даган алхсаар явж оддог хос хоёрын хайр сэтгэлийг зохиолч хамгийн энгийн үг, дүрслэлээр нээн харуулсан нь сэтгэл татам. Жамиль Даниярын цамцыг нь угаачихаад гараараа илбээд л суух, эсвээс “Надад амар байна гэж бодоо юу?” гэж асуух, хариуд нь Данияр хөмсгөө өргөөд хайр гуниг шингэсэн харцаар Жамилийг ширтэх, эцэст нь “Чи гомдсон юм уу? Их гомдсон тийм үү?”, “Алив наашаа эргээч, би нүдийг чинь харъя!” гэж шивнэлдэх... Ердөө ийм л чимэг хачиргүй хүүрнэлээр Чингиз Айтматов хүний сэтгэлийн эмзэг торгон цэгийг хөндөж, реалист уран зохиол дахь “уянга тууж”-ийн төрөлд чимэг болсон нэгэн бүтээлээ туурвижээ.
Мөнхүү зохиолд тал нутгийн нүүдэлч ард түмний амьдралын хэв маяг, зэлүүд тосгоны ахуй, дайны жилүүдийн хүнд бэрхийг тодорхой дүрсэлснээс гадна киргиз бүсгүйчүүдийн өрх гэртээ хүлээх үүрэг хариуцлага, хувь тавилан, зовлон гунигийг Жамилийн дүр болон Сеитийн гэр бүлийн эмэгтэйчүүдээр (Сеитийн ээж, дүү хоёр, Жамилийн хадам эх) төлөөлүүлэн гаргасан нь бий. Энэ өрх айлын бусад эмэгтэйчүүдээс ялгаатай нь гэвэл Жамиль хулгайлагдан ирсэн гунигт хувь заяа, насан турш нэгэн гэр бүлийн төлөө зүтгэх, хайргүй атлаа хүлцэн тэсэх тавиланг сөрж, найдах юм үгүй ч байж мэдэх амьдралын замд хайртай хүнээ хөтлөн, богцтой ачаагаа дамжилсаар яваад өгч чадах зоримог эмэгтэй байв. Данияр, Сеит хоёр хоёулаа энэ эмэгтэйг нэг нь амьдралыг таньсан хүчирхэг эр хүний чин үнэн зүрх сэтгэлээр, нөгөө нь амьдралыг хараахан таньж амжаагүй балчир хэдий ч цэвэр ариун сэтгэлээр хайрлаж байдаг.
“Хайрлах сэтгэл бол амьдралын хүч” гэж Чингиз Айтматов хэлэх дуртай байсан гэдэг. Зохиол бүтээлүүдээ ч энэхүү үзэл санааныхаа үүднээс туурвиж хүн байгалийн шүтэлцээ, хүн хоорондын харилцааны ариун, дээд чанарыг эрхэмлэн бичсээр иржээ. “Жамиль” туужийн хүүрнэгч Сейт хүүгийн дүр бол зохиолчийн мөнхүү үзэл санааны төлөөлөл дүр болох нь Жамиль, Данияр хоёрыг үнэн сэтгэлээс ойлгож хайрлан байгаагаас харагддаг. Сеит бол амьдралын сайн сайхныг олж харах нүдтэй, аян замд гарахаар догдлогч, уран бүтээлчийн зүрх сэтгэлтэй нэгэн.
“Зурсан зураг болгонд минь Даниярын дуу шингэг
Зурах зураг бүхэнд минь Жамилийн зүрх цохилог!” хэмээн Сеит хүүрнэлээ төгсгөдөг. Зохиогчийн зүгээс ч “дэлхийн хамгийн сайхан хайрын түүх”-ээ чухам Сеит хөвгүүнээр өгүүлүүлэхээр шийдсэн нь санаандгүй хэрэг биш биз ээ.