АБСУРД ЕРТӨНЦИЙН ОРШИХУЙ
2016-05-12 Ц.Дэлгэрмаа 2040

Золгүй Грегор Замзаг Франц Кафка шавьж болгон хувиргаснаас хойш даруй 100 илүү жил өнгөрчээ. Эл алдарт туурвилтай Монголын уншигчид өмнө нь орчуулагч Ц.Сүхбаатарын хөрвүүлснээр танилцаж байв. Мөн “Шүүх ажиллагаа” роман нь хоёронтаа хэвлэгдсэн (Ц.Сүхбаатар, О.Чинбаяр нарын орчуулгаар)-ээс гадна түүний эцэгтээ бичсэн захидал болон богино хэмжээний өгүүллэгүүд нь манайд мэр сэр орчуулагдсан бий.

Тэгвэл модерн утга зохиолын эл сонгодог төлөөлөгчийг Монголын уншигчдад нэгэн алхам ойртуулсан бүтээл тун саяхан хэвлэгдэн гарлаа.  Франц Кафкагийн “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” номыг орчуулагч Жалан-Аажавын Тэгшзаяагийн орчуулж эмхтгэснээр “Тагтаа паблишинг” хэвлэлийн газраас уншигчдынхаа гарт хүргээд буй.

Тус номд “Хувирал” туужийн шинэ орчуулгаас гадна зохиолчийн нэрийн хуудас болсон “Мацагчин”, “Шүүлт”, “Цээрлүүлэх колонид” өгүүллэгүүд, Владимир Набоковын “Хувирал” туужийг задласан алдарт лекц, мөн Нобелийн шагналт зохиолч Исаак Башевис Зингерийн “Кафкагийн найз”, өнөө цагийн нэрд гарсан хүүрнэлчдийн нэг Харүки Мүракамигийн “Дурласан Замза” зэрэг өгүүллэгүүд багтжээ.

Уушгины сүрьеэ өвчний улмаас 40-хөн наслаад хорвоог орхисон Франц Кафка хожим нь дэлхийн утга зохиолд өөрийг нь төлөөлөх цөөн боловч даацтай туурвилуудаа хэвлүүлэхийг хүссэнгүй. Найз Макс Броддоо бүгдийг устгаж, шатаахыг гэрээслэсэн боловч Брод захиасыг нь үл биелүүлснээр утга зохиол дахь модернизмыг гүнзгийрүүлсэн хэмээн тодорхойлогддог бүтээлүүд нь хэвлэгдэж, хожмын олон уншигчдыг бишрүүлэх алдар сууг олсон юм.

 “Шүүх ажиллагаа”, “Цайз”, “Америк” романууд, “Хувирал” тууж зэрэг томоохон бүтээлүүдээс нь гадна богино өгүүллэгүүд нь Кафкагийн уран бүтээлийн нэгэн сонирхолтой тал. Чухам үүний төлөөлөл болох гурван гол өгүүллэгийг нь монгол хэлнээ анх хөрвүүлж хэвлүүлснээ орчуулагч Ж.Тэгшзаяа онцолсон. Номд сонгож оруулсан Кафкагийн туурвилуудад бүгдэд нь үхлийн тухай гардаг. “Мацаг баригч” өгүүллэгт гэхэд мацаг барихуйн ухааныг бүрнээ туулаад эцэст нь өөрийг нь бус циркийн амьтадыг л сонирхон цуглах үзэгчдийн хуран үймээн дунд хэнд ч анзаарагдалгүй нас нөгчиж буй нэгэн мацаглагчийн тухай өгүүлэх агаад эцсийн мөчид тэрбээр энэ хорвоод чухам өөрт нь таалагдах хоол таараагүйн улмаас ийнхүү мацаглахуйн ухаанд шамдах болсоноо хэлж байдаг. “Шүүлт” өгүүллэгийн сүй тавиад удаагүй, ажил төрөл нь ч бүтэлтэй яваа залуу эр эцэгтэйгээ маргалдаж, эцэг нь түүнийг живж үхээсэй хэмээн хараамагц ус руу гүйж хүрээд үсэрчих бол “Цээрлүүлэх колони”-ийн офицер цаазын ялыг хэрхэн оноож гүйцэтгэдэг тухай болон ялыг гүйцэлдүүлэх зорилгоор бүтээсэн төхөөрөмжөө нэгэн аялагчид тайлбарлаж, мөнөөхөн аялагч харин цээрлүүлэн шүүх ажиллагааных нь талаар тус колонийн шинэ Захирагчид нааштай үг хэлж чадахгүй гэхийг сонсмогцоо өөрөө мөнөөх цаазлах төхөөрөмждөө орж хэвтэн аймшигт Шивүүрт биеэ нэвт сүлбүүлэн үхэж орхих жишээтэй. Ийн этгээд сонин үхлүүдээр Кафка хүний оршихуйн мөн чанарыг хөндөж, уншигчдаа эргэцүүлэлд хөтөлнөм билээ.

Харин “Хувирал” туужид эхний өгүүлбэрээс авахуулаад хачин жигтэй үйл явдлын тухай өгүүлж буй нь гарцаагүй болох ч Грегор Замзагийн хувирахаас эхлээд гэрт нь болох үйл явдал, түүний үхлийг хүртэл ямар ч драмагүй, хөндий, нэг бүрчлэн тоочин өгүүлж бичсэн арга барил нь өөрөө жигтэй гэмээр. Кафкагийн туурвил зүйн эл уйтгартай, баргар өнгө аясаар хүүрнэх хэв маягаас үүдэн “Kafkaesque” гэх ойлголт хүртэл гарсан бий.

 “Хувирал” туужийн тухай Владимир Набоковын лекц бол түүний утга зохиолын хамгийн даацтай задлан шинжлэлүүдийн нэг. Тэрээр Кафкагийн бичлэгийн хэв маягийн талаар “Кафка энэ хар цагаан цулгай зохиолоо уран яруу зүйрлэл сэлтээр чимэглэх гэж оролдсонгүй. Бичлэгийн энгийн хэв маяг нь Кафкагийн уран сэтгэмжийн баялаг чанарыг улам тодотгож байна” гэхчлэн өгүүлжээ.  “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” номоос уншигч мөнхүү туужийн яг араас залгуулаад энэхүү лекцийг бүрнээр унших боломжтой нь эл жигтэй туурвил болоод Кафкагийн бүтээлийг гүнзгий ойлгоход ач холбогдолтойг хэлээд яах вэ.   Орчуулагч мөнхүү номдоо Кафкагийн гол бүтээлүүдийг сонгон оруулахаас гадна дээр өгүүлсэн лекц болон еврей зохиолч Исаак Башевис Зингер, японы зохиолч Харүки Мүраками нарын Кафка болоод түүний зохиол бүтээлтэй холбогдох өгүүллэгүүдийг багтаасан нь сонирхолтой. Харүки Мүракамигийн өгүүллэг “Хувирал” туужийн Грегор Замза эргээд хүн болон хувираад сэрж буйгаар эхлэх боловч үйл явдлыг хайр дурлал тийш эргүүлснээрээ Кафкагийн “Хувирал”-ын үйл явдал, өнгө аясаас тэс өөр чигт уншигчдыг хөтөлнө.

Харин Исаак Башевис Зингер “Кафкагийн найз” өгүүллэгтээ жүүд театрын жүжигчин байсан, Кафкагийн найз Жэк Конн гэгч эрийн тухай өгүүлнэ. “Шоша” романы доктор Файтельзоныг санагдуулам тэр эр Кафкагийн тухай “Кафка жүүд хүн байхыг хүсдэг ч яаж гэдгийг нь мэддэггүй байлаа. Амьдрахыг хүсдэг ч амьдралынхаа учрыг олдоггүй байв” гэхчлэн хээв нэг хүүрнэх вий.

Ертөнц хийгээд хүний оршихуйн абсурд чанарыг хөндсөн этгээд туурвилуудаараа Франц Кафка хожмын олон зохиолчдод нөлөөлсний жишээ нь дээрх хоёр зохиолчийн бүтээлүүд. Мөн “зуунаар ганцаардагч” алдарт Габриел Гарсиа Маркес ч чухам “Хувирал”-ын нөлөөгөөр зохиол бичих болсноо ярьсан нь бий билээ.

Ийнхүү хорьдугаар зууны жигтэй туурвилч, ганцаардмал, эмзэг эрийн этгээд атлаа уйтгартай бараан туурвилуудаас Набоковын нарийн шинжилсэн, ухаалаг бичвэр, Мүракамигийн бичлэгийн хөнгөн атлаа урнаар сэтгэлд нэвчих чанар, Исаак Зингерийн бахтай, эрмэг хэл найруулгын онцлогийг эх хэлнээ зохируулан буулгаж нэгэн хавтаст багтаасныг унших нэн сонирхолтой байсныг эцэст нь тэмдэглэе.

Ном, зохиолын тухай Кафка “Ном бол бидний доторх хөлдүү цэвдэг тэнгисийг хагачих сүх байх ёстой”, “Толгой руу нь хүчтэй дэлсээд авсан мэт уншигчийг сэргээхгүй номыг унших хэрэг юу сан билээ?” гэхчлэн өгүүлжээ. Түүн лугаа адил “Хувирал тэргүүт тууж, өгүүллэгүүд” номыг уншсан хэн бүхний доторх хүнлэг чанарын тэнгис цэнгэг усаар сэлбэгдэх мэт долгилон сэрэх болтугай!

 Ц.Дэлгэрмаа

Түр хүлээнэ үү...
Top