Ц.Дэлгэрмаа: Орчин үеийн хятад яруу найраг
2015-09-04 Ц.Дэлгэрмаа 3708

Яруу найрагч Цагаанчулуугийн Дэлгэрмаа шинэхэн хэвлэгдсэн "Орчин үеийн хятад яруу найраг" номын тухай сэтгэгдлээ бидэнд ирүүллээ. Утга зохиолын "Хөх мэдрэхүй" бүлгэмийн гишүүн, Ц.Дэлгэрмааг уншигчид маань "А тэмдэглэл" (2010), "Дотоод тэнгис" (2014) шүлгийн түүврүүдээр нь хэзээний сайн мэдэх билээ. 

Орчуулагч Н.Энхбаяр /Энбос/-ын “Орчин үеийн хятад яруу найраг” номд бичсэн тэмдэглэл

 Үнэнийг өчихөд, Хятадын яруу найргийн талаарх ойлголт минь Сүн, Тан улсын яруу найргаас төдийлөн хэтрэхгүй, нэрлэвэл Ли Тай Бай, Дү Фү, Ван Вэй... гэсхийгээд л зогсдог, тогтсон уламжлалт шүлэглэл, байгалийн тансаг зураглал, дорнын ахуй гэхчлэн тоймтой төсөөллөөр л хязгаарлагддаг байлаа. Гэтэл ашгүй энэ хязгаарыг гэтэлгэж, өмнөд хөршийнхөө утга зохиол дахь шинэлэг сэтгэлгээтэй, орчин цагийн яруу найрагчидтай нь танилцах завшаан олдов. Бидний дууддагаар Энбос буюу Нацагдоржийн Энхбаяр найз маань Тайваньд суралцаж ахуйгаасаа яруу найргийн орчуулга хийж эхэлсэн нь ийнхүү бүхэл бүтэн антологи болгож хэвлүүлэхүйц жинтэй ажил болж өрнөжээ. Анх арван (2010) онд блог ертөнцөд нэгэн шинэ танилтай болж бичлэг бүрийг нь уйгагүй сонирхож, шүлгүүдийг нь шимтэн  уншиж, төрсөн сэтгэгдлээ хэлж (бичиж гэх нь ч зөв юм уу?) алсуураа их л найзархдаг байлаа. “Найз” маань яруу найрагт дуртай, Өлзийтөгс найрагчийг уншдаг, өөрөө ч шүлэг бичдэгийг нь мэдэж авч... Гэтэл тэр нэг л өдөр блогоо хааж орхиод чимээ имээгүй болчихож билээ. Харин удалгүй бидний зам ахиад л яруу найраг гэдэг нэгэн цэг дээр нийлж (ямагт биднийг уулзуулдаг яруу найраг мандтугай гэдэг үгэнд би дуртай) бас нэгэн найзынхаа номын баяр дээр нүүр тулан уулзаж билээ.

Блогоо яагаад хаачихсаныг нь асуутал “өө тэр дэмий юм билээ” гэсхийгээд л орхисон. Төд удалгүй “Ногоон мөчир” сайтаас орчуулсан шүлгүүдийг нь уншдаг боллоо. Хамгийн анх Юй Гуанжун гэх найрагчийн “Нутгаа санахуй” хэмээх шүлгийг уншиж байсан санагдана.

“Эрх багад
Нутгаа санахуй минь шуудангийн бяцхан тэмдэг байлаа
Би энд
Ээж минь тэнд...

Эрийн цээнд хүрэхэд
Нутгаа санахуй минь хөлөг онгоцны нарийхан тасалбар байлаа
Би энд
Сүйт бүсгүй минь тэнд...

Он жилийн хойно
Нутгаа санахуй минь давжаа дөрвөлжин булш байлаа
Би гадна нь
Ээж минь дотор нь...

Одоо харин
Нутгаа санахуй минь далайн гүехэн хоолой боллоо
Би энд
Эх газар тэнд...”  (“Орчин үеийн Хятад яруу найраг” номын 158-р талд буй)

Ямар ч илүү халилгүйгээр цөөн шадад багтаан шүлэглэсэн ч өргөн агуулга, хүмүүний хувь тавилангийн гашуун үнэн, нутгаа санах сэтгэлийн гуниг тод мэдрэгдэх энэ шүлгээс эхлүүлээд л Дү Юньсие, Шюй Жимо, Линь Хуй-Инь, Жэн Чоу-Юй, Бянь Жилинь, Рун Зы, Ши Мөрөн... гээд олон сайхан найрагчийн шүлгүүдтэй найзынхаа орчуулгаар танилцаж дуртай болжээ. Өдгөө хятадын орчин цагийн яруу найргийн бүрэн антологио уншигчдын гар дээр тавьж буйд нь Энбосынхоо уйгагүй чанар, орчуулах ур, мэдрэмжээр нь бахархаж суунам. Ингээд ном руугаа хандая.

Ном хоёр хэсгээс бүрдэнэ: “Эх газрын яруу найрагчид”, “Тайваний яруу найрагчид” гэж. 1920-иод оноос өнөөг хүртэл бичигдсэн, 79 найрагчийн яг 210 шүлэг (80 гаруй яруу найрагчийн 250 орчим шүлгээс сонгож оруулжээ), яруу найрагчдын товч танилцуулга гээд чамгүй зузаан номын шүлэг нэг бүрийг тогтож уншихын тулд цөөнгүй өдөр зарсан шүү.

Орчин үеийн хятад яруу найраг нь он цагийн үечлэлийн хувьд XX зууны эхэн үеэс эхлэлтэй бөгөөд тухайн цаг үедээ Англи, Франц зэрэг барууны орнуудад боловсрол эзэмшсэн сэхээтнүүд барууны дэвшилтэт сэтгэлгээг өөрсдийн яруу найрагт нэвтрүүлснээр шинэ шүлэг буюу Хятадын уламжлалт шүлэглэл, бадаглалын хэлбэрт баригдаагүй цоо шинэ хэлбэрээр, цоо шинэ сэтгэлгээгээр чөлөөтэй бичих эхлэлийг тавьсан ажээ. (Орчуулагч номынхоо өмнөтгөлд энэ талаар дэлгэрэнгүй бичсэн буй.) Хятадын хаалттай нийгмийн оюун санааны ай савд өрнийн боловсролтой сэхээтнүүдийн өрнүүлсэн энэ түрхрэлтээс олон сайхан шүлэг төржээ.  Номын шүлгүүдээс хоёр нэгийг цохоход,

“Бараа шуугиан бололгүй сэмхэн ирсэн шигээ
Бас л чимээ имээгүй ингээд би явлаа
Баруун тэнгэрийн сүм цагаан үүл рүү
Баяртай гээд гараа сэмхэн даллалаа

Голын эргийн алтан улиас нь
Шингэж буй нарны сүйт бүсгүй юм
Гоолиг биеэрээ гялтганан харагдах нь
Шивнэх мэт сэтгэлд тунарах юм.

Усан дээрх бадам цэцэг нь
Уйтан сэтгэлд бүжээд байх шиг
Урсгал зөөлөн Кэм голын
Ургамалд би дуртайяа хувирахсан

Хайлаасны сүүдэр дэх тэр цүнхээл
Халгиа биш ээ, тэнгэрийн солонго юм
Харцанд найгах тэдгээр гэрэл
Хаа нэгтээ гээсэн зүүд минь юм. 

(Шюй Жимо “Баяртай Кэмбриж”, 33-р тал) Нэрт орчуулагч Доржийн Гомбожавын “Барсан хэвнэгт баатар”-ын (Шота Руставелийн туульсын найраглал) орчуулгыг санагдуулам (орчуулга нь) халгисан сэтгэлийн уран бичлэг гэмээр энэ шүлгийг унших үнэнхүү бахтай. Шюй Жимо нь Кэмбрижид суралцаж байх үедээ энэхүү шүлгийг бичсэн бөгөөд барууны романтик хэв маягийг хятад яруу найрагт анх нэвтрүүлсэн шүлэгч аж. Ингэхэд Шюй Жимогийн сэтгэлт бүсгүй Линь Хуй-Инь түүнд зориулан бичсэн үзэсгэлэнт шүлгийг тус номын 55-р хуудаснаас уншаарай.

Эндээс олж нээх бас нэгэн содон ертөнц бол Өвөр Монголын Цахарын чуулганы Монгол угсаат гэр бүлээс гаралтай найрагч эмэгтэй Ши Мөрөн юм. Түүний шүлгүүд нэн тунгалаг.

Ши Мөрөн

“Хайр гэдэг амьдралын
Хамгийн тунгалаг, энхрий зүйл гэдэгт
Би итгэдэг.

Аливаа гэрэл болоод сүүдрийн
Авцалдаа болоод тусгал гэдэгт
Итгэдэг.

Өнгөлзөгч цэцэгс бол хөр цасан доорх
Өчүүхэн нэг үрээс үүсэлтэй гэдэгт
Би итгэдэг.

Гурван зуун бадаг шүлэгт
Үргэлж тааралдах тэр санаа бол
Насны залууд хэлж зүрхлээгүй
Тэр л үг гэдэгт
Би итгэдэг.

Мөнх хөх тэнгэрийн
Мөн бүхний зохицолд
Би итгэдэг.

Хамгийн анхны учрал руугаа
Хамтдаа явахыг чи зөвшөөрвөл
Энгийн, даруухан, холын тэр эхлэл дээр
Эцэстээ бид ойлголцож чадна гэдэгт

Итгэдэг ээ, би.” (Ши Мөрөн “Миний итгэл”, 194-р тал) Эл найрагчийн тухай өмнө нь дуулж, Монголд ирж байсныг нь сонсож байсан ч зураач гэдэг нь миний хувьд шинэ баримт байлаа. Үнэхээр ч түүний цэцэгс, өвс, модод, нам гүмхэн харгуйтай шүлгүүдээс нь уянгат зураглал тодроод ч байх шиг... Монгол гэх нэгэн нэрээр овоглож яваа түүнийг манай уран зохиолын хүрээнийхэн бол мэдэх байх аа.

Сэтгэл донсолгож орхисон өөр нэгэн найрагч бол Чэнь Көхуа. Тэр яг миний дуртай төрлийн яруу найрагч санагдсан.

“Зүрх минь илүү том байжээ.
Шаналгаат сувдаа дотроо хадгалах хясаа шиг
Хосгүй чамайгаа дотор чинь нуугдах өөр нэг дүртэй
Хоёуланг нь багтаадаг байж.

Гэтэл багтаана гэдэг
Инээхэд улам өвтгөдөг
Ир нь наашаа жад байжээ...” (Чэнь Көхуа “Багтаахуй”, 235-р тал)

Хайрын оршихуй гэдэг энэ шүлгэнд бол ийм. Ийм л мөртүүд зүрхний гүнд хүрч, сэтгэлийн утсыг доргиож, чичигнүүлнэ, эмзэглүүлэн шархируулна...

Тэгтэл бас “үг дуугүй байх гэдэг нэг төрлийн оршихуй”-г тунхагласан ийм нэг шүлэг байх:

“Яг ингэж ярь: Амаа том нээ. Гэхдээ
Авиа бүү гарга. Ялангуяа амаа нээхгүй
Хэлээ дотогш чихээд хэзээ ч гаргахгүй байвал
Хэл яриа гэдэг эрүүл байхын шалтгаан болно.
Дун цагаан өдрөөр бодол чинь мугуйдлан зүтгэнэ
Дуугүй байхын сайхныг мэдэрнэ. Ярих, эс ярих нь
Яахав сонголтын л асуудал.

...Үг дуугүй байна гэдэг нэг төрлийн оршихуй
Үл ярих, ярихын хооронд үсчих зугаатай.
Ингэж наадах мянга түмэн шалтаг байж болно.
Эцэст нь ганц тайлбар: Хэзээ нэгтээ хэлийг чинь огтолчихвол

Хэрэг болгож сурсан дохионы хэл чинь үлдэнэ.”

(111-р тал, Жоу Лүнь-Ю “Дохионы хэлээр наадахуй”) Тэгнэ ээ, тэр! Жоу Лүнь-Ю найрагчийн шүлгүүдээс Хятадын хаалттай нийгмийг шүүмжилсэн “эсэргүү” маягийн уур амьсгал мэдрэгсэн юм. Үнэхээр ч хойно байх намтрыг нь сөхвөл тэрээр хувьсгалын эсрэг хэрэг өдөөсөн ялтан болж явжээ. Мөн тэр Францын философич Жак Дерридагийн деконструкцийн аргыг туршсан Фэй Фэй хэмээх урсгал чиглэлийг бий болгосон гэнэ.

Өвөрмөц дотоод хэлтэй, хүчтэй илэрхийлэлтэй өөр нэгэн найрагчийн шүлэг энэ байна:

 “Хоосонд ууслаа би, харин та нар үлдлээ
Хорвоог таньсан хүн үгүй шиг намайг таньсан нь үгүй.
Дүр төрх минь үүрд шохойтой хэвээр үлдлээ.
Дүрвээд энд ирээч гэж бүгдийг чинь тэсэлгүй ятгавч
Өрөөл бусад байтугай өөрөө ч би алга.
Адисласан алимын мод бүр минь намар хүртэл ургаад
Арвин жимс хийгээд ангайсан амууд болно
Тэнгэрт нисэж үзэгдэх шувуу бүр миний сүнс
Тэвэрч буусан харанхуй минь ямар ч гэрлээс тод.
Биеийг минь булсан газар бол элдэв номын цуглуулга
Бичмэл нэрс чинь яг л илүүдсэн үсэг шиг арилцгаана.
Мэлмий бүхэн ердөө л ганц цавчлахын төлөө нээгддэг.
Миний дуу үгүй бол ам гэж та нарт байхгүйсэн.
Дуулсаар байгаа, дуулсаар байх авиа чинь
Дундаршгүй нам гүм болохоос дуу огт биш ээ.”

(119-р тал, Оуян Жянхо “Ил монологи” Пан Дө-гийн хойноос гашуудахуй)

Оуян Жянхо бол яруу найрагч төдийгүй уран зохиол, хөгжим судлаач, шүүмжлэгч хүн юм байна. Шүлгүүдийнх нь тухай “ээдрээтэй бодол эргэцүүлэл, хэлээр ирлэх зөрчил хоёрыг хольж сүлдэг, хувь хүний туршлага болоод нийгмийн бодит байдал хоёрын харилцааг гүнзгий харуулдаг” гэж танилцуулгад дурджээ.

            Энэ мэтчилэн шүлгийг нь уншаад, танилцуулгыг нь хараад “аан энэ найрагч ийм хүн байжээ”, “ийм л намтартай болоод тэгж бичиж шүү дээ”, “энэ найрагчийн бусад шүлгийг нь уншихсан” гэх мэтээр хуудас хуудсаар нь “хүлхэж” суух нэн таатай байлаа. (Ялангуяа ойрд шүлэг уншаагүйг ч хэлэх үү!)

            Ер Г.Аюурзанын “улаан” антологиудаас хойш ийм даацтай орчуулгын ном бүтээл (яруу найргийн төрлөөр) хэвлэгдээгүйн дээр, нэг улсын, нэг үеийн яруу найргийг сонгон авч эмхтгэснээрээ “Орчин үеийн хятад яруу найраг” антологи утга зохиол судлаачдад ч өгөөжтэй, шүлэг найраг оролдож буй залууст ч өмнөд хөршийнхөө яруу найргийн талаар чиг баримжаа авах, өөрсдийнхөө шүлэг бүтээлийг харьцуулах боломж олгож буйг онцлууштай.

За ингээд эцэст нь,
“Үүр рүүгээ буцаж буй нэгэн шувуу”
Эцэж хэдий ядарсан ч
Үдшийн нарны цацрагийг нуруундаа тээж явна.

Бурханлиг жигүүрийн ганц л дэвэлтэнд
Голын дээр наран асгарахуй
Буурал зэгс нэгэн агшинд
Гоёмсог улаан өнгөөр будагднам”

Жич: “Цаг үе бүхэн өөрийн дуучтай байдаг” гэдэг шиг Монголын утга зохиолын бидний энэ цаг үе дэх нэгэн нэгэн гарамгай орчуулагч нь найз минь гэж итгэж, уран бүтээлийн урт холын замыг ерөөе!

Түр хүлээнэ үү...
Top