Үгийн ертөнцөд үргэлж уулзахын ерөөлтэй билээ...
2022-07-04 Ц.Дэлгэрмаа 1451

“Хайраас хол байгаа амьдрал хамгийн гунигтай амьдрал”... нэг иймэрхүү утгатай үгийг хэн нэг нь, хэзээ ч юм хэлээ биз ээ. Энэ өглөө иймэрхүү утга л зүрх онож, гуниглуулаад байв. Хар нүд хуу татуут дуулсан мэдээ зүрх рүү ёг хийтэл шургаснаас тэр. "Хасар ах" гэж хүндэтгэн ахайлж дууддаг ах минь, Монголын нэг яруу найрагч зүрх, сайхан эцэг эхийн хүү тэнгэртээ зорьж оджээ. Хасар ах бол Монголын яруу найргийн бас нэгэн өвөрмөц ертөнц байв. “Зүг чиггүй гурвалжин” ном нь бэлхнээ жишээ болон үлдлээ. Бас тэр Монголын ард түмний хайртай уран бүтээлчийн хүү. Лхагвасүрэнгийн Хасар гэж нэрийг нь сонсоход ч сүрдэм атал уулзахад огт өөр сэтгэгдэл төрүүлнэ. Хасар ах ёжтой, наргианч, өөрийнхөөрөө догь, донжтой, дотроо хайр дүүрэн, муйхар биш, юмны зөв талд зогсож чаддаг, тэр нь мэдрэгддэг хүн байсан шиг одоо санагдана. Тамхиа шившээд л, тэрүүхэндээ хүмүүсийг ажаад л, ганц нэг ёж үг унагаж хүн хар цаашлуулаад, нуг нуг гэж инээгээд л... Хайр, хүндлэлийн үгээ ч бас хүнийг их, бага гэж гололгүй хэлчихдэг хүн болохыг нь ч мэдсэн юм.

Шүлгүүд нь шударга, хурц өнцөг ирмэгтэй ч юм шиг, сонин этгээд холбоц, хөг дүүрэн, дүрслэл нь өвөрмөц. Гэтэл уг хүн нь уулзахаар зөөлөн, ахын элбэрэл сэтгэл дүүрэн. Аавыгаа санасан сэтгэлийг нь аавыгаа алдаад ойлгож билээ. Ер олон хүнийг хожим тэгж ойлгосон доо. Аав бүхэн онцгой сайхан ч ах маань харин тэнгэр мэт тийм том аавтай байж. Тийм том нөмрөөсөө сугарч үлдчихээд яаж жаалхан хүү шиг гуньж байгааг нь харахаар, яг л адилхан мэдрэмжээ чагнахаар өр өмөрдөг байв. Л.Хасар ах дотроо тийм л өр зөөлөн, уужим зүрх сэтгэлтэй, хайр дүүрэн жаалхан хүү ч байж уу дээ. Тийм жаалхан хүүгийн нүдээр томчуудын (хүний) амьдралыг харж тэрссэн гуниг, гансрал шүлгүүдэд нь нэвт шингээтэй байж уу дээ гэж одоо бодном.

Халуун зуны сэрүүхэн, бороошиж ч мэдэх энэ өдөр Хасар ах маань бидний ертөнцөөс явлаа. Үгийн ертөнцөд гэвч үргэлж уулзахын ерөөлтэй билээ.

Эрхэм яруу найрагч, гүн хүндэтгэлт ах Лхагвасүрэнгийн Хасарын гэгээн дурсгалыг
хүндэтгэн, сайн сайхан бүхнийг санан санан бичиглэв.

Гэр бүл, анд нөхөд, ах дүү төрөл төрөгсөд, түүний уншигчдад гүн эмгэнэл илэрхийлье!

Тагтаа паблишингийн хамт олон,
 Ц.Дэлгэрмаа дүү нь

Түр хүлээнэ үү...
Top