...Хайрт минь яв даа яв
Хачин учрал жигтэй төгсдөг
Бяцхан цэцэг уйлдаггүй
Би ч гэсэн нулимсгүй
Өрцөн доторх шувуу чинь
Үүрд чамайг хамгаална
Турьхан амиа чамд өгөх
Түүний нэр Тогосоо!Тогосоо... Энэ нэртэй хамт чанга цолгиун дуу нь, цаанаа эмзэг, гоо дотоод төрх нь санаанд бууна. Эрсхэн ч гэмээр ер бишийн хэм, хөг хадгалсан шүлгүүд нь ч бас. Бүр жаахан, сургуулийн хүүхдүүд байхаасаа нэгнээ мэдэх болсноос хойш олон ч он жил улирч, олон ч үйл явдал өрнөж, нэг л өөрчлөгдөөгүй зүйл нь хүүхдийнх мэт эмзэгхэн зүрхнүүд, шүлэг найргаас урвашгүй болтлоо холбогдсон бүтээлч эрмэлзлүүд л гэлтэй. Өөрийнх нь бичсэнээр суурингийн нар шиг жаахан охин эдүгээ шинийг туршигч, эцэж цуцашгүй хайрлагч, эгэл жирийн ээж, цаашлаад орчуулагчийн хүнд хөдөлмөрт өөрийгөө соригч болжээ. Яруу найрагч Амарбаатарын Урантогостой ярилцаж суухад хэзээд сайхан, инээгээд уулзах гэрэлт өдрүүд ч ирээдүйд олон тохионо биз ээ.
Ц.Дэлгэрмаа: Шүлэг, бүтээлийн тухай ярихаар бусдын дүгнэлт гэхээсээ илүү яг үнэндээ бид л өөрсдийгөө хаана яваагаа, хэрхэн өөрчлөгдсөнөө, юун тухай бичээд буйгаа хамгийн сайн мэдэж байдаг шүү дээ. Чиний хувьд яруу найргийн гурван ч номтой, ямархуу яруу найрагч байхаа нэгэнт таньж, шийдсэн уран бүтээлч гэж болно. Шүлэг бичсэн он жилүүддээ өөрөөсөө ямар өөрчлөлтийг илүүтэй анзаарав?
А.Урантогос: Азаар хар багаасаа яруу найргийн тухайд өөрийн гэсэн бодолтой болсон. Өөрийн гэсэн өнгө төрх, эрчим айгаа бүрдүүлэхийг хичээж ирсэн. Бүр багаасаа л хэдэн ч ном гаргасан тэр нь нэг хүн бичсэн гэхээргүй байвал гоё юм уу гэж боддог байв. Гэхдээ энэ бол зүгээр нэг чамирхал, гоёрхол биш юм. Уран бүтээлч хүн насаараа нэг л үгийг нэг л янзаар эзэмшинэ гэдэг надад сонирхолгүй санагддаг.
Уран бүтээлч хүн бүтээж туурвиж буйгаараа бусдад өглөг өгч байдаг гэж би санадаг. Шүлэг бичих ч ялгаагүй. Гэхдээ бусдад юу өгч байгаагаа өөрөө дандаа мэдэж байх ёстой. Миний хувьд “Гуравдугаар сарын байшин” номоо бичиж байх үед энэ бодол маш хүчтэй төрж байв. Яруу найргаараа хүнд өгөхийг зорьсон зүйл маань хүний үнэн сэтгэлийн уй, сэтгэлдээ олж харахыг хүсдэг, гэхдээ ихэнх нь бусдад харагддаггүй гоо сайхан зүйлс байлаа.
Ц.Д: “Гуравдугаар сарын байшин” бол яах ч аргагүй чиний тухай ихийг өгүүлдэг ном. Гэхдээ хувийн амьдралын чинь тухай гэсэн утгаар биш шүү. Ном дахь шүлгүүд бичигдэж ахуй тэр цаг үеийн Тогосоог хүчтэй илэрхийлдэг шиг санагддаг?
А.У: Тийм ээ, 19, 20 настай байхдаа бичсэн шүлгүүд бий. Энэ хугацаанд “Өдөр бүхний элегия” дээрх суурингийн бяцхан охин өсөж том болоод зогсохгүй ээж болчхоод байлаа. Анх энэ номоо “Хувьсгалд хүрэх зам” гэж нэрлэх гэж байсан. Хувьсгалч, олон янзын өнгө будаг туршсан, үгийн эрчмийг амилуулж, хөгжим мэт шүлэг бичихийг хүссэн.
Ц.Д: Үнэхээр ч энэ номыг уншихад үе үехэн зарим шүлэг нь рок хөгжим сонсож буй мэт сэтгэгдэл төрүүлдэг?
А.У: Залуу ч байж, шартай ч байж. Яруу найрагт хүйсээр ялгаварлаж, үнэлэмж тогтоодогт дургүй байсан. Шүлэгч гэхээр бусад уран бүтээлчид ч тэр ямарваа урлагийн төрөл гэж ойлгож, хүлээж авдаггүй. Тэр үед би өөрийнхөө дотор хашхирч байсан. Шүлэг гэдэг өөрөө дуу болгох хэрэггүй, хөгжим зохиох хэрэггүй хөгжим. Наддаа бол найраг гэдэг бүх урлагийг дотроо багтаасан зүйл. Шүлэгч хүн өөрөө хөгжмийн зэмсэг шахуу болоод, өөрөө өөрийгөө хөглөж гаргаж буй зүйл нь яруу найраг юм гэдгийг илэрхийлэх гэж их оролдож байсан. Тийм ч учраас “Хувьсгалд хүрэх зам” гэж зоримог нэрлэх гэж байсан ч цагийн юм цагтаа гэж сайхан үг байдаг даа, яг түүгээр л болсон. Номоо хэвлүүлэхэд хүү минь зургаан сартай байлаа. Номынхоо нэрийг бодтол арай ч хурц санагдсан. Тэр үед ээж болоод, арай зөөлрөөд, сэтгэл дотор минь хүртэл час улаан өнгө зонхилж байсан бол жаахан улбартаад, шаргалтаад ирсэн нь тэр юм болов уу. Ээж болоод хүний үг хэллэг ч зөөлрөөд ирдэг юм байна лээ. Тэгээд л нэрийг нь өөрчилж, “Гуравдугаар сарын байшин” болгосон.
Одоо бодоход 10 хүрэхгүй жилийн зөрүү байгаа хэрнээ энэ хугацаанд олон зүйл өөрчлөгдсөн байна. Тэр үед бид бүгд оюутан байсан. Эрчүүдтэй илүү их найзалж, нөхөрлөдөг байв. Бас тухайн үедээ хэн нэгнийгээ онхи ондоо зүйл бичсэн байгаасай гэж хүсдэг байсан. Бид модерн хэлбэрийн шүлгийн дуурайгчид биш юм шүү, цоо шинэ үе юм шүү гэж тунхаглахыг хүсдэг байлаа. Тиймээс аль болох хүнтэй ижилхэн бичихгүй юм шүү, шүлэг өөрөө миний хувьд дуу хөгжмийг ч агуулсан урлаг юм шүү гэж харуулах сан гэхдээ их хичээж, тэсэрч байжээ.
Ц.Д: Чиний тухай судлаач, шүүмжлэгч П.Батхуяг “Өөрөө хөглөгддөг хуур гэж байдаг” хэмээн нэгэнтээ зүйрлэж хэлсэн санагдана. Тэр нь зөвхөн Тогосоог тодорхойлсноороо ч биш, авьяасын тухай оносон үг шиг санагдсан. Хүн өөрийгөө гаднаасаа олон зүйлээр боловсруулж болдог л доо. Гэхдээ хүний төрөлх өгөгдөл, заяагдмал зүйлс бол чухамдаа тэрхүү өөрөө хөглөгддөг хууртай адил юм шиг ээ.
А.У: “Өдөр бүхний элегия”, “Гуравдугаар сарын байшин” номуудаас минь хувь хүний өөрчлөлт ихээхэн тод харагдах болов уу. Тэгэхэд би гаднаа ч тэр, дотроо ч тэр маш галзуу охин явлаа. Сэтгэлдээ асаж байвал хүнээс нуудаггүй хашхираад л явдаг тийм гадагшаа хүн байсан. Дараа нь ээж болоод зарим зүйлийг ойлгоогүй байж гаднаас нь хараад хашхирах их амархан гэдгийг, тэр хэрээрээ жинхэнэ уран бүтээл хийх амаргүй гэдгийг гадарлаж эхэлсэн гэх үү дээ. Тиймээс л заримдаа дуугүй байсан нь дээр гэж бодох бодсон. Бас зарим нэг зүйл дээр адгахаа ч больсон. Ер нь уран бүтээл хийж байгаа хүн үзэл бодол, өөрийн мөн чанараа алдахгүй үлдэх чухал юм шиг. Гэвч амьдрал тэр бүр боломж өгөхгүй. Бид амьдралд аль нэг талаа өгөөд л дуусна шүү дээ. Бас хүн хэзээ ч харагдаж байгаа шигээ биш. Гаднаа чамтай хамт асаж байгаа юм шиг атлаа дотроо хоосон хонгио шиг хүн ч байна. Тэгэхээр би л өөртөө чухал юм байна. Би өөрийгөө эдгээчхэж чадах юм байна гэсэн бодол төрж, өөртөө дуулсан дуугаа өөртөө хадгалаад сурчихдаг юм байна. Нэг талаар өөрийгөө хамгаалж байгаа хэлбэр ч юм уу. Бид заримдаа нийгмийн амьдралын шударга бус зүйлст дарагдаад эхлэхээрээ өөрийн гэрлээ идүүлж, бусдад өгөх ёстой зүйлээ өгч чадахгүй болоод, даруулчихдаг шиг байгаа юм. Надад сүүлийн үед тийм зүйл тохиосон. Гучин нас хүртэлх амьдралын буулганд уран бүтээлч Тогосоог даруулж явсан тал бий.
Ц.Д: Хэдий шүлэг бүр өөр түүх өгүүлдэг ч нэгэн хавтсанд багтаад ирэхээрээ цогц утга илэрхийлдэг гэж бид ярьдаг даа. “Эрсийн зуун” номынхоо тухай яриач? Анх гэрэл зураг, яруу найраг нийлсэн цомог ч юм шиг сэтгэгдэл төрүүлж байсан. Бас бүх талаараа зоримог ном шиг санагддаг.
А.У: Энэ номоороо би их ч зүйл өгье гэж хичээсэн. Өчнөөн жил дарж, хүлээж гаргасан болохоор бас их нандин. “Гуравдугаар сарын байшин” бол нэг зорилгын төлөө хүчилсэн ч юм шиг анзаарахад амаргүй ч иртэй ном. Харин “Эрсийн зуун”-ыг гаднаас нь хараад уншигч зохиогчийн тухай овоо их юм үзэж туулсан эмэгтэй байх нь гэж бодож мэднэ. Үнэн хэрэгтээ энэ нэрийг би аав, хүү хоёроо бодож л өгсөн юм. Аав маань миний амьдралд галт шувуу шиг л ирж, намайг хамгаалсан. Хүү минь харин намайг яахаа мэдэхгүй байхад ирсэн. Гэхдээ энд мэдээж өөр утга ч бий. Номууд маань өөр байгаасай гэж хүсдэг учраас, бас аливааг хүчтэй илэрхийлэх гэж оролддог маань таны хэлсэн шиг зоригтой бичихэд нөлөөлдөг биз.
Ц.Д: Шүлэг бичээд заавал ямар нэг юм олох, авах албагүй л дээ. Гэхдээ бидний дотроос, мэдрэмжээс минь төрөөд байгаа мөртлөө эргээд ямар нэг байдлаар тайтгарал, хүч чадал болох шиг санагдах үе байдаг?
А.У: Шүлгийн сайхан нь хүний сэтгэлд байгаа тэр гэхийн тэмдэггүй, үнэн сэтгэлийн гачаалаас үүддэг. Хайр, уй гуниг эсвэл бүр баяр баясал байлаа гэхэд түүнийгээ хуваалцах хүн байхгүй бол үнэхээр том гачаал. Баяр баясал гэдэг олон хүнтэй хуваалцах тусмаа дэлгэрдэг ээ дээ. Гэтэл ганцаараа баярлавал гуньдаг. Тэгэхээр амьдрал дээр байгаа энэ ангархайг, энэ дутууг нөхөхөд л шүлэг тус болсон. Арван жилийн өмнө би амиа хорлох тухай боддог байлаа. Үнэнээсээ тийм зүйл хийнэ гэсэн үг биш л дээ, ердөө үхлийг сониучирхдаг л байж. Хүн бүрийн амьдрал өмнө нь байснаасаа өөрчлөгддөг. Миний хувьд тэр үе одоогийнхоос их өөр байсан. Цэл залуухан байсан атлаа үхэл ойр мэт санагддаг байжээ. Тийм асуултыг хэр баргийн хүнээс асуудаггүй. Тийм асуултуудыг өөртөө тайлахад, өөрийнхөөрөө бяцхан гэгээрэхэд шүлэг их тус нэмэр болсон.
Бусдын бүтээлийн тухайд бол сайн номыг дахин дахин уншдаг. Яруу найраг хүнийг өвтгөдөг, хатгадаг, тэвэрдэг, хүнийг оюун санаагаар нь эзэмдэж буй тэр байдлыг эротик гэж хэлнэ. Тэгэхээр яруу найраг нэг төрлийн ховс ч юм шиг.
Ц,Д: Манайд зохиолч хүн зөвхөн зохиолоо бичээд амьдарчих орчин бий гэж хэлэхэд арай л болоогүй. Нэлээд хахир хатуу хөрсөн дээр бүтээл хийх, ахуй хөөх хоёрын дунд тэлчлэх нь бий. Чиний хувьд?
А.У: Заримдаа би боддог. Хүнд нэг илүү зүйл, жишээ нь эвэр ч юм уу ургачихвал тэр нь сайхан бас хэцүү. Амьдралд түүнийгээ авч явах гэж зовно. Харин илүү, дутуу зүйл нь байхгүй болохын цагт чөлөөлөгдөх мэт санагддаг. Миний амьдралд заримдаа хар аяндаа, цаанаасаа, өөрөө хийгдчихсэн зүйлс байдаг. Бас сэтгэлдээ бол үүргэвч үүрсэн охин гэдгээ, туулах ёстой амьдрал илүү өргөн дэлгэр байгааг мэдэрдэг. Илүү үнэн, өргөн дайдтай зүйл хийж, бичмээр байна. Гэвч бид өөрсдийгөө их голдог шүү дээ. Өөрийгөө голоод сууж байтал намайг мэддэг, хүч чадлыг ойлгодог жинхэнэ уншигч үнэхээр их хүч, урам болдог. Би үнэхээр тэгж хийж, бүтээх хүн гэж үү гээд л... Магадгүй үүний л төлөө бичих нь хангалттай шалтгаан. Уран бүтээлч хүнд зориг хэрэгтэй шүү дээ. Өөрийгөө юугаар зоригжуулах нь хувийн асуудал. Харин тэр зориг нь улайдаад, хэцүүдээд ирвэл жаахан тиймхэн. Би бодохдоо өргөн дайдад хоорондоо харилцаж чаддаг орны уран бүтээлчдэд маш том соёл, боломж байдаг. Тиймээс өөрийгөө давтагдашгүй хүчирхэгээр илэрхийлж гаргаж ирэхийн тулд өргөн мэдлэг, дэлхийн дайдыг мэдэрч уншсан мэдлэг хэрэгтэй гэж боддог.
Ц.Д: Дэлхийн дайд гэснээс дэлхийн дайдыг Монголдоо авчрах үйлсэд чи ч бас хувь нэмрээ оруулж яваа шүү дээ. Мө Яний “Мэлхий” романаас авхуулаад удахгүй хэвлэгдэх Ши Мөрөнгийн яруу найраг гэдэг ч юм уу. Хятад хэлийг сайн эзэмшсэн нь чамд бас олон боломжийг нээсэн байх?
А.У: Би урд долоон жил гаруй сурсан. Хэвлэгдсэн нь “Мэлхий”. Хэвлэгдээгүй хэд хэдэн бүтээл бий. Одоо ч гэсэн жижиг сажиг ажлууд дээрээ сууж байна. Сонгож орчуулсан номуудын тухайд өдий болтол хэн ч орчуулаагүй байна, харин би уншигчдад хүргэх хүсэлтэй байсан. Тэгээд л тэр. Магадгүй дараа нь өөр нэг хэл сурчхаад орчуулмаар санагдсанаа орчуулаад явж байж ч болно.
Ц.Д: Тайванийн яруу найрагч Ши Мөрөн монгол гаралтай яруу найрагч гэдэг шүү дээ. Түүний бүтээлээс орчуулах болсны учир?
А.У: Хөх хотод сурч байх үед Ши Мөрөн яруу найрагч монголчуудтай уулзалт хийж байсан юм. Тухайн үед би сайн мэддэггүй байсан. Өвөрмонголчууд монгол үндэстний сэхээтэн гэж маш их хүндэлдэг, тиймээс ч миний уулзах ёстой хүн юм шиг санагдаад уулзаж, танилцаж байлаа. Тэр үед миний зохиол бүтээлээс сонирхож байвал орчуулж болно гэсэн товчхон яриа болоод л өнгөрч байсан. Тэгээд явж байтал нэг газраас бүтээлээс нь орчуулах санал тавьснаар шүлгүүдийг нь орчуулж эхэлсэн. Ши Мөрөн бол Чан Кайшигийн бослогын үеэр Тайвань руу аав, ээжтэйгээ дүрвэж очсон. Хар багаасаа нутгаасаа гарч явсан ч бага байхаас нь эцэг эх нь "Чи монгол хүн шүү" гэдгийг ой тойнд нь ортол хэлж ойлгуулсан байдаг. Тэр бол үндэстнийхээ төлөө сэрсэн яруу найрагч.
Ц.Д: Энэ цаг үед Ши Мөрөн найрагчийг Монголд орчуулах нь ямар ач холбогдолтой гэж бодож байна?
А.У: Яруу найрагч маань маш уудам сэтгэлтэй эмэгтэй. Бүх зүйлд уужуу, эерүү, ерөөлийн сэтгэлээр ханддаг хүн шиг санагддаг. Шүлгүүд нь бүхэлдээ нинж. Миний бодлоор бидний энэ үе бол хот, хөдөө хоёрын заагт амьдарч буй саармаг ч гэмээр үе. Энэ цагт бид ч мөн сэрэх ёстой юм шиг санагддаг. Жишээ нь Ши Мөрөн найрагч бол монгол гаралтай хэдий ч дотор сэтгэл дэх бүхнээ "монголоор хашхираад гаргаж чадахгүй" гэдгээс авхуулаад бодох юм их байдаг. Төрсөн нутгаа сахиж үлдсэн хүн, эсвэл тэндээс үүрд салж, хагацаж одсон хүн хоёр хэр их ялгаатай юм бэ? гээд л олон асуултын учгийг энэ хүний шүлгүүдээс ойлгож болмоор санагддаг юм.
"Яруу найргийн тухай яриа" ийнхүү Тогосоогийн өөрийнх нь бүтээлийн тухай эхэлж, орчуулгын бүтээлийнх нь тухай хүүрнэлдсээр өндөрлөлөө. Удахгүй Ши Мөрөн хэмээх яруу найрагчийн бүрэн түүврийн орчуулгаар нь бид түүнтэй уулзана. Мөн тэрээр Тагтаа хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Нобелийн шагналт зохиолч Мө Яний “Мэлхий” романы орчуулагчаар ажилласан билээ. Урантогосдоо уран бүтээлийн богц нь ямагт дүүрэн явахыг ерөөе!
Тайванийн яруу найрагч, зураач Ши Мөрөн
БИ
Алсад одох би дуртай, хагацах бас дуртай
Амьдрал бүхэлдээ хүслээр дүүрэхүйд дуртай
Асур тэнгэрийн одон аль зүгт дуудлаа ч
Алс холоо тэмцэн түүнээ одох дуртай.
Үлдэх би дуртай, үүрдийн утгад дуртай
Үй олон жимсний мод цэцэрлэгтээ тарих дуртай
Өвлийн цас, зуны хур, хаврын урь, намрын ургацаа хүлээж
Үлдсэн амьдралдаа өдөр бүр ургасаар байх
Өөр эсэн бодолгүй хүсэл л үлдэхэд дуртай.
Цаг хугацаанд угаагдсан өнгөнд би дуртай
Цааш нь дуулж чадаагүй тэр л дуунд хайртай.
Харанхуй шөнийн гүнд урт шүлэг бичих би дуртай
Хариугүй цэлмэх үүрээр үсэг бүрийг нь тэмтчин
Хамаатай үг бүрээс таныг далдлан нууж
Хасаж алгуурхан арилгаж орхих би дуртай.
“Намар ирлээ гэх нь ээ”
Түүхийг ээлжгүй хөврөх эндэл сүйрлийн хэлхээ гэх нь ээ түүнээ золиослогдсон хайр сэтгэлийг яруу найраг гэлтэй.
Ирдэг байсан замыг чинь дүүрэн саран гэрэлтүүлнэ
Итгээрэй гэж чамаас гуйя!
Эндээс зугтан одохын эцэсгүй бодол
Эцгийн нэрээ солих хүртэл элдэв горьдлого
Үймээнч бяцхан зүрх, өрөвдөм хөөрхий тавилан
Өнөө хэчнээн хичээвч үргэлжлүүлэхэд хэцүү жүжиг
Энэ бүх өвчнөө
Эдгээсэн шүү, би
Хамгаас энхэр бас хамгаас хэрцгий
Хүйтэн хорвоогийн өвдөлтийг
Намар ирлээ гэх нь ээ
Надаас илүү хэн ойлгох билээ.
Тачир ой ч атугай
Навчсаа гөвж дуусна
Таг чимээгүй болно
Хүний мөрөөдөл ч
Харанхуй бүгт суугаад ч болов хэн нэгэн
Хатаа олж сэтгэлийн өнгөнд хувьсана
Хэзээд ажигтай хүсэн бодохын зайтай бай гэж
Хэлж захьсаныг чинь харин санаж явна аа.
Хэзээд элдэв явдлын гүн цаламд ахин ороогдож
Хүйтэн гунигийн хар усанд нялзаж
Харуусал, үзэн ядалтын үр жимсийг тастахгүй ээ
Харьж одсон замыг чинь хуучин саран гэрэлтүүлнэ
Итгэх эсэхийг чинь үл мэдэх ч
Эдгэсээн, би хэдийнэ эдгэсэн
Навч уналаа гэх шиг
Нарийн сэтгэлийн учгийг мэтгэн үймэрч суухаа больсон
Илүү гэгдсэн зүрхний явдлаа
Энд тэндээс нь хасан тайрах болсон.
(илүү гэдэг нь ердөө л
эгц урд хэвтэх, хүн хатгаж чадам
хуурай үхмэл мөчрүүд байж)
Намар улирснаас хойших цаг хугацаанд би
Нэгэнт одоо өөрчлөгдөх нь үгүй
Хэтэрхий өөдрөг бардам бүсгүйтэй
Хачин адилхан болсон байнам.
ЭЦГИЙН НУТАГ
Эцгийн үлдээсэн номыг
Эгнүүлж тавибал бүгд бий.
Рейн мөрнөө үдсэн сүүлчийн амьдралынх нь
Хань болсон хэд л алга
Эргүүлж яаж ч авчрах билээ.
Тэртээ алс холоос
Тээж авчирч үл чадах нь
Эцгийн минь төрсөн нутгаа гэсэн
Эгээрээ нь үгүй сэтгэл бас байсан.
Амьдарна гэдэг хасагдахуун юм бол
Дурсамж гэдэг харин нэмэгдэхүүн.
Наян найман насандаа харь газрын тэнгэрт
Насаа аниргүй үдсэн аавын минь бүх хөрөнгө
Жилээс жилд тодрох цаг хугацаа хийгээд дурсамжийн
Жинлэн бүтээсэн, сэвтээ нь үгүй
Зүүдний хань газар шороо нь байв.
Эцэг минь надад төрсөн нутаг өгсөн.
Энүүхэн хэсгийг л дуулан бичих минь
Юутай өчүүхэн бэ!
Буурь хөрвөөх нутагтаа эргээд хөл тавилаа ч
Буртаг үгүй ариун шороог хэн надад буцааж өгөх.
Өчигдөр гэдэг хасагдахуун юм бол
Өнөөдөр бас маргааш ч ялгаагүй хасагдахуун
Өдрөөс өдөрт талхлагдан сүйрч
Өнөө эрэхэд хэцүү бүдгэрэн байх газар шороо минь!
Эцэг минь надад үлдээсэн
Онгон дагшин тэр нутагт
Ээ халаг, одоо гэвч
Хэн ч очиж үл чадна.
Орчуулсан А.Урантогос