Х.Чойдогжамц(СУИС)
“Тэр бол өнөөх гэрэл байсангүй, харин гэрлийн тухай гэрчлэхээр ирсэн ажээ”
Библи "Шинэ гэрээ"
“Ah balam holcan, Kikel u chi kikel yichac, Baknal xan hantah bak, ah cimzah uinic”
"Эртний Майяа хэл"
“...Анхны Аурелиано Буэндиагийн орчныхоо шар ирвэсийг тухайн үедээ хядсан шиг Хосе Аркадио Буэндиагийн аймаар хүчтэй, аюултай мэргэн шидсэн жад түүний хоолойг нэвт сүлбэжээ...”
Габриел Гарсиа Маркез "Зуун жилийн ганцаардал"
“...Чингис хаан Тангудыг өөрийн санаснаар мөхөөсөндөө бахдаж хөөрөөд сэтгэл нь олзруугаа үсрэхээр булчин шөрмөсөө хураасан ирвэсийн адил хөвчирчээ. Түүний сэтгэлд ялж дийлэх эзлэн булаах их хүсэл түймэр мэт дүрэлзэн байлаа...” (С.Жаргалсайхан, Л.Удвал “Чингис хааны нууц түүх” романаас эшлэгдэж байна) гэж зүүдлэн Тсинакан бас л зүүдэндээ сэрэв. Харин шинэ зүүд үзэж эхэлсэн байв. Анх чулуун гянданд цоохор ирвэстэй хамт хоригдсоноосоо хойш хичнээн он улираад байгаа, тэр ирвэс нь ч хананы нөгөө талд одоо буй эсэхийг мэдэхээргүй цаг хугацаа оройн зайн учир зүйгүй зүүдний ертөнцөд живсэн байлаа. “Зүүднээс төрдөг зүүд гэж байхгүй” хэмээн бодсон ч жинхэнээсээ үнэхээр сэрж чадахгүй зүүдлэн тэмтэчсээр... Хамгийн хачирхалтай нь тэрээр зүүдлэхдээ нэг явдлыг, зүүдэндээ сэрээд үргэлжлүүлэн бас нэгэн явдлыг зүүдлэнэ. Нэг шинэ зүүд болгоноо элсний ширхэг мэт үл мэдэгдэх ч хоорондоо төсөөтэйгээр аажмаар ахиулан ахиулан зүүдлэх аж. [Хүүрнэл зохиол болоод жүжиг, киноны зохиолч С.Жаргалсайхан. “Чингис хааны нууц түүх” романы зохиогч]
“ ...Тэмүжиний шар нүдэнд занал хорсол хурж сэлмээ урагш сунган алгуур тойрно...Чи дахиад хэл гэж Тэмүжин яг суусан чигээр гэнэт хэлэхэд Хан-Төмөр цочжээ. Тэмүжинийг ийм тод гэрэлтэй шар нүдтэй гэдгийг тэр ерөөсөө анзаараагүй билээ...Тэмүжиний энэ аймшигт харц нүдийг нь сохлох шиг болоход өөрийн эрхгүй харц дальдрав... Үл таних тэр залуу өөрийг нь чиглэн түргэн түргэн алхлан ирэхэд хөдөлж чадсангүй. Энэ бол Тэмүжин болохыг түүний хурц шар нүд гэрчилнэ...” . (С.Жаргалсайхан, Л.Удвал “Чингис хааны нууц түүх” романаас эшлэгдэж байна) Энэ мэт эцэсгүй зүүднүүд тэрхүү хамт хоригдсон ирвэсээс, түүний эргэлдсэн ногоон шар нүд, эх захгүй цоохор толбоны ховсоос үүдсэн хэмээн сэрэх бүртээ боддог бодлоо үргэжлүүлж чадалгүй Тсинакан зүүдэндээ дахин автах нь тэр. “...Ирвэс ер бусын хурц нүдтэй толгойгоо алгуур өргөн сэрвээн дээгүүр нь ганц нэг мод өлийн үзэгдэх оргилын байцыг тогтоон ширтэв...Өтөл янгирыг өршөөн өнгөрүүлсэн өлсгөлөн ирвэсүүдийн хувьд энэ аллага санаанд багтамгүй харгис байсан юм...Мэдээж айсан л биз. Айхаасаа илүү жигшин зэвүүцсэн хэрэг байсан юм. Учир нь ирвэсүүд агуу их зөн билигтэй амьтад...” . (Д.Энхболдбаатар “Ирвэсийн уул” өгүүллэгээс эшлэгдэж байна)
[Зохиолч, яруу найрагч Д.Энхболдбаатар]
Эхэндээ түүнд энэ эцэсгүй зүүдлэн давхих аялал мэдээж зорилгод нь нийцсэн таатай мэдрэмжийг өгч байв. Бүхнийг агуулагч, бүхнийг аврагч бурханы нууц бичээс гэж байна, тэрхүү шидэт үгсийг хананы нөгөө тал дахь ирвэсийн арьсан дээрээс кодлон унших сод санааг өөртөө нээн олоход нь анх хоёр чухал зүүд нөлөөлж билээ. Эхнийх нь “ирвэс хөлөглөн явдаг, хилэгнэхээрээ өөрөө арслан барс болон хувирч буй Дионос тэнгэр” . (“Эртний Грек, эртний Ромын домог туульс” номоос эшлэгдэж байна. (Орч. Х.Мэргэн))
[Дионис тэнгэр] [Ирвэс тэмдэглэгээ]
Удаах нь уугуул америкчууд буюу эртний Майя индиан нарын зурхайд хүний амьдралын мөчлөг, шинж онцлогийг үзүүлсэн хоорондоо тэс өөр 20 өдрийн зурхайн бэлгэдлийн тэмдэглэл байхыг үзжээ. Тэндээс ирвэс буюу “иш” (“Ирвэс тэмдэг Майя нарын төсөөллөөр оюуны өндөр чадвар, захиран эзэрхэхийн илэрхийлэл гэж үздэг...Ер нь Майя нар энэ амьтанд маш хүндэтгэлтэй ханддагийн дээр Балам өөрөөр хэлбэл Ирвэс хэмээх овог дээд язгууртныхны дотор их түгээмэл хэрэглэгддэг”. Дмитрий Зима, Надежда Зима “2012 он Майя нарын зөн билиг” номоос эшлэгдэж байна. (Орч. Н.Пүрэвдагва, С.Туяа)) хэмээх өдрийн дүрс бичиг болон тэмдэглээг онцгойлон зүүдэлсэн бөгөөд “майягийн иш хэмээх үгийг хөрвүүлбэл “элдсэн арьс” гэсэн утгатай...Ирвэс дүрс бичгэн дээр ирвэсийн арьснаас гадна олон элсэн ширхэг бий. Богино богино тасархай шугам байдаг нь элсний хөдөлгөөн” (Дмитрий Зима, Надежда Зима “2012 он Майя нарын зөн билиг” номоос эшлэгдэж байна. (Орч. Н.Пүрэвдагва, С.Туяа)) юм байна гэж таньсан зүүд юм.
Чухам энэ зөнтэй зүүд Тсинаканд орчлон хорвоогийн бүхий л юмсын туйлын “мөн чанар”, учир шалтгааныг хүмүүнд илэрхийлэн өгүүлсэн үгс маргашгүй бийд буцалтгүй итгүүлж, төсөөлөл сэтгэмжийн тийм гэхийн аргагүй сэтгэл хөөрөлд автуулсныг үгээр яаж илэрхийлэх билээ. Чулуун гяндангаас бурхны мөнхийн айлдварыг эрэн бэдсэн нэгээхэн өчүүхэн хүнд “хамтран хоригдогч” нь тодотгол болох зах сэжүүр нь байсан гээд л бодохоор...Тиймээс ч “бурханд зүтгэгчдийн сүүлчийнх нь болох миний хувь заяа энэ бичээсийг олж тайлах учир ерөөлтэй ч юм бил үү хэмээн бодсон билээ”. Ингээд харанхуй нүхэнд гэгээ тусах бүрийд хананд торлосон цонхоор ирвэсийн арьсан дээрх толбыг шимтэн судалж эхэлсэн бодол төсөөлөл нь нэг мэдэхэд учир утгагүй зүүдэн далай болж хувирсныг л харин гайхаад байв.
Олон жил(үнэндээ мэдэхгүй) ийнхүү зүүднээсэээ зүүд зүүдлэхдээ Тсинакан шинэ зүүдний үргэлжлэн зүүдлэгдэх нь янз бүр боловч дуусахдаа ижил тэмдэг үзүүлдгийг ажиглажээ. Огтоос ойлгож мэдрэхээргүй харийн зүүд байсан ч өөрөө гол дүр нь болж зүүдлэвэл дараагийн шинэ зүүд эхлэхийн дохио болно. Энэ удаагийн зүүдний төгсгөл ч “ёсоос” гажсангүй. “...Энгэртээ шидэт тольтой, толин дотор нь морь үзэгдэх Чингис хааны хөрөг зургийг хичээнгүйлэн зурна. Зөвхөн хар харандаагаар зурсан боловч нүд нь ногоон өнгөтэй. Зургийг үзсэн хүмүүс сөлөр хараатай байна гэлцэх аж. Гэтэл тэдний дундаас нэгэн эмч, энэ чинь сөлөр хараатай биш, бодлын зураг байна. Хүн их бодолд автахдаа нүднийх нь хараа зөрдөг юм гэж хэллээ. Зургийн дор Р.Чойном хэмээн таталсан ч гаргацтай уншигдахаар бичжээ...” (Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Р.Чойномын зурсан Чингис хааны хөрөг зургийн тухай Р.Чулуунбазарын дурсамж өгүүлэгдэж байна)
[Төрийн шагналт яруу найрагч, зохиолч Р.Чойном]
Хэдий үеийн ямар үйл явдал, хэн гэгч хүмүүсийн тухай зүүднүүд үзэгдээд буйг огтоос ойлгохгүй ч нэг л ижил зүйлийг эш үзүүлэн зөгнөөд, өөрийг нь энэ зүүдэн гянданд давхар хориод байгааг мэдэрч л байлаа. Сүүлдээ байнга элдэв ирвэсийг тасралтгүй зүүдлэх болсон нь сонирхол төрүүлэхээс илүү бүр ч төөрөлдмөөр санж. Улмаар мөнхийн бичээсийн эрэлд мордсон эгэлгүй хүмүүн маань өөрөө байтлаа “ирвэсийн тухай зүүд” л болон хувирах нь ээ гэж эргэцүүлэн ядахуй Тсинаканы ээлжит шинэ зүүд мэндлэв. Харин ирвэсгүй зүүд байх нь тэр ээ. (О.И.Гассет “Түмний түрэлт” номоос эшлэгдэж байна. (Орч. Ч.Энхээ)) “...Олон түмэн маань нийгмийн амьдралын тэргүүн эгнээд гарахаар, шинжлэх ухаан, техникийн ололтоос хүртэхээр яаран түрэх боллоо. Шавааралдалт ингэж үүсч байгаа юм. Цөөнхөд зориулагдсан зүйлийг олны хүртээл болгох нь амар биш. Үүнээс олон түмэн олон түмнийхээ шинжийг алдалгүйгээр цөөнхийн байранд түрэн орж, тэднийг шахан гаргаж байгаа цоо шинэ үзэгдлийг харж болохоор байна...” [О.И.Гассет]
Олон түмэн, шавааралдалт, шинэ үзэгдэл зэрэг үнэхээр “шинэ үгс”-ийг нухацтай бодох ч завдалгүй дараагийн зүүд залган үзэгдлээ. “...Мацаглагч олон жилийн турш ийнхүү олон нийтийн бахдан шагшсан үймээн дунд нэр төртэйгөөр мацгаа завсарлах авч сэтгэл ямагт шаналан зовно...Угтаа үнэнчээр мацаглан суугаа энэ эрхэм бус хорвоо ертөнц л түүний амжилтыг үгүйсгэн мэхэлж байлаа... Төдөлгүй мацаглагчийн торонд залуухан ирвэс байлгах болов. Удтал нам жим байсан торон дотор сүр хүчит зэрлэг араатан цовхчихыг үзсэн хэний ч болов цөс хөөрч, зүрх булгилах аж... Сониучирхан хошуурах олон торны өмнө шавааралдаж, биширсэн нүдээр ирвэсийг гөлөрсөн чигтээ таг хөшин зогсоцгоох авай” (Ф.Кафка “Мацаг баригч” өгүүллэгээс эшлэгдэж байна. (Орч. Ж.Тэгшзаяа). Торны өмнө олон хүмүүс мацаглагчийг огоорч ирвэсийг гөлрөн хөшицгөөх “гаж” гэмээр энэ зүүд чулуун гянданы голын хананд торлосон цонхоор цоохор ирвэсийн биеийг өвч бүрхсэн толбоны зүй тогтлыг олохоор муйхарласан өөртэй нь эгээ л адилхан санагдсанд бурхны гойд бичээсийн тухай бясалгалдаа эргэлзэхэд хүрэв. Бусдын түгээмэл мөн чанарыг эрэхүйд бусдын л “ялгалгүй” зүүднүүд өөрийг нь элс мэт булж байгаад, хийсвэр төсөөлөл мэдрэмжээсээ сэрээсэй гэсэндээ энэхүү зүүднүүд үзэгдээд байсанд тэрээр баттай итгэлээ. Өөрийн гэсэн зүүдээ олж үзэх нь энэхүү ховс, төөрөгдлөөс гэтлэж жинхэнээсээ сэрэх ганц зам гэдгийг ухааруулж дараагийн зүүд нь ирэв. “...Энэ илүүдэл хүмүүсийг харцгаа! Тэд үргэлж өвчтэй, хор шараар гулгиж түүнийгээ сонин гэдэг. Тэд бие биенээ залгиад харин өөрийгөө хэзээ ч шингээж чаддаггүй” [Философич, зохиолч Ф.Ницще]
Иймэрхүү байдалтай удах юм бол бусдын харь зүүднүүдэд доромжлогдож “жинхэнээсээ сэрэхээсээ өмнө үхэх болно” гэдгээ, бичээсийн тухай сэдэн олсон давтагдашгүй нэгэн Тсинаканыг ч элсний ширхэг мэт зүүдэнд залгиулна гэдгийг ойлголоо. Одоо чулуун гяндандаа, бодит төсөөлөл, зөвхөн өөрийн л танин мэдрэх амьдралдаа, тэрхэн оршихуйдаа эргэн сэрж байна хэмээн зүүдлээд жинхэнээсээ сэрэхийг хамгийн ихээр хүснэ. Улмаар “...Энэ загас унтаасай, тэгвэл би ч гэсэн унтах юмсан. Зүүдэндээ арслан үзмээр санж. Надад үлдсэн хамгийн сайхан дурсамж яагаад энэ арслангууд байдаг юм бол?.. Өвгөнд арслан зүүдлэгдэнэ” (Э.Хэмингуэй “Өвгөн тэнгис хоёр” туужааас эшлэгдэж байна. (Орч. Ц.Сүхбаатар))
[Америкийн зохиолч Э.Хэмингуэй]
гэж зүүдэлснийхээ дараа л бурхны айлдвар хийгээд ирвэсийн учгийг бүрнээ таньж, дээдийн бичээсийн тухай туйлын хүслээ бушуу унтуулж, мөн чанар хэмээгчтэй зүйрлэн орлуулашгүй өөрийн оршихуйдаа даруй сэрэхийг үнэхээр, үнэхээр тэмүүлсэн бодол нь хийсвэр төсөөллийг таягдан ялж Тсинакан сүүлчийн зүүдээ өөрөө дуудан үзэх нь тэр ээ.
“Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал хэмээх нэвтрүүлгийг өөрөө үзэн суух ажээ. Цоохор ирвэс, түүний төрөл зүйл, амьдралын нөхцлийн тухай дэлгэрэнгүй ярьж байлаа. Ялангуяа Монголд цөөн тоогоор байдаг уулын ирвэсийн тухай тайлбарлахдаа судлаач ирвэс ерөөсөө архирдаггүй, дуу хоолойны хөвчгүй амьтан гэж хэлэв”. (“Хүрээлэн” амьд ертөнцийн цуврал. Аян замын тэмдэглэл-шинжлэх ухаан танин мэдэхүйн нэвтрүүлгээс эшлэгдэж байна)
Цоохор ирвэс архирдаггүй, цоохор ирвэс архирдаггүй, цоохор ирвэс архирдаггүй гэж орилсоор Тсинакан сая жинхэнээсээ туйлаас эрхэм дотно мэдрэгдэх чулуун шорондоо сэрж чадав. Тэгээд хором ч алдалгүй үй түмэн архирдаггүй ирвэснүүд, ямар ч утга учиргүй эрээлжилсэн толбонууд, өөрийг нь төөрөлдүүлсэн элдэв зүүдээ эргэн бодсоноо би өөрөө л архирах ёстой, би өөрийнхөө зүүдийг үзчихлээ хэмээн чулуун гяндангаа “цуурайлтал” бодлоо. Амьдралын агуулгын томьёолбор болж 8 үе, 22 үсэгнээс бүтсэн бурхны мөнхийн ариун бичээсийг өөртөө нээж чадав.
“Аяа, төсөөлөл мэдрэмжийн баяр хөөрөөс танин мэдэхүйн баяр жаргалан даанч дээгүүр ажээ”. Тсинакан хорвоо ертөнцийн ариун сэдлэгийг хэн нэгэнд хамаатах төсөөлөл мэдрэмжээр биш өөрийн бодол оюундаа олж харлаа. Бурхны бичээс гэгч түүнд харьяалагдах бус, Тсинакан би өөрөө бурхны нэгэн бичээс мөнөөсөө мөн гэдгээ сэрэхүй дор...Тсинакан “ямар нэгэн цаглашгүй өндөр Хүрдийг олж үзсэн бөгөөд тэр нь түүний ард ч биш, урд ч биш, хажууд нь зэрэгцээд ч биш, тэгэхдээ хаа сайгүй л оршин байв. Тэр Хүрд галаар, бас усаар бүтсэн агаад хигээс мөөр нь харагдаж байсан ч баримжаалах үзүүр төгсгөл гэж үгүй байлаа”.
Тэрэгний дугуй адил дөрвөн зүг найман зовхист эцэс төгсгөлгүй түгэн дэлгэрэх тэрхүү хүрднээс Тсинакан өөрийнхөө дуу хоолойг номын дуу мэт олж сонссон нь: “...Цаг болж, нөхцөл бүрэлдсэний улмаас санаа сэтгэл, махбодийн аль аль нь үүсэх учир бие нь өөрийн мөн чанаргүй билээ. Бие бээр нөхцөл нь бүрэлдэхэд буй болсон тул мөнхийн чанартай бус юм. Хэрэв бие махбод өөрийн мөн чанартай байсан бол өөрөө ямар байхыг хүснэ, яг тийм болж чадна...Үүнтэй нэгэн адил санаа сэтгэл өөрийн мөн чанаргүй. Цаг нь ирж, нөхцөл бүрэлдэхэд, санаа сэтгэл буй болох тул хувирамтгай чанартай...” гэх үгс ажгуу. (“Бурхан багшийн сургаал” номоос эшлэгдэж байна. (Орч. Н.Энхбаяр нар)) Жинхэнээсээ сэрсэн л Тсинаканд хамгийн сайхан “зүүд” агаад бурханы нууц бичээс байх эсэх, түүний далд агуулга юун тухай болох нь одоо нэгэнт сонирхолгүй танин мэдэхүй болон хувирсан байлаа. Харин өөрийгөө бурхны нэгэн бичээс болох Тсинакан, хананы нөгөө талд буй цоохор ирвэсийг Чилам балам (Эртний Майя хэлээр “Төлөгч ирвэсний судар” гэсэн үг бөгөөд шүтээн судар нь ажгуу)
гэдгийг тодоос тод мэдэж авсан нь юутай ч зүйрлэн өгүүлшгүй баяр бахдал байв шүү.
2017.05.09