Завхан аймгийн Л.Ванганы нэрэмжит Хөгжимт жүжгийн театр 2018 онд “Өндөр Гэгээн”[1] түүхэн дуулалт жүжиг бүтээжээ. Театрынхаа тэгш ойд зориулан монголын төр-нийгэм, шашин-соёлын нэрт зүтгэлтэн, шарын шашны анхны тэргүүн буюу анхдугаар Богд Жавзандамба хутагтын амьдрал үйлсийг өгүүлэх уг бүтээлийн цомнолыг төрийн соёрхолт Ц.Бавуудорж, ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт Н.Наранбаатар, ерөнхий зураач, СТА Т.Ганхуяг, хөгжмийн зохиолч, УГЗ Т.Сэр-Од, туслах найруулагчаар СТА Б.Сандуйжав нар ажиллажээ.
Түүхэн зөрчилдөөнөөс уран зохиолын зөрчил рүү
Драмын зохиолыг туульсын болоод уянгын төрлөөс ялгаруулдаг гол дотоод шинж, үндсэн бүтэц нь зөрчил байдаг. Зөрчил зангилаанд суурилсан тэрхүү бүтэц байгууламжийг найруулагч гярхай ажин тайзны урлагийн хэл хэллэгт шингээн үзэгдлүүдээр дамжуулан харуулна. “Өндөр Гэгээн” жүжгийн хувьд түүхэн бодит үнэн хийгээд түүхэн нөхцөлт олон зөрчилдөөний асуудалд хэрхэн хандсан нь анхаарал татаж байлаа. Учир нь Өндөр Гэгээнтээ бид соёмбо үсгийг зохиож, буддын шашны гол судруудыг цуглуулж, орчлуулан бүтээлцэж, олон арван хүрээ хийдийг босгон сүндэрлүүлж, Язгуурын таван будда, Ногоон дарь эх, Хорин нэгэн дарь эх тэргүүт ижилгүй гойд бүтээлүүдийг урласан их соён гэгээрүүлэгчээр нь сайн мэднэ. Гэвч түүнд түүхийн дэнсэнд “орсон” маргаантай намтар бас бий. Тэр үеийн Халх, Ойрадын ноёдын зөрчилдөөнөөс болж Занабазар өөрийн ах Түшээт ханыг даган 1691 онд Долнуурт Манж Чин улстай түшмэг улс болцгоох чуулганд оролцжээ. Энэ явдал халхыг Манжууд эрхшээх эхлэл болсон байна. Энэ шийдлийг өдгөө ч түүхнээ нэг тийш болгон ярьдаггүй(нөгөө талд нь Галдан Бошигт хаан яригдана) бөгөөд Өндөр Гэгээний хувьд монголд учирч болох хожмын аюулыг хөнөөл багатай давах гэсэн холч санаа байсныг гэрчлэх түүхийн баримт мөн байдаг.
Жүжгийн эхний үзэгдлүүд ч чухам энэ зангилаа асуудалд хандах бөгөөд Манжийн Энх-Амгалан хаан ордондоо Өндөр гэгээнийг нутагт нь үдэн мордуулж буйгаар эхэлнэ. Товчхондоо Ц.Бавуудоржийн бичсэн жүжгийн цомнол түүхэн хэрэг явдлыг төгсгөлөөс нь урагш нэхэн өгүүлээд утга санаагаар нь нэгтгэн хамтатгасан уран сайхны өгүүлэмжтэй. Найруулагч ч мөн энэ өгүүлэмжийг төдийлөн гажилгүй баримталсан. Ер нь жүжгийн зохиол, найруулгын аль алинд Өндөр Гэгээн болон Зүүнгарын хаант улсыг байгуулсан Галдан Бошигт хоёрын тухай хурцатган өгүүлэхийг зориогүй нь улс монголын төлөөх үзэл санаа, сургамж ухаарлыг нэн тэргүүнд гаргах гэсэн уран бүтээлчдийн зорилго гэж ойлгож байна. Бүтээлийн эхний үзэгдлүүдэд жүжгийн үндсэн зөрчлийг уран сайхны болон гүн ухаанаар хадгалсан талаас нь онцлон шинжлүүштэй хоёр чухал зүйл байна.
Зөрчлийн бүтцийг уран сайхны сэтгэлгээ рүү
1. Эрдэнийн чулуу
Манжийн хаан Өндөр Гэгээнд эрдэнийн бадмаараг чулууг хүндэтгэл болгон бэлэглэнэ. Энэ чулууг анх уулзахдаа эрдэм урыг нь мялаан өгч байсан бөгөөд түүнийг нь гэгээнтэн шүтээний чуулган оршоож, амилуулан шүнжиглэж гайхам урлал цогцлоож өгчээ. Хатан тэр чандмань эрдэнэд ихэд шунангуй байх ч хаантан:
Амилсан энэ бадмааргийг
Аяа, тандаа барья
Жаргал зовлонгоо хуваалцсан
Жарны дурдатгал болог
Нутгийн чинь уулсыг санагдуулах
Нуттай нэгэн дуугаар
Дөрөөг тань мялаан ёслоё
Дүүрэн хүндлэл минь энэ шүү
хэмээнэ. Бэлгэнд өгч авалцсан энэ чулуугаар зохиолч түүхийн маш чухаг зангилгааг бэлгэдэн тайлж байна. Шидэт чулуугаар наанадаж Өндөр Гэгээний суу билиг, холч ухааныг, цаанадаж түүний гаргасан түүхэн нүүдэл шийдлийг давхар бэлгэдсэн. Үүнийг лавшруулбал соёмбо бичгийг зохион бүтээхүй дор хүрээний тойн лам:
Шидэт чандмань чулуунаас
Тэнгэрт ойсон үсэг гэх
Шивнээ яриа өртөөлсөөр
Хотлыг бишрүүлж байна шүү...
Өвөг дээдсээс уламжлагдсан гэх
Үлэмж увьдастай тэр чандманыг
Далай ламын шоо
Танд буйг айлдсан байдаг
Эрхбиш тэр чулууны
Эрдмийг үзүүлбэл болох уу
Хүрээ гандангийн минь хойморьт
Хүнийрхэлгүй залж гийгүүлээч
гэж үг сөргөх нь Анхдугаар богдынхоо оюун билиг, үйлс мөрд монгол түмэн ч сүслэн дээдэлж байсныг илтгэхийн сацуу “бяцхан” эргэлзээ тээнэгэлзээ буйг ч харуулж байна. Харин хариуд нь Өндөр гэгээний:
Эрдэмт чулуу бодитойгоор
Оршиж буйд итгэдэг бол
Энэ чандмань өөрөө
Байх газраа сонгодог байж таарна
Билиг билгүүний чинадад
Бэдэрч хамт бясалгасан
Он жилүүдээ чагна даа, лам минь
Онцолж үүнийг л шивнэх бий вий
хэмээх үгсийн “Байх газраа өөрөө сонгоно” гэсэн утга төгс зангилгаа нь зөвхөн надад хамаатах төдийгүй монголын минь хувь заяанд тусгалтай асуудал байсан юм шүү гэсэн санааны уран сайхан илэрхийлэл болжээ.
2. “Илдэт үгс”
Амгалан хөх тэнгэрийн үзэмж дор, номын үсэг оршоосон дөрвөн баганын голд Өндөр Гэгээн завилан суугаад
“Арилжаа наймаа хил хязгаартай байх ёстой
Дундад иргэн хүн тариа тарьж болохгүй
Монгол хэлээрээ өнө мөнхөд ярих ёстой
Дундад иргэн хүн монгол хүнтэй ураг барилдаж болохгүй”
хэмээсэн зарлиг тогтоолын үгсийг мөр мөрөөр нь уншихуй; илдний хангинах дуун давхар дуулдаж, гэгээнтний мутраас “номын хүчит сум” харваж багана бүрт очин тусна. Улмаар тарни номын шидлэг аялгуунд бясалган зарлиг номын үсэгт баганыг мөнх тэнгэр өөд хөөргөн одооно. Энд мөн л олон давхар бэлгэдэл, тэмдэгийн чуулбар буйг ажиглаж болох... Долнуурын чуулганаар Манжийн хуулиар дээрх зүйлсийг хориглуулах тогтоол заалт гаргасан байдаг бөгөөд түшмэг улсууд энэ хориг үүргээ олон жил баримталсан түүх бий. Энэ хэсэг харин зохиолд байгаагүй тул найруулагч нөхөн дэглэсэн юм болов уу. Юутай ч эхлэлийн энэхүү хоёр үзэгдэлд зохиолч, найруулагч, зураачдийн ур ухааны хоршил гойд ялгаран мэдрэгдэж байгааг онцлох хэрэгтэй юм. Бидний аман дээрээ мэдэх боловч ачиртаа бол гүйцэд таниагүй Өндөр Гэгээнтий түүх энэ цагт ийнхүү өрнөнө. Дүрслэх урлаг, уран баримал, уран барилга, хэл соёл, шашин ном гээд урлал үйл, уран бүтээлийн хосгүй үйлсээрээ дэлхийд үнэлэгдсэн Өндөр Гэгээн Занабазар бол монгол үндэстний ухамсар соёл, угсаа түүхийн залгамж, оюун билгийн бэлгэдэл болсон суут хүмүүн билээ. Уг жүжиг гол дүрээ гэмтэн үү? шүтээн үү? гэж дэнслэхээс урьдах зорьсон утга бол монголын түүх соёлын амин хэлхээ, угсаатны үнэт зүйлийн мөн чанарыг суут хүмүүний үйлс мөрөөр нээн таниулж үнэлэхэд оршсон байна. Хамгийн чухал нь үндэстний түүхэн ухамсарт нэгдмэл ойлголт өгөх хандлагыг агуулгадаа нэвт шингээийг чухалчилжээ.
Дууллаас тодрох дүрүүд
Өмнө өгүүлсэнчлэн Ц.Бавуудорж зохиолчийн зохиолын үг утга уянга төгөлдөр, үг найрсалтай, хэмнэл жигд бичигдсэн тул дүрүүдийн сэтгэл зүйн дотоод шалтгаан, гадаад үйлдлийг харилцан тодруулахад дөхөм түшиг, нягт уялдаа болж зохирчээ. Хөгжимт жүжиг хөгжмийн аялгуу, уянгын шүлэг(lyrics), хөгжмийн дэвтэр зэргээс бүрэлдэх агаад жүжгийн зохиолч, хөгжмийн зохиолч хоёр адил тэнцүү үүрэг хүлээдэг. Энэхүү уянгат шүлэглэлийн чинад мэрдэмжийг эгшиг аялгуугаар хөглөөн уясаах дуунууд дуулалт жүжгийн чухаг бүрдэл байх нь мэдээж юм. Хөгжмийн зохиолч Т.Сэр-Одын жүжигт хийсэн дуунуудаас Өндөр Гэгээний нутагтаа буцахын өмнө шавь нартайгаа дуулах, залгуулаад совин билгийн, дотроо эрхгүйдэн энэлж зовнисон дуу, сэтгэлт бүсгүй Номууны гансран дуулах дуунууд нь дүр бүхний дотоод зөрчлийн өрнөлийг, үзэгдэл хоорондох зангилаа, тавилтыг тодруулан тээн ирүүлсэн бүтээлүүд болох нь мэдрэгдэж байлаа. Ялангуяа жүжгийн прологт болон гэгээнтэнтэй эргэн уулзах үед эгшиглэдэг эмэгтэй хоолойн аялгуун бол жүжгийг, гол дүрийг, түүний чин сэтгэлийн хүслийг мөн чанарын үүднээс тайзнаа дүрслэн харуулах зорилгыг нээн ухааруулж чадсан.
Жүжигчин Ч.Лхагвадорж Өндөр гэгээний дүрийг боломжийн түвшинд бүтээлээ. Үг, үйл бүхнийхээ ард нутгаа санасан элгэн сэтгэл, далд бэтгэрэл, совин билиг, шашин төртэй холбогдох өдий төдий зөрчил тэмцэл бүхнийг тэнцэтгэн тээж яваа түүхэн үүрэгт хүнийг гаргахдаа ном соёлт мэргэн хүний ноёлог түвшин эгэл төрхийг авч явж байсан. Онцолж сэтгэлт бүсгүйн дүрд тоглосон Э.Мягмарцэцэг, тойн лам-Б.Сандуйжав, Занабазарын залуу дүрүүд-С.Нямжав, А.Цэрэнбалжир нарын тоглолт, дүрийн урлал ажиллагааг үнэлмээр байв.
Найруулагчийн тайлан тайлбарлахуйн ончроо
Өндөр Гэгээний биенээс идэр залуугийн хоёр дүр нь алдуурч тал тал тийш сэтгэлийн уяаг татална. Тогтворгүй сэтгэлийн үзүүрээ гэгээнтэн хоёр гартаа голчлон атгаж тэнцэтгэн барихыг хичээх аж. Сэтгэлийн уяаснаа ээрэгдэн буй, ээрэгдэн ээрэгдэж эвхэгдсэн ноёлог төрх, идэрмэг дүрүүд нэгэн дор ингэж үзэгдэнэ. Улмаар гэгээнтэн “үйлийн эрх гэж бий” хэмээгээд сэтгэлийн “цагаанаа” хоёр алганаа хадаг мэт дэлгэн өргөн бариад; хоёр шавийн хамт гурвуул чандманьлан суугаад эрдэнэт хүнийг онох тэмдгийг зүйрлэж хоосон чанарын тухай өгүүлэн байх ажгуу. Энэ бол Занабазар гэдэг хувь хүнийг өөрийнх нь ертөнцөд, хүний л адил нэгэн оршихуйд нь тайлан тайлбарлах гэсэн найруулагч Н.Наранбаатарын хүүрнэл. Жүжигт энэ мэт театрын уран сайхны хэллэг, зохиомжийг зүй тогтлын дагуу сэтгэл хөдөлгөм ашигласан соёмбо бичиг зохиох үесийн тайз, дэлгэцийн хослол илэрхийлэл, сүүдэрт зөвлөлдөн хэлэлцэцгээх ноёдын дүрслэл, Дарь эхийн урлал үйлийн бүжиг, хөгжмийн зохиомж, өөрийн хөргийг бэлгэдэн зуруулж суух, Хүннү өвгийн дээдэс залран ирэх гэх мэт найруулгын дэглэлтүүдээр баялаг байсан.
Дээдсийн дэнсэлсэн Занабазар
Занабазар чи зарлигтай ачаагаа үүрсэн
Замбууд дуурсгалтай үйлийг үргэлжлүүлсэн
Монгол гүрний тулган дахь гал
Монгол хүний судсан дахь нар
Монгол хүний оюун дахь тэнгэр
Мохсон эсхүл бадарснаар
Үйлсийн чинь хар цагаан дэнслэгдэнэ
Нигүүлсэлт сэтгэл, номын явдлаар
Илд бүтээж болдгийг үзэв
Нисэн эргэлдэх тэр илдэнд
Басамжлагч гүрэн яллагдахыг харав
Өргөн түмнээ өмөлзөн асрахын
Үлэмж билиг, оюун санаанд байдгийг сэхээрүүлэв
Миний дэнсэн дээр гэрэлтэй талд нь жин дарав
Мэдсүгэй, сонордсугай, өршөөсүгэй чамайг...
Занабазар...
Өндөр Гэгээний зүүдэнд Хүннү тулгар төр улсын хаан Модун шанью өөрийн зөвлөхийн хамт ирэн ийн дэнсэлж буй хийсвэрлэл зохиолч, найруулагч хоёрын үндэстний түүхэн ухамсарт нэгдмэл ойлголт өгөх үндсэн агуулга чадамгай нэвтэрсэн. Энэ өгүүлэмжийн уран сайхны үнэнд түүхийг хялбаршуулан өөрчилсөн ч юм уу, нэг талд нийцүүлэн гуйвуулж бичсэн зүйл огт алга. Академич Ж.Болдбаатар нэгэн ярилцлагадаа:
“Тухайн үеийн түүхэн нөхцөл, оюунлагийн түвшин, гадаад, дотоод олон хүчин зүйлүүдийг сүлжилдүүлэн барилдуулж, харилцан шүтэлцээтэй авч үзэж байж үнэн зөв гаргалгаа хийх боломжтой болсон л доо...Түшээт хан Чахундорж Эзэн богд Чингис хааны буюу Халхын голомтыг сахиж байгаагийн хувьд зохицуулахыг оролцохоос өөр аргагүй байсан...Халхчуудын хувьд шашин төрийн хамгаалалт эрж дагаар орсон хэрэг байсан...Ийм нөхцөлд халх руу явуулах бодлогыг эерэгээр зөөллөж байсан хүн бол Өндөр гэгээн Занабазар”[2] гэж дүгнэснээс харахад шашин соёлыг дэлгэрүүлж, үндэсний эв нэгдлийг тодотгон сануулж, бүтээн туурвиж асан их үйл хэрэг мөнхөд үнэн цэнтэйгээр дурсагдах ёстой бус уу. Бид өөрсдийн уугаль сэтгэлгээ, уран сайхан, үнэт зүйлс бүхнийхээ чинагуухь ончроо, чинхүү төрхөт үндэстний мэдрэхүйн ижилгүй орон зай, түүхэн нэгдэлт ухамсар, тал нутгийн нүүдэлчдийн гоцгойрсон хэл соёлын ой санамж, суу залиан улам нэхэн нээж тэмтрэх зорилгыг дор бүрнээ эрхэмлээсэй гэж хүснэ. Энэ замд “Өндөр Гэгээн” жүжиг өвгөд дээдсийн шүншиг оршсон чинад агуулгатай түүхэн дуулалт жүжгээр “номын илд”-ийг оюуны цараанд харшууллаа.
СУИС-ийн багш, утга зохиол судлаач Х.Чойдогжамц
[1] Тус жүжиг “Гэгээн Муза 14” Олон улсын театрын наадмаас шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй гол дүр, шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналуудыг хүртжээ.