Х.ЧОЙДОГЖАМЦ: ҮЙЛ ҮЙЛИЙН ХҮСЛЭНГЭЭ ӨНӨ МӨНХӨД ХАЙЛНАМ
2020-05-08 Х.Чойдогжамц 2979

Ховд аймгийн Хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид “Жангар” туульсаар дуулалт жүжиг бүтээсэн нь монголын театрын урлагийн түүхнээ анхдагч нэгэн хуудсыг нээжээ. “Жангар” баатарлаг туульс бол монгол түмэн, ялангуяа баруун монголын ард олны ахуй соёл, ёс уламжлал, зан үйл, хэл сэтгэлгээний ялгамжааг хадгалан үлдсэн үндэсний сонгодог бүтээл билээ. Жүжгийн найруулагчаар С.Ариунжаргал, хөгжмийн зохиолч, удирдаачаар П.Насан-Очир, ерөнхий зураачаар Э.Хишигтогоо, гол дүрүүдэд Б.Бямбасүрэн/СТА/, Д.Золзаяа, С.Алтансүх, С.Хадхүү нар ажиллажээ. 

Жүжгийн зохиолчоор ажилласан Т.Цэдэнсодном “Жангар”-ын туулийн хамгийн драмлаг гэж хэлж болох “Догшин хар Гүргэ мангас хааныг Дуут Улаан Шовшуур доройтуулсан бүлэг”-ийг сонгон авч дуулалт жүжгийн цомнол бичсэн байна. Уг бүлэгт баруун, зүүн талыг тэргүүлэгч баатрууд үл ойлголцон таран одоцгоох, Араг улаан Хонгор ар нутгаа ганцаар сахиж үлдэх, Жангарын орныг эзгүйчлэн довтлох дайснууд гээд олон дүрийн тэгш оролцоо дүрслэгддэг. Улмаар Жангар улсын залгамж болсон Улаан Шовшуур хүүтэй болж, Араг Улаан Хонгороо ганцаар эрэн аварч үйл хэргээ хамтатган үргэлжлүүлдэг уран нарийн өгүүлэмжүүд баялаг найрссан байдаг. Онцолж ганцхан жишээ өгүүлэхэд Жангар амин хайртай Хонгороо догшин тэнгисийн гүнд хаягдахад нь хөх навч болон хийсэн ороод далайн ёроолоор хайдаг дүрслэл хосгүй уран тансаг юм. 

“Жангар” дуулалт жүжиг үндэсний найрал хөгжмийн аялгуу, язгуур эгшиглээн дор ээж нь хүүдээ домог ярьж өгч буйгаар эхлэх бөгөөд төгсгөлийг мөн ийн зохиомжилжээ. Эндээс яриагаа эхэлье. Жүжиг төгсөхдөө:

“Хүү: Ээжээ, Жангарчийг тусгай өргөө гэр бариад унаа мориор залж ирдэг нь ямар учиртай вэ? 

Эх: Ойрад Монголчууд Жангар туулийг хэдэн жарныг дамнан хайлж ирэхдээ ард олны сэтгэл зүрхний угаас, улсын тусгаар тогтнолыг төвхнүүлэн тогтоох тийм хүчирхэг, ухаалаг эзэн хаантай болохыг мөрөөссөн мөрөөсөл юм. Жангараас илүү Арслангийн Араг Улаан Хонгор бол төрт улсыг залахад сайн хаанаас илүүтэй сайн бодлого, ухаантай, чухамхүү нэгэн үзүүрт сэтгэлээр улс орноо гэх тийм л эрхэм түшмэд чухаг гэдгийг мөн сануулсан дүр юм.

Хүү: Ээжээ, тэгвэл би мундаг Жангарч болно оо” гэсэн яриаг үзэгчдэд үлдээгээд өндөрлөж байна. Тэгэхээр энэхүү “Жангарч болно оо” гэдэг үг ямархан утга учрыг өгүүлнэ вэ?

Амьд уламжлалын гайхамшиг 

“Жангар хайлмаар газар санж”. Энэ үг тууль дотроо буюу “Жангар” туулийн сонгодог хувилбар болох Халимагийн 26 бүлгийг(Доктор Т.Дүгэрсүрэнгийн хөрвүүлж, эмхэтгэсэн) уншихад лавтай хоёронтоо тааралддаг юм. Тааралдахдаа хоёул Араг Улаан Хонгор баатартай холбоотой өгүүлэгддэг. Өвс, усаар тааруухан газар нэгэн өнчин хүүг даган явахдаа Хонгор араас нь ийн хэлдэг бол, нөгөө нь дэлгэрэнгүйгээр Хонгорын гэрлэсэн бүлэгт:

“Манхан богдын ач

Манхжаан Мал Цагаан гэдэг бөх

Таван зуун хүүгээ дагуулаад хүрээд ирсэн байна.

Таныг ‘Жангар’ хайлагтун гэв.

Өөрийнхөө ар талынхнаа магтаж

Дуултугай гэв...

Үүр цайтал ‘Жангар’ хайлуулаад

Маргааш нь мянган шар толгойт хонь

Жангарчийн шан гээд туулгаад явуулав”  хэмээн “Жангар” дотроо Хонгор баатар “Жангар”-аа хайлж буй үнэхээр содон хэсэг юм. Энэ тухайд зохиолч Г.Аюурзана торгууд ястны домог зүйн сэтгэлгээ, туульсын уламжлалыг тусгасан “Цагаан Хар Улаан” романдаа “Туульсын дотор Хонгор баатар өөрөө харь улсад очоод байхдаа эзэн богдоо санагалзан жангар хайлдаг хэсэг дээр Рэнцэнраа тууль хайллагын дотор давхар туульж хайлж буй тэр уран зохиомжийг биширсэндээ ч тэр үү, жинхэнээсээ ховсдуулчих шиг болов”  гэж онцлон бичсэн байдаг. Энэ хоёр өгүүлэмж, баримтаас харахад тууль хайлах нь зөвхөн үгийн урлаг, гоо сайхны ач холбогдолтой төдийгүй шүтлэг бишрэлтэй уялдах зан үйлийн цогц үзэгдэл бүхий соёл, сэтгэлгээ болох нь харагдана. Цаашилбал дээр өгүүлсэн бүлэгт хожгор хөвгүүнд хувилсан Хонгор харийн хааны өргөөнд морилон өөрөө “Жангар”-аа хайлж, алдарт ноён Жангар, арван хоёр баатар, Араг Улаан Хонгор гэхчилэнгээр магтан хэлэн байхдаа өөрийн эрхгүй омогшин босч ирээд:

“Энэ үеийн хүн болчихоод

Надад халддаг бол

Яана тэр улс” гэж хэлээд

Халаад хашгирсан дуунд нь

Шил гарьд байшин дайвалзав” гэж уншиж, сонссон хэн ч бахдан биширмээр уран сайхан өгүүлдэг. Энэ бол “Жангар” тууль ямар амьд уламжлалтай, үе залгамжтай түүхэн санамжит туурвил болохыг илтгэх гойд илэрхийлэл, яруу хүүрнэхүй мөн. Энэ санаа жүжгийн төгсгөл дэх хүүгийн ээждээ амлаж буй “Жангарч болно оо” гэдэг үгийн утгын цуурай зохиолч, найруулагчийн оюунлаг шийдлээр тодорч байгааг таньж болно. 

Түүхийг баатарлагаар хүүрнэхүй

Дэлхийд цуутай эзэнт гүрэн байгуулсан түүхэн улбаатай, хүчирхэг “үндэстэн-улсуудад” л баатарлаг туульсын бүтээлийн уламжлал хадгалан үлдсэн болох нь өдгөө нэгэнт тодорхой болжээ. Учир нь Эртний Грекийн “Илиада”, “Одиссей”, эртний Ромын “Энейн дуулал”, Энэтхэгийн Мхабхарата, Англий Биовүлф, Францын “Роланд баатрын дуулал”, Оросын “Игорын хорооны тууж”, Испанийн “Сидийн дуулал”, Германы “Нибэлүнгийн дуулал”, Италийн “Тэнгэрлэг туульс” тэргүүт бүтээлүүд нарратив мэдлэгийн баялаг өгүүлэмжээрээ түүхэн хийгээд уран сайхны сонгодог бүтээлүүд болох нь батлагддаг. Товчхондоо “тууль буюу олон улсын хэллэгээр “Эпик” нь тухайн үндэстэн бие даасан хэл, утга зохиолтой эсэхийн үндсэн шалгууруудын нэг. Эртний туульсад ертөнцийн үүслийн домгоос эхлээд хүн төрөлхтний уран сайхны сэтгэлгээний үр хөврөлүүд агуулагдсан байх тул тухайн үндэстний хэл соёлын хэр эртнийх, хэр хүчирхэг гэдгийг туульсаар нь дамжуулан тэмтэрч ирсэн”  байна. 

Монгол баатарлаг туульс нь дэлхийн бусад туульстай эртний шүтлэг, шашин мөргөл, түүхчлэн хүүрнэх домог зүйн болон уран сайхны сэтгэлгээний нийлэг байдлаараа төсөө боловч хөгжмийн аялгуунд хамсран өгүүлэх, туульчийн уран чадвар, хайлах зан үйл, өвөрмөц уламжлал зэргийг шингээсэн нийлмэл урлагийн шинжээрээ онцлог юм. Хамгийн онцлууштай чанар нь туульч буюу өвлөгч бүрийн хайлах онцлог, уран сэтгэмж, үгийн баялаг, хөг хэмнэл давтагдашгүй байдагт оршино.

Найруулагч С.Ариунжаргал баатарлаг туулийг тайзнаа хүүрнэхдээ зохиолын хэмнэл, зөрчлийн холбоог мэдрэн үйл явдлыг урд хойно нь хурцатган сэлгэж, хураан цомнож дэглэсэн ажиллагаа сайтар мэдрэгдэж байлаа. Үүний нэг жишээ Жангар Араг улаан хонгорт Ар бумбын орноо даатган үлдээж захидаг үйл явдалд Хүнхээн чээж, Гүзээн Гүмбэ хоёртой хамтдаа дөрвүүл суугаараар сэтгэмжилсэн нь зөрчлийг сөргөлдүүлэн хурцатгасан тайзны оновчтой найруулга байв. Уулын хөх өвгөн Жангар хайлж жүжиг эхэлсэн бол жүжгийн явцад мөнхийн хорин таван наст дүрээр гарч ирэн үргэжлүүлэн үйл явдал дундаа хайлсаар байна. Энэ илэрхийлэл өмнө өгүүлсэн Хонгорын эхнэр авах бүлгийн уран өгүүлэмжтэй төстэй юм. “Жангар” туулийн “нэрийн хуудас” гэж хэлж болох санааг мөнхлөн өгүүлэх болон түүнээ давтамжлан хүүрнэдэг хэлбэрийн мөн чанар жүжгийн найруулгад ийн тусжээ гэж харж байна. Харин найруулгын талаас нэг дутагдалтай зүйл нь хийсвэрлэсэн, оюунлаг, уран нарийн шийдэл, урлалууд ховор байсан. Зөвхөн харагдах сэдвийн хүрээнд үйл явдлыг бодитоор буулгасан ерөнхий байдал нь сэтгэмжлэн бодох, ургуулан эргэцүүлэх уран сайхны боломжийг хомсдуулсан. Хөөмийч Н.Сэнгэдорж нэгэн яриандаа “нүүдэлчдийн хувьд гэр гэдэг чинь театр юм шүү дээ. Тулгаа тойрч суугаад тууль, үлгэр хүүрнэхэд хүн бүр дүрээ өөрөөр дүрсэлдэг. Тийм нүдтэй, тийм харцтай гэж ургуулан бодох жишээтэй. Жангар туулийг хайлахад Жангар баатрыг хүүхэд бүр өөрийнхөөрөө төсөөлнө. Харин киног нь хийчихвэл бид нэг л янзаар дүрслэх тул бэлэнчлэх сэтгэлгээнд орчихож байгаа юм. Тэгэхээр сэтгэхүйн драм гэдэг чинь нүүдэлчдэд угаас байж шүү дээ. Хуучны мундаг жүжигчдийн цалгисан их авьяас үүнтэй л холбоотой”  хэмээн өгүүлснийг тунгаан бодууштай юм. 

Хүслэнгийн дүр хийгээд “Хүслийн үйлдвэрлэл”-ийн онол

“Жангар” жүжгийн уран бүтээлчид “энэхүү бүтээлээрээ дамжуулан өнөө цагийн залууст нөхөрлөлийн ариун нандин холбоо, үнэнч хайр сэтгэл болон Баруун монголын ард түмний ахуй соёл, ёс заншил, баатарлаг зан чанар, сайн сайхан цагийн ерөөл хүслийг гаргахыг зорьсон”  гэж жүжгийн найруулагч онцолжээ. Энд дурьдсан сайн сайхан цагийн ерөөл хүслийн утга санааг дэлгэрүүлэн үзье. “Жангар” туульд:

“Доордын орны зүүдэн болсон

Дээдийн орны хүслэн болсон

Дуутай Жангар минь”   гэж хайлдаг. Үнэхээр л Жангар, Хонгор тэргүүтэй баатар эрс, үзэсгэлэнт хатад, шандаст хүлэг, мөнх дөрвөн цагт эетэй найртай, өнчингүй өнөр, үхэлгүй мөнхтэй бумбын сайхан орны үгээр өгүүллээ ч элбэгдэх аж төрлийн сайхан бол монгол угсаатаны мөрөөдөл хүслэн, хайр бахдалын дүр, үзэл санааны оргил дуулал юм. Тууль судлаач, доктор Т.Баясгалан “Жангар’ туулийн баатрууд голдуу хүслэнгийн дүр байх бөгөөд тэдгээрт туулийн баатруудын олон үеийн агуулгыг нэгтгэн зангидаж, нэгэн авьяас чадвараараа олноос хэтийдсэн тусгай бие хүний дүрийг бүтээж, түүнд том улс гэрийн үйл хэргийг даалгаж, зан төлөвийн олон өнгө аясыг туульсын зохиолд урьд байгаагүйгээр ялгаруулж чадсанаараа бусад туулийн зохиолоос олон шат ахисан байдаг...Туулийн үзэл санаа нь төвлөрсөн засаглалтай улсын үзэл санааг тунхагласан шинжтэй, Жангарын нөхөд нь Бумбын орны нэгдэл нягтралын төлөө улс албат, аав ээж, хатнаа хаяад ирсэн хүмүүс байх ба хамтын хүчээр дайснаа дарж, мянга нэгэн жилийн албат болгож авч байдаг”  гэжээ. Үүнтэй холбогдуулан өгүүлбээс философич, доктор Ц.Нямсүрэн “Монгол, Грек туульсын бүтцийг харьцуулан судалсан нь(Хан Харангуй, Жангар, Илиада, Одиссей туулийн жишээн дээр)” нэг сэдэвт бүтээлдээ нарийн ажиллагаатай, тулхтай онолын баримжаагаар (В.Проппын үлгэрийн бүтэц зүйн аргачлал, К.Л.Строссын домгийн бүтцийн судалгааны аргачлал г.м) гярхай судалгаа, дүгнэлт, шинэлэг харьцуулал олныг нээжээ. Жишээ нь дээрх туульсын бүтэц, элементүүдийг харьцуулсан нэгэн дүгнэлтдээ Ж.Делёз, Ф.Гваттари нарын “Анти-Эдип” бүтээлийн гол ойлголт болох “хүслийн үйлдвэрлэл”-ийн онолтой харгалдуулан:

“Тууль бол оршин буй нийгэмдээ үйлдлийн хэм хэмжээ тогтоон, чадамжийн шалгуурыг хангахын зэрэгцээ “хүслийг үйлдвэрлэж” байна. Хүсэл бол гачаал, дутагдал дээр тулгуурласан төсөөллийн хүч биш, харин бодит, бүтээлч хүч болохыг туульсын бүтээлүүд гэрчилдэг гэж дүгнэж болохоор юм. Иймээс туульс нь туулсан амьдралын дурдатгал, ой санамж болон өнгөрсөн үед хамаарч буй мэт боловч оршин буй нийгэмдээ ахин дахин өгүүлэгддэгээрээ үргэлж эдүүгээчлэгдэж хүний сэтгэл зүрхийг эзэмдэгч баатрын дүрээр ирээдүйн итгэл найдвар, тэмүүлэл, хүслийг үйлдвэрлэдэг ажээ”  гэж дүгнэжээ. Ж.Делёз, Ф.Гваттари нар психоанализын эсрэг шүүмжлэлт онолыг боловсруулахдаа З.Фройдын “Эдипийн цогцолбор” тэргүүт онолын томъёоллуудыг хэт хувийн ухамсаргүй, бэлгэдэлтэй холбон тайлбарласан гээд, оронд нь хүний хүслээр(desire machine, desiring-production) дамжуулан амьдрал, тэмцлийн үндсийг голчтой зөвөөр нээх зорилготой байв. Гэхдээ ухамсаргүйн онолыг үгүйсгэх бус, гүнзгийрүүлэх агуулга бүхий дараа үеийн онолын шинэ хандлага гэж болох юм. Жишээ нь тэд “Эдип хаан” жүжгийг тайлбарласан психонанализыг хүний хүслийн мөн чанарыг хэтийдүүлэн буруу нээснээр Эдипт тавигдаж буй асуудал хийгээд шийдлийн алинд ч хариулт өгч чадахгүй гэж үзсэн байдаг. Ийнхүү Эдиптэй холбогдох ухамсаргүйн талаарх тайлбарыг “төлөөллийн театр” хэмээн сөргөж, хариуд нь үр бүтээлтэй "хүслийн үйлдвэр"-ийн бүтцийг дэвшүүлсэн байна. Хүсэл бол дутагдал дээр суурилсан төсөөллийн хүч биш харин бодитой, бүтээмжтэй хүч гэж харсан. Үүнийг бичигчийн хувьд ч Эдип бол өөрийн үнэнийг олж танихыг л хүссэн дүр гэж бодож байна. Эдипийн туулсан эмгэнэлт зам бол Эдипт хүрэх зам л байсныг өөртөө ухаарч, Аполлон тэнгэрээс ч дээгүүр үнэнийг өөртөө мэдэрч, хариуцлагаа ч үүрч оршихуйгаа ухамсарлан бүтээснээр төгсдөг шүү дээ. Тэгэхээр энд мөн эртний Грекчүүд хүний оршихуйн мөн чанар, нийгмийн утга учрын тухай бурхан тэнгэр болоод хувь бодгалийн шүтэлцээг “ялгаамжлах” гэсэн хүслэнгээ Эдипиийн домогтоо Эдипийн дүрээр илэрхийлсэн гэж харж болох мэт. Профессор Ц.Өнөрбаян өнчин хэмээх үгийг “өнийн хүслийг биелүүлэгч” гэсэн утгатай талаар тайлбарласан байдгийг мөн дурьдах хэрэгтэй болов уу. Үйл учгийн дутууг үлгэр домог гүйцээх мэт үйл үйлийн хүслэнгээ өнө мөнхөд ингэж хайлдаг байнам. 

Үндэсний хөгжим, найрал дуу, туульслаг яруусал

“Жангар” дуулалт жүжиг баатарлаг туульсын хэмнэл, хайллагыг санагдуулам сүрлэг найрал дууг үндэсний хөгжмийн найралтай хамтран хоршино. Үндэсний найрал хөгжимчид хөөмийлж, хархиран давхар холбон хөтлөх нь аанай л туульсаг яруусалт өгүүлэмжийг хамтатган мэдрүүлнэ. Германы нэрт философич, суут сэтгэгч Ф.Ницщегийн анхны хийгээд алдар цуут “Эмгэнэл төрсөн нь” номдоо анхандаа жүжиг гэж байгаагүй, найрал дуу л гэж байсан хэмээх санааг бичсэн байдаг. Анх жүжиг үүсэх, эмгэнэлт жүжиг үүсэх, түүний мөн чанар, урлагийн “сүнслэг” байдлыг тээж мэдрүүлдэг зүйл нь чухам найрал дуундаа байсан бөгөөд өдгөө бид эртний эмгэнэлт жүжгийг анхных шиг нь хүчтэй мэдэрч чадахгүй нь хөгжмийг гээсэнтэй холбоотой зэрэгт олон шинэлэг зүйлийг өгүүлсэн бүтээл. Жишээлбэл “грекийн эмгэнэлт жүжгийг аполлонч дүрст ертөнцөөр дахин дахин тайлалаа олж буй дионисч найрал чуулга гэж төсөөлөх ёстой. Ийнхүү эмгэнэлт жүжгийг гөрөн сүлжсэн найрал чуулгын хувимжууд бол тодорхой утгаар харилцаа дуу гэгчийг бүхэлд нь, өөрөөр хэлбэл тайзны нийлбэр ертөнц, драмыг өөрийг нь ч төрүүлсэн эхийн хэвлий юм”  хэмээн дүгнэсэн. Энэ санаа хожим Б.Брехтийг туульсын театраа онолоо боловсруулахад гишгүүр болсон нь ч анзаарагддаг. Үүнчлэн найрал дуу, ардын хөгжим болон, жангарч өвгөнөөр холбон хөтлөгч дүрүүд бүтээсэн нь өрнө, дорнын театрын уламжлалыг хослуулсан мэт сайшаалтай урлал харагдаж байлаа. Жүжиг, дуу, аялгуу, бүжиг зэрэг олон төрлийн нийлэг гүйцэтгэлийг язгуур өв уламжлалынхаа давуу талыг ашиглан бүрдүүлсэн нь хөгжимт жүжгийн театрынхаа онцлогт дүйцэж байсныг онцлон тэмдэглэе ээ. Энэхүү жүжиг бүтсэн Жангар туулийн “Догшин хар Гүргэ мангас хааныг Дуут Улаан Шовшуур доройтуулсан бүлэг” амин хайртай Араг Улаан Хонгор нь улсын залгамж болсон Гунахан Улаан Шовшууртаа

“Төр шажин хоёроо барин гарсан

Төр Бумбын орноо цуглуулан гарсан

Эрх Бадамын гэгээн болтугай” гэж цол хайрлан буй утга төгс бэлгэдлээр төгсдөг билээ. Ингэж баатарлаг туульсынхаа уран сайхнаар эв эе, эрх сүр, энэрэл хайр, үйл санааны хүслэнгээ өнө мөнхөд хайлан дуулдаг ажаам.

Х.Чойдогжамц

СУИС-ийн багш, утга зохиол судлаач

Түр хүлээнэ үү...
Top