Намрыг ямар өнгөтэй зүйрлэж болохыг надаас асуувал яагаад ч шар гэж хэлэхгүй. Шар өнгө ч намарт зохихгүй. Ер нь намрыг ямар ч өнгөөр төлөөлүүлж чадахгүй. Мэлтэлзтэл дүүрээд байгаа хэр нь юу ч үгүй хоосроод байдаг намрыг зөвхөн үхэл л төлөөлж чадна.
“Жинхэнэ намар” (эсээ)
***
Намрыг ямар өнгөтөй зүйрлэж болохыг ахиад нэг асуувал хөх гэж хэлнэ. Намар бол хөх улирал. Тиймээ хөх өнгө. Улирч одсон хүүхэд насны минь уйтгар гуниг, баяр баясгалан шиг хөх өнгө. Ус шиг, тэнгэр шиг, зэрэглээ шиг, утаа шиг хөх өнгө. Өвгөн улирал, өтөл өнгө. Өөрөөс минь алсрагч бүхнийг ойртуулагч хөх өнгө.
“Жинхэнэ намар” эсээ
***
Зургаахан настай хүүхдийн үс цайсан гээд бод доо. Амьдрал гэдэг чинь насаар биш бодлоор хэмжигддэг эд юм бус уу!
“Тэнгэрийн охины зүүд” өгүүллэг
***
Өнгө өнгийн унтлагын хувцас, улавч, халаадтай өнгө өнгийн эмэгтэйчүүд нэгэн тогооноос аяга (аяга нь ч мөн адил өнгө өнгийн) аягандаа хоол авахаар эгнэн зогсоно. Зарим нь гартаа хоёр, бүр гурван ч аяга барьсан харагдана. Эмэгтэй хүн хаана ч явсан хэн нэгнийг асарч тэтгэх үүргээс мултарч чаддаггүй юу эсвэл тэдний өөрсдийгөө эрэгтэй хүнээс өөр гэдгээ харуулах хүслийнх нь илрэл гарт нь багтаж ядах аяганууд уу...
“Төрөх тасаг” өгүүллэг
***
Хүүгийн минь гэнэтийн энэ асуулт нүүр рүү хүйтэн ус цацах шиг цочоолоо... Гэнэтийн бүхэн хүчтэй, магадгүй үнэн. Гэнэтийн үг өөрөө ч маш хүчтэй. Гэнэтийн золгүй явдал, гэнэтийн учрал, хагацал, гэнэтийн үхэл. Гэнэтийн... Гэнэтийн бүхэн үнэмшилтэй. Хамгийн үнэмшилтэй. Гэнэт л асгарсан бороо, гэнэт л малгайлсан цас, гэнэт л боссон салхи. Гэнэтийн бүхэн жинхэнэ байдаг.
“Бөгтөр” өгүүллэг
***
Өөртэйгөө адил эмэгтэй хүнээс, өөрийнхөө дотор бий болгосон эрэгтэй хүнийг харвал, өөр нэг эрэгтэйгээс өөртөө байхгүй эмэгтэй хүний шаналлыг мэдэрвэл, бид энэ мэдрэмжээ юу гэж тодорхойлох вэ? Бидний эрэгтэй, эмэгтэй гэж ялган тусгаарласан хүмүүсийн доторх зүрх бүхнийг чагнаж үзвэл?..
“Хажуу өрөө (Хөгжимчин)” өгүүллэг
***
Хааяа нэг аавыгаа зүүдэлчихээд сэрсэндээ ямар нэгэн үнэ цэнэтэй зүйлээ алдчихсан юм шиг харамсдагаасаа ч илүү тэнгэрийг тэр гайхалтай зүүднээсээ сэрсэнд л одоог хүртэл харамсаж басхүү баярлаж явдаг даа... Тэнгэр тэр зүүднээсээ сэрээгүй байсан бол би хөөрхөн дүүтэй, гэхдээ тэнгэр зүүдэлдэгт итгэхгүй байх байсан биз ээ.
“Тэнгэрийн охины зүүд” өгүүллэг
***
Бидний хайрлаж, хамгаалж, өөрт ноогдсон цаг хугацаагаа зарцуулж байсан төгсгөлд нь миний, чиний нэг хэсэг биш “өөр нэгэн л” байх нь олонтоо. Нэгэн явлаа гээд юу өөрчлөгдөх вэ дээ. Өөрчлөгдсөн ч “өөрчлөгдсөн” тэр байдалдаа дасахад тийм ч урт хугацаа хэрэггүй.
“Хажуу өрөө (Зураач)” өгүүллэг
***
Өглөө эртлэн босоод сумын төв явсан аавыгаа өдөржин хүлээдэг сэн. Өврөөсөө гаргаж өгдөг хөх цаастай чихрийг л хүлээдэг байж үнэн дээ. Газраар нэг хөглөрөх навчис адил гэрээр нэг хөглөрдөг хөх цаас. Өнөө амт нь биш өнгө нь үлджээ зүрхэнд. Унтаж чадахгүй шөнөжин суухдаа хань татсан дүнсэн тамхины утаа нь ч хөх өнгөтэй. Гэрээр нэг суунаглах хөх утаа. Өнөө үнэр нь биш өнгө нь үлджээ сэтгэлд.Үүрүүлээд өдөжин хонинд явахдаа тэртээд харагдах зэрэглээг очиж үзнэ гэж талаар нэг хашгирдаг сан. Өнөө тэр дуу хоолой биш алсад харагддаг хөх зэрэглээ л зүрх сэтгэлд үлджээ.
"Жинхэнэ намар" эсээ