УУЛЫН ХҮНИЙ БҮЛЭЭН ДУУ
2018-09-05 Х.Чойдогжамц 4180

“...Мөнөөх мөнгөн боронго хаялсаар л байлаа. Мөнхийн залуу нас, гоо сайхан, яруу найргийн тарни ширхэг бүрт нь шингэсэн буй заа...”
                          (Б.Золбаяр “Хөх тэнгэрийн орны минь хаврын урин айсуй”)

I.  Яруу найргийн “уншлага”

Бүлэг цагаан дэрсний гэрэл дор би сууж
Бөн бөн будан залгилж дүүгээн хүлээмү...

гэж яруу найрагч Д.Нямсүрэнгийн энгүүн хэрнээ эрхгүй тансаг эмзэгхэн шүлэглэсэн яруу төгөлдөр мөрт байдаг. Уулын хүний тухай яриа маань талын хүнээс эхэлсэн нь тохиол төдий биш билээ. Яруу найраг, яруу найрагчийн бүлээн танил мэдрэмж, авьяасын тухай өгүүлэх яриа маань ийнхүү ус мөрнийг давуулан айлсаж, уул талыг бэллэн уруудан өгсүүлж одов шүү.

Халуун дэрсний толгойд

Бүлээн цасан малгайлж

Хаашаа ч юм дохилзоод л... 

Цас тогтсон дэрс. Ихэнх хүнд хүйтэн, хайруу мэдрэмж, нэг тийм зэрвэс зайдуу зураглал бууж мэдэх юм. Гэтэл яруу найрагч хүмүүн гэдэг арай л өөрөөр энэлэн сэрэх юм даа. Цас тогтоосон дэрс. Дэрсний толгойноо хэсэгхэн цасан малгайланхан дохилзож тогтсон тохиол зуурыг таньж, дотроо мэдрэхүй; дэрсэн халуу шатаж, цасан бүлээн оргин сэтгэлийн нүднээ үзэгдэнэ. Дүүгээн хүлээх сэрэмж, анзаарлаас бүлэг дэрсний гэгээг олж үзсэн яруу сэрэхүй үүдсэн ахул энд буйдхан аглагт альхан ч зүгтээ дохилзон дохилзох тэр эгшиний анзаарлаас хэсэгхэн дэрсний илчийг олж нээжээ. Нээсэн учраас ч дэрсний үзүүр дэх цастай ижил сэтгэлийн үзүүрт бүлээн оргином оо. Жинхэнэ яруу найраг гэдэг хаа хаанаа ийм л “уншлага” байдаг бус уу. Уншлагын тухай ярьсаных бас нэгэн жишээ авья.

...Уйтгарыг сундалж адууны хэрэвээр шогшихуй

Улаан цэцэгс тал бүртээ дохих ажээ,

Хөндлөн хөх өвсийг үзвээс хавар уу, намар уу?..

 Энэ шүлгийн хэмнэлд автаад хэрэв гэдэг үгийг би гурван ч янзаар “уншиж” үзлээ. Эхлээд аялага, бичлэгийн зөрүүгээс болж жигд, тэгш гэсэн утгатай хирэв, хирвэх хэмээх үг байж магад гэж уншлаа. Адууны жигд нэгэн хөдөлгөөнөө шогшихуй... Дараа нь бүр шилжсэн утгаар сэтгэж хирвэх буюу хяргах, засах утгатай нь ханьсуулж адууны хирвээ болгон уншиж үзлээ. Адууны хирвээр гэхээр засаж тэгшитгэсэн дэл болж таарна. Улмаар адууны хирвээр шогшихуй гэхүл мориныхоо дэлийг ширтэж хаялага, аялганаар нь уймсран гансарч яваа хүний сэтгэл тэнийн тодроод ирэв. Сүүлд нь бүр аргадүйдэх гэсэн утгатай  “хир хир” гэсэн хоршоо үг аялгажиж нийлэгжээд хирвээр, хэрэвээр болон хувирав уу ч гэж бодмоглолоо. Байхаа ч магад аа. Уншигч танаа сонин байх болуужин гэж бөх зүрхлэн зохиогчоос энэ үгийг лавлан асуусан юм. Гэтэл урианхай аялгад адуу тогтдог, уулын налцархай газрыг хэрэв гэж хэлдэг ажээ. Гэвч зохиогчийн эл тайлбар та бидний “уншлагад” хэрхэн гүн халдаж чадах... Хамгийн үнэнтэй хариуг мөнх цасны хормой дахь хөндлөн хөх өвсийг очиж үзсэнээр мэдэх буюу. Ямартай ч адууны хэрэвээр шогшихуй гэсэн дүрслэл сэтгэлд сэвхийлгэсэн уйтай салхинг тэмтрүүлж байнам.

...Ирэх хавар

Ижийн минь санчиганд буй

Бүлээн зүс мэт...

Найрагч Баруун Алтайн хөхөмдөг их уулсаасаа сэтгэлийн гоо сайхнаа тунгалагшуулан тэжээж, онгод авьяасаа хөглөн ончордог нь илт. Гэмээнэ шүлгийнх нь амин сүнсэн давын өмнө анхлан унасан хөх дав, хөх бэлчирийн гол нь ажээ. Тийм л хөх өнгөнд хөлбөрч өнжсөн бодлын харгуйгаас ижийнхээ санчиганд буй бүлээн зүсийг таньж, ирэх хавартай зүйрцүүлэн сэтгэж уясах бүлээн эгшиг уужимланхан дуурьсдаг юм сан уу даа.

 

II. Уулс, үүслийн зайцад

 

Тэнгэр болбоос уулсын гүн уйдах газар

Тэргүүн сарны дэргэд цөөхөн найрагч шүлэг хэлхдэг

Тэрс уянга оршихуйн үүтгэл шалтгаан

Тэмцэл ялалт зөн билгийн сэрээгч чанар

Уулс болбоос тэнгэрийн саатах газар...

 гэж нэгэн яруу шүлэг түүнд бий. Өмнө өгүүлсэн халуун дэрс, бүлээн цасны нийлэмж яруу уясал шиг тийм нэг тэрс уянга мөнх цасныхаа суу дор уулын голоо чагнаархан өсөж, намрын боронгыг зүрхэн чинаддаа халиан санааширсан уулын хүүгээс л төрөгддөг гэлтэй. Тиймээ, боронго. Энэ үг түүний шүлгийн тэрсхэн утга уянгын нэгэн амь байна. Боронго гэдэг нь ойрад аман аялгуут буюу урианхай аялгууны үг агаад цасны бутран хийсэх илтэсийг хэлдэг байна. Ёстой л уулс, үүлсийн зайцаар л хярлан туйлж үзэгдэх байгалийн торгон ихэмсэг үзэгдэл. Зүйрлэвээс монголчуудын билгүүн шастир “Монголын нууц товчоон”-ны 31-р зүйлд Бодончарын сургыг өгүүлэхүй; “Өрнө умраас хий болбоос, харцайгаар бариулсан нугад, галуудын өдөн үсэн ану бургалиг цасан мэт бутарч хийсч ирмүй”[1] гэсэн байдаг. Энэ бургалиг цасан гэх дүрслэл уулын боронготой төсөө очих юм.  Баруун Алтайн уулсын бас нэгэн сод найрагч Хөөдөөгийн Эрдэнэбаатарын “Урианхайн хөх уулс” шүлэгт:

...Орчлонгийн салхин оройг нь илбэж зүүрмэгт дарагдах цагаар

Орой үдэшгүй нөмгөн боронгоор цайвар аялгуу цуурдана...

 гэсэн хавтай уран мөр бий. Бургилан бутарч хийсэхүй илтэс ширхэгийг нөмгөн гэж оноон шилжүүлж дүрсэлсэн нь гайхалтай. Цас боронгорох, боронго эргэх, боронго будартах гэж ч мөн ярьдаг. Харин түүний шүлэгт хэрхэн яруусан буусаныг үзье.

 Будант уулнаа намрын боронго үлээж

Үйлэн оддын шингэн туяанд цасны илтэс гэрэлтэхүйд

Үлгэр болоод дууны сэрүүнд цаг хугацааг анзаарнам...

 Туйлан туйлах боронгоны аясруу, уясуу намдуу зохирлыг монгол хөгжмийн гоц зэмсэг цуурын аялгуугаар нээснийг энд үлээх, үйлэн гэх үгсийн найрслаар тун чиг чамин нандинаар давтагдашгүй илэрхийлсэнийг харж болохоор байна. Үйлэн гэж нэг зүлийн торгомсог хилэнг хэлдэг үг аж.

 ...Цайрагч уулнаа хийсрүүн цасны чимээ...

гэж мөн нэг мөр байх. Ийм л хэтийдсэн гэлтэй дүрслэх үгийн шим шүүс аагласан хэлний бяр хавд үгийн гоо сайхан, мэдрэмж, сэрэмжийн туйл тунарч ялгардаг. Хийсрүүн гэх ганц үгийг бүтээхүй; чимээ гэдэг үг огтоос хэрэггүйгээр тэрхүү анир, хөдөлгөөн, өнгө, уянгыг зохироон цогцлоож зураад өнгөрчихлөө.

Угаас дүрслэх үгийн хэрэглүүр, утга шилжүүлэн оноон найруулах гэдэг уран сайхны бүтээлийн яруу зохисын тольтон билээ. Ер түүний найраг дотор гандан намар, гануу уулс, сиймэн будан, цийлгэр салхи, сиймгэр манан, уран бидэр ганхалзах, цаламгүйг хараачлах, тэнгэрийн хэвлийн цэгээнтэх, нуугих тэнгис, тэнгэрийн мөхлөг, суунаг тунирах, давын өлхөн, явган манан, болор мэнд, нил бороо тэргүүтэн гаднаас нь өнгөц дүрслэн зураглаж буй мэт санагдах ч юмсын мөн биед хамгийн гүнээ айлссан мэдрэмж, мэдээллийг дамжуулах хүчирхэг дүрслэх үгсийн найрсал нийлэмж, хэл зүйн нарийн холбоо шижим амь бөхтэй хийгээд бахтай баяжин орших ажгуу.

Хэн нэгэн бүсгүй уулын тэртээд суугаад

Хэнгэнэтэл санаа алдахад нь мөнгөн боронго хаялна...

III. Уулын хүний бүлээн дуу

 

 ...Сайхан шүлэг бичээд хүмүүст хүргээгүй

Шүлэг шиг тэр хүмүүсийг

Шүлгэн дундаас олох сон...

Хэн нэгэн маань бурхан байдаг гэж яруу найрагч Л.Өлзийтөгс нэгэнтээ дурьдсан бий. Сайн шүлэг гэдэг сайн хүний тухайтад л учирласан гэгээн олз, учрал, анзаарлын хормуудын чуулбар мэт. Оросын нэрт яруу найрагч Евгений Евтушенко “Яруу найргийн тухай бодол” нийтлэлдээ “Яруу найрагч болно гэдэг өөрийгөө өрт хүмүүн хэмээн зарлах зориг юм. Яруу найрагчийг яруу найргийн амтанд оруулсан хэн бүхний өмнө өртэй, учир нь тэд амьдралын утга учрыг мэдрэх мэдрэмжийг түүнд хайрласан байдаг. Яруу найрагч өөрийнхөө өмнөх үеийн бүх яруу найрагчдын өмнө өртэй. Учир нь тэд түүнд үгийн үндсийг өвлүүлсэн байдаг”[2] гэж бичсэн нь чухам шүлгэн дундаа шүлэг шиг хүмүүний сэтгэлийг бүтээх гэж адгах уран бүтээлч хүний жаргал зовлонгийн амттай агаар нэгэн байна.

...Хөх өнгөт уулсад цасан амь цайравч

Хүйтэн цасны доорхи бүлээн хөх өнгөө...

Тэр бол уулын шүлэгч. Уулын уян хөх шүлэгч гэж хэлнэ. Зүүнгарын эзэнт шүлэгсийн эзэн Хөөдөөгийн Эрдэнэбаатар болбоос уулын цогт шүлэгч байлаа. Тэр уулын хярыг халиасан дагшин эрэмгий уянга ахул энэ шүлэгч уулын нөөлгийг улаалж, бүлээн энгэрийг бэллэсэн нуугих найргийн шим аядуу хөхрөгч уянга юм.

...Уулс болбоос тэнгэрийн саатах газар

Умардын салхинаа ойрхон хэдхэн найрагч шүлэг хэлхдэг

Утга намуун болоод мөнхийн хийсвэр хөдөлгөөнт

Уйдашгүй гэрэлтэх нь хат сэтгэлийн явдал аа...

 Тийм л нэгэн гоц байгалийн тэрс уянгын бахтай эзэн болбоос хөх давын бүлээн дууч Мөнгөнхүүгийн Отгонбаяр ажаам. Өөр намтар, гуншингаар яанам. Уулын хүү тэрбээр дуугаа дуулж байнам аа.

 

 

 


[1] “Монголын нууц товчоо”(Эртний үг, хэллэгийн түгээмэл тайлбартай шинэ хөрвүүлэг). Хөрвүүлж, тайлбарласан Ш.Чоймаа, УБ., 2011, 16 т.х

[2] “Залуу нас” сонин. 2018 оны II сар. №03(43)

Түр хүлээнэ үү...
Top