1980-аад оны монголын уран зохиол, тэр дундаа хүүрнэл зохиолын нэртэй төлөөлөгч зохиолч, сэтгүүлч П.Баярсайханы бүтээлүүд үндэсний уран зохиолын шавхагдашгүй уламжлал хийгээд цаг үеийнхээ дэлхийн сонгодог зохиолчдын дэвшилтэд арга барил, үзэл санаанаас бүтээлчээр чадамгай суралцан улмаар эрс шинэлэг бүтээлүүд туурвиж ирснээрээ гоц ялгардаг билээ. Уламжлалт нүүдэлчин ахуйн аман болон бичгийн утга соёлын тэнүүн дэвсгэр дээр өөрчлөлт шинэчлэлийн “халуун амьсгал”-ыг нийцүүлэн бичлэгийн арга, найруулга, уран дүр, дүрслэл, бодит ба хийсвэр сэтгэлгээнд сүлжин урласан гүн утгат олон бүтээлүүд нь уншигч судлаачдын анхаарлыг үргэлжид татсаар байна.
...Үнэхээр ч П.Баярсайханы зохиолуудад хотод эрдмийн ажил хийж, ижий аав, нутаг уснаасаа алслагдсан дүрүүд (ялангуяа залуучуудын) давтагдмал шинжтэй байдаг. “Хөгшид”, “Сармагчин бол сармагчин”, “Миний ач хүү”, “Хоёр зуун дөчин хоёр”, “Захиа” өгүүллэгүүд хүний оршихуйн тарамдмал, сул дорой, шийдвэр сонголтод хоёрд-сон байдлыг дүрслэн үзүүлсэн. Энэ удаад бид түүний 1988 онд бичсэн “Сармагчин бол сармагчин” өгүүллэгийг экзис-тенциаль хэв шинж бүхий арга барилаар бичигдсэн зохиол гэж үзээд дүрийн “экзистенци”-ийг нь задлан шинжлэхдээ Нобелийн шагналт Францын нэрт зохиолч, экзистенцилаист философич А.Камюгийн “Үнэнч биш эхнэр” өгүүллэгтэй харьцуулан сонир-холтой басхүү итгэмээргүй ч гэмээр утга санаа, дүрслэл, өгүүлэмж, бүтэц, дүрийн сэтгэл зүйн хандлага давхацсан хамаарлыг судлан хоёр уран бүтээлчийн сэтгэлгээ, урлал туурвилын зааг ялгааг мөн тодруулахыг зорьлоо. Өгүүлэн буй хоёр зохиолч, зохиолуудын хооронд бараг хагас зууны ялгаа бий. Иймээс бичвэрүүдээс нотлох баримтуудыг маргаангүй гаргаж, тэрхүү хамаарлууд арга сэтгэлгээнээс үүдэлтэй юү? Гүн ухааны үзэл баримтлалаас үүдэлтэй байна уу? Эсвэл бүр хамтын ухамсаргүйн хүчин зүйлсийн/архетип/ нөлөөгөөр харилцан ижилсэж үү? гэдгийг үнэн бодотой дүгнэх шаардлага л хамгийн чухал юм. “Сармагчин бол сармагчин” өгүүллэгт амьдралаас уйдаж залхсан, өөрийнхөө оршихуйг мэдрэх тэмцэх гэж эрж эрэлхийлсэн Дэлэг хэмээх дүр гарна. Сармагчин бол сармагчин гэдэг зохиолчийн дэвшүүлсэн томьёолол цаанаа Дэлэг бол Дэлэг биш, цашлаад хүн бол хүн биш гэсэн урвуу утгатай харгалзаж байдаг. Мөн хүн-сармагчингууд болсон нэгэнт тодорхой шинж чанарыг аялдан дагагч хүнийг дүрслэн үзүүлсэн нь А.Камюгийн “Үнэнч биш эхнэр” өгүүллэгийн гол баатар, мөн л амьдралаас уйдаж залхсан, учрах бэрхшээлийг өөрийн экзистенциэр зориглон шийдэхийг хүсэгч Жаниныг эрхгүй санагдуулна. Сонирхолтой нь энэ хоёр өгүүллэгийн бичлэгийн экзистенци чиглэл, санаа ижилсэн хамаатахаас гадна дүрүүдийн сэтгэл зүйн хэв шинжийн илрэл болоод хувирлууд, тэдгээрт үзүүлж буй хариу үйлдэл, үйл явдал болж буй газар орны дүр дүрслэл, зарим хэсэгт бүр ижилхэн үгнүүд давхцан хэлэгдсэн байх юм.
А.Камю “Үнэнч биш эхнэр”
П.Баярсайхан “Сармагчин бол сармагчин”
“...Жанин өөрийн мэдэлгүй юуг ч юм нэг юм хүлээгээд байх шиг...Шөнийн гүн хар тэнгэрт мянга мянган одод анивчин, мөс шиг гялтганах оддын ширхэг үүссэн даруйдаа доош, газар тэнгэийн савслага тийш зөөлөн гулсаж үзэгдэнэ. Энэ анилзах их галнаас Жанин нүд салгаж эс чадна. Өөрөө тэдэнтэй цуг эргэлдэж, энэ ёроолгүй гэрлийн чуулга, өдгөө хүсэл, хүйтэн хоёр нь орчилдон тэмцэх хамгаас нандин, чанадын чанад өөдөө түүнийг даллан дуудаж байх мэт ээ...Тэрээр ганцаардаж байгаа, энэ чөмөг царцам хүйтнийг болоод зүрхэн дээр нь ер бусын хүнд юм дараад байгааг л мэдэрч байв... “...Хамаг жингээрээ хашлага налан тонгойсон Жанин хэл амгүй болчихсон аятай, өмнөтэй нь нэлийн нээгдсэн энэ их хоосон зайнаас салж чадахгүй зогсоно...
“...Дэлэг шөнийн тэнгэрийг ажиж, алсын од руу ширтэхэд одод бас өөрийг нь даллан дуудаж бай шиг...Бурхан минь ээ! гэлээ. Шанааны тус газар хүчтэй луг луг хийх нь судас лугшиж байгаа биш нэг зүйлээр битүү дэлсэж байх шиг санагдана...”
“...Зэргэлдээ сууцны барилгуудад гэрэлтэй цонх олон, хөшигтэй, хөшиггүй, дэлгээстэй, дэлгээсгүй янз бүр. Айлууд унтаж амрах болоогүй хэр нь Дэлэг шиг тагтан дээрээ хөлөө чилтэл зогсож байгаа хүн өөр алга аа...”
“...Цаг хугацаа орчил хөдөлгөөнөө зогсоож, энэ мөчөөс эхлэн хэн ч хөгшрөхгүй, хэн ч үхэхгүй юм шиг түүнд санагдана. Орчлон дэлхий даяараа дэлхийн хүрд эргэхээ түр зогсон азнаж, өөрийнх нь зүрх л гагцаар амилан, цээжний нь гүнд хэн нэгэн амь тавин тийчилж, эрх жаргалан, энгүй их энэлэндээ багтран цурхирч байх шиг болов...Чимээ анир, салхин сэвшээ ч үгүй, тэсгим хүйтэнд элс болон бутчих хад чулууны битүү чимээ л хаа нэг аниргүй нам гүмийг эвдэх аж...”
“...Дэлэг нүдээ тас аниад цээжээ ганхуулан толгой хаялж, “Амрах юмсан! Сэтгэл амар төвшин байх тийм газар очих юмсан!” гэж бодно. Дэлэг алсын од, сар, тэнгэрийг харвал тийм ч хол биш, саран бүр энүүхэнд, хажуу байшингийн дээвэр дээр цайрч, явган яваад оччихсон ч болмоор санагдав. Сарны гэрэл улам нэмэгдсэн шиг, орчин тойронд нь сүүн туяа татаад хараацайнууд аанай жиргэн тэсгирэлдэж тэнгэртээ сүлжилдэх нь үүнээс илүү сайхан нам жим, үүнээс илүү тогтуун дөлгөөн шөнийг чи хаанаас олох вэ? гэх шиг. Дэлэг нүдээ аньж,
-Тэнгэр минь! Ядарч байна шүү! Хэрүүл шуугиангүй, уур уцааргүй амар жимрийн орондоо хүргээч! гэж шивнэлээ...”
“...Хорин таван жил өнгөрчээ гэхэд худлаа ч юм шиг, дөнгөж өчигдөрхөн л тэрээр чөлөөт амьдрал, нөхөрт гарах хоёроо шийдэж байсан шиг, ердөө өчигдөрхөн л орь ганцаараа өтлөх болох вий дээ гэсэн уйтай бөгөөд аймшигт бодолд автаж байсан шиг...”
“...Залуудаа ч гэж дээ хэдхэн жилийн өмнө. Гэтэл хэдэн жилийн тэртээх байтугай хэдхэн цагийн өмнөх явдал ч орвонгоороо эргэчихдэг юм байна...”
“...Жанин нөхөр өөдөө харлаа. Жижигхэн духаад нь орж ирсэн буурал орж яваа өрвөгөр үс, өргөн хамар, мурийдуу ам нь түүнийг хошуугаа цорвойлгож байгаа сармагчинтай төстэй харагдуулах аж. Замын энхэл донхол таарах бүрийд Марсель Жанин руу налж ирснээ буцаж шидэгдэх агаад хоёр хөлөө алцайн лаг суусан тэрээр амьгүй юм шиг урагш гөлөрнө...”
“...Тэрээр газраас хавтгийг авч, наалдсан шороог нь үлээж цэвэрлээд эргүүлж тойруулан үзнэ. Хавтгийн нүүрэн талд гурван жаахан сармагчин зэрэгцэж суугаад нэг нь хоёр гараараа нүдээ дарж, нөгөө нь амаа таглаж, гурав дахь нь чихээ бөглөжээ. Сармагчингууд “Би үзээгүй, би сонсоогүй, би мэдэхгүй” гэж Дэлэгээс нуугдах газраа олж ядаж байх шиг. Хавтаг дотроо хариугүй гүйж орох нь ээ тэд... Эх нь тамхины хавтгийг үзээд “Дүрсгүй мондинууд вэ? Юунд хамаг байдгаа таглана вэ?”...”
Экзистенциализмын эх үндсийг тавилцагчдын нэг Германы философич Ф.Ницше “Заратустра ингэж хэлсэн” алдарт бүтээлдээ “Бурхан мөнх бус. Бурхан үхсэн гэх бөгөөд хүн бол давж гарах л ёстой нэг зүйл ба сармагчингаас ер бусын хүн хүрэх гүүр юм” гэж хэлснийг ч энд санууштай.
...Эндээс үүдээд нэгэн сонирхолтой ажиглалт гарч ирнэ. А.Камюгийн философийн зохиолууд хэдий гунигтай, хар бараан ч гэлээ тэр бүгдийнх нь цаана маш их гуманист үзэл шингэсэн харагддаг. А.Камю өөрөө энэ гүн ухааныхаа уг дахь гуманизмаа эртний Грекийн зохиолч Софоклын “Эдип хаан” жүжгээр жишээ татан ярьсан байдаг. “Эдип хаан хувь заяагаа мэдэхгүй байсан ба эхэн үедээ түүнд захирагдмал байв. Ухаарч таньж мэдсэнээр л эмгэнэлт байдал эхэлж байна. Харин тэр үед л цөхөрч шаналсан сохор Эдип өөрийгөө ертөнцтэй холбох цор ганц холбоос нь хайртай охиных нь зөөлөн гар болохыг ухаарна”. Энэ мэт бүх юм шавхагдан дуусчихдаггүй, дуусч байгаагаараа дахин шинээр эхэлж ч болох юм гэсэн өөдрөг нигүүлсэнгүй үзэл “Тахал” роман, “Хөндлөнгийн хүн” туужид нь ч тод илэрдэг.
“Нохойн хэвтэш” туужаа зохиолч 1995 онд бичжээ. Онцлууштай нь зохиолч өмнөх бүтээлүүдийнхээ ерөнхий бүтэц болсон хөдөөний хүн, хот, хөдөөгийн дундах хоёрдмол хүн, тэрчлэн хотожсон хүмүүсийг үзүүлдэг байсан бол энэ тууждаа өгүүлэх асуудлаа Төмөр хэмээх гол дүрийнхээ оюун санаанд аваачин урлажээ. Зохиол одоо цагт хүүрнэх болон өнгөрснийг санан дурсах гэсэн хоёр шугамаар сүлэлдэн өрнөх бөгөөд дурсамж бодлын, эргэцүүлэл таамаглалын хэсэг Төмөрийг өөрийн эрхгүй илт давамгайлчих нь хөөрхийлөлтэй. Олон далд санаа, бэлгэдэлт дүрүүдийг Төмөрийн амьдралын нэгхэн өдрийн амьдралаар үзүүлэхдээ хүний оршин байхуйн тухай экзистенци санааг гол зөрчлөө болгон дэвшүүлсэн. Жишээ нь зохиолын өрнөл хэсэгт “...Нов ногоон туяа гэрлэн чимгийн хагас хугас үсэг нь шатаж “заг...хион...бүт...товч...” гэсэн хэдэн үг тодрох нь чухам юун тухай өгүүлснийг тэр болгон хүн ойлгох аргагүй болжээ. Харин Төмөр түүнийг харуут “Загвар зохион бүтээх товчоо” хэмээн саадгүй уншив...Төмөр тэр айхтар товчоо руу ерөөс орж үзээшй болохоор юу гээчийн, ямархуу загвар зохион бүтээдгийг мэдэхгүй учир шалаанд орох нь тэр...Хүний л хийц загвар зохиоддоггүй нь лавтай. Амьдралын төрх төлвийг бүтээдэг газар уу?” гэсэн хэсэг бий. Сармагчин бол сармагчин гэсэн битүү томьёоллоор Дэлэг бол Дэлэг биш гэж нэгэнтээ таниулсан зохиолч маань энд “Загвар зохион бүтээх товчоо” гэсэн бас нэгэн томьёоллоор Төмөрийг нэг хийц загварын, ижилхэн гөлгөр бодол сэтгэхүйтэй, бүтээгээд тавьчихад үг хэлж, зовлон ярьдаггүй модель биш өөрийн үзэл ертөнцтэй, оюун санаагаа шинжилж, басхүү шаналж явдаг абсурд хүнийг төлөөлүүлэн үзүүлжээ. Оросын философич Розановын “Хүн хог новш мэт төрж, хог новш мэт үхдэг” гэсний адилаар хог новш мэт, нохойн хэвтэш мэт амьдарч дуусахгүйн тулд хүн эхлээд өөрийгөө л ухаарч таних, оршихуйнхаа үнэ цэнийг эргэцүүлэн тунгааж дотоод ертөнцөө өсгөх хэрэгтэй гэдгийг Төмөрийн нэгхэн өдөрт тохиолдох элдэв явдал насан туршынх нь дурсамж шаналан болж болзошгүйг амьдаараа оршуулагдсан бүсгүйн сүнс гэрт нь хоргодож өөрөө хаачихаа мэдэхгүй гэрээсээ зугтааж байгаагаар гаргасан байдаг билээ л...
Х.Чойдогжамц