ШУВУУ ШИГ АМЬДРАХ ХҮМҮҮНИЙ НҮД ТУНГАЛАГ
2015-06-13 У.Бямбаням 2390

(“Үл таних зочин”-д бичсэн тэмдэглэл)

“Үл таних”-аас бүхэн үүдсэн шиг санагдана. Өдөр бүр хичнээн үл таних харцтай нүүр тулгарч, мартаж, хичнээн үл таних нүд энэ орчлонд ирж, буцаж, өдөр бүр би өөрөө хичнээн нүднээ үл таних байдгаа бодож үзлээ. Хааяа бүх хүмүүс, бүр элгэн дотныхүн ч “үл таних нэгэн” шиг санагдах, гансармал бор өдөр ертөнцөд цөөнгүй.

“Галзууд овогт Б.Одгэрэл “Үл таних зочин”, Улаанбаатар, 2003 он”. Үл танихын тухай бодлын шалтгаан эндээс үүдсэн юм. Ухаж төнхөж байж шахуу хэрэгтэйгээ олж авдаг, эмх муутай бичгийн ширээний юм бичихээр зайчилсан хэсэгт харагдахшүлэг, орчуулгын эмхэтгэл бүхий жижиг цэнхэр номыгавч сөхлөө. Хорин жилийн хугацалд бол тэртээ мэт санагдах өдрүүдийн танил мөрүүд. Зовлонгоо хуваалцах гэж, нулимсаа хатаах гэж, чамайг хардсандаа бас үзэн ядсандаа шүлэг бичдэг, бичсэн бүхэн нь сайхан болох тухай. Тэр сайхан мөчүүд л бичээчийн эдлэх, өөр хэний ч ойлгодоггүй цэнгэл жаргалын нэгээхэн зайц биз. Номын эхний шүлэг энэ. Нэрнээс цаашгүй үл таних шүлэгч.

Бид зохиогчоос хааяа хэтэрхий их зүйл шаарддаг. Хааяа өөрт нь таалагдаагүйн төлөө өөрийнхөө үзэл бодол, мэдрэмжид тааруулж бичихийг хүртэл тулгадаг. Гэвч үнэн хэрэгтээ уран зохиол тийм жамаар бүтээгддэггүй нь харамсалтай.Бичсэн л бол гүйцээ. Угтаа зохиогчоос ямар ч тайлбар, тайлал шаардах эрхгүй. Ялангуяа яруу найрагт. Харин тэр дундаас үнэхээр аль нь жинхэнэ уран зохиол, яруу найраг вэ гэдгийг мэргэжлийн шүүмж судлаачид шүүж шинжлэх ёстой. “Шинэ шүүмж”-ийнхний “зохиол бүтээл нь зохиогчийн намтар, сэтгэлзүй, улс төр, нийгмийн үзэлтэй огт холбоогүй, уран сайхны бие даасан үзэгдэл” гэсэн санааг би хувьдаа дэмждэг. Харин сүүлдээ уран зохиолд менежмэнт, борлуулалтын бор баараг арга заль бий болсноор зохиогч, зохиолын хамаарал хэт ойртсон гэхэд болно. Ийм зохиолуудыг яриад эхлэхээр“уран зохиолын тухай яриа” биш уйтгартай хов жив, явцгүй хэрэг мөрдөлт шиг болох талтай учир хааяа зүгээр л орхичихсон нь дээр санагдана. Харин энд шүлгийн тухай л ярихыг гол болгосноо, зохиогчийн тухай юу ч мэдэхгүйгээ ахин тэмдэглэе:

Гадаа хөлийн чимээ гарахад чамайг л гэж бодном
Гадуур минь өнгөрөх явуулын улс хэчнээн их вэ
Үдшийн цагийг үүднийхээ дэргэд үднэм
Үс хийгээд өвсний их гэдэг худлаа юм
Үдэш гэдэг хичнээн их вэ?(1992.04)

гэж уншихад надад ямар ч Б.О хамаагүй. Зөвхөн хуудсан дээр хэвлэгдэж гарсан тэр үгс л өөрөө бүхнийг төлөөлж чадна. Үдшийн цаг, хөлийн чимээ, хүлээж цөхсөн сэтгэл нь үүднийхээ дэргэд, үдэш гэдэг хичнээн их вэ?. Ертөнцийн цагаараа үдэш нь нар жаргахаас цагаан гэгээ тасарч, одод түгэх хүртэлх хугацал билээ. Гэтэл энд байгаль ертөнцийн үзэгдэл буюу “үдэш” гэсэн хийсвэрийг заасан үг бодит, тоологддог нэрийн үүргээр оржээ. Их хайр, их дурлал, их хүлээлт, их шаналан, их тайтгарал, их найрагч би олон олон“их”-ийн тухай уншиж байлаа. Харин энэ бадаг шүлгийн сүүлийн мөрийг“үдэш гэдэг хичнээн их вэ” гээд уншихаар сэтгэл рүү нэг тааламжит зүйл гулсаад орчих шиг санагдана.Ийм мэдрэмжүүдийн тухай л ярих гэсэн хэрэг.

Анх харсан шигээн чамайг нэг харахсан
Ааль зан гадаад төрхийг чинь би таньж гүйцэв
Царай зүсний чинь шинэхэн гоёмсгийг дахиад олж үзэх болов уу
Чамайг анх харсан шигээн ахиад нэг л харахсан. (1992.03)

Эр эм биеэсээ уйдах нь бүү хэл эрэг, бургас нь хүртэл элж салах хорвоо гэж хаа нэгтээгээс уншсан санагдана.Хорвоо тэр чигтээ уйдагч. Бид хэдийнээ уйдаж гүйцээд зүгээр л амьд байхын тулд амьдардагч юм билүү, хэн мэдлээ. Өчигдөрхөн догдолж байсан мөч эргээд ирэхгүй. Тэрхэн хоромд л үлджээ. “Яг одоо” гэж хэлэх хооронд л аль хэдийнээ өнгөрсөн цаг болж хувирна. “Царай зүсний шинэхэн гоёмсог гундах”, “ааль зан танигдаж гүйцэх”, “Тэргэл дүүрэн гэрэлтэй байсан, тэрхэн мөчийг нь санахад жаахан гунилтай”. “Үл таних зочин”-ы шүлэгт цаг хугацааны зурвасууд түгээмэл ажиглагдана. Ерөөсөө бүхний шалтгаан цаг хугацаа ч юм шиг.

Өмнөөс цайх үүр шиг
Үсэг нь тийм гэрэлтэй ч юм уу
Өглөөнөөс хойш уулзаагүй болохоор
Үгүйлж цээжнээ санасан ч юм уу
Нэрээ бичсэн хуудас чинь
Номон завсраас цухуйхад
Гэрээс гарахыг чинь үзэх шиг
Гэнэт сэтгэл хөдөллөө (1995.05)

Эзра Паундын (Метроны буудал дээр) шүлэгт чийрт олны дундаас бүсгүйн царай гэнэт тодрох нь чийгт бараан мөчирт өнгөт цоморлиг дэлгэрэх шиг үзэгддэг бол “үл таних зочин”-д нэр бичсэн цаас нь номын завсраас цухуйхад л анхлан танилцсан, харуулдан шохоорхох тэр цагт гэрээс гарч ирдэг асан шиг тийм сэтгэл хөдлөлийг тэрлэжээ. Бурханы домог дахь номын үсэг гэрэлтэн тодрох шахуу юм болсон хэрэг л дээ. Мөн“үүр цайх”, “өглөөнөөс хойш” гэх мэт цаг хугацааны нэрийтгэл гэнэт сэрэх сэтгэлийн хөдлөлийг давхар илэрхийлж байх шиг санагдана. Гагц ийм мэдрэмжийг тэмдэглэж чаддагаараа, тэгээд зогсохгүй бусдад эдлүүлж зүрхэлдгээрээ яруу найраг хэзээд үнэ цэнээ алдаагүй биз.

Цагаан ононы бургасан дээгүүр
Буриад айлын хашаан дээгүүр... Сар
Чамайг гарч ирэхийг гэнэт үзэв
Үдшийн бүрийд чамайг үзэх бүр
Үзэсгэлэнтэй охин  сониучирхсандаа болзоонд ирэх
Үлгэр шиг цагийг үгүйлж тэгээд дурснам… (1991.04)

гэсэн төсөө бүхий шүлэг бий. Хүний амьдрал байгалийн цаг хугацааны хажууд өчүүхэн хором болохтой адилхан үзэгдэлсэн. Үлгэр шиг цаг нь залуу нас.Буриад сууринд, хашааны буланд хэн нэгэн үзэсгэлэнт охины гарч ирэхийг хүлээн зогсоо хархүү. “Сониучирхсандаа болзоонд ирэх” гэдэг нь тэдний хайр дурлалд шунаглан тэмүүлэх юу ч байгаагүйг, тэргэл саран шиг тунгалаг агаад ариун гэгээн байсныг хэлээд өгнө. Дорно дахины уран зохиолд сарны өгүүлэмж нэн их. Ер нь монгол соёлд сар бол гэгээн гэрлээр хүмүүнийг тэтгэгч, эл ертөнцийн эх үүтгэл мэтээр домогзүй, бэлгэдлийн өргөн утгыг агуулдаг. “Ононы цагаан бургас”, “айлын хашаа”, “үдшийн бүрий”, “үзэсгэлэнт охин” ерөөсөө алс бөглүүхэн хөдөө суурин, буриад тосгон. Гоёж, чамирхаагүй энгийн хэл, гэгээн мэдрэмж. Хааяа дорно, тэр дундаа шашин мөргөлийн үг хэллэг шигтгэж орхино. “Хязгааргүй сансарын салхи”, “бядагч тэнгэр”, “орчлонгийн ичгүүр”, “рашаалж мэдэх” , “үйлийн тэмдэгт үр”(Үл таних зочин, 2002 он). Орчлон ертөнцийн иххүрднээс эхийн биеийг олж төрөх талаарх бурханы сургаал дахь үзэлт. Энэчлэн түүний шүлэгт соёлын зурвасууд олонтаа сүлэлдэнэ.

Хамаг сайхныг чинь арччихаж мэдэх үнсэлтээс
Халгасаар би зугтаж явна
Халуун сэтгэлээр чи гомдоод
Харах бүр улам гоо болоод байна
Хүршгүй сайхныг чинь эвдчихэж мэдэх тэврэлтээс
Хүчээр би зугтаж явна
Хүнээс далдуур чи уйлаад
Хүлцэх бүр улам гоо болоод  байна
Гэрэл гэгээг чинь халхалчихаж мэдэх шөнөөс
Гэлэмсээр би зугтаж явна
Гэнэт тодорсон гэрэлдээ цэцгийн үр боловсроод
Гэм нүглийн алтан жимсийг бусдад тэсгэлгүй хазуулсан байна...(2000)

Ертөнцийн зовлонгоос ангижрах нь хүсэл шунал, тачаал, муу бүхнээс чөлөөлөгдөхийг хэлэх ажээ. Хайр гэгч авах, өгөхийн дэнс эсвэл насан туршаа биенийхээ бие, сэтгэлийг элээж барсаар хамт байхыг хэлэхгүй бизээ. Магадгүй харах тусам гоо бологч үзэсгэлэнгээс халгасаар зугтах нь өөрөө хайрын дээд хайр байж болох. Гэвч ийм хайрыг “үл таних зочин”-ы шүлгээс юм уу, бурхан багшийн сургаалаас олж үзэхээс хүний сэтгэл дэх хүсэл шуналын давалгааг барьж яахин дийлнэ. “Гэнэт тодорсон цэцгийн үр боловсроод” эмс охидын бие сэтгэлийн хүсэл тэгшрэхийг дорнын уран зохиолд цэцгийн үрийг боловсрохтой нэгэн адилаар бичсэн нь цөөнгүй. Ерөөсөө цэцгийн бал, цэцгийн үр гэгч эмсийн үзэсгэлэн, бие сэтгэлийн хүслэнгийн тодотгол болдог. Харин “гэм нүглийн алтан жимс” гэхээр библийн эхлэлд дэх Еден цэцэрлэг дэх сайн мууг мэдүүлэгч модны гэмийн жимс санаанд бууж таарах нь. Хайр хүсэл шуналаас ангижрах эрхэм чанар, хэрвээ хүсэл шуналд хөтлөгдвөөс гэм нүглийн жимс болно гэх энгийн логик. Аль ч шашин дахь нүглийн тухай ойлголт хүсэл шуналаас эхтэй гэсэн байдаг шүү дээ. Ингэж үзвэл энэхүү номонд орсон шүлгүүдээс хүртэгдэх гүн ухаан нь “хүмүүнлэг үзэл” гуманист чанар, бидний хэлэхээр энгийн бодь чанар болж байна.

Сэм, сэмээр навчис эргэлдэн хийснэ
Сэтгэл зурхний хөндүүр цаг өнгөрөхөд сарнисангүй
Шарласан навчисыг би гудамжнаас түүгээд
Шаналал гунигаан өнөөдөр ер бусын болгов. (1992.09)

Дарс шимэн бүлэмцэх, хэн нэгэнтээ гар зөрүүлэх, хэн нэгнийг хараах, үзэн ядах, нулимах хилэнт чанар түүнд байж л таараа. Би мэдэхгүй. Харин бичсэн шүлэгт нь “навчис унахад сэтгэл хөндүүрлэх” тийм гэгээлэг, “хайртайнхаа төлөө хүлцэн тэвчих” тийм ариун, “хуурсныхаа төлөө уучлал биш үнэнийг бичих” тийм үнэн зүйл байдаг учраас “гуманист” шүлгүүд гэж зориглон тодорхойлсон билээ.

Тунгалаг нүдтэй төрсний чинь төлөө
Тун хөөрхөн ааштайн чинь төлөө
Гэнэн цайлган сэтгэлтэйн чинь төлөө
Гэм зэмгүйхэн чамайг хуурч л байна даа…(1994.11)

Ийм л мөртүүд. Хожмоо олны амнааслам болоод ариун Гангыг зорьсон гэж сонссон. Тэрхэн үед “Үл таних зочин”-ны зохиогч лам болоод Энэтхэг, Төвд рүү явж дээ гэхэрхүү юм бодож билээ. Дараа нь шүлгийг нь анхааралтай уншиж суухдаа, нээрээ ч түүнд ерөөсөө номын мөр хөөж, энэлэнт амьдралаас түр ч атугай хагацаж амьсгал авахаас өөр арга байгаагүй юм  байна шүү дээ гэж бодоход хүрч билээ. Энэ миний л бодол. Үнэндээ Горькийд сурсан, Франсуа Вийоныг орчуулсан, суутнуудын тухай бичсэн, одоо тэртээх Төвд Лхаст бясалгаж суугаа нь шүлэг найргийнх үнэлэлт дүгнэлтэд огтын хамаагүй. Тухайлбал,

Тагтааны нисэх чимээнд
Тэнгэрийн орны эгэл сайхан бий
Сахил хүртсэн юм шиг энэ шувууны
Салхиных шиг амьдралд гэгээн төрх бий… (1990.04)

гээд бичсэнээрээ үүнийг батлах шиг. Хүнийг таньснаас хойш амьтанд хайртай боллоо гэхэрхүү ийм нэг үг бий. Үнэхээр ч сахил хүртсэн мэт энгийн амгалан энэ шувууны тэнгэрлэг сайхан нь үзэн ядах, үхэлдэн тэмцэх, шунан хүсэх, хорт сэтгэлгүйд байдаг биз. Ямар ч байсан бидний нүдэнд л тэгж харагддаг. Уг шүлгийг хожмоо лам болсонтой нь хамаатуулаад ч хэрэггүй. Угаасаа ийм гэгээн сайхныг хүссэн, хүнлэг,төрмөл чанар түүний шүлгүүдэд бийг ахин хэлэх хэрэгтэй. Ил цагаан завхайрал, гуниг гутрал, дурсамж санаашрал, зориулалтаар бичсэн, цахим ертөнцийн зайг дүүргэдэг усан шүлгээс ялгахын тул энд бага ч болов тодруулахыг хичээлээ. Өө сэвийг шүүж шүүрдэх нь энэ удаад миний хийх ажил биш, өөр хэн нэгэн хийнэ биз.

Хувь тавиландаан би дасаагүй
Хуучин юм, шинэ амьдралаас би уйдаагүй

Одоо л тэр “үл таних зочин”-ыг жаахан ч гэсэн таних юм шиг, бас энэ амьдралд хэтэрхий хайртай болчих шиг санагдана.

Уртнасангийн Бямбаням
2014-03-15

Түр хүлээнэ үү...
Top