Ихэнх хүмүүс аль эрт талийсан 18 нас, эсвэл амьдралынхаа алдуурсан хэсэг мэт дурсагдах 25 насныхаа тухай дуу шүлэг зохиож, үгүй бол амьдралаас юу ч горьдож харахаа, омтгойрч шунахаа больсон хойноо л сая амсхийж, залуу насаа эргэн хардаг байх. Гэтэл тэр ааг амьсгаагүй урсгалын дунд зогсоод, гүн их хоормогт үйж, дайхынхаа өмнө 27 насныхаа ирмэг дээрээс яагаад эргэн тойрноо дурандаж болохгүй гэж. Юу ч гэмээр юм дээ. 27 нас бол 25 насныхаа зогсоолд хэсэгхэн амсхийгээд, өнгөрсөн замдаа юу гээж, юу олсноо цэгцэлж аваад, хоёр гартаа хүчтэйхэн нулимчихаад амьдралын төмөр нудрага руу гар зангидан буулгаж буй агшин юм уу даа. Ингэж л тодорхойлох байна.
Арван настай хөвгүүн явахад 27-той ах нар эртний туульсын Орчлонгийн сайхан Миньяан шиг л санагддаг байв. Өвлийн хүйтэнд малгай буулгалгүй исгэрч, зуны халуунд цээж нүцгэлсэн тэднийг харахаар л 27 нас гэдэг миний хувьд хэзээ очих нь мэдэгдэхгүй утопи болж хувирдагсан. Гэтэл 16 настай банди болоход 27 нас гэдэг хурдхан эр хүн болох хүслийн минь хэмжүүр болон хувирч билээ. Гэтэл яг 27 насан дээр ирэхээр 27 нас бахь байдгаараа л 27 нас байдаг аж.
Хүүхэд насныхаа гуниггүй өдрүүд, хөвгүүн насныхаа гансрал, баяр дундуур ааг амьсгаагаагүй гүйсээр эргэж харахад 27 жил гэдэг урт хугацаа. Гэтэл мань Достоевский 27 насандаа “Эзэгтэй” мэтийн гурван тууж, “Өөр хүний эхнэр” зэрэг 10 өгүүллэг биччихсэн, Мишима гэхэд л гурван роман, гурван жүжиг, нэг кино биччихсэн байж. Яг энэ насан дээр Жек Лондон “Онгон байгалийн дуудлага”-ыг, Э.Хэмингуэй “Нар мандахаас өмнө” романаа, У.Фолкнер “Цэргүүдийн хөлс” зохиолоо бичиж байж. Зөвхөн зохиолчид гэхэд л энэ. Эднээс галзуу солиотой хэнээтнүүд цаана хэдэн мянгаараа үлдсэн нь мэдээж. Хайран ч цаг.
Оросын тарчигхан дундаж давхаргад төрсөн Ф.Достоевский бухимдал, шаналлаа давахын төлөөнөө залуу насныхаа задгай өдрүүдийг элдэвлэн солиорч үрсэнд, мөнөөх муу Мишима цэцэглэгч моддын дор үеийн бүсгүйтэй хөөрөлдөх насаа Японы эзэнт гүрэн ирээдүйд хэрхэхэд сэтгэл чилээн барсныг бодохоор харуусмаар л юм. Ер нь тэнэг хүнд харамсал гэдэг ийм энгийн байж болдог юм байна. 27 жилийнхээ бүтэл зэхийхэн хоног өдрүүдийг цагаатгах шалтгаан надад мундахгүй олдохвий. Тэгж яривал амьдралынхаа 27 жилийг шоронд өнгөрүүлсэн суут тэмцэгч, Африкийн бэлгэдэл Нелсон Манделаг хар л даа. Хүний хараа, хараал зүхэл дунд 27 жил түгжигдчихээд итгэл найдвараа алдаагүй байсан шүү дээ. Гэтэл тэр шоронд ч зүгээр суусангүй, Лондонгийн их сургуульд суралцаж байж. Ингээд л миний муу 27 насанд ханьсах хүн цөөн юмаа.
Аавын 27 нас, ах нарын 27 нас, миний 27 нас. Үргэлжлэн хөврөх амьдралын их нуруун дээгүүр эгнүүлэн татсан 27-тийн шугамнууд. Цаг хугацаа биднийг хүлээдэггүй нь худлаа байх. Бид л цаг хугацаанд чөлөө завдал өгдөггүй биз.
Сайн уу? Миний 27 нас …