1. Хайлж буй Монгол
Намар дөнгөж сонстов уу, үгүй юу цасан шамарга тавьж, градусын заалт арван хэдээр унах нь Улаанбаатарт бол жирийн л үзэгдэл. Маргааш зуны дунд сар шиг жин үдийн нар шарахыг ч байг гэх газаргүй. Монголын энэ л авир араншингийн тухай жолоочтой хэд гурван үг солих зуур хэдхэн хормын өмнө дэлгэц ширтэн суусан мөчөө ой тойндоо тогтоох гэж хичээж явлаа. Нойтон шамарга үе үе хаялан, машины халуун шилэн дээр буумагцаа дорхноо усан дусал болон унана. Бидний бахархал болсон түүх, соёл, уугуул дүр төрх цаг хугацаа өнгөрөх тусам ямар нэг зүйл рүү ийм л хурдаар хайлан урсаж буй. Тэгээд ч яалтай.
Финляндын нэрт хэл шинжлэлч Рамстедт нэгэн тэмдэглэлдээ “Өргөөг тойрсон газар, нутаг ус үнэхээр гайхалтай. Өмнөд этгээдэд орших Богд уулын оройгоор Өргөөд цэлмэг байхад хүртэл байнга үүлс нүүж байдаг” хэмээжээ. Тэр л дүрсэлсэн гайхамшигт уулсын хормойгоор хүн зөөврийн тэрэг хөлөглөн давхиж явна. Одоо бол тэр гайхалтай үүл манант уулсын бэлээс хувийн орд харш мацан шовойлдож, сэвхтэй нүүр хүн шиг энд тэндээс нь ухаж төнхсөн харагдана. Монголчууд хайртай бүхэндээ ийм халтай улс. Рамстедтын тэмдэглэлдээ дурдсан Өргөөгөөс одоо юу үлдсэнийг барин тавим хэлэхэд бэрх. Ямартай ч тийм ч их будилаан үүсгэхгүй тоолчхож болохоор цөөн зүйл үлдсэн биз ээ.
2. Төөрч төрсөн монгол сүнс
Хүн өөд болсны хойно сүнс нь дахин төрлийг олж хүмүүн заяандаа эргэнэ гэсэн үзэл Буддын шашинт монголчуудын дунд түгээмэл. Тиймээс Рамстедтийг Өргөөд суух хугацаанд түргэн зуур монгол хэл сурч, эх соёлд нь дадамгай байхуйг үзээд монголчууд төөрч төрсөн монгол хүн байх хэмээн цуурсан тухай тэмдэглэлдээ дурдсан буй. Тэрхүү төөрсөн сүнс Финляндад хэл судлаач болж төрөөд XIX зууны сүүлч XX зууны эхээр монгол нутгаар хэл, соёлын хээрийн судалгаа хийхээр иржээ. Дараа нь Япон, Хятад оронд төлөөлөгчөөр суусан түүхтэй. Өрнийн жуулчид судлаачдын дундаас хамгийн их сэтгэл гаргаж, монголчуудын хувь заяанд санаа тавьсан хүн нь “төөрсөн сүнс” хэмээх Рамстедт. Тэр Монголын нөлөө бүхийн ноёдтой дотно нөхөрлөж, үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнд үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг. Дорнын улсуудад судалгааны ажил, төлөөлөгчийн журмаар хэд хэдэн удаа аялахдаа монгол шиг элэгсэг дотно, сайхан сэтгэлтэй хүмүүстэй уулзаагүйгээ тэмдэглэсэн нь хоноцын баярласан сэтгэлийн илэрхийлэл төдийхөн биш нь илт байдаг. Тиймээс ч нэрт эрдэмтний аяллын тэмдэглэлээр дамжуулан орчин цагийн монгол орныг хараачлахаар шийдсэн найруулагчдын бүтээлтэй танилцахаар “Зайсан хилл”-ийг зорьсон нь энэ. Уулс халхлан сүндэрлэсэн эл том байгууламжийг мөн л Зайсан толгойн шилнээс сэтлэн барьсан нь дахин нэгийг бодуулна.
3. Гэрэл, дууны зэрэгцээ хүүрнэл
Баримтат кино бол миний хамгийн дуртай төрөл. Бодитойг бодитжуулах, бодитойгоос бүр илүү бодитойг хайх, бодитойг төсөөлөл мэт хүлээн авах нарийн мэдрэмжүүд нэгэн дор зөвхөн баримтат бүтээлд тусдаг шиг санагддагаас тэр. Киноны зохиол хэл шинжлэлч, орчуулагч М.Саруул-Эрдэнийн эх хэлнээ буулгасан “Дорно этгээдэд долоон удаа” номын дагуу өрнөнө. Ингэхдээ хүүрнэгч нь Рамстедт эргэн дурсах байдлаар өгүүлж, дүрсийг орчин цагийн монгол орноор төлөөлүүлсэн нь сонирхолтой. Дүрс, дуу хоолой зэрэгцээ шугамаар өрнөж, үзэгчийг өмнөх үеийн монгол орон хэрхэн хувьсаж, түрүү цагийн монголчууд хэрхэн өөрчлөгдсөн талаарх бодолд хөтлөх нь киноны хамгийн онцлог шийдэл байлаа. Рамстедтийн аяллын тэмдэглэл, судалгааны талаарх баримтуудыг кинонд дүрслэгдсэн жирийн хүмүүсээр өгүүлэгч хийж, орчин цагийн монгол орныг гадна үзэмжээр нь бус гүн дэх эмзэг, сүүдэрт талаас нь дүрслэн, хувьсан өөрчлөгдөж буй зүг чигийг сануулсан нь хамгийн содон “туршилт” байв.
Хоёул анхны бүрэн хэмжээний киногоо толилуулж буй Финляндын найруулагч Марти Карттинен, Никлас Кулсстрөм нарын бүтээлийн өөр нэг содон дүрслэл нь зураг болоод хөгжим. 90 минут үргэлжлэх сунжруу өгүүлэмжийн дундуур түр амсхийх шиг дүрслэл, зураглал шигтгэж, орчин цаг, ардын хөгжмийн найруулгыг оруулсан нь сонирхолтой шийдэл байв.
4. Хүлээлтээс хүлээлт рүү
“Рамстедтийн ертөнцөөр” киноны өгүүлэмж нь судлаачийн тэмдэглэлийн дагуу өрнөх ч орчин цагийн Финлянд хүний нүдээр өнөө цагийн монгол орныг тольдсон “тэмдэглэл” давхар агуулагджээ. Монгол хэл, соёл, түүх, аман зохиолд үнэнхүү дурлаж явсан хувь судлаачийн зорилгыг харин тун чамлалтай оруулсан шиг санагдана. Монгол хэл хэрхэн хувьсаж, өөрчлөгдөж, шинэчлэгдэж буй тухай “том” сэдвийг ердөө л рэппэр Gee-гийн ганцхан дүрслэлээр хязгаарласан нь харамсалтай. Энэ нь магад найруулагчийн шийдэл, зорилго Рамстедтийнхаас зөрүүтэй байсантай холбоотой биз ээ. Киног бүхэлд нь аваад үзвэл орчин цагийн нүүдэлчдийн амьдралын гүн рүү харахыг хичээсэн шиг санагдана. Кино эхлэхэд тал дээгүүр давхиж яваа залуу эрийн дүрслэл гарах бол киноны төгсгөлд мэнд мэдээд хоёр тийш мордож буй эгэл малчдын дүрсийг оруулжээ. Энэхүү хашилт орчин цагийн монголчуудын харилцааны нэгэн егөөдөл, төлөөлөл мэт сэтгэгдлийг үлдээлээ.