Сайн зохиолын цалам эхний өгүүлбэртээ байдагт би итгэдэг. Би ч ганцаараа биш л дээ. Колумбийн нэрт зохиолч, бидний сайн мэдэх Габриел Гарсиа Маркес нэг ярилцлагадаа “Эхний өгүүлбэрээ тавих л хамгаас хэцүү. Хэдэн цагаар шанална. Харин түүнээс хойших нь аяндаа болно доо” гэсэн байдаг. Тиймээс суут хүүрнэлчид зохиолоо хэрхэн эхлүүлдгийг эргэн санах гээд үзье. Санаанд байгаагаасаа эхлээд сүүлд үзэж харсан зохиолуудаас цээжээр хэдийг эшилье. Алдаа байвал та өөрөө засаад харчихна биз.
“Аз жаргалтай айл бүхэн нэгэн ижил, харин гачлантай айл бүр өөр өөрийн шаналантай” Лев Толстой “Анна Каренинна”, “Дөрөвдүгээр сарын цэлмэг хүйтэн өглөө, цаг арван гурвыг зааж байлаа” Жорж Оруэлл “1984”, “Энэ бол асар хурдтайгаар мөхөж буй ертөнц дэх ганцаардмал, туранхай, харих насан дээрээ яваа хоёр эрийн учралын түүх” Күрт Воннегүт “Аваргуудын өглөөний унд”, “Долоодугаар сарын шинэдийн бүгчим үдэш нэгэн залуу эр С-ийн гудамжин дахь байрнаасаа гарч, К гүүрний зүг уймарч төөрөлдсөн байдалтай алхана” Ф.М.Достоевский “Гэм зэм”, “Дүрэлзэн шатах нь таашаал төрүүлнэ” Рэй Брэдбери “Фаренгейт 451”, “Арван нэгдүгээр сарын сүүлчээрх нэгэн сайхан өглөө эхэлж ахуй. Шөнө багашаархан цас хаяж, орчин тойрон гурван хуруу ч хүрэхгүй нимгэхэн цасан хөнжилд хучигджээ. Харанхуйг яран хөндийн бяцхан тосгоноос мөргөлийн дуу дуурьсаж, залгаад өглөөний үйлчлэл эхэлж буй бололтой дуу шуу сонсогдоно. Харин бид нарны туяа наашлав уу үгүй юу, уулын өөд мацан урагшиллаа” Умберто Эко “Сарнайн нэр”.
Тэгвэл Итало Калвиногийн “Хэрвээ өвлийн шөнө аянчин” роман яаж эхэлдэг гээч.
“Та одоо Итало Калвиногийн шинэ роман “Хэрвээ өвлийн шөнө аянчин”- ыг унших гэж байна. Эхлээд тайвшир. Төвлөр. Эмх замбараагүй бодлуудаа үлдэн хөө. Эргэн тойрноо ор тас март. Зурагт сэлт үргэлж нөгөө өрөөнд байдаг учраас хаалгаа хаачихад гэмгүй. Бусдадаа “Үгүй ээ, би зурагт үзмээргүй байна” гэж хэл. Цаадуул чинь сонсохгүй байж мэднэ. Чангахан дуугаар “Би Итало Калвиногийн шинэ романыг эхлүүлж байна. Надад бүү саад бол!” гээд хашхирчих.”
Үнэхээр санаанд багтамгүй эхлэл. Зохиолч энэ бүхнийг өөрөө зохиосон гэдгээ илчлээд зогсохгүй уншигчтай шууд харилцаж байна. Уран зохиол судлаачид үүнийг мета романы орчин үеийн жишээ гэх. Үнэхээр постмодерн хүүрнэл, мета романы бүхий л туршилтууд эл бүтээлд бий. Бүр таны юу хийхийг, яахыг хүртэл өгүүлэгч зааж зааварласаар зохиолын нэг хэсэг болгочихно.
“Хэвлэлээс сүүлийн хэдэн жил олигтой бүтээл туурвиагүй Итало Калвиногийн шинэ роман “Хэрвээ өвлийн шөнө аянчин” гарсныг уншаад худалдаж авахаар явна. Сайн хэрэг шүү. Хайж яваа номоо дэлгүүрийн лангуун дээрээс ядах юмгүй олж хараад түүнд хүрэхийн тулд “Уншиж байгаагүй номуудынхаа” урт эгнээг туулах хэрэгтэй болно. Тэд лангуун дээрээс чамайг гөлийн ширтэж, сүрдүүлэх мэт дүнсийнэ” гэхчлэн зохиолын үйл явдалд зохиолч оролцон зааварлаж, тайлбарладаг.
Зохиол галт тэрэгний буудал дээр эхэлнэ. Үнэндээ хэдийн эхэлчихсэн зохиолыг өгүүлэгч дахин эхлүүлж буй нь тэр. Өөрийгөө ч бүрэн дүүрэн мэдэхгүй өгүүлэгч бээр зохиолын агуулгын талаар тайлбар хийж эхэлнэ. Тэрбээр “За Калвино, та биднийг сонирхолтой эхлэлээрээ гайхширууллаа” хэмээн өгүүлэх мөчид зохиол хэвлэгдэх үед алдаа гарсан нь мэдэгдэнэ. Тиймээс зохиолын турш уншиж буй хэсгээс өмнөх бүлэг рүү буцах, үйл явдлыг тайлбарлах, алдааг засаж унших шаардлага гарч эхэлнэ. Зохиол дахь хэвлэн нийтлэгчээс ирсэн захидалд бичсэнээр бол Итало Калвиногийн “Хэрвээ өвлийн шөнө аянчин” романыг Польшийн зохиолч Тазио Базакалын “Мэлборк хотын захад” зохиолтой холиод хэвлэчхэж. Гэхдээ ийм зохиолч, ийм роман, ийм нэртэй хот хаана ч байхгүй, зөвхөн зохиол доторх зохиомол дүр, нөхцөлийн нэгээхэн хэсэг гэдгийг анхаарууштай.
Цөхөрч, эргэлзсэн та (уншигч) худалдаж авсан номоо буцаахаар номын дэлгүүрт очоод Людмила гэх залуухан бүсгүйтэй таарна. Одоо та худалдаж авсан номоо уншихаас илүүтэй Людмилатай ямар ч аргаар хамаагүй яриа өдөхийг хүсэж буйгаа санаарай. Бүсгүйтэй их сургууль дээр дахин уулзахаар тохирсон ёсоороо очоод Уззи Тузий хэмээх эртний, этгээд нэр бүхий профессортой танилцана. Мөн Людмиллагийн судалгааны хамтрагч Лотариатай ч уулздаг.
Тэгээд та “Хэрвээ өвлийн шөнө аянчин” доторх 10 өөр романы эхлэлийн учрыг олохын тулд дахин хэвлэн нийтлэгчид хандахаар шийднэ. Гэтэл тэр бүх холион бантанг орчуулагч Эрмас Марана гэгч үйлджээ. Тэр л санаатайгаар гарчиг, агуулга, зохиолчийг нь хүртэл сольж орхисон тул та одоо хүртэл төөрөлдсөөр байна. Маранагаас ирсэн захидлаас та детектив төрлөөр бичдэг ахмад зохиолч Силас Флэннери гэгчийн талаар олж мэднэ. Үүнийхээ дараа та учрыг тайлахаар Маранагийн эрэлд гарч, Атагуитаниа гэх газар луу явна.
Зохиолын туршид, бүлэг бүрийн эхлэлд уншигч таны оролцоотой үйл явдал өрнөж, зохиолын дүр таны өмнөөс ярьж эхэлнэ. Харин хоёрдугаар хэсэгт дахин шинэ роман эхэлж, тодорхой нэг хэсэгт хүрээд замхарна. Чамайг эрэл хайгуулаасаа буцаж ирэх үед цагдаагийн газраас улс төрийн бослого, хувьсгал, дайн мэтийн эсэргүү үйлтэй холбоотой бүхнийг хураасан байх тул номоо дахин уншиж чадахаасаа нэгэнт өнгөрчээ. Тиймээс бүх ном байх боломжтой нэгэн номын санг зорин очно. Тэнд та зөв номоо олохын тулд эхлэлийг нь хэлэх хэрэгтэй болдог. Ингээд уншигчдын дунд эхлэлийн талаар яриа өрнөх үед долоод зогсож буй уншигч “Ямарваа зохиол эхлэл болон төгсгөлтэй байдагт та итгэдэг үү? Эртний бүх түүх хоёрхон янзаар төгсдөг. Аливаа саад бэрхшээлийг даван гарсан баатрууд гэрлэнэ эсвэл үхнэ. Бүх түүх амьдралын урсгал, төгсгөл гэсэн хоёрхон утгад зангилагддаг” хэмээн хэлэх үед та энэхүү үгийн талаар эргэцүүлээд Людмилатай суух шийдвэр гаргана. Та хоёр хэдийн гэр бүл болжээ. Өргөн орон дээр хамт хэвтээд ном уншиж байна. Людмила номоо хааж гэрлээ унтраагаад буцаж хэвтэхдээ чамаас “Чинийхийг бас унтраачих уу? Удаан уншаад чилж байна уу? гэхэд уншигч “Одоохон, тун удахгүй Итало Калвиногийн “Хэрвээ өвлийн шөнө аянчин”-г дуусгалаа” гэж хэлснээр зохиол төгслөө.
Та анзаарсан бол зохиолын “Хэрвээ өвлийн шөнө аянчин” гэсэн учир битүүлэг, утга тодорхойгүй нэртэй. Гэхдээ бүлгүүдийн нэрийг холбоод уншвал “Өвлийн шөнөөр аянчин, Мальборк хотын ойролцоо, салхинд цохиулж, толгой эргэхээс айхгүйгээр уулын эгц уруу, тонгойн тойрог жимийн дунд хүүшлэн буй сүүдрийг ширтэж, огтлолцсон жимүүдийн голд, хивс мэт улайрах навчсын хунгар дундах сарны гэрэл туссан хоосон булшийг харсан бол ч…” гэж бий. Бүлэг бүрийн гарчгаас бүрдэх эл өгүүлбэр зохиолын утга санааг тэр чигт нь багтааж буй юм. Дээр нь, уншигч та зохиолын турш өгүүлэгчийн үүргийг анзаарах хэрэгтэй. Гуравдугаар өгүүлэгч зохиолыг ерөнхийд нь чиглүүлж, хоёр дахь өгүүлэгчтэй та танилцаж, харин өөрөө нэгдүгээр биеийн өгүүлэгч болон хувирна.
Итало Калвино 1969 онд Парист очоод тархины хавдраар нас эцэслэх хүртлээ тэнд байсан гэдэг. Очсон даруйгаа Улопи хэмээх уран зохиолын бүлгэмд элсэж 1972 онд өөрийн бас нэгэн алдарт бүтээлээ туурвижээ. Тэрхүү бүтээл нь “Үл үзэгдэгч хотууд” роман.
Шинжлэх ухааны уран зөгнөл, уран сэтгэмжит зохиолд олгодог Нибүлэгийн шагналын шилдэг романаар 1976 онд шалгарсан эл бүтээл Монголын Юань гүрний түүх, Марко Пологийн тэмдэглэлтэй холбоотой. Итало Калвино уг зохиолоо Италийн алдарт аялагч Марко Пологийн Дорно дахинд аялж, Монголын эзэнт гүрний их хаан Хубилайн ордонд хүрсэн аяллын тэмдэглэлээс сэдэл авч уран сэтгэмжээр баяжуулан бүтээжээ. Зохиол Марко Пологийн Юань гүрэнд байх үеийн дурсамж болон ихэнхдээ Хубилайн хаанд ярьж буй хаа ч үгүй хотуудын талаар түүхээр үргэлжилнэ. Марко Поло Дорнын этгээд хачин хүмүүстэй уулзсан даруй замд таарсан бүхнээ сонирхуулан ярьсан ч тэр мэт адал явдал нүүдэлчдийн анхаарлыг төдийлөн татсангүй. Тиймээс их хааны анхаарлыг татах шинэ түүх зохиож, хаа ч үгүй гайхалтай хотуудын талаар ярьж эхэлнэ. Ийнхүү тэрээр бүгд эмэгтэй хүний нэр бүхий 55 хотын талаар өгүүлнэ. Хот бүр өөр өөрийн онцлогтой. Тухайлбал, Клоу нэрт хотод гудамжаар хөлхөлдөх үй түмэн хүний хэн нь ч нэгнээ таньдаггүй. Бусдынхаа талаар мянга мянган бодол тээх хэр нь хэн нь ч хэнийгээ танихгүй, хэн нь ч хэнтэйгээ мэндчилдэггүй. Гэтэл Миланиа хотод та босго даваад л олны үймэн миегнэхийг олж сонсоно. Дээрэнгүй сагсуу цэргийн тушаах, гуйлгачин хүүхдийн гүйлдэх, эмсийг хоргоох эрээгүй эрс, дурласан охиноо донгодох эцгийн уурсал, ямар нэг зүйлийн тооцоо хийх суух худалдаачны ёстой л түмэн шидийн дуу хоолой, яриаг сонсоно. Энэ мэтээр Марко Пологийн оюун санаанаас бүтсэн гайхамшигт хотууд үгээс үгэнд таны өмнө биежин босох болно.