РОМЕО ЖУЛЬЕТТА: ЦАГ ХУГАЦААНЫ ЗААГТ
2018-01-26 У.Бямбаням 2898

Нүсэр өмсгөл, язгуурлаг зандаа тээртсэн дундад зуун, технологийн хөгжил, мэдээллийн урсгалд дөнгөлөгдсөн орчин үеийн заагт тэр тээнэгэлзэн зогсоно. Түүнийг нэг талаас нь алдар хүнддээ дарагдсан суутны сонгодог бүтээл чангааж, нөгөө талаас нь хором мөчөөр хувьсан өөрчлөгдөх цаг үе чирнэ. Ерөнхий найруулагч энэ тэлэгдмэл байдлаас зохиолын амин чанарыг атгаж үлдэх үү, үгүй юү гэдгээс шинэ тавилтын ололт шалтгаалах байв.

“Ний нуугүй хэлэхэд Шекспир сүүхэйтэй “наймаачин”, өнгөрсөн ирээдүй хоёр сүлэлдсэн өөрийнхөө л цаг үед зориулан бичиж байсан хүн. Тэр аз гийсэн дурлалт хос, амьдралын ээдрээг тольдсон аллага таллага, тайзнаа хөглөрсөн үхдэлүүдийн дунд хүний хувь тавилангийн эсэн бусын хувилбар зохиосон юм”гэсэн испани хэлт утга зохиолын эцэг Х.Л.Борхесийн шулуухан үгээр бол суут Шекспир жүжгүүдийнхээ санааг тийм ч айхавтар гүн далд нуугаагүй хэрэг. Түүний энэ цаг үед хүрсэн аян замын хөлөг нь маш нарийн адилтгал зүйрлэл, хэтрүүлэл байснаас биш далд утга санаа биш гэж ёжилдог уран зохиолынхны үг ортой. Дундад зууны үеийн шүүмжлэгчид түүний дүрүүдийг тал талаас нь муучилж Ромео бол Жульеттагаа алсан хэрцгий хүн гэх мэтээр өвөр зуураа хатгаж байлаа.[2] Харин тэр туйлын зальжин агуулга, яруу хэл, амьд дүрүүдээрээ сэргэн мандалт, үйлдвэржилт, дэлхийн дайнууд, эдийн засгийн хямрал, технологийн хувьслыг гэтлэн бидний өмнө тоглогдож буй нь суутан гэж цоллох ганц шалтаг.

Н.Наранбаатарын “Ромео Жульетта” жүжгийн хүзүүтэй ноосон цамц, шулуун өмдтэй Ромеог барууны театруудад үзэгддэг Хамлеттай андуурч мэднэ. Дээр нь жирийн цагаан даашинзтай Жульетта орчин үеийн болоод эгэл байдлыг нь улам тодотгоно. Энэ нь надад өнгөрөгч гуравдугаар сард найруулагч Сэлли Күүксөний (Sally Cookson) “Bristol” театрт тавьсан “Ромео Жульетта”-гийн модерн дэглэлтийг санагдуулж байв. Технологийн хөгжлийн давуу талыг ашиглан үзсэн тэр тавилт дээр бүх хүмүүс орчин үеийн хувцастайн дээр том нүдний шил, шар өнгөөр жигдэрсэн нь анхаарал татсан юм. Найруулагч үүнийгээ ‘дундад зуун’ гэсэн цаг хугацааны тодорхойлолтыг орхихгүйн тулд шар өнгийг, орчин үед хамаатуулан тавьж буй гэдэг утгаар нь нүдний шил зүүлгэсэн гэж тайлсан байв.[1]

Удалгүй тайзан дээр дундад зууны хийц бүхий хувцастай Меркуцио, Бенволио хоёр шурдхийн гарч ирээд эзэндээ үнэнч эртний баатрын ёсоор баруун хөлөө хавсран мэндчилэхэд үзэгчид яг аль цаг хугацаанд үлдэх ёстойгоо олж ядан үүлгэртэв. Сонгодог хөгжмийг, Бруно Марсын “Marry you”, Игги Азалиягийн “Black widow” мэтийн попуудтай хослуулсан DJ маягийн хөгжмийн найруулга болон модерн балетын хөдөлгөөний элементүүд, хип хоп, стрийт бүжиг, Латин Америкийн хөдөлгөөнийг хослуулсан бүжгийн дэглэлтээс нь чухам аль цаг үед баатруудаа аваачихаар адгаад буйг нь олж харахад хэцүү.

Магадгүй найруулагч Н.Наранбаатарын “Хуучинсаг үзэлтэй хүмүүст таалагдахгүй байж мэднэ” гэж хэлсэнтэй энэ бүхэн давхцаж буй биз ээ. Жүжгийн зохиол болон өмнөх хоёр удаагийн тавилтад баригдалгүй, өөрийн Ромео, Жульеттаг бүтээхээр адгасанд нь түүнд баяр хүргэх нь зүй. Энэхүү адгалтыг юун түрүүнд хөгжмийн найруулга, хөдөлгөөний илэрхийлэл, хувцас, хэлээр тодорхойлж, нэмээд секслэг уур амьсгал, хошин мэдрэмжүүдээр хачирласнаас олж харж болно. Түүний хоёр жилийн өмнө найруулсан “Хамлет” үзэгчдийн зүгээс дундад зууны үеэсээ салаагүй, хуучинсаг байдлаар тавилаа гэсэн шүүмжлэлтэй тулгарсан нь шинэ тавилтад нь нөлөөлсөн байж мэднэ.

У.Шекспир болоод түүний жүжгийн талаарх ярианд орхиж болохгүй нэг зүйл бий. Тэрбээр герман болоод латин хэлний найруулгаар англи хэлийг сэлбэн, орчин үеийн англи хэлийг бий болгосон гэх сууг өөртөө хадгалдаг. Фрэнк Кирмөди (Frank Kermode) 2000 онд хэвлүүлсэн “Шекспирийн хэл” (Shakespeare’s language) номдоо “У.Шекспирийн уран зохиолын шинэчлэлийг “Хамлет”-аа бичсэн үеэс эхлүүлэх нь зүйтэй. Ялангуяа уран зохиолын тансаг найруулга, хэлний шинэчлэл, гэнэтийн өрнөлүүд, догшин ширүүн уур амьсгал энэ үеэс л эхлэн бүрэлджээ. Түүнд ердөө л эртний нууцлагдмал байдал, үгийн наадгай, заримдаа зохисгүй, эмх цэгцгүй гэмээр үйл явдлууд л суу алдрыг авчирсан юм. Түүний хэл Английг дэлхийн тавцанд гаргаад зогсохгүй, “Oxford English Dictionary” бүтэх суурь шалтгаан болсон гээд боддоо. Цаашид энэ мэтийн шинэ бизнесийн санаа болох магадлал муу ч хэлний шинэчлэл нь хожмын бүтээлүүдэд тусгалаа олсоор байна гэдэгт итгэж болно”[1] гэжээ.

Түүний бүтээлтэй нэр холбохыг хүсвэл “Моддын оройг цалин мөнгөөр бүрхсэн сар” мэтийн тэр үедээ л байгаагүй гярхай зүйрлэлүүд, нягт дүрслэлүүдийг нь орхигдуулж үл болно. Харин энэ удаагийн найруулгад хэлийг төдийлэн чухалчлаагүй нь мөнөөх л орчин үед таацуулах гэсэн зорилгоос шалтгаалсан болов уу. Энгийн хар ярианы хараал, ерөөлтэй хэллэг, заримдаа “Нүдгүй сохор, буржгар үстэй, нум сум барьсан жаалд харвуулчихсан” мэтийн оновчгүй зүйрлэлүүд голчиллоо. Зохиолын хэлийг тэр чигээр нь тайзан дээр бүтээнэ гэдэг орчин үед наахыг хичээсэн найруулгад тийм ч сайхан санаа биш. Шүлэглэсэн, уянгалсан байдал нь үзэгчдийг уйдааж мэднэ, гэвч хэтэрхий хар ярианы, бүдүүлэг хэллэгээр тавих нь ч бас зохимжгүй хэрэг.

Гурван цаг дамнан үргэлжилсэн жүжигт Жульетта, Меркуцио, Лоренцо гэсэн гуравхан дүр өөрийн үүргийг биелүүлснийг хэлэлгүй үлдээж болохгүй. Европынхны ойлголтоор удахгүй 14 нас хүрэх Жульетта бол өсвөр нас болоод эмэгтэй хүний ээдрээт амьдралын заагт зогсоо дүр. “Тиймээс ч У.Шекспир насны нэг мөчлөгөөс нөгөө мөчлөг рүү алхаж буй Жульеттадаа зовлон зүдгүүр, хатуу хөтүүг үүрүүлснээр амьдралын мөн чанарыг дүрээрээ дамжуулан бэлгэдсэн” гэж театр судлаач Тим Зингер бичжээ. Харин дорнын уламжлал давамгайлсан бидний ойлголтоор дөнгөж 14 нас хүрч яваа Жульетта бол гэнэн томоогүй байдал, хүүхдэрхүү зан, цэвэр ариуны бэлгэдэл болно. Үзэгчид ийм л Жульеттаг хүссэн. Тэр хүсэлтэд нь залуу жүжигчин О.Дөлгөөн яг цав тохирч байв. Ер нь бид хорин жилийн өмнө тоглосон Жульеттагийн тухай яриагаа орхиод энэ цагийн Жульеттаг хүлээн авах хэрэгтэй. Меркуциогийн тогтворгүй занг бүхий л талаараа үзүүлсэн Э.Тодгэрэл, ямбаны, ихэмсэг ламыг бус, сайхан сэтгэлээ илэрхийлсэн, хөөргөн, цайлган ламыг бүтээсэн С.Болд-Эрдэнийг дурдах нь зүй. Харин Ромео (Б.Шинэбаяр) хайр сэтгэлдээ шатсан залуу хархүү гэхээсээ өс хонзон, амьдралд нухлагдаж цөхөрсөн, хүч тэнхээ сулбагар, дунд эргэм насны эрийг бүтээлээ. Жүжгийн DJ маягийн хөгжмийн найруулга “Rasta Thomas” бүжгийн компанийн дэглэсэн “Ромео Жульетта”-гийн хөгжмийн найруулгыг өөрийн эрхгүй сануулсныг дурдалгүй орхиж болсонгүй. Тэд зохиолыг модерн балетаар тайзны бүтээл болгохдоо Вивалдигийн “Дөрвөн улирал”, Барберын “Адагиогийн холбоос” зэрэг сонгодгуудыг Бруно Марс, Кату Перри, Лэди Гага, “The Police”-ын дуунуудтай хослуулсан нь тун зохицсон байдаг. Харин театрын тайзнаа дээрх найруулгаас бүтээлч санаа зээлдсэн нь шинэчлэл гэхээсээ албадлага болчихов. Ордны нүсэр байгууламж, эд хэрэглэлээр хөөцөлдөлгүй, гэрлээр шийдсэн тайзны заслыг нь харин олзуурхах хэрэгтэй.

Эдгээрийн эцэст сонгодог болоод эртний жүжгийн тавилтад шинэ уур амьсгал орж ирлээ гэсэн үгийг дайя. Хотын даргын хэлсэн “Шударга байцгаая аа” мэтийн үзэл санааны хийрхэл, хэтийдүүлсэн зарим элементүүдийг түүж гоочлох ажлыг бусдад нь үлдээе. Ямартай ч найруулагч Н.Наранбаатар дундад зуунаасаа сугаран гараад, өнгөрсөн, одоо хоёрын дунд тээнэгэлзэн зогсож байна. Тэр хаашаа алхахыг дараа дараагийн бүтээлээс нь хүлээнэ.

Түр хүлээнэ үү...
Top