САРМАГЧИН БОЛ САРМАГЧИН

Өнгөрсөн зууны наяад оныг дайрсан нийгмийн өөрчлөлт, хуучин шинийн зөрчил, хүмүүсийн оюун санаанд гарсан эргэлтүүд тухайн үеийн зохиолчдын бүтээлд хүчтэй туссан нь нийтлэг ажиглагддаг. Тэр дунд зохиолч П.Баярсайханы хотжилт-нүүдэл, сууриншил-хөдөөх амьдрал, хүний мөс-алдарч буй хүн чанар гэсэн хоёрдмол эсрэгцлийн үүднээс дүрүүдээ товойлгон гаргаж, дүрүүдийнхээ бодрол эргэцүүллээр уран дүрийнхээ шинж төрх, авир занг бүтээсэн уянга сэтгэлзүйн шинжтэй өгүүллэг, туужууд онцгой байр эзэлнэ.

П.Баярсайхан нь 1970-аад оноос яруу найраг, өгүүллэгээр уран бүтээлийн гараагаа эхэлж дүрийнхээ дотоод сэтгэлийн хувирал, бодол санааны эргэлт, сэтгэлзүйн шинж байдлаар зохиолынхоо үйл явдлын голчлон зангидсан өгүүллэг, туужаараа 1980-90 оны хүүрнэл зохиолын нэгэн хэв загварчлал, тогтонги байдалд өөрчлөлтийн салхи авчирсан зохиолчдын нэг юм. Тэрээр Монголын уран зохиолд П.Лувсанцэрэн, С.Эрдэнэ, Д.Мягмар нарын уламжлуулж ирсэн уянга сэтгэлзүйн бичлэгийг хөгжүүлж ухамсрын урсгал, бодрол эргэцүүллийн өнгө аястай бичлэгийн арга маягаар, зөвхөн П.Баярсайханых л гэмээр өвөрмөц урлалыг уран зохиолд бүтээсэн билээ.

Хэвлэгдсэн он 2017
ISBN 9789997882363
GoodReads.com дээрх уншигчдын сэтгэгдэл
Даваадорж Ишдорж
Хүний хайлан болсон зохиолч.

Tsatsral
"Сум орны орон сууцанд суудаг ганц нэгэн айл хөдөө мал дээр байгаа таньдаг мэддэг малчид, ах дүү, төрөл санадыхаа малд ганц нэг үнээ мал харж хандуулахаар өгсөнийг тавиул мал гэдэг. Гэтэл нийгмийн завхарал, хүний яс мөс муудаад ирэхээр эцэг эх нь хаяад явчихсан хүүхэд багачуулыг малчин эмээ өвөө нь хэмээгдэх өвгөд хөгшид гар дээр авч өсгөх болсоноор өнгөрсөн зууны жар, далаад оноос хөдөөд "тавиул хүүхэд" олширсон. Угаас өөрийн ижил биш учираас тавьсан айлын малтай нийлнэ гэж байхгүй, үргэлж тасарч, алга болж малчидыг зовоодог нь тавиул малын гол араншин. Мал золбиорхын нэг хэлбэр. Мал шиг хүүхэд багачуул ч эцэг эхдээ хаягдвал золбирно. Манай амьдралд үзэгдэх болсон энэ гаж үзэгдлийн эхлэлийг айхтар гярхай мэдэрч, эмзэглэсэн зохиолч бол тэр үед зөвхөн П. Баярсайхан маань байсан юм. П. Баярсайхан энэ үгүүллэгээ "Тавиул" гэж нэрлэсэн." (9)

"Жинхэнэ уран зохиолч хүн бүтээл туурвилаа тайлбарлах, үнэлэх цэгнэх үйлээс ангид байдагаараа жинхэнэ уран зохиолч бишүүдээс ялгардаг. Баярсайхан энэ зарчимыг маш хатуу баримталсан байдаг. Нөгөө гэвэл, жинхэнэ, жинхэнэ бусын ялгаа бүтээлийн дотоод холбоосыг хэрхэн бичсэн эсэхээрээ ялгардаг. Энэ үгүүллэгийн бүхлэдэс сүү ус хоёр шиг сүлэлдсэн нь бахдам. Үгүүллэг дотор хэлхээ холбоогүй юмс бүү хэл үг үгүүлбэр ч байхгүй гэхэд нэг их дэгсдэхгүй." (10)

"Ээ мэдэхгүй, заримынх нь нэр усыг бараг мартлаа. Хүн гэдэг нас нэмэхийн хэрээр найз нөхөд цөөрдөг юм байна. Байгаль хүнд чамгүй их нас заяаж. Идэр залуухан байхад ирж очдог байсан нөхдөөс одоо хоёр гуравхан нь л орж гардаг болжээ. Зарим нь намайг гээж, заримыг нь би гээчихлээ. Байгалийн зам ёс хүнийг авслахаас өмнө хүн өөрийгөө авсалчих юм. Өөрийн хийсэн авсан дотроо амьдарсан болж өнхөрч байгаад сүүлд нь өрөөлийн хийсэн авсанд орж хэвтээд нэг мөсөн дуусах юм." (32)

Намуун Отгонбаатар
Монголын зохиолчид тэр дундаа үргэлжилсэн үгийн зохиолчид дотроос тоотой хэдийг л үнэлж, бусдыг нь хөдөөний, эрт галавын зохиолчид гэж тодорхойлдог олонхын бодлыг өөрчлөхүйц чанартай бүтээл, чансаатай ч зохиолч ажээ.

Өгүүлэл, тууж бүрийг нь уншихад сэтгэл амар амгаланд уусаж, дүр бүрийн сэтгэлзүйг тодоос тод мэдэрч байлаа.

Ном шиг ном уншсан хойно л ийм мэдрэмж төрдөг болов уу! "Сармагчин бол сармагчин"-аас "Захиад" шилжих ахуйд л энэ хүний өгүүлэмж, хүүрнэлд автаж, цааш хөвөрсөөр "Гэрэл гэгээг хүснэ"-д хүрч нулимсаа залгисаар номоо дуусгав.

Zolbayar Bayarsaikhan
Амьдралынхаа аль нэг мөчийг хөдөө нутагт өнгөрүүлж үзсэн хүн л мэдрэхүйц "үнэр", "чимээ" нэвт шингэжээ.

•boloroost•
Баярсайхан зохиолчийн бүтээлүүд надад маш талагдаж өндөр сэтгэгдэл үлдээж чадлаа. Энэ номыг Сармагчин бол сармагчин гэж нэрлэсэн нь ч онцгой бөгөөд дурсамжтай болгожээ.
Түүний өгүүллэгүүд нь хот суурингийн хүмүүсийн амьдрал, 80 90ээд оны монголчуудын байдал, хүний зан чанар гэх мэт чухал сэдэв хөндсөн гайхалтай бүтээлүүд байна.
Миний сэтгэлийг хамгийн их хөдөлгөсөн зохиолууд болох Сармагчин бол сармагчин, Гэрэл гэгээ хүснэ ба Хүн гөрөөс байлаа.
Таалагдсан хэсгүүд болох
Чамайг хэн ч ойлгож мэдэхгүй, гуниг зовлон, гашуун харуусалд автсанаа нэгт мэдээд орь ганцаар уйсан явах үед нээрэн ганц нэг сайн санаатнаас халуун дулаан үг сонсохоор ямар сайхан болдог билээ. Амьд явах эсэхийн хувь заяа ч тэгэхэд шийдэгдсэн байж мэдэх л юм. - Хөгшид
Би амьдрал гэрэл гэгээтэй байхыг хүсдэг шүү... - Гэрэл гэгээ хүснэ

Narmandakh Sodnompil
Түрүү жилийн шинэ жилийн үеэр л гараад удаагүй байхад нь авсан боловч сая л уншиж дуусгалаа. Бүхэл бүтэн бараг 10 сар унших шив дээ.

Яалтачгүй сармагчин бол сармагчин өгүүллэг үнэхээр энэ номыг гоё эхлүүлсэн. Үлдсэн 8 өгүүлэгүүдийг нь барин тавин явсаар байгаад хальт мулт л уншсан байх, тууж жүжгийг нь уншихаас залхуу хүрээд байсан боловч өнөөдөр ямар өдөр нь байж таарав 2 тууж, 2 жүжгийг нь уншаад дуусгачихлаа.

Бичлэгийн хувьд бол хөнгөхөн хэрнээ ёгт утгуудтай бөгөөд хүний мөс, орчин үеийн хотжилт буюу шинэ соёл уламжлалт соёлын ялгаа, хүний дотоод зөрчил, үнэн ч сэтгэл, худал хуурмаг гээд л хүний сэтгэлийн шинж төлөвүүдийг харуулж чаджээ. /Нэлээн удаан хугацаанд үлгэн, салган уншсан болохоор тухайн үеийн сэтгэл хөдлөлийг үнэндээ л санахгүй байна, ямар ч байсан сэтгэл гэгэлзүүлж, догдлуулаад байсаан/
Ялангуяа төгсгөлийн Албин жүжиг бол "Ууртай 12 эр" нэртэй гайхалтай киног санагдууллаа.

2 жүжиг, 2 өгүүллэг бол хөндөх ёстой асуудлыг аягүй хөнгөхөөн ёгтолчихсон. Өгүүлэгүүдээс сэтгэлд тод үлдсэн нь гэвэл сармагчин бол сармагчин /этгээд хүнтэй төстэй санагдсан шүү/, тавиул 2 л юмуудаа? Дараа тухтай нэг нягталж уншина аа!

MG GB
Есөн өгүүллэг, хоёр тууж, хоёр жүжгээс бүтсэн ном. Таван од авч болох байсан ч өмнөх үгийг хэт сайхан бичиж өндөр хүлээлт үүсч тэрэнд арай хүрсэнгүй. Өнөө үеийн сэдэв болох "хот ба хөдөө"-г бүх л талаас нь хүний мөс чанарт дөрөөлж бичсэн. Ялангуяа жүжгүүд нь маш амтархан уншигдана. Би ч хот хөдөөний алинд ч хамаардаггүй дайвар хотын хүүхэд болохоор ч уу зарим өгүүллэгүүдийг сэтгэлдээ ойр хүлээж авч чадаагүй ээ. Гэхдээ бичиглэл талаасаа тансаг ном байнаа, зарим цогцолборууд юмсыг шууд өгүүлэхгүй ёгтолж байгаа нь гайхалтай.

Lkhamsuren
Сэтгэлтэй ярилцаж чаддаг үргэлжилсэн үгийн зохиолч бол П.Баярсайхан юм байна. Ахиад л өмнө нь уншиж байгаагүй зохиолчын бүтээлтэй танилцлаа. Монголын зохиолчид бол ийм тийм гэж ярьж хэзээ ч болохгүй юм гэж хатуу ойлгуулсан бүтээл гэхэд болно. Нэг ёсондоо сайн мэдэхгүй зүйлээ ярих нь тун буруу гэдгийг эл бүтээл дахин нэг санууллаа. Онгоцонд уншсан болоод ч тэр үү анхаарал сайн төвлөрсөн нь уншихад, мэдрэхэд нөлөөлсөн байж чиг мэдэх. Ухаан санаа, дурсамж бүхнийг тань энэ ном дураараа онгичиж, уйлуулж, нойргүй хонуулж мэдэх байх шүү. Дан ялангуяа "Тавиул", "Захиа" зэрэг өгүүллэгүүд хамаг л бага нас, дурсамж, он удаан жил хол байсан бүхэн рүү минь аваачиж өгсөн нь "Гүн ертөнцийн зохиолч" гэх тодотголтой нь дүйх бизээ. Хөдөөгийн амьдрал, хүний сэтгэл зүй, хамгаас нарийн нандин бүхнийг зүгээр л өөдөөс тань хараад ярьж буй аятай өгүүлж чадах нь нэн таатай.

Сайхан бүтээлийг дахин төрүүлж өгсөн Тагтаагийнхандаа, унших боломж олгосон найздаа талархал илэрхийлье.

Д.Л