"Тэжээвэр" тэргүүт шилмэл бүтээлийн чуулган

Энэхүү ном төрийн шагналт зохиолч Далхаагийн Норовын бүтээлээс “Тагтаа Паблишинг” хэвлэлийн газар уран зохиолын өндөр шүүлт шалгуураар сонгож хэвлэсэн шилмэл бүтээлүүдийн чуулган юм. Богино өгүүллэг, өгүүллэг, тууж, роман, кино зохиол зэрэг хүүрнэл зохиолын бүхий л төрлөөр тэгшхэн бүтээн туурвисаар ирсэн Д.Норов зохиолчийн бүтээлээс бид энэ удаа "Паанаг", "Үхэл хүлээх газар", "Хар гэгээ" зэрэг нийт 12 өгүүллэг, "Тэжээвэр", "Мөнхийн дуудлага", "Хөх сайрын чулуу" гэх алдартай 3 туужуудийг нь шилэн хүргэж байна.

Д.Норовын өгүүллэг, туужууд хүний дотоод сэтгэлийг төнхсөн нягт бичлэг, сэтгэлзүйн эрс тэс ялгарал, хүүрнэлийн баялаг чанараараа уншигчдад хүчтэй нөлөөлж, зохиолынхоо гүнд яв цав барьж чаддагаараа онцлогтой. Нэн ялангуяа туужууд нь түүний туурвилзүйн онцлогийг илэрхийлэх хөрс суурь нь юм. Д.Норов зохиолчийн хамгийн тулхтай зохиолууд туужийн хэлбэрээр бичигддэг нь санамсаргүй хэрэг биш болов уу. Энэ цагийн нэгэн гайхамшигт зохиолчийн туурвилзүйн ертөнц жирийн уншигчдын хувьд нууц хэвээр л байна. Тэр нууцаас энэ ном бага ч атугай хэлтэлж, хойчийн мэргэдэд нээхийн санаа төрүүлнэ хэмээн итгэнэ.

Хэвлэгдсэн он 2016
ISBN 978-99929-67-85-0
GoodReads.com дээрх уншигчдын сэтгэгдэл
Нандин Эрдэнэ
Тагтаа паблишингийн сонголт хэзээ ч урам хугалдаггүй гэдэгтээ санал нийлдэг. Монголын утга зохиолын оргилуудын нэг Д.Норов гуайн бүтээлүүд аргагүй гайхалтай юм. Өмнө нь нэг ч бүтээлийг нь уншиж үзээгүй надад “за чи ингээд намайг мэдэр” гэсэн шиг л тийм нандин, гайхалтай мэдрэмжийг мэдрүүлсэн. Энэхүү номд багтсан 12 өгүүллэг, 3 тууж тус бүрдээ өөрийн өнгө аяс, цаад утгыг илэрхийлж, хүнээс хэрхэн ийм ухаан гарч болдгийг гайхаад баршгүй юм. Хамгийн сэтгэлд үлдсэн дүрүүд Бахуут, Гөлгөө, Дэнсмаа, Дэмэд, Цээнэ, Хишгээ болон түүний охин. Зарим хэсэгт нурууны араар хүйт дааж, зарим хэсэгт нулимс өөрийн эрхгүй урссан. Амьдралын жам ёсыг эвдчихсэн эсвэл ийм байдаг юмуу гэж гайхмаар дүрслэлүүд. Магадгүй хүний хорвоод олон зүйлс холилдон байдгийг мэдрүүлсэн бүтээл болжээ.
Мүраками Харүкигийн бүтээлийг уншчихаад яагаад төгсчихвөө энэ чинь юу болчихвоо гэсэн үүрдийн асуулт зангилаатай үлдэж байсан шиг Норов гуайн бүтээлүүд төгсгөлийг уншигчид үлдээсэн, эргэцүүлэх, дахин дахин бодогдохуйц сэтгэлийн гүнд томоос том асуултын тэмдэгийг надад үлдээжээ. Ийм гайхалтай зохиолчид байдагт талархъя.

Baaska Baaska
Гайхалтай. Мэддэг таньдаг уул усаа нүдэндээ харж, нулимс цийлэгнэн уншиж дууслаа. Бүх зохиол нь нэг тийм час хийсэн, сэтгэл дүүргэсэн юмаа.

Urangoo
Монгол зохиолчдын номыг төдийлөн уншихгүй болохоор сайн мэддэггүй гэж бодож. Гэтэл бүтээлээр нь хэдийн танил болсон хүн байдаг. "Мөн ч их хүлээсэн дээ" гээд "Зүрхэнд шивнэсэн үг"-ийг санахгүй хүн цөөн байх. Тэр киног үзсэн л бол. Энэ 4 үг эргэн эргэн санагдтал үйл явдал зүрхэнд буудаг. Тууж нь өөрөө ч үнэхээр мундаг бүтээл юм байна. Нулимстай л уншиж дуусгалаа.

Түүнээс гадна "Үхэл хүлээх газар" гээд өгүүллэгийг нь хөгшчүүдийн асрамжийн газар зураг авалт хийсэн зохиомжоор нь хүмүүс мэдэхээр юм байна. Асрамжийн газар очсон шоронгийн хуяг, насаараа шорон дамжсан хулгайч 2 гардаг даа.

Дараагийн зүрхэнд хүрсэн бүтээл нь Тэжээвэр. Яалт ч үгүй шилмэл. Энэ туужаар нь номыг нь нэрлэсэн нь ч онож.

Заавал унших номын нэг.

Nanalism
Хамгийн эхэнд, нэг цаг үед амьдарч буй агуу зохиолчийг залуу үед таниулсан Тагтаагийн сонголтод баярласнаа тэмдэглэе.

Тэжээвэр тэргүүт шилмэл бүтээлийг уншаад Д.Норов гуайн бүтээлүүдийг огт уншаагүй явснаа гайхлаа бас харамслаа. Үнэхээр сэтгэл хөдөлж, хөтлөгдөм гүн агуулгатай, этгээд содон, мөн харизматай дүрүүдтэй, үгийн сонголт, зүйрлэл оновчтой сайхан бичдэг зохиолч юм.

Үзсэн олон кино түүний роман болон тууж, өгүүллэгээр бүтсэнийг анх анзаарлаа. Тэдгээрээс, Мөнхийн дуудлага тууж нь 10 насанд өвлийн куртканы ханцуй нортол уйлуулсан "Зүрхэнд шивнэсэн үг" киноны эх зохиол байжээ ххэхэ. Үнэхээр дүрийн сэтгэл зүйн нарийн өгүүлэмж, харизматай бичдэг учраас бичсэн бүхнээр нь кино хийж, мөн кино хийх гэж зохиол бичүүлдэг биз.

Түүний ярилцлагуудыг хайж уншаад бүх бүтээлийг нь уншихыг, мөн Тагтаагийнхан "Үлдэх үг подкаст"-даа Д.Норов гуайг урьж ярилцсаныг сонсохыг хүслээ. Ярилцаасай.

Тэжээвэр туужийн гол дүр Гөлгөөгийн өгүүлэмжийг өдрийн тэмдэглэл хэлбэрээр бичсэн нь маш сонирхолтой санагдахын зэрэгцээ өдрийн тэмдэглэлийг зохиолчид л ингэж гоё бичдэг байхдаа гэх сэтгэгдэл төрүүлж байсан. Гэтэл, зохиолч маань сэтгүүлчийн хэзээ-хэрхэн бичиж эхэлсэн тухай асуултад "Харин Анагаахын сургуульд сурч байхдаа, хөдөө ажиллаж байхдаа өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан маань бичих сургууль болсон байх. Эхэн үедээ хийсэн, хийх зүйлээ бичдэг байлаа. Сүүлдээ бодсон юмаа бичдэг боллоо. Тэгээд толгой холбож бичдэг болсон. Гомдож, баярлах, уурлах, хүсэл мөрөөдөл оргилсон бүхнээ бичдэг боллоо. Өгүүллэг бичих оролдлого Шарга суманд ажиллаж байхад төрж эхэлсэн. Хоёр ч тууж бичих гэж оролдсон байгаа юм ... " гэж хариулсан байв.

Харин Тэжээвэр тууж бүтсэн түүхийг нэгэн ярилцлагадаа "Геологичдын тухай зохиолын уралдаан зарласан юм. Тэр уралдаанд л зориулж геологичидтой уулзаж, судалсаар санаа сэтгэлдээ Гөлгөө гэдэг хүний дүрийг босгоод авлаа. Ээжийгээ, дүү нараа тэжээгээд бүтэн сар амьдарчих мөнгөөр ганцхан орой наргичихдаг тийм залуус ч байх. Хүн хүний амьдрал, хувь тавилан социализмын үед ч өв тэгш байгаагүй. Дээртэй доортой л байсан. Тэр үзэл санаа, ариун мөн чанар руу явсаар Гөлгөөгөөс Цэнгэлийн дүр ургаж гарсаар байгаад би биш Гөлгөө тэр туужийг аваад явчихсан. Харин миний хувьд бодох гэж л хэдэн цагаан үс нэмсэн байх. “Орлогч” гэж дараа нь “Тэжээвэр”-тэйгээ холбоотой тууж бичсэн. Тэр бол хүний орлогчийн тухай бүтээл юм. Нийгэм бол тэжээврүүдтэй. Тэжээврүүдээс бүтдэг. Тэгвэл нийгэм хүний орлогчийг бий болгож байдаг. Аавдаа хүүгийн орлогч, ханьдаа нөхрийн орлогч, хүүхдэдээ эцгийн орлогч, нийгэмдээ хүний орлогч, бүх юм орлогч. Хүн төрөлхтөн байх цагт аль ч нийгэмд ийм орлогчид байх учиртай байж магадгүй. Тэр тэжээвэр, орлогч хоёр л миний дотрыг их хорсгож явсан юм болов уу даа" гэж өгүүлжээ.

Тус бүтээлийн зарим хэсгийг онцлон http://ub.life/p/15580 ишилжээ. Миний хувьд ишлэж хураахын аргагүй гүн сэтгэгдэл төрүүлсэн тул бүтнээр нь уншихыг санал болгоё.

Zolbayar
Айхтар бичдэг хүн байна шүү. Энд орсон бараг бүх бүтээл нь маш их таалагдлаа.

Э. Лувсанжамц-Оюундалай
Fgdh

Энхүүш
Нохой мэт үнэнч

Bayanjargal Munkh-Orshikh
Бид энэ хүний зохиол бүтээлтэй хэчнээн ойр явсан юм бэ. Гэсэн хирнээ огт шинээр мэндлэхдээ бүр гүн таньж чадах шиг болов. Ахуйд ойр гэж магтаж бичсэн мөртлөө сонсож, уншиж байгаагүй үгстэй тааралдана гэж төсөөлсөнгүй шүү.

Тэжээвэр бол энэ шилмэлүүдийн сор нь юм.  Мөнхийн дуудлага дээр сэтгэлээ барьж дийлэх хүн гарах гэж үү. Мэдэх атлаа л аньсага чийгтэх нь энэ хүний авьяас чадварын илрэл биз.

Ер нь энэ бүтээлийн чуулганд  илүүдсэн юм нэг ч алга.

Нэг зүйрлэл олон орсон мэт санагдсан нь нохой юм уу даа. Гэвч ингэж саная гэхээр  Гөлөгөө болон Жингэр бүхэн гөлөглөдөг гэдэг нь ч юм шиг. Эсвэл уншиж таарсан нь тэр юм болов уу.

Ganbat Enhkbaatar
Шилмэл бүтээлийн чуулган гэдэг нэрэндээ таарсан үнэхээр гайхалтай бүтээл болжээ.

Nyamaa Ts
Надаас хол юм шиг санагдах ахуй, амьдрал. Миний сэтгэлийг хөдөлгөх хүмүүс. Дүрүүд биш хүмүүс гэж онцлон хэлмээр байна. Монголынхоо уран зохиолд мэдлэг дутуу ханддаг байсандаа өөрөөсөө үнэхээр ичмээр санагдсан. Энэ номны надад үлдээсэн сэтгэгдэл нь яг л Д.Батбаярын "Айсуй баярын зөн" шиг. Цаг өнгөрөх тусам сэтгэлд дотно. Дахин дахин бодход ч шинэ хуучин нь хамаагүй ямар нэг амьд зүйл байдаг.

Ag
Мөнхийн ус - Мөнхийн ус өгсөн эмэгтэйг төсөөлөх гээд ердөө ч нэг хүн болж төсөөлөгдөж чадаагүй шүү. :)

Үхэл хүлээх газар - Ахмадын асрамжийн газрыг хэзээ ч тийм хэцүү, муухай гэж төсөөлж байгаагүй. Шоронгоос дор газар гэдгийг уншаад дотор нихх тийм гэж хэлэхийн эцэсгүй хоосон мэдрэмж төрсөн. Яагаад ахмадын асрамжийн газар гоё байж болдоггүйн бол? Яагаад хүсэн тэмүүлдэг амралт шиг нь байж болдоггүйн бол. Яагаад ямар ч очих газаргүй, үхэхээс өөр хүлээх зүйлгүй улс болж хувирдын бол гэж бодогдсон. Зохиолоосоо гараад бүрр огт өөр юм бодоод явчихсан, эргээд орохоор л гуниглачихаад. Асрамжийн газрын ажилтнууд, дарга нь ч ямар муухай юм бэ гэж бодогдоод гомдоод. эмээ, өвөө нар минь гэж бидний хувьд хүний дээд улсууд байдаг гэтэл тэнд байгаа хөгшид... мидкүэ мидкү

Тэжээвэр - юм юмтай өгүүллэг... мэдкүэ тэгж их сэтгэлд хүрсэнгүй... Аюурзаны зөнгөр, өөрийнхөөрөө, дураа хүрэхээр хаашаа ч хамаагүй тэнэчихдэг дүр, Л.Сарантуяагийн энэ цагийн бүх шинжийг багтаасан дүр... ямартаа ч хүлээлтэд хүрсэнгүй... Уг нь их гоё илэрхийлэлтэй бичдэг хирнээ, энэ туужийн сэдэв нь таалагдахгүй байх шиг байна.

Lkhamsuren
Энэхүү хүний зохиол бүтээлтэй анх удаа танилцаж буй минь энэ дээ гэж бодож байтал үгүй юм аа. Юу гэхээр хүүхэд насны кинотой холбоотой олон дурсамжын нэг болох найруулагч Д.Баярсайхан, О.Бат-Өлзий нарын бүтээсэн "Зүрхэнд шивнэсэн үг" киноны эх зохиол болох "Мөнхийн дуудлага" тууж нь зохиолчын шилмэл бүтээлүүдийн нэг аж. Хүн бүрийн зүрхэнд шивнэж чадсан үг болох салаа гэзэгтэй бор охины нулимсаа тэвчин байж хэлдэг "Мөн ч их хүлээсэн дээ. Ээж хэлээрэй гэсэн юм" жирийн боловч үгсийг хүн бүр санах байх. Яг л үүнтэй адил Монгол ахуйн олон талт илэрхийлэл болон бусдаас ялгарах чухал илэрхийлэл болох дүрийн сэтгэл зүйн байдлыг цаг хугацааны дурсамж дурдатгалаар эвлүүлж өгдөг нь туйлын сайхан гэмээр. Мөн өгүүллэгүүдээс нь онцлон дурдахад "Үхэл хүлээх газар" газар бол 2016 оны Каннын кино наадамд өрсөлдсөн Кен Лоахын охь бүтээл "I. Daniel Blake" зохиолыг шууд л санагдуулсан. Бидний нэг хэсэг нь зүгээр л хүндлэх л болох гэж боддог хөгшин гэх ангилалын хүмүүсийн ертөнц бол сонсох тусам л улам их автдаг хөгжим шиг тийм сайхан гэдгийг мэдрүүлсэн.