Орчин үеийн хятад яруу найраг

Гурван мянга гаруй жилийн түүхтэй Хятадын сонгодог яруу найраг хүн төрөлхтний оюуны ертөнцөд Дорно дахины сэтгэлгээ, сэрэл мэдрэмжийг онцгой хүчтэй төлөөлсөөр ирсэн. Монголчууд бид ч түүхэн учир жимээр салшгүй холбоотой явсаар ирсэн урд зүгийн ард түмний шүлэг найрагтай эртнээс танил. Харин хятадын орчин үеийн яруу найраг, тодруулбал Манж Чин гүрэн задарч Дундад Иргэн Улс байгуулагдсанаас эдүгээ үе хүртэлх яруу найргийг бид бараг мэдэхгүй гэхэд хилсдэхгүй.

Орчуулагч Нацагдоржийн Энхбаярын таван жилийн нөр их хөдөлмөрийн ургац, хятадын орчин үеийн 80 гаруй яруу найрагчийн 250 гаруй шүлэгтэй, бүрэн хэмжээний эл антологи бидэнд урд хөршийнхөө утга соёл, яруу найргийг ойр шадар танин мэдэхэд үлэмж тус хүргэх юм. Орчин үеийн хятад яруу найргийг эх газрийн болоод Тайванийн гэж хоёр ангилдаг. Тус антологи мөнхүү ангиллыг мөрдлөг болгож “Эх газрын яруу найрагчид”, “Тайванийн яруу найрагчид” гэсэн хоёр бүлэг шүлэг найргуудаа зангидсан нь уншигчдад ойлгомжтой, цэгцтэй, харьцуулж унших боломжтой болжээ.  Шүлгийн сонголт, яруу найргийг орчуулгын чадал чансааг мэдрүүлсэн эл антологийн ариутган шүүгчээр яруу найрагч Л.Өлзийтөгс, яруу найрагч Д.Нямдорж нар ажилласан байна.

Н.Энхбаяр “Зөвхөн өөрийн таашаал, үнэлэмжээр эдгээр шүлгүүдийг сонгохдоо нам засаг, эх орны сэдвээс зориуд тойрч утга уянгын өнгө аястай бүтээлүүдийг түлхүү оруулах гэж хичээлээ. Хэдий ганц хүний оролдлого боловч энэ түүвэр хятадын орчин үеийн яруу найргийн талаар уншигч танд бас ч гэж чамлахааргүй төсөөлөл өгөх болов уу хэмээн найдна” гэж номоо тодорхойлжээ.

Хэвлэгдсэн он 2015
ISBN 978-99973-0-689-0
GoodReads.com дээрх уншигчдын сэтгэгдэл
Tulga G
Яруу тансагийг мэдрэхийн тулд заавал холоос хайх хэрэггүй мэт.
Бидний ертөнц дэхь айзмууд, бидний бодол дахь уран төсөөллүүд, бидний санаанаас ургасан холбоос мөрүүд, эсхүл зүгээр л бүх юм энгийн байгаагаараа, эх байгаль дахь мөн чанараараа урлаг байдаг ч юм шиг. Эл номонд багтсан эдгээр л бодролууд, шүлгүүдийг өнөө уншин, аниртахад нэн таатай.

"Сэмжин үүлс тэнгэрт хөвнө,
Сэвшээ салхи талаар зугаална.
Ай,
Үсийг минь салхи илбэнэ,
Үгүйлэхгүй байж яаж сурах вэ, түүнийг?

("Хэрхэн түүнийг эс үгүйлэх вэ?", 30-р тал)

"Үүрдийн хайраа илэрхийлж би чаддаггүй,
Үнэн зүрхнээсээ л шивнэн залбирдаг."
("Хаврын ус", 47-р тал)

"Уйтгарт намрын сэлүүхэн санаашрал биз ээ.
Уудам далайн сэмхэн бодлогошрол биз ээ.
Зовниж юунд шаналсныг минь хэн нэгэн асуувал,
Зориглож хэлж чадахгүй биз ээ, чиний нэрийг.

("Зовнил", 59-р тал)

Үймээн бүхэнд агшин төдий нам гүм гэж бий.
Үхэл бүхэнд алс холын цуурай гэж бий.

("Бүх юм", 94-р тал)

Магадгүй,
Өршөөлгүй хатуу замын өмнө,
Өөр сонголт бидэнд байдаггүй байх."
("Магадгүй", 108-р тал)

" Дүүжин сандал дээр хэн ч үгүй,
Дүгрэг саран л ганцаар ганхана."
("Богино бадгууд", 124-р тал)

Загарпэрэнлэй Түмэнбаяр
Орчуулагчийн чадварыг үнэлэсэн гэж хэлж болно. Үнэхээр сайхан шүлгүүдийг сонгож чанартай ном. Истанбулд авчруулсан цагаасаа эхлэн өдгөө хүртэл эргүүлж тойруулж хардаг. Ширээний ном маань болсон юм уу даа. Надад сэрүүн тунгалаг сайхан мэдрэмж төрүүлж, сэрэл мэдэрхүйг минь шинээр хооллож, дорнодын бичлэгийн өвөрмөц үнэрийг ханхийлгэдэг сайхан түүвэр.

Enkhy Tsoodol
Энэ номны шүлгүүд уншихад сайхан, сэтгэлд хүрэхээр орчуулагджээ. Зүгээр ч нэг орчуулгын шүлгүүд биш ийм яруу хэвээр нь магадгүй түүнээс ч илүү сайхнаар буулгаж орчуулсан юм шиг санагдлаа. Хятад хэл дээрхи хувилбар нь энэнээс гоё уншигдаж чадах боловуу ч гэж бодох шиг.

Зарим нэг мөртүүдээс хуваалцъя, энэ мэт зөндөө олон нүд, сэтгэл баясгамаар шүлгүүд байна лээ.

1. Юунд надаас дүр эрнэ вэ?
Хөхүүн инээд бол миний төрх
Хөлгүй уйтгар бол миний сүүдэр
Хөнгөн үүлс бол минип мөр
Үүнээс өөр дүрийг
Үлдээх шаардлага надад үгүй ээ!

2. Энэ бүх эгэл тохиол
Энэ бүх эгэл үзэгдэл
Шингэж зүүдэнд орохдоо
Шинэхэн цэцэг мэт анхилах юм!

Энэ бүх эгэл мэдрэмж
Энэ бүх эгэл үг
Шүлэгчийн өмнө очихдоо
Үлэмжийн тансаг мөрүүд болох юм

Ууж согтсоны дараа л дарсны аагийг мэднэм
Ухаангүй дурласны дараа л хайрын хүндийг мэднэм
Чиний зүүдийг би зүүдэлж чадахгүйтэй адил
Миний шүлгийг чи бичиж эс чадна