Бид Украйн, Оросын зөрчилдөөний уг шалтгааныг сайтар ухахгүй, зөвхөн гаднаас нь харан шуугилдаж буй. Тэгвэл бид яг энэ дайны халуун цэг дээр буюу Орос, Украйны хилийн бүс Донбасст улс төрийн нөхцөл байдал яажшуухан өрнөж, тэр дунд нь жирийн орос, украйн ардын амьдрал чухам хэрхэн үргэлжилж буй талаар дотроос нь уудалж, ухаж бичсэн нэн орчин үеийн нэгэн гойд зохиолыг та бүхэндээ хүргэж байна.
Урьд нь техникийн аюулгүй байдлын байцаагч байгаад эдүгээ зөгийчин болсон Сергей Сергеич бол хэдэн зөгийдөө тоос цуглуулах тайван бэлчээр олж өгөхөөс илүүг үл хүсэх, жирийн номхон иргэн. Гэхдээ Сергей байнгын суртал ухуулга, түрэмгийллийн халуун гал дунд хуйхлагдан буй Украйнд амьдардаг хүн. Зөгийнүүддээ цэцгийн тоос цуглуулах бэлчээр олж өгөх гэсэн энгийн хэрэгцээ нь түүнийг бүс нутгийн улс төрийн мөргөлдөөний хамгийн халуун цэг рүү хөтөлж, хилийн хоёр талаас бие бие рүүгээ давшлан буй үндсэрхэг үзэлтнүүд, салан тусгаарлагчид, Оросын булаан эзлэгчид болоод Крымийн татаруудын дунд хутгалдахаас аргагүй болгоно.
“Саарал зөгийнүүд” бол эдүгээ дэлхийн улс төрийн зөрчил мөргөлдөөний хамгийн эмзэг цэг болоод буй Орос, Украйны зөрчлийг халуун шугамаас нь уудлан бичсэн, чингэхдээ уран сэтгэмж, бараан хошигнол, гашуун егөө сэлтээр мөнхүү зөрчлийн наад цаадхыг ухахдаа ухаж, эерүүлэхдээ эерүүлж чадсан тун онцгой бүтээл юм. Андрей Курков өөрөө Орост төрсөн, орос хэлээр бичдэг, украйн зохиолч мөний хувьд асуудлыг аваа өгөөтэй, тэнцвэртэй, хан нуруутай бичиж чадсаныг энд бас дурдсу. Эдүгээ бүтээлүүд нь дэлхийн дөч гаруй хэлнээ орчуулагдаж, жар гаруй оронд хэвлэгдээд буй Андрей Курков нь Украйны хамгийн нэртэй романч төдийгүй орос хэлтний орчин цагийн уран зохиолын гарамгай төлөөлөгчдийн нэгэнд зүй ёсоор тооцогдох туурвилч билээ.
Орос хэлнээс орчуулсан, орчуулагч: Төмөрхүрэлийн ОСОРМАА
Редактор: Цагаанчулуугийн ДЭЛГЭРМАА
Хавтасны дезайнер: Бүжингийн МӨНХБАТ
Эрхлэн хэвлэсэн: ТАГТАА ПАБЛИШИНГ