ХАЙРЫН МАГТУУ

Францын философич Ален Бадью (т.1937) бол манай цаг эриний онцгой сэтгэгчдийн нэг билээ. Философичоос гадна жүжгийн зохиолч, романч, математикч, улс төрийн идэвхитэн гэдгээрээ чамгүй алдрыг хүртсэн энэ эрхмийн хэвлүүлсэн бүтээл, ном, зохиол, жүжгүүд зуу зуугаараа тоологдоно. Онтологийн асуултуудад математикийн аргаар хариулт олох гэсэн оролдлогоо урлаг, шинжлэх ухаан, улс төр, хайр сэтгэлийн тухайд өөрийн үзэл санаатайгаа нийтгэн бичдэг нь түүний гол онцлог гэлтэй. Чухамдаа урлаг, шинжлэх ухаан, улс төр, хайр дөрөв л үнэнийг бүтээдэг. Философиос бид үнэнг олж авч чадахгүй, харин дээрх дөрвийн уялдаа холбоо, хоорондын хамаарлыг тодорхой харах арга замыг олж болно. Тиймдээ ч Ален Бадьюгийн хувьд урлаг, шинжлэх ухаан, улс төр, хайр нь философийн суурь дөрвөн нөхцөл ажээ. Ален Бадью өөрийн философийн дөрвөн гол тулгуурын нэг болгон ‘Хайр”-ыг онцгойлон авч үзэж, энэ сэдвээр дагнасан бүтээлүүд олныг туурвисны нэг нь “Хайрын магтуу” хэмээх ном билээ. Санамсаргүй учралаар учирч, болзолгүй нөхцөл байдлуудыг хамтдаа даван туулах явцдаа амьдралыг өөр өөрсдөдөө шинээр нээдэг хайр сэтгэл хэмээгч нь цахим тооцоолол, хэт техникээр зэвсэглэсэн орчин үеийн нийгэмд мөнөөхөн санамсаргүй, гэнэтийн шинж чанараа алдаж, ид шид нь доройтсоор эгээ л мөхөх аюултай нүүрэлдээд буй тухай философич халаглан бичиж, хувь хүнийг эрхэм болгосон орчин үеийн энэ нийгэмд өрөөл бусдын төлөө амьдрах, тэмцэх, өөрийгөө золих зориг хүчийг бидэнд өгдөг хайр сэтгэлийг хэрхэн яаж аврах вэ хэмээн бодол санаагаа чилээжээ.  Тагтаа Хэвлэлийн Газар Францын философич Ален Бадьюгийн “Хайрын магтуу” хэмээх алдартай бүтээлийг уншигч танаа өргөн барьж буйдаа баяртай байна.

Орчуулагч Ц.Энх-Од
Орчуулгын редактор: Б.Дэлгэрмаа
Уран сайхны редактор: Б.Баясгалан
Ерөнхий редактор: Ц.Дэлгэрмаа
Хавтасны зураач: Ж.Ариунтуяа
Хавтасны дизайнер: З.Мандах

Эрхлэн гаргасан: Тагтаа хэвлэлийн газар

Хэвлэгдсэн он 2022
ISBN 9789919963781