Даблинаас илгээх захиа: Энд хүнээс бусад бүх юм хөгжөөгүй
2023-03-13 А. Урантогос 2723

 Энд бүх юм хөгжөөгүй
Энд хүнээс бусад бүх юм хөгжөөгүй
Энд хүний бүтээснээс бусад бүх юм хөгжөөгүй
Энд хүний бүтээсэн урлагаас өөр юу ч хөгжөөгүй газар байнам. 

Хүйтэн уст, хар өнгөт Лиффи гол Даблин хотын зүрхийг эзэгнэнхэн урсаж буй. Хэр хүйтнийг нь төсөөлье гэвээс эх дэлхийн 53°N 5°W өргөрөгт орших Ирландын далайн эрэгт дүн өвлөөр хөл тавилаа гэж бодоод үз. Лиффи голын гар энэ далайн хөлд хүнд гэгчийн гинжээр холбогдон оршино. Тиймээс Даблин яг л Ирландын далайн сүнс оршсон мэт жигтэйхэн хүйтэн, чийгтэй, жилийн дөрвөн улиралд ногооноороо орших газар юм. Би энд яах гэж ирлээ гэж өмнө нь бодож байсангүй. Харин энэ захидлыг бичихдээ хамгийн түрүүнд өөрийгөө бяцхан уудалсан минь зол болов. Энд ирсэндээ олзуурхан баярлах, аквариум доторх загас шиг өдөр хоногийг үрж буйдаа харамсахгүй байх, ийм нэгэн шинэ туршлагыг бүтээх гэж хэдэн жил бэлдсэнээ эцэст нь ойлгох мэт боллоо. 

2023 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр Даблинд анх хөл тавилаа. Байдаг л нэг хэлний сургуульд төлбөр төлөөд 1-2 жил болох төлөвлөгөөтэй ирж буй минь энэ. Энд надад таних хүн үгүй ч хаа очиж зорих газар олон. Өмнө нь Хятадад долоон жил сурсан ч одоогийн нөхцөл байдалтай харьцуулахад нөхцөл байдал маань тэнгэр, газар мэт өөр. Энд англи хэлний түвшин муу хүнд ажиллах ч боломж тааруу бол Хятадад харин юу ч болж байсан тэтгэлэг маань хугацаандаа буудаг тийм л "даварсан' оюутан байв. Эхний өдөр хэлний түвшингээ шалгуултал А2 буюу анхан шатны мэдлэгтэй болж таарав. Бага гэж чамласангүй байгаа чадал минь энэ гэж зөвшөөрлөө. Аз болж манай хэлний сургууль сургалт сайтайдаа ордог, анх хичээл орсон багш маань цэвэрхэн дуудлагатай, БНСУ-д хэдэн жил ажилласан зүтгэлтэй нэгэн байж таарлаа.  Хичээл өглөө болон үдээс хойш 3 цаг орно, хаа ч явсан англи хэлээр ярьж, харилцаж, хэрэглэх тул хурдан сайжрах боломж ихтэй. Живээд байгаа нь мэдэгдэхгүй, нисээд байгаа нь анзаарагдахгүй эхний сар өнгөрөв. Ерөнхий шалгалт авсныхаа дараа багш маань “За нөхөр минь, анги дэвшээрэй” гэж байна. Салах дургүй жаахан чаргууцалдсаны эцэст бүх ангийн баш нар солигдох болсныг мэдээд аргагүйн эрхэнд дэвшлээ, pre-intermediate рүү. Шинэ анги, шинэ багш дээр ирсэн биш эхний өдөр нүүр халаад явчихлаа. Нэрэлхээд нэрээ идэх биш, би гэдэг хүн сонсгол муутай. Багш өөрийгөө Хорват гэж танилцуулсныг нь Орос гэж сонсоод нүдээ бүлтийлгэж тэр хавиар инээдэм болов. Хичээл хийгээд сургууль маань нэг иймэрхүү. 

Даблины жир нэгэн өглөө, автобусанд авсан зураг 

Харин энд буй "мангасын ам" буюу хамгийн том асуудал нь хичээл, ажил, хүмүүс биш харин түрээсийн байрны асуудал юм билээ. Энд ирсэн оюутнууд байрны төлбөртөө монгол мөнгөөр ёстой л сая саяар нь төлдөг. Тиймээс ирээд шууд ажил хайхаас өөр аргагүй, зарим нь бүр давхар ажил хийнэ. Ажил тийм ч хүнд биш гэж ярих ч хэтэрхий их дарамт үүрдэг нь үнэн. Ямар сайндаа ирландчууд өөрсдөө байр түрээслүүлэх бол хамгийн хялбар хөрөнгө оруулалт гэж ярих вэ дээ. Даблин хотын аль нэг хэсгийн нэг ортой өрөөний түрээс хамгийн хямддаа (нэг хүний 2 сая+ барьцаа нэг сар) 4 саяас эхэлж байна. Харин 7 хоногт 20 цаг ажиллах эрхтэй (цагийн 11.4€<). Үүн дээр мэдээж тог, ус, байгалийн хий ашиглалтын зардал, хүнс нэмэгдэнэ. Тиймээс энд сурч буй оюутнуудыг эдийн засгийн тал дээр хэр их дарамт үүрдгийг нь хэн бүгд гадарлаж буй байх аа. Харин хэл ус сайн бол цалин сайтай хялбар ажил олдоод асуудал арай өөр юм байна лээ. Энд хүн бүр завгүй болохоор хоорондоо уулзаж учрах нь ч цөөхөн аж.

Даблин бол олон үндэстний залуусын хот. Хэдхэн жилийн өмнө польшууд их байсан, харин одоо бразил, монголчууд их байна гэж тэд ярьж байна. Далай давлагаагаа татдаг даа, тэр нэгэн татлага нь энэ хот ажээ. 

Даблин бол хуучин хот, таван давхраас дээшээ өндөр барилга ховор, булан тохой бүр нь эртний түүх шивнэсэн хөгшин нийслэл. Иргэд нь энэ нийслэлдээ ихэд хайртай юм гэнэ лээ. 

Даблин бол музей, урлан, номын сангаар бялхсан урлагийн хот. Улсын галерей, музей ихэнх нь үнэгүй. Хамгийн их цагаа өнгөрөөсөн газрууд маань энд бий. 

Даблин бол төрсөн үрээсээ хулмаганан дайвганаж буй хот. Гайхмаар ч энэ үнэн. Айриш өсвөр үеийнхэн эндхийн ганц толгойны өвчин. Та хараагүй мэт холуур даялаарай гэж хэн хүнгүй зөвлөдөг. Хуулиас дээгүүр залуу үе гэж бодоход ой тойнд багтамгүй. Арван хэдхэн насанд нь хорлож буй улс төрийг ойлгох ухаан дутна. 

Даблин бол уран зохиолын хот. Юнескогоос зарласан хэдхэн хотуудын нэг. Уугуул хэлээ утга зохиолоор дамжуулан аврахыг  хичээж буй газар. Олон үндэстний уран зохиолыг хэвлэж түгээдэг хот. Хамгийн анх дурласан, тэгээд ирсэн, одоо дасаж буй шалтгаан. Нэгэнт сонгож ирсэн газраасаа буцах шалтгаан олоогүй байх нөхцөл минь. Одоохондоо өөр ямар ч сэдэлгүй хэл сурангаа орчноо шинжиж буй намайг аварч буй өдөр тутмын дадалд өөрийгөө бага багаар нээж буй өгөөмөр хот. 

Залуус маань энд сурч хэлний оноогоо аваад, цааш гэтлэх гүүр хийнэ гэцгээх юм байна лээ. Эсвэл хүлээн зөвшөөрөгдөх ажлын байртай болоод эндээ үлдэнэ гэх. Удахгүй буцлаа гэх нь ч байх. Одоо бол Лиффи голын ус ирсэн өдрийнх шиг минь хүйтэн, бүр ч их бараан болсон мэт санагдана. Энд бүх юм хуучин цагийнх шиг удаан. Өмнө нь шуудангаар л захиа занаа хүргэдэг байсан болохоор цаг хугацаа хүртэл хөлөө чирдэг байсан гэдэг шиг. Банкны карт, оршин суух үнэмлэхээ хэдэн өдрийн өмнөхөн гартаа оруулж авсан. Нэг хананы ард хамаг үзэх ёстой зүйлийг минь нуучихсан мэт өдөр хоногууд одоохондоо үргэлжилсээр. Ахин хэзээ захидал бичихээ мэдэхгүй ч дотно хүндээ хамаг сонин сайхнаа дэлгэх гэж яарах шиг нэг мөр дуржигнуулж орхив.  За тэгээд энд хүргээд богино захиагаа өндөрлөе, сайн сууж байгаарай та нар минь. 

 Даблинаас Тогосоо бичив

Тринити коллежийн хүрээнд 

Стефан Грийн хэмээх алдартай дэлгүүр 

   
Даблины уран зохиолын музейд байх Жэймс Жойсын гар бичмэл, ноорог 

Стефан Грийн цэцэрлэгт хүрээлэнд 

Түр хүлээнэ үү...
Top