ГОО ҮЗЭСГЭЛЭН ХИЙГЭЭД ХАЙРЫН ТУХАЙ 3 ЯРУУ НАЙРАГЧИЙН ГУРВАН ШҮЛЭГ
2021-01-07 А. УРАНТОГОС 3353

Нэг.

“Би чамд хайртай”

Үлгэн салган амь зууж, өдөр бүр ус зөөж, хоол хийж, цагаар эм ууж

Үдийн нар сайхан ээвэл хатсан жүржний хальс шиг хамаг биеэ шарж

Удвал, мэлрэг, сарнай, нимбэгний цай ээлжлэн уухуй

Үзэсгэлэнт эдгээр зүйлс намайг хаварт хүргэхээр довтолгон яваа мэт

Тиймээс би зүрхэнд буй хэсэгхэн цасыг байн байн тэмтэчсээр

Тэсэлгүй ариун, цагаан хэвээр хаврын зүг дөхөж байна.

Цэвэрхэн хашаанд чамд шүлэг уншихуй

Хорвоогийн явдал гэгч

Гэнэт нисээд одсон болжмор мэт бүүр түүрхэн

Тунгалаг наран гэрэлтэнэ,

Гэвч миний сэтгэл сэмэрч үл дийлнэ.

Хэрвээ би чамд ном явуулвал

Яруу найргийнх л биш,

Будаа хийгээд зэрлэг майлзын ялгаа

Бор ургамал, ургацын тухай тэр бичсэн байх болно.

Майлзын бут нөмөрлөн Амь хүлээн дэнжигнэх

Миний хаврын тухай

Тэр өгүүлэх болно.

Шүлэг: Үй Шиү Хуа

Тайлбар: Шүлгэнд дурьдаж буй зэрлэг майлз нь харахад цагаан будаатай төстэй ч ургац үл гарах ургамал аж. Тархины саажилттай энэ эмэгтэй маш зоримог шүлгүүдтэй. Яруу найрагт л байж болмоор гэнэн ариун хайр, амьдралд ялагдаж буй хүний бүтэн биш ахуйн хөндүүр эмзэглэл, гэвч уран бүтээлч хүний цаанаа тэнхээтэй гэгээн сайхан дүрслэлүүд бүгд түүний шүлэгт бий.

Хоёр.

"ЭМ ХҮН” бүлэг шүлгээс...

Хариугүй чадал барагдах гэж буй атал хэрсэн газар даанч олон, хөлийн ул минь өвдөнө, ээж ээ!

Хүсэн шунах маргаашд нэвчсэн хуучин шаналал гунигийг та даанч тайлсангүй,

Миний зүрх таныг л дуурайжээ.

Та бол миний эх, би бол таны үүрээр урссан цус,

Цусан хөөс дундаас цочирдон өөрийгөө олж таниад

Намайг та амилуулсан.

Энэ хорвоон уухайлах дуунд та намайг төрүүлсэн үйлийн үртэй нь цуг,

Ийм аймшигт ихрүүд ертөнцөд хамт амьд явах болсон,

Олон жил өнгөрч дээ, одоо xарин би энэ өдөр уйлах ёстойгоо мартаж.

Таныг жирэмслүүлсэн тэр холын тийм итгэлгүй туяа

Там диваажин хоёрын дунд сүүмэлзэхэд нүдэнд тань хургасан харанхуй хөлийн тавхайг сүүдэрлэн дарна,

Ээ, яасан хүнд юм бэ!

Өвөрт тань өмнө нь би хариулт шиг инээдэг байсан, хэн ч мэдээгүй...

Хүүхэд шиг хүмүүжүүлэх гэж хичээхэд тань харин би огтхон ч тоогоогүй.

Ариун гэж энэ хорвоог харахдаа би арай таныг л гэж бодсон юм биш байгаа?

Тунгалаг гэнэн инээдийг түлэн бадраах улирал гэж байдаг уу, өө, үгүй дээ!

Би бол энд хаягдсан өнчин, ээх нарны цацраг эвийлэн намайг нөмрөнө ,

Энэ ертөнцөд бөхийхдөө юу гээснээ та мэддэг гэж үү?

Цаг хугацаа намайг толинд хорьж, хэрхэн үйрч, хэдэн хэсэг бутрахыг минь хүчээр харуулсан.

Ай, ээж минь би ингэж арайхийн чимээгүй оршиж сурав, гэтэл та юунд үл баярлана?

Хязгааргүй их танд хайртайг минь хэн ч мэдэхгүй,

Халуун биеэс тань ургасан энэ нууц

Хоёр нүд минь яг л шарх шиг өвдөж таныг ширтэнэ.

Амьдрах гэдэг угтаа амьд явахын төлөө учраас өөрөө би үхлээ сонгоно үүрдийн хайрыг чөлөөлж,

Гээгдэж орхигдсон чулуу яс мэт салхинд хатаагдан үйрч хийсэх мэт эндээс би одно.

Өнчин, ганцаармал үр бүхнээр ийн ерөөгдөн үртэс ч үгүй алга болоход

Эхийнхээ алганд торнисон үр эцэст нь оройтож

Хүн болсондоо үхдэгийг хамгаас илүү

Хэн ойлгох юм бэ? ээж ээ!

Шүлэг: Жай Юун Мин Хятадын яруу найргийн шулам авхай гэгддэг энэ эмэгтэй 1984 онд бичсэн “Эм хүн” бүлэг шүлгээрэ нэрд гарсан юм. Хар ад, өөр ертөнцийн дуудлага гэмээр эрчимлэг цохилгот, этгээд өвөрмөц түүний шүлгүүд орчин үеийн хятадын яруу найргийн онцгой нэгэн хуудсанд бичигдэх учиртай билээ.

Гурав.

“Хайртай”

Хачин ойлгомжгүй үгсийг ахин дахин өрж

Хайртай, хайргүй... аль ч хариулт хэлсэн

Харин сэтгэлд минь хөнгөн сиймгэр үүл л хөвнө.

Хүссэн бүхнээ хэл дээ, найз минь

Жаргалтай инээмсэглэж, гуниглан дүнсийж

Яаж ч хувирсан,

Танигдахгүй болж тааварлашгүй ээдрээт замаар

Явж одовч

Чамайг би үргэлжид ойлгоно.

Хүссэн бүхнээ хий, найз минь

Хэзээд би чамайг мэдэрнэ,

Хүний орчлонгийн түмэн хувирал дунд

Хүсээгүй, гэнэтийн тэврэлтэн дунд ч

Анхны болоод сүүлчийн хайр минь чи гэдгийг

Би мэднэ.

Тэртээ өндөр тэнгэрийн гүнд би чинийх

Тэнд л, би чинийх...

Үүрдийн тэнүүчлэгч би

Үнэн, тунгалаг амьдралаараа

Чиний дулаан, чиний жаргалыг

Үг дуугүй хамгаалах болно,

Хааяа гэвч найз минь

Тэнгэрийн зайцаар хөвөлзөн долгиосох нэгэн

Тэсэлгүй чамайг санавч мэдрүүлж үл чадна.

Тэнүүчлэгчийн сэтгэлийг

Чи л ойлгоно

Тийм их, үүрд хайртай!

Шүлэг: Ши Мөрөн Тайваньд амьдардаг монгол үндэстэн. Ши Мөрөн ахайтны шүлгүүд нандин агаад дотно, хэцүү хийгээд уудам. Хайрын тухай шүлгүүдээр нь бүтэн түүвэр орчуулж гаргасан ч дутуу санагдам, насаар нэг бялуурч явам хайлган, хайран шүлгүүд түүнд бий. Тэнүүчлэгчийн сэтгэлийг ойлгодог түүнд хайртай байхаас өөр яах ч билээ.

ОРЧУУЛСАН АМАРБААТАРЫН УРАНТОГОС

Түр хүлээнэ үү...
Top