Хүүхдэд ярьж боломгүй, ойлгуулж чадамгүй нэгээхэн ч зүйл үгүй. Харин томчууд тэдэнтэй үнэн шударгаар, чин сэтгэлээсээ ярилцаж сурах хэрэгтэй мэт. Мисүзү хүүхдийн дотоод ертөнцийн баялгийг хэзээ ч басамжлан бодоогүй цөөхөн уран бүтээлчдийн нэг юм. Шүлгүүдээрээ дамжуулан тэрээр хүүхдийн зүрх сэтгэлд нь үргэлж хадаатай явдаг ч томчуудаас бэргээд асууж чаддаггүй олон асуултыг тавьж, хариултыг нь аанай л хүүхдийн гоц ухаанаар нээн өгүүлж чадсан юм. Тиймдээ ч түүний шүлгүүд хүүхдүүдэд найз, эцэг эхчүүдэд нээлт болдог билээ.
Японы яруу найрагч Канеко Мисүзү (Канеко Тэру) 1903 оны дөрөвдүгээр сарын 11-нд Японы Нагато мужийн, Ямагочи хошууны, Сэнзаки хэмээх загасчдын тосгонд төржээ. Тэрээр амьд ахуй цагтаа олны хүртээл болгож амжаагүй шүлгүүдээ дүүдээ үлдээсэн нь 1980-аад оныг хүртэл тавь гаруй жилийн турш олноо түгэлгүй дарагдаж, мартагдаад байлаа. Харин эдүгээ Мисүзүгийн шүлгүүдийг Япон орны бүх хүн зүрх сэтгэлдээ нандигнан уншдаг болжээ. Бүтээлүүд нь ганц Япон оронд гэлтгүй, гадаадын олон арван хэлнээ орчуулагдаж, Мисүзү өөрөө дэлхийн сая сая хүний хайртай шүлэгч болсон юм. “Тагтаа” хэвлэлийн газраас хүүхдэд зориулсан шүлгийг уг углуургаар нь өөрчилж чадсан эл “мартагдсан” яруу найрагчийн “Цуурай юм уу, чи” шүлгийн номыг эрхлэн хэвлэж уншигчдадаа хүргэх гэж буй билээ.
Ерөөс томчууд бид хүүхдэд зориулж аливаа бүтээл туурвих, сонгохдоо хүүхдийг дэндүү дутуу үнэлж, тэдний ертөнцийг дандаа өөрсдийнхөөрөө хялбарчлан боддог гэмтэй. Гэтэл хүүхэд гэдэг бидний нүдэнд балчир, гэнэхэн харагдаж байж мэдэх ч ердөө л тоглоом наадгай, чихэр жимс төдийхөн бодож явдаг дуу, шүлгийн хялбархан дүр биш билээ. Тэд бас эцэг эх, гэр бүлийнхнийхээ элбэрэл ачлал дор дандаа жаргалтай, дандаа баясгалантай байдаг хүүхэлдэйн киноны өхөөрдөм дүр ч биш. Хүүхдүүд гэр бүл, эргэн тойрон, тэр бүү хэл улс оронд нь өрнөн буй аж амьдралын баяр жаргал, зовлон гунигийг яг л томчуудтай нэгэн зэрэг мэдэрч, бүгдийг нь томчуудтай хамт туулдаг. Тийм ч учраас үхлийн тухайд хүүхдийн мэдрэмж, хагацлын тухай тэдний анхны сэрэмж, амьдралын энгийнээс ч аз жаргалыг бүтээж чаддаг хүүхдийн сууг бид үл ойшоож боломгүй билээ. Тэд амьдралыг өөрсдийнхөөрөө эргэцүүлж, тэр л эргэцүүлэл, эргэлзээ, асуултуудаа үүлсийн хэлбэр, навчсын хэлэнд шингээн, мэдрэмжээ хамгийн гэгээн, хамгийн бүтээлчээр илэрхийлж чаддаг жинхэнэ уран бүтээлчид билээ.
Канеко Мисүзү дайны он жилүүдтэй давхацсан, үхэл хагацал, өнчрөл зовлонтой хүндхэн бага насыг туулж, тэр бүхнээ шүлгүүддээ шингээн үлдээжээ. Тэгснээрээ ч хүүхдийн ертөнцөд үнэний дууч нь болсон билээ. Түүнийг гурван настай байхад аав нь өөд болжээ. Эмээ, ээж хоёртойгоо үлдсэн охин загасчдын бяцхан сууриндаа өсөж том болсон юм. Ээж нь номын дэлгүүр ажиллуулдаг байсан тул Мисүзү багаасаа ном зохиолд дурлаж, сурч мэдэх хүслээр жигүүрлэжээ. Тиймдээ ч ихэнх охид зургаадугаар анги төгсөөд сургуулиа орхидог байсан тэр цаг үед Мисүзү 17 нас хүртлээ охидын ахлах сургуульд сурч, төгссөн байна.
Мисүзү бол хэсэг зуур мартагдсан ч цагаа олж эргэн ирсэн яруу найрагч. Анх 1923 онд авга ахынхаа номын дэлгүүрт ажиллаж байхдаа “Akai tori” гэх зэрэг хүүхдийн уран зохиолын сэтгүүлүүд уншигчдаасаа шүлэг, бүтээл хүлээн авдгийг олж мэджээ. Тэгээд дөрвөн ч сэтгүүлд бүтээлүүдээсээ илгээхэд бүгдээс нь зөвшөөрсөн хариу ирсэн аж. Төд удалгүй шүлгүүд нь Япон орон даяар уншигчдад хүрч, уран зохиолын ертөнцөд танигдав. Түүний дараах таван жилийн хугацаанд Мисүзүгийн 50 гаруй шүлэг хэвлэлд нийтлэгдсэн юм.
Амьд ахуй цагтаа нийтлүүлсэн шүлгүүд нь олны хайр хүндэтгэлийг ихэд хүлээсэн ч, хэвлүүлж амжилгүй үлдээсэн бүтээлүүд нь Дэлхийн II дайны хөл үймээнд дарагдан замхарч, түдэлгүй зохиолчийн нэр ч мартагджээ. Харин 1966 онд Японы шинэ залуу яруу найрагч Язаки Сэцүо хуучны нэг номоос “Том ан” шүлгийг нь санаандгүй олж уншаад яруу найрагчийн тухай олж мэдэхийн хүсэлд автаж, Мисүзүгийн талаар судалж эхэлсэн байна. Арван зургаан жилийн эрлийн эцэст тэрээр 1982 онд яруу найрагчийн гар бичмэлүүдийг хадгалж байсан 77 настай эрэгтэй дүүг нь олж уулзав. Чингээд Мисүзүгийн 512 шүлэг бүхий зургаан түүврийг анх хэвлүүлж, 2016 онд “Цуурай юм уу, чи?”, “Мисүзүгийн алдагдсан шүлгүүд” нэртэй түүврүүдийг англи хэлнээ эрхлэн хэвлүүлжээ. Түүгээр үл барам, 2003 онд Канеко Мисүзүгийн дурсгалын музейг төрөлх Сэнзаки тосгонд нь байгуулж, эдүгээг хүртэл өөрөө захирлаар нь ажиллаж буй. Сэцүогийн хүчин зүтгэл, уйгагүй эрэл ийнхүү биеллээ олж, эдүгээ Мисүзүгийн шүлгүүд сурах бичиг, бага сургуулийн сургалтын хөтөлбөрт орж, Япон даяар уншигдаад зогсохгүй дэлхийн олон орны хүүхдүүдийн шимтэн унших дуртай шүлэгч болжээ.
1923 оны хавар Ямагүчи мужийн Шимоносеки хэмээх далайн эргийн хотод нагац ахынхаа номын дэлгүүрт ажилладаг нэгэн залуу бүсгүй Токио дахь хүүхдийн уран зохиолын хэд хэдэн сэтгүүлд шүлгээ илгээжээ. Түүнийг Тэру гэдэг ч өөртөө Мисүзү хэмээх бичгийн нэр авчээ. Мисүзү анх шүлгүүдээ илгээхдээ дөнгөж хорин настай байлаа. Мисүзүг гурван настай байхад аав нь Хятадад амь үрэгдэж, бэлэвсэрч хоцорсон ээж Мичи нь гурван балчир хүүхдээ өсгөхөд хэцүү байсан тул хамгийн бага хүү Масасукегээ дөнгөж ойтой байхад нь төрсөн эгч Фүжи болон түүний нөхөр Мацузо Уэйама нарт өргүүлжээ. Мацузо номын дэлгүүрийн эзэн байв. Фүжи тэр хоёр үр хүүхэдгүй байсан тул өргөж авсан хүүгээ өөрсдийнх нь гэр бүлийн номын бизнесийг үргэлжлүүлнэ гэж найдаж байлаа. Мисүзү арван зургаан нас хүрэх үед нагац эгч Фүжи нь нас барж, Мисүзүгийн ээж эгчийнхээ нөхөр Мацузотой дахин гэрлэхээр Шимоносеки хот руу явсан юм. Харин Мисүзү ахлах сургуулиа төгсөөд ээжийнхээ араас очиж номын дэлгүүрт ажиллах болжээ. Шимоносеки бол Хятад, Солонгос руу ирж, очих гарц болсон их хөлийн газар, нүргээнт хот байлаа. Ээжтэйгээ эргэн хамт амьдарч, хайрлаж, дурладаг номын дэлгүүртээ ажиллаж байсан Мисүзү тэр үед үнэхээр аз жаргалтай байв. Алс холын нийслэл хот руу илгээсэн таван шүлэг нь анхны оролдлогоороо дөрвөн ч сэтгүүлд нийтлэгдсэн нь том амжилт байв. Ялангуяа чадварлаг редактор Ясо Сайжогийн анхааралд өртсөн нь аз завшаантай хэрэг болов.
Тэртээх 1920-иод оны япончууд хүүхдэд зориулан шүлэг бичихийг томчуудад зориулж зохиол бүтээл туурвихаас дутуу үнэлж байсангүй. Харин ч төрөлхийн бүтээлч байдал, хиргүй тунгалаг сэтгэл, ажигч гярхай нүдээр хорвоог харах яруу найрагчийг хүндэтгэн, хайрласаар ирсэн юм. Өөрчлөгдөн, шинэчлэгдэж буй цаг үеийн залуу уран бүтээлч болох Мисүзү боловсролтой, номын дэлгүүрийн эзний охин тул яруу найргийг үнэлж, биширдэг уран бүтээлчдийн хүрээн дунд өөрийгөө нээж, олсон юм. Мисүзүгийн дүү Масасүкэ ч бас хийж бүтээх хүслээр дүүрэн, хөгжмийн авьяастай нэгэн байв. Тэд нэг нэгнээ үеэл хэмээн бодож хамт өсөхдөө үргэлж нэгэндээ урам зориг өгдөг байлаа. Масасүкэ багаасаа Мисүзүгийн амжилтад баярлаж, шүлэг бүтээлүүдээс нь урам авдаг хүү байв. Мисүзү Шимоносеки рүү нүүж ирээд удаагүй байхад Масасүкэ Токиод очиж номын худалдааны чиглэлээр сургалтад хамрагдаж, энэ хугацаанд хүүхдүүдэд зориулсан хөгжим зохиожээ.
Энэ үед Кейки Мияамото гэх залуу эр гэр бүлийн номын дэлгүүрт ажиллаж эхэлжээ. Мацүзо ах нь өргөмөл хүү Масасүкэгээ Мисүзүд гүнзгий сэтгэл алдрах вий гэж санаа нь зовниж явсан тул Мисүзүд таарч тохирох хань нөхөр эрж Кейки Мияамототой гэрлүүлэхээр битүүхэн төлөвлөөд байлаа. 1925 оны зун Мисүзүгийн хамгийн дотнын найз Хохоё Танабэ гэнэт нас барж, Мисүзү хүнд цохилтод орсон юм. Хохоё нөхрийнхөө хамт Солонгост амьдарч байгаад Сэнзаки рүү эргэн ирж, өвчтэй ээжийгээ асарч байхдаа өөрөө хүндээр өвдөж нас барахдаа анхны хүүхдээ хэвлийдээ тээж байлаа. Яруу найрагт хайртай Хохоёо, Мисүзү хоёр хархан багаасаа халуун дотно нөхөрлөж иржээ. Тиймээс ч Мисүзү “Эвдэрхий төгөлдөр хуур” хэмээх анхны шүлгийн түүврээ найздаа зориулж байв. Мисүзүгийн тэр их уй гашуудлын дундуур Мияамототой гэрлүүлэх тохиролцоог эцэслэн шийдэж, Мисүзү ч дуулгавартай дагахаас өөр аргагүй хүрэв. Энэ тухай мэдсэн төрсөн дүү Масасүкэгийн сэтгэл ихэд зовниж, Токиогоос яаран ирээд гэрлэлтийг эсэргүүцэж буйгаа хэлжээ. Гэвч цэрэг татлагын хуудаснаас өөрийгөө үрчлүүлсэн болохыг, Мисүзүг төрсөн эгч нь гэдгийг баттай олж мэдээд сэтгэлээ татаж авсан ч хайр сэтгэлгүй энэ гэрлэлтийг эсэргүүцэж "Энэ бүхнийг мэдсэнээс хойш яая гэх вэ. Та гэрлэсэн ч хайр сэтгэлтэй хүнээ олоод амьдарч болохгүй гэж үү? Хэрэв танд хайртай хүн байгаа бол яагаад түүнтэйгээ гэрлэж болохгүй гэж?" хэмээн ятгахад Мисүзү "Тэр бол хар хувцас өмсөж, урт хадуур барьсан хүн байх болно" гэж үхлийн бэлгэдэгч Грим Реаперын дүрээр асуултад нь тойруу утгаар хариулсан байдаг. Гэвч энэ үг нь ирээдүйн амьдралынх нь зөгнөл байж таарчээ.
Мэдээж, Мисүзү тэр гэрлэлтийг тэсэн ядан хүлээж байсангүй. Гэрлэж, бараалах насанд хэдийн хүрсний дээр одоо л гэрлэхгүй бол хадамд гарч чадахгүй байх вий гэж ээж нь сэтгэлээ чилээнэ. Мацүзо ахынхаа хүслийг ч үл хүндэтгэхийг хүссэнгүй. Энэ бүгдээс гадна дүүгийнхээ уран бүтээлч болох хүсэл тэмүүллийг эрхэмлэсэн билээ. Өөрөө Мияамототой гэрлэж, ажил үйлс нь бүтэмжтэй байвал Масасүкэ номын дэлгүүрийн ирээдүйд санаа зоволгүй, хөгжмийн зохиолч болох мөрөөдлөө биелүүлэх нь гэж тэр боджээ. Төлөвлөгөөт гэрлэлт гэдэг хэвийн үзэгдэл байсан цаг үед Мисүзү дуулгавартайгаар гэрлэлтийг сонгосон ч ямархан гунигт төгсгөлд хүргэхийг хэн тааж мэдэх билээ. Эр нөхөр Мияамото нь үргэлж янхны газруудаар хэсэж, ажил төрөл нь бүтэлгүйтэж, биеэ үнэлэгчтэй хамт амиа хорлохыг завдсан ч өөрөө амьд үлджээ. Тэр гэрлэлт зөвхөн ажил олгогчийнх нь санал болгосон, байр сууриа бататгах гэсэн ашиг сонирхлын гэрлэлт байсан юм. Мияамото ихэмсэг, дээрэнгүй, хөнгөн явдалтайн дээр Мисүзүг дүү, хамт ажиллагсад, редактор, шүтэн бишрэгчдийнхээ хэнтэй нь ч ямар нэг шүлэг, захидлаар харилцахыг хатуу хориглодог байлаа. Энэ бүхнийг харсан нагац ах нь Мисүзүд таарч тохирохгүй хүн сонгож өгснөө ойлгож, салгахаар ятгах үед тэр хэдийн хөл хүнд болсон байв. 1926 оны 11-р сарын 14-нд Мисүзү охин төрүүлж, Фусаэ гэж нэрлэжээ. Нөхрийнхөө олон удаагийн бүтэлгүйтэл, гэр бүлийнхээ мөнгө санхүүгийн гачаалаас үүдэн Мисүзү энд тэндгүй тэнүүчлэн амьдарч явлаа. 1927 оны сүүлээр тэр нөхрөөсөө заг хүйтэн өвчин авсан байв. Тухайн үед ахлах сургуулийнх нь сониноос түүнийг шүлэг, бүтээлээ ирүүлээч хэмээн хүсэхэд Мисүзү ийн хариу бичжээ.
“Нар мэт өндөрт хөөрч асан төсөөлөл, мөрөөдлийн минь жигүүр одоо гэмтжээ. Гагцхүү тэнэг нэгэн ээж л үлдлээ. Би зөвхөн ном дотор байдаг ертөнцийг л мэддэг, гадаад ертөнцийг ойлгох гэж ч оролддоггүй хүн хэвээр үлдэж байна. Одоо миний цор ганц баяр жаргал бол охинтойгоо тоглож, номын хуудас имэрч суух билээ.”
Хэдийгээр бие нь тааруу байсан ч Мисүзү бүрэн гар бичмэлээ гурван дэвтэрт эмхэтгэн редактор Ясо Сайжо, Масасүкэ нарт үлдээхээр шамдан ажиллаж, 1929 оны 10-р сарын сүүлчээр дуусгажээ.
Шүлгийнхээ гар бичмэлийг дуусгаад үлдээсэн тэмдэглэл:
Ингээд дууслаа
Ингээд дууслаа
Миний жижигхэн шүлгийн ном
Бахархаж байна гэж хэлэхгүй
Баясан долгисохгүй нь, зүрх минь
Ганцаардах юм
Зун ч ингээд дууслаа
Зуурдхан намар ч шувтрах нь
Зүүгээ бариад даавуугаа хэрэхээс
Зүрх сэтгэл минь хоосон байна
Хэндээ уншуулах сан билээ
Хэрэгтэй ямархан нэгээр дутаж яваа би
Хэчнээн их ганцаардана вэ!
Өндөрт авиран гаралгүйгээр
буцаад ирлээ дээ
өндөр уулсын оройд хүдэн манан татчихаж
гэтэл би мэдсээр байж
гэрэл асааж, дэнлүүний доор
намрын шөнийг хугаслан бичих юм
Маргааш чухам юу бичих вэ?
Өө, хэчнээн их ганцаардана вэ!
1930 оны эхээр Мисүзү нөхрөөсөө салж, ээж болон охин Фусаэгийн хамт амьдарч байсан ч хуулийн дагуу нөхөрт нь хүүхдээ асран хамгаалах эрх шилжсэн юм. Үнэн хэрэгтээ нөхөр нь охиноо асран хамгаална гэж сүрдүүлж ар гэрийнхнээс нь мөнгө авах л зорилготой байжээ. Тэр нэгэн өдөр Мисүзү Шимоносеки дэх Миёоши зургийн студид сүүлчийн хөрөг зургаа татуулаад, харих замдаа охиндоо амттан авчээ. Үдэш охиноо оронд нь оруулаад “Унтаж байхдаа хэчнээн хөөрхөн харагддаг гээ" гэж ээждээ хэлсэн гэдэг. Тэр шөнө Мисүзү нөхөртөө, ээждээ, дүүдээ гурван гэрээслэл бичиж үлдээсэн юм. Гэрээслэлдээ Фусаэ охиноо асран халамжлах эрхийг ээждээ өгөхийг нөхрөөсөө хүсэж, нөхрийнхөө үнэнч бус байдалд өөрийгөө буруутгаж, сайн эхнэр байж чадаагүйдээ ээжээсээ уучлалт гуйж, эцэст нь Токиод уран бүтээлч болох мөрөөдлөө биелүүлэхийг дүүдээ захижээ. Мисүзү Канеко 1930 оны гуравдугаар сарын 10-нд хорин зургаан насандаа нойрсуулах эмийн тун хэтрүүлж энэ хорвоогоос хальсан ч уран бүтээлээсээ хэзээ ч урвалгүй, эцсээ хүртэл бичиж туурвисаар, бүтээлийнхээ өвийг үлдээсэн билээ. Түүний нүдээр зөвхөн амьтан, ургамал төдийгүй мод чулуу, дэлхий дээрх амьтай, амьгүй юм бүхэн нэгдэн оршдог. Нэг нэгнээ дэмжин, тэтгэж энэ амьдралыг бүтээж, бүрэлдүүлдэг. Хэрэв хорвоо ертөнцийн төв нь зөвхөн хүн, хүнийг тойрон амьтай, амьгүй бүхэн оршин байдаг гэж боддог бол Мисүзүгийн шүлгүүдийг ойлгоход хэцүү байж мэднэ. Хүн төрөлхтөн бол дэлхий ертөнц дээр оршин буй бүхний зөвхөн нэг хэсэг. Гэтэл бид хүссэн бүхнээ хийж, бүхнийг авч, захирч, эрхшээж, зөвхөн хүн л чухал мэт аж төрөн амьдарч байна. Харин тийм биш гэдгийг Мисүзү шүлгүүдээрээ илэрхийлсэн юм. Үзэсгэлэнт дэлхий биднийг өгөөмөр алгандаа багтаан хайрладаг. Хүн төрөлхтөн, хүний амьдрал оршин тогтнож байгаагийн цор ганц шалтгааныг Мисүзү ийнхүү шүлгээрээ хэлсэн юм.
Ерөөс түүний шүлгүүд амьдралд даруу бөгөөд хүндэтгэлтэй хандахыг хэн бүхэнд сануулан, сэтгэлийг булаах шидтэй. Цэл залуу 26 насандаа хорвоог орхисон тэрбээр богинохон наслахдаа асар хүнд амьдралын дундаас ч сайн сайхныг нь олж харж, хайрлахын хүчийг бидэнд үзүүлсэн билээ. Түүний шүлгүүд зуун жилийн дараа ч хүмүүсийн зүрхэнд хонх шиг жингэнэж, шүүдэр шиг бөнжгөнөн, багваахай шиг дэлгэрч, шувуухай шиг жиргэсээр байна. Загасчдын тосгонд өссөн өрөвч, нинжин охины аварга том халимаас авхуулаад жижигхэн зөгий хүртэл, одод, моддын тухай шүлэглэхээс өгсүүлээд нүдэнд үл үзэгдэх зүйлсийг хүртэл ив ижилхэн хайрлан, энэрч бичсэн шүлгийн мөрүүд уншсан хүний зүрх сэтгэлийг гэрэлтүүлэн гийгүүлж, амьдралын сайн сайханд итгэх хүчийг нь сэлбэдэг билээ. Хамгийн чухал нь хүүхдийн ертөнцийг томчуудын үзэмжээр гоёчилж, хялбарчлалгүй, хүүхдийг хүүхдийн мэдрэмжээр нь ойлгуулж чаддагаараа томчуудад ч том сургамж өгдөг нь түүний шүлгүүдийн шид гэлтэй.
Шувуухай, хонх бид гурав
Хоёр гараа дэлгээд дэвлээ чиг би
Хөх тэнгэрт дүүлэн нисэж чадахгүй.
Хөх тэнгэрт дүүлэн нисэгч шувуухай гэвч
Хөндий талаар над шиг хурдан гүйж чадахгүй.
Хамаг биеэ байдгаар нь сэгсэрлээ чиг би
Хангинан цуурайлах хонх шиг гоёхон дуу гаргахгүй.
Хангинан цуурайлах хонх байлаа гэвч
Хамгийн сайхан дуунуудыг над шиг дуулахгүй.
Хонх, шувуухай бид гурав
Хувь хувьдаа өөр...
Өөр байлаа ч зүгээр ээ.
Загас
Тэнгисийн загаснуудыг өрөвдөнө.
Үр тариаг хүмүүс усалж ургуулна.
Үхэр малыг сайхан бэлчээрт идээшлүүлнэ.
Мөрөг загасыг хүртэл цөөрөмд нь хооллоно.
Харин задгай тэнгисийн загаснуудыг
Халамжилж асрах хэн ч үгүй.
Хэнд ч гэм хийгээгүй байхад нь би хүртэл
Хэрчээд, нэгийг нь идэх гэж байна.
Тэнгисийн загаснуудыг өрөвдөнө.
Зүрх
Миний ээж том
Том хүн юм чинь.
Гэвч маш жижигхэн зүрхтэй.
Яагаад гэдгийг нь хэлэх үү?
Яагаад гэвэл,
Жаалхан надаар л дүүрчихдэг болохоор тийм
Жаахан зүрхтэй байгаа юм гэж ээж хэлсэн.
Харин би жижигхэн.
Харваас хүүхэд юм чинь.
Гэвч зүрх минь маш том.
Яагаад гэдгийг нь хэлэх үү?
Яагаад гэвэл,
Аварга том ээжийгээ оруулсан ч гэлээ
Ахиад зөндөө юмыг багтаах зай зүрхэнд минь бий.
Гайхах юм...
Бараан үүлсээс унасан бороо яаж тэгж
мөнгөн өнгөөр гялалздагийг
гайхах юм.
Ногоон навч иддэг хүр хорхой яаж тэгж
цасан цагаахан байдгийг
гайхах юм.
Хэн ч тоож усалдаггүй саран цэцэг яаж тэгж
Хэнэггүйхэн өөрөө л дэлгэрчихдэгийг
Гайхах юм.
Ийм юмс асуухаар бүгдээрээ л
Инээлдээд,
“Угаасаа тийм л байдаг шүү дээ” гэж хариулдгийн
Учрыг олохгүй гайхах юм.
Цуурай юм уу, чи?
“Хоёулаа тоглоё!” гэж хэлэхэд минь чи
“Хоёулаа тоглоё!” гэж хэлнэ.
“Тэнэг!” гэж хашхирахад минь дагаад л чи
“Тэнэг!” гэж хэдэрлэнэ.
“Чамтай тоглохоо болилоо!” гэвэл
“Чамтай тоглохоо болилоо!” гэнэ.
Удаж түдэлгүй
Ганцаардсан намайг
“Уучлаарай!” гэхэд аанай л өөдөөс
“Уучлаарай!” гэнэ.
Цуурай юм уу, чи?
Үгүй үгүй.
Чи бол намайг тойрсон
бүх хүн.
Нийтлэлийг Б.Дэлгэрмаа
Шүлгийн орчуулгыг Б.Баясгалан