Яг одоо уран бүтээлч бай
2022-11-18 Б.Дэлгэрмаа 896

 Өнөөдөр би яг энэ мөчид уран бүтээлч байх тухай ярих юм. Энэ талаар ярихаар ихэнх хүний уур цухал хөдөлж, сөргөх л гээд байдаг. “Би ямар урлагаар талхны мөнгөө олох биш, яг одоо ямар ч зав алга. Сургуульд сурах хэрэгтэй, ажилд орох хэрэгтэй. Хүүхдүүдээ дамжаанд явуулах ёстой…’’ “Толгой өөд татах завгүй явахад урлагт зориулж байх цаг алга.” гэж боддог. Яг одоо уран бүтээлч байхад гай, түй болох зуу зуун шалтгаан бий. Тэр бүх шалтгаан гэнэт л толгойд чинь харван орж ирэх вий.  Уран бүтээлч байж болохгүй түмэн шалтгаан байгаа. Нөгөөтээгүүр чухам юуны учир уран бүтээлч байх ёстойгоо ч бид сайн мэдэхгүй. Болохгүй, бүтэхгүй өчнөөн шалтгаан бий. Хүмүүс урлагтай холбогдох сэжмээ яагаад шуудхан үгүйсгэдэг юм бол? Магад, урлаг бол цолгорсон авьяас билигтэй нэгэнд эсвэл мэргэжлийн түвшинд бэлдэж, суралцсан хүмүүст зориулсан зүйл гэж боддог биз. Та бүхний зарим нь өөрийгөө урлагаас холын холд төөрч будилсан гэж бодож яваа. Тийм ч байж магадгүй, гэхдээ би л лав тэгж бодохгүй байна. Өнөөдөр энэ тухай ярина.

 Бид бүгд төрөхдөө л уран бүтээлч байдаг. Хэрэв та хүүхэдтэй бол миний юу ярьж байгааг гадарлана. Хүүхдүүдийн хийдэг бүхэн урлаг байдаг. Ханан дээр өнгийн шохойгоор зурна. Зурагтаар гарч буй Сун Дам Бигийн бүжгийг бүжиглэнэ. Гэхдээ тэр бүжиг Сун Дам Бигийнх биш, хүүхдийн өөрийнх нь бүжиг болж хувирдаг. Хачин жигтэй бүжиглэж, хүн бүхнийг дуул гэж шахна. Тэр үзүүлбэрүүдийг аав, ээж нь л тэвчиж үзэх байх. Тэр бүх үйлдлээ өдөржин давтан үзүүлсэн ч чадна даа. Үнэндээ хүүхдүүдтэй хамт байхдаа хүмүүс жаахан ядардаг шүү дээ. Хүүхдүүд заримдаа ганц хүний жүжиг тоглоно  Ерөөс тоглож, наадаж байгаа нь л ганц хүний жүжиг байдаг.  Жаахан том болоод зарим нь худлаа ярьж эхэлдэг. Хүүхдийнхээ хэзээ анх худлаа ярьсныг аав, ээжүүд сайн санаж байдаг. Бүр гайхшаа бараад “Аан, одоо л чи минь үнэн төрхөө харуулж байна уу?”  гэж ээж нь хэлж мэднэ. Дотроо “Энэ хүүхэд яагаад аавыгаа өвчсөн мэт дуурайчхав?” гэж бодохыг яана. “Ямар л хүн болох гээд байна даа?” гэж хүүхдээ шахаж, шалгаана. Гэхдээ санаа зовох хэрэггүй ээ. Хүүхэд худал хэлж эхэлсэн мөчөөсөө үлгэр, түүх өгүүлж буй нь тэр. Огт үзэж, хараагүй зүйлсийнхээ тухай ярьж гарна. Гайхалтай! Энэ бол гайхамшигт мөч шүү. Аав, ээжүүд минь ээ, үүнийг тэмдэглэх хэрэгтэй. Ура, хүү маань ингээд худлаа ярьж эхэллээ шүү дээ. Найр наадмын дайтай тэмдэглэх нь. “Ээжээ, яасан гээ! Би сая гэр лүү ирж явахдаа харь гарагийн хүнтэй таарлаа.” Жирийн нэг ээж бол “Утгагүй юм ярихаа боль,” гэж тас загнана. Харин уран сэтгэмжтэй, догь аав, ээжүүд бол  “Нээрэн үү? Харь гарагийн хүн хараа юу? Царай, төрх нь ямаршуу юм бэ дээ? Үг сольж чадав уу? Яг хаана таараа вэ? Аан, дэлгүүрийн урд таарсан юм уу?” гэж асууна. Хэрэв та хүүхэдтэйгээ ингэж ярилцаж чадвал эхлүүлсэн яриагаа  үргэлжлүүлэхийн тулд цааш нь ургуулаад ярина. Удаж, түдэлгүй тэндээс түүх амилаад ирнэ гэж мэд.

 Яах вэ,  хүүхдийн зохиосон түүх л дээ. Гэхдээ нэг өгүүлбэрээс нөгөө өгүүлбэрийн хооронд бодож, сэтгэнэ гэдэг мэргэжлийн зохиолч миний юу хийдгийг л хийж буй хэрэг. Мөн чанарын хувьд ялгаа байхгүй. Ролан Барт нэгэнтээ Густав Флоберийн зохиолуудын тухай ярихдаа, “Флобер роман бичээгүй. Тэр нэг өгүүлбэрийг дараагийн өгүүлбэртэй холбосон. Өгүүлбэр хоорондын сэтгэл татам тэр холбооснууд түүний зохиолын мөн чанар.” гэсэн юм. Нээрэн ч тийм шүү, ялангуяа роман бичнэ гэдэг нэг өгүүлбэр бичээд, эхний өгүүлбэрийнхээ утгыг хөсөрдүүлэлгүй дараагийн өгүүлбэрээ бичихийг хэлээд байгаа юм. Хооронд нь холбох ажлаа үргэлжлүүлээд л явна даа. Энэ өгүүлбэрийг харцгаая:  “Нэгэн өглөө Грегор Замза хар дарсан зүүднээсээ сэртэл аварга том шавж болчихсон орон дотроо хэвтэж байх нь тэр. Энэ бол Франц Кафкагийн “Хувирал” туужийн эхний өгүүлбэр. Тун үнэмшил муутай өгүүлбэр. Гэхдээ  үүнийгээ зөвтгөж, цааш нь залж, үргэлжлүүлэх хэрэгтэй. Кафкагийн уг зохиол орчин үеийн уран зохиолын шилээвэр бүтээл болсон. Кафка зохиолоо аавдаа уншуулаагүй л дээ. Аавтайгаа сайнгүй харилцаатай байлаа. Өөрийнхөөрөө, бичмээр байгаагаа бичсэн нь тэр.  Хэрэв аавдаа уншуулсан бол “Хүү минь явж, явж бүр мөсөн будилж гүйцжээ.” гэж бодох байсан биз. Гэхдээ урлаг гэдэг үл ялиг солиотой байхын нэр. Дараа дараагийн өгүүлбэрээ зөвтгөн, баталж,  хүүхдүүдийн ярьдаг бүхнээс нэг их ялгаагүй зүйлсийг өгүүлнэ. Дөнгөж худлаа ярьж эхэлж байгаа хүүхэд,  үлгэр, түүх хүүрнэх эхний алхмаа хийж буй нь тэр. Хүүхдүүд урлаг бүтээдэг. Тэд ядрахыг мэдэхгүй, хөөр, баяр дүүрэн байдаг. Хэд хоногийн өмнө би Жэжү арал дээр явж байлаа.  Далайн эрэг дээр байсан хүүхдүүдийн ихэнх нь усаар тоглох тун ч дуртай байгаа харагдана. Гэхдээ зарим нь өдөржин элсэн дээр тоглож байв. Уулс, далай тэнгис, за тэнгис нь арай юу юм. Нохой, хүмүүс гэх мэт янз бүрийн зүйлс элсээр хийнэ. Гэтэл аав, ээжүүд “Далайн давлагаа бүгдийг нь хамаад л явчихна шүү дээ.” гэх нь дуулдлаа. Ер нь бол хэнд ч хэрэггүй дээ. Элсээр ийм юм хийх хэрэггүй л гэж байгаа нь тэр. Гэвч хүүхдүүдэд хамаагүй. Тухайн цаг мөчдөө хөгжилдөж, элсэн дээр тоглосоор л байна. Хэн нэгний хэлсэн үгээр тоглож байгаа юм биш. Дарга нь ч юм уу, эсвэл өөр хэн ч ингэ тэг гэж хэлээгүй. Зүгээр л тоглож байгаа юм.

 Таныг хүүхэд байхдаа эгэл жир бүхнээс хөөр баяр амсдаг байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Би оюутнуудаа хамгийн жаргалтай үеийнхээ тухай бич гэхээр ихэнх нь хүүхэд ахуй цагтаа мэдэрч, туулсан, урлагтай ямар нэг сэжмээр холбоотой дурсамжаа бичдэг. Анх удаа төгөлдөр хуур тоглож сурснаа, найзтайгаа хоршин тоглож байснаа, аль эсвэл найз нөхөдтэйгөө нийлж инээд хүрмээр аяглаж, алиалж явснаа бичнэ. Эсвэл хуучин камераар анхныхаа киноныхоо зургийг авч байсан үеэ дурсдаг. Энэ мэт дурсамжаа өгүүлнэ. Үгээр хэлэмгүй сайхан мөчүүд гарцаагүй байсан л байж таараа. Тэр цаг мөчүүдэд, мөнөөхөн урлаг л таныг жаргалтай болгож байсан хэрэг. Яагаад гэвэл энэ чинь ажил төрөл биш. Ажил таныг жаргалтай болгодог уу? Ихэнхдээ л хэцүүхэн биз.  Францын зохиолч Мишель Турнерийн хэлсэн алдартай үг байдаг. Жаахан марзан. “Ажил гэдэг хүний мөн чанарын эсрэг зүйл. Биднийг үргэлж ядраадаг нь үүний баталгаа шүү дээ.”  Худлаа ч биш байх аа? Ажил хөдөлмөр гэдэг бидний уг чанарт хамаатай сан бол юунд ингэтэл ядрах билээ. Тоглож байхдаа бол ядрахыг мэддэггүй. Шөнөжингөө тоглосон ч чадна даа. Хэрэв шөнөжин ажиллавал илүү цагийн хөлс авна. Ажиллана гэдэг ядарч, залхмаар учраас тэр. Гэтэл хүүхдүүд зугаацаж тоглонгоо л урлаг бүтээчихдэг. Зарж, борлуулах гэж зураг зурах биш. Гэр бүлээ тэжээх мөнгө төгрөг олох гэж төгөлдөр хуур тоглодоггүй.  Мэдээж, энэ бүхнийг зайлшгүй хийх учиртай хүүхдүүд бий бий. Гэр бүлээ авч явахын тулд Европыг тойрон аялан тоглолт хийдэг байсан нэг эрхмийг мэднэ биз дээ?  Вольфганг Амадей Моцарт. Хэдэн зууны өмнө амьдарч байсан түүнийг энд онцлон дурдлаа. Харамсалтай нь, өнөөх хөгжилтэй, зугаатай урлаг гээч нь дуусах цаг ирдэг. Хүүхдүүд хичээл, сургуульдаа явж, гэрийн даалгавраа хийх ёстой. Яах вэ, бас балет, төгөлдөр хуурын хичээлд явна. Гэвч зугаатай санагдахаа больчихдог. Хийх ёстой зүйл, уралдаан тэмцээн болоод явчихаар яаж ч хөгжилтэй байх билээ дээ. Бага сургуульд орчхоод ханан дээрээ зураад л байвал гарцаагүй ээждээ зэмлүүлж таарна. Дээр нь, нас чинь яваад байхад уран бүтээлч шиг аягласаар байвал мөн ч их дарамт мэдрэх болно.Хүмүүс үг, үйлдлийг чинь шүүж, аятай тохитой байгаач гэж загнана.

 Нэг түүхээ ярья. Наймдугаар ангид байхдаа Кёнбоккун ордонд зургийн уралдаанд оролцсон юм. Хамаг чадлаараа хичээж зурлаа. Багш хойгуур урдуур холхиж байснаа “Чи юу хийж байна аа?”  гэж асуудаг юм.

“Хичээгээд, зургаа зурж байна

“Яагаад ганцхан хар өнгөөр будаад байгаа юм бэ?”

 Би зургийн дэвтэр дээрээ чинхүү мэрийн зурж байв. Тэгээд тайлбарлаж өглөө.  “Харанхуй шөнө мөчир дээр хэрээ сууж байгаа юм аа.” Тэгсэн чинь багш

“Тийм үү, сайн байна, Ионгха, чи зурахдаа сайн биш байж болох ч үлгэр, түүх хүүрнэх дориун авьяастай юм байна.” гэв ээ. Үнэндээ, тэгж хэлээсэй гэж би дотроо л хүссэн юм. “Наашаа гараад ир, муу золиг минь.” гэж багш хэлсэн.  “Наашаа хурдан гараад ир чи.” гэж ирээд л. Кёнхоерү ч юм уу, газар ус зурах ёстой байсан байх л даа. Даанч би зургаа тэр чигт нь хараар будаж суулаа. Багш намайг шоовдорлож, гадуурхсан. Тэнд их олон охид байсан юм. Би ч үхтлээ ичсэн.  Юу ч хэлж, тайлбарлаад ер сонсоогүй.  Маш их баалуулснаа санаж байна. Хэрэв сайн багш сан бол миний өмнө нь хэлсэнчлэн,  “Ионгха чи зурахдаа муу байж болно оо, гэвч үлгэр, түүх өгүүлэх төрөлхийн авьяастай юм.” гээд хэлчихсэн бол намайг урмаар тэтгэх байлаа. Гэхдээ тийм багш даанч ховор шүү дээ. Дараа нь, өсөж том болсон хойноо Европын олон галерейгаар явж үзлээ. Тэр үед би их сургуулийн оюутан болчихсон байсан. Үнэхээр шударга бус санагдаж билээ. Юу үзэж харсан гээч. Намайг Кёнбоккун ордонд анхны зургаа амандаа зуучхаад шүүмжлүүлж зогсоход тийм бүтээлүүд Базель хотод хананд өлгөөтэй байжээ. Ханын цаас шиг л харагдах зургууд байсан. Орчин үеийн урлаг. Тэр бүтээлүүд миний бүтээлд тохиолдсон шиг хөөрхийлөлтэй, доголон хувь заяа туулах шаардлагагүй байсныг хожим ойлгосон. Ямар ч хэрээг шүүмжлэх хэрэг байхгүй. Ихэнх бүтээлүүд нэр ус ч үгүй, гарчиг сэлтгүй байгаа юм. Ямартай ч, хорьдугаар зууны контемпорари урлаг бол ямар нэг хачирхалтай зүйл хийж бүтээж, хоосон зайг утга учир, тайллаар дүүргэх байжээ. Үндсэндээ миний зурсантай эгээ адил юм даа. Гэхдээ миний тэр зураг маргаангүй түүхий байлгүй яах вэ. Тиймээс алдартай бүтээлээр жишээ авцгаая. Жишээ нь Пикассогийн бүтээл. Дугуйны эмээл дээр бариул наачхаад “Бухын толгой” гэж байгаа юм. Үнэмшилтэй сонсогдож байгаа биз? Дараагийнх нь,  суултуурыг нөгөө тийш нь харуулж тавиад “Усан оргилуур” гэж нэрлэжээ. Дюшаны бүтээл.  Тиймээс аливаа урлагийн бүтээлийн тайлбар болоод хачин жигтэй үйлдлийн дундах хоосон зайг өгүүлэх түүхээр дүүргэж болно. Энэ чинь л  орчин үеийн урлаг гэдэг нь юм байна.

  “Би харж буйгаа биш, бодож байгаагаа зурдаг.” гэж Пикассо хэлж л дээ. Энэ чинь ерөөсөө л би заавал Кёнхоерүг зурах албагүй байсан гэсэн үг. Тэр үед Пикассогийн энэ үгийг мэддэг байсан ч болоосой. Тэгсэн бол зургийн багштай арай дориухан маргахгүй юу. Харамсалтай нь, бидний дотор байдаг бяцхан уран бүтээлчид урлагт хориг, саад хийдэг ийм хүмүүсийг сөрж ч амжилгүй унтарч, бөхдөг. Тэгээд л хашигдаж, түгжигдэнэ. Энэ бидний эмгэнэл. Тэр цоожлуулсан бяцхан уран бүтээлчдэд чухам хаачдаг хэрэг вэ, мэдрэмж үхэж, үгүй болдог болов уу. Бидний урлагт тэмүүлэх хүсэл хаа хол, өр мөргүй одчихдоггүй юм байна. Өөрсдийгөө илэрхийлэхийг хүсдэг хэвээр,  Уран бүтээлч хүсэл бөхөж, урлагийн мэдрэмж нь хар бараанаар л илэрч гардаг.  Караокед, хэн нэгэн  “She’s gone” ч юм уу “Hotel California” дуулж гитар хөгжим балбаж буй мэт аяг ааш гаргаж л байдаг шүү дээ. Ихэнхдээ л чих баясгахгүй, ер нь муухай сонсогдоно оо. Харин зарим нь клубт очиж бүжиглэнэ. Түүх өгүүлэх хүсэл тээж явдаг хүмүүс шөнөжин интернэтээр хэсээд л дуусдаг. Бичиж, туурвих авьяас нь хар бараанаар илэрч буй хэрэг. Заримдаа аавууд легогоор тоглож, хуванцар робот угсарч суухдаа хүүхдүүдээсээ илүү хөөрцөглөсөн харагддаг. “Битгий хүрээрэй, аав нь хийгээд өгье.” гэнэ.  Хүүхдүүдийн сонирхол хэдийн буураад, өөр юм хийгээд явчихсан хойно аав ганцаараа цайз бариад  суугаад л байна.  Чухам энэ чинь л бидний доторх уран бүтээлч чанар харьчхаагүй, нуугдаж явааг харуулж байгаа юм. Даанч голдуу сөрөг байдлаар, атаархлаар ч юм уу илэрнэ. “Би зурагтаар гарах дуртай л байх байлаа. ” гэдэг дуу мэднэ дээ, Яагаад хүмүүс зурагтаар гарах дуртай байж таарах вэ? Зурагтаар л нэг бидний хийхийг хүсдэг зүйлсийг хийж байгаа хүмүүс гардаг. Гэхдээ бид хэзээ ч хүрч чадаагүй тэр зүйлсийг…  Тэр хүмүүс бүжиглэнэ, жүжиглэнэ, тэгэх тусмаа олны бишрэл, хүндлэлийг хүртдэг. Тэгээд л хор шар хөдөлгөж эхэлнэ. Бүгд  удирдлага барьсан дарангуйлагчид болон хувирч, зурагтаар гарч байгаа хүмүүсийг шүүж гарна. “Жүжиглэж чадахгүй байна аа. Ингэж дуулж болох уу? Ая дангаа олохгүй л байна даа.” Торох юмгүй ийм үгс хэлж суудаг. Атаархаж байгаа нь тэр ээ. Гэхдээ чөтгөрийн муу санаатайдаа биш, бидний дотор өнөөх бяцхан уран бүтээлчид нуугдсаар байгаа юм. Би ингэж л боддог. Тэгэхээр одоо яах вэ байз? Яг одоо л өөрсдийн урлагийг бүтээж эхлэх хэрэгтэй.  Яг энэ мөчид, зурагтаа унтрааж,  интернэтээ салгах хэрэгтэй. Босоод, ямар нэг зүйл хийх хэрэгтэй байна. Миний багшилдаг жүжигчний сургуульд Жүжиглэх ур чадварын хичээл ордог юм. Энэ хичээлээр оюутан бүр жүжигт оролцдог. Жүжигчнээр сурдаг байлаа гээд заавал жүжиглэх албагүй л дээ. Жүжгийн зохиол бичиж болно, гэх мэт. Зохиолчид ч тайзны ажилд оролцож болно. Үүний нэгэн адил тайзны урлагийн чиглэлээр мэргэшсэн хүмүүс жүжигчин болж болно, энэ мэт байдлаар өөрийгөө үзүүлчхэж болно. Оюутнууд эхэндээ өөрсдийгөө жүжиглэж чадах үгүйд эргэлздэг л юм.  Гэхдээ хэсэг хугацааны дараа тун ч зугаатай санагдана гээч. Жүжигт оролцон, тоглож буй хүн зүдэрч байхыг би бараг л үзээгүй дээ. Сургуульд, цэрэгт, тэр ч байтугай сэтгэцийн эмнэлэгт хүмүүсийг нэг л удаа жүжиглүүлэх гээд үзээд алдвал дуртай л байх болно.  Жүжигт тоглож байхдаа маш олон хүн чин сэтгэлээсээ баяр , хөөртэй байхыг би армид ч харсан.

 Бичих ур чадварын хичээл дээр би оюутнууддаа тусгай даалгавар өгдөг юм. Манай ангид яг энд байгаа та нар шиг бичих ур чадвараар мэргэшээгүй олон оюутнууд байдаг. Урлаг, хөгжмийн чиглэлээр сурдаг оюутнууд өөрсдийгөө бичиж чадахгүй гэж бодно. Би тэдэнд хоосон цаас, сэдэв өгнө. Маш энгийн сэдвүүд:Хүүхэд ахуйд чинь тохиосон хамгийн азгүй явдлынхаа тухай бич. Гэхдээ нэг нөхцөлтэй: Яг л галзуу, солиотой юм шиг бичих ёстой шүү! Би үүгээр, түүгээр холхиж оюутнууддаа ташуур өгсөөр,  “За алив, алив бичээрэй!” Тэд ч яг л галзуурсан аятай нэг юм уу, хоёр цаг бичнэ.  Ердөө эхний таван минутад л юу бичихээ боддог. Тийнхүү солиотой юм шиг бич гэдгийн маань учир нь удаан бодох тусам есөн шидийн бодол эргэлдээд байдаг юм. Өнөөх чөтгөр сэм гэтэж л байгаа. Тэр чөтгөр чамд бичиж чадахгүй байх зуу, зуун шалтгаан хэлнэ. “Хүмүүс чамайг шоолно доо. Маруухан л юм бичиж байна даа! Ямар гээч өгүүлбэр вэ энэ? Бичгийн хэв чинь авах юм алга.” Янз бүрээр  хатгана. Харин чи хурдан гүйж тэр чөтгөрт гүйцэгдэхгүй байх хэрэгтэй. Миний уншсан хамгийн сайн бичвэр нэг их цаг зарж бичээгүй даалгавар байсан юм. Яг урд минь суугаад харандаагаар 40–60 минут галзуу юм шиг бичсэн оюутны бичвэр. Оюутнууд маань нэг талаар хяналтаа алдчихаж байгаа юм. 30-40 минут өнгөрсний дараа юу бичиж байгаагаа ч мэдэхгүй бичиж сууна. Яг тийм үед л өнөөх өөнтөгч чөтгөр ор мөргүй болчихдог. Би ингэж хэлмээр байна. Хэн нэгнийг яагаад уран бүтээлч байж чадахгүй вэ гэдгийг сануулах зуу, зуун шалтгаанаас  илүүтэй, урлаг бүтээж чадах ганцхан шалтгаан байх хэрэгтэй. Бид юуны учир ямар нэг зүйл бүтээхгүй байгаа нь огт чухал биш. Ихэнх хүнд ганцхан шалтгаан байхад л уран бүтээлч болж чаддаг. Дотроо байгаа чөтгөрөө унтуулаад, урлагаа бүтээж эхлэхэд, дайснууд тээр хойно үлдэж хоцордог. Ихэнхдээ, тэр чөтгөр эцэг, эх маань болж бидэнтэй нүүрэлдэх вий. Заримдаа хань ижлийн дүрээр ирэх нь ч бий. Гэхдээ л тэд аав ээж чинь, амраг хань чинь биш. Тэд чинь чөтгөр. Чөтгөр шүү. Бүтээлч байхад, уран бүтээлч байхад саад тотгор болохоор энэ дэлхий дээр түрхэн зуур зүсээ хувилган ирсэн нь тэр. Шидэт асуултаа асууна. Драмын сургуульд “би жүжигт тоглох гээд үзье” гэж хэлэх үед эсвэл “Итали дуу сурмаар байна” гэхэд  чинь “Өө, тийм үү! Жүжиг ий? Яах гэж тэр вэ?” гэж асууна. Өнөөх шидэт асуулт нь “Яах гэж?”  Гэвч урлаг юунд ч зориулагдаагүй. Урлаг бол хаяа хярхаггүй.  Зүрх сэтгэлийг аварч, баяр жаргалтай амьдруулна. Өөрийгөө илэрхийлэхэд тусалж, архи дарс, мансууралгүйгээр аз жаргал мэдрүүлнэ. Тэр мэт нойтон хамуу шиг асуултыг сөрж, зориг зүрхтэй л байх учиртай. “Яах вэ дээ, зүгээр л хөгжилдөхийн тулд. Чамгүйгээр хөгжилтэй, сайхан байгаад уучлаарай.” гэж хэлэх учиртай юм. “Юу ч болсон цааш үргэлжлүүлж, хийх юмаа хийх л болно.”  Миний төсөөлж, мөрөөддөг ирээдүйд хүмүүс олон янзын онцгой чанартай байгаасай, үгүй ядаж уран бүтээлч байгаасай гэж би хүсдэг. Нэг удаа Нью Йоркт такси бариад арын суудалд суулаа. Урд дэлгэцэд жүжгийн хэсэг гараад байна аа.  Би жолоочоос “Энэ юу гараад байна?” гэж асуулаа

 “Миний танилцуулга байгаа юм.”

“Та юу хийдэг вэ?”

“Жүжигчин” Тэр хүн таксины жолооч бас жүжигчин байв.

 “Ямар дүрд тоглодог юм бэ?”

“Лир Вангийн дүрд тоглодог” гэж бахархалтай нь аргагүй хэллээ.

Лир Ван.  “Чухам хэн болохыг минь хэн надад хэлж чадна гэж?” - Лир Вангийн гайхалтай хэсэг шүү. Би ийм л дэлхий ертөнцийг мөрөөддөг.  Хэн ч бай өдөр нь гольфчин, шөнө нь зохиолч байж болно. Таксины жолооч атлаа жүжигчин, албан хаагч атлаа зураач ч байж болно. Бид нууцаар эсвэл нүднээ ил өөрсдийн урлагийг үзүүлж байна. 1990 онд, модерн бүжгийн мастер Марта Грэм Солонгост ирсэн юм. Тэр агуу уран бүтээлч, ерээд насандаа Кимпо нисэх онгоцны буудалд газардахад сурвалжлагч халаасны асуултаа л асуулаа. “Ийм агуу бүжигчин болохын тулд юу хийх хэрэгтэй вэ? Солонгосын өсөж, өндийж яваа залуу бүжигчдэд та юу гэж зөвлөх вэ?” Өдгөө бидний мэддэгээр бүжгийн урлагийн мастер энэ эмэгтэй тэртээ 1948 онд нэр алдарт хүрсэн байлаа. 1990 онд түүнээс ийн асуухад  “Зүгээр л хийж үз” гэсэн юм. Сэтгэл хөдөлмөөр байгаа биз.  Ердөө л энэ гурван үгийг хэлчхээд нисэх буудлаас гараад явчихсан. Тэгэхээр одоо бид яах хэрэгтэй вэ? Яг одоо, шуудхан уран бүтээлч байцгаая. Гэхдээ яаж? Зүгээр л хийж үз! Баярлалаа.

 Орчуулсан: Базаррагчаагийн Дэлгэрмаа

 

Түр хүлээнэ үү...
Top