Аз жаргал ч нэг өдрийнх, зовлон гуниг ч нэг өдрийнх...
2022-07-06 Б.Дэлгэрмаа 1480

 Тагтаа хэвлэлийн газраас тун саяхан эрхлэн гаргаад буй “Дин тосгоны зүүд” романы зохиолч Ян Лянкө 1958 онд Хятад улсын Хэнан мужийн Сүн хошууны ядуу тарчиг тосгонд төржээ. Бичиг үсэггүй тариачин эцэг, эх нь түүнийг их сургуульд сургаж чадаагүй тул армид элссэнээр суртал ухуулгын зохиолч болж, бичих эхлэлээ тавьсан юм. Цэргээс халагдаж ирээд зохиол бүтээлээ бичиж эхэлжээ. Сүүлийн гуч гаруй жилийн турш роман, тууж, бэсрэг тууж, эсээ, шүүмж зэрэг өргөн хүрээнд зохиол бүтээлээ туурвисаар байна. Хэдийгээр түүний хэд хэдэн зохиолыг Хятадад хориглож, гурван жилийн хугацаанд гадаадад зорчихыг хориглож байсан ч Хятадын засгийн газрын дарамт, хавчлага өөрт болон Хятадын нэн шинэ үеийн зохиолчдод хэрхэн нөлөөлж буй тухай цуцашгүй үнэнийг өгүүлсээр иржээ.   


"Дин тосгоны зүүд” романы тухай Америк, Хятадын зохиолч, профессор Ли Июнь “Guardian” сэтгүүлд бичсэн товч тоймыг орчуулан хүргэж байна.

Ян Лянкө Хятадын зохиолчдын эвлэлийн гишүүн төдийгүй “Амьдрахын жаргал” романаараа Лү Шинийн нэрэмжит утга зохиолын шагнал, утга зохиолын шилдэг бүтээлд олгодог Лао Шэгийн шагнал гэх зэрэг олон нэр хүндтэй шагнал хүртсэн гарамгай зохиолч юм. Зохиолч 2014 онд Франц Кафкагийн нэрэмжит шагнал хүртэж, “Man Booker” шагналын сүүлийн шатанд хоёр ч удаа шилдгээр нэрлэгдэж байв. Хамгийн сүүлд 2021 оны Хятадын утга зохиолын Ньюманы шагналын эзэн болжээ.

 Хүнд сэдэв, хатуу үнэнийг илчлэн бичсэн Дин тосгоны зүүд романд тосгон даяараа Дох өвчинд нэрвэгдэж, гадна ертөнцөөс орхигдсон хүмүүсийн тухай өгүүлэх агаад энэ тухай бичихийн тулд зохиолч өвчин, зовлонд нэрвэгдсэн хүмүүстэй долоон удаа уулзаж, тэр ч байтугай тосгосныхонтой хэсэг хугацаанд хамт амьдарсан гэдэг. Уг зохиолыг Альбер Камюгийн “Тахал” романтай адилтган үздэг. "Дин тосгоны зүүд"-ийг 2006 онд Хонг Конгд хэвлэгдсэн ч Дох өвчний аюул, хор хөнөөлийг харуулахын тулд хэтрүүлэгтэй, хар бараанаар дүрсэлсэн гэх шалтгаанаар Хятадын засгийн газраас хориглосон юм.

“Дин тосгоны зүүд” романд хөдөө тосгон дахь цусны наймаанаас үүдсэн Дох өвчний тархалтын тухай өгүүлдэг бол “Амьдрахын жаргал” романд Хятадын коммунист хувьсгалын үеийг туулж гарсан хөдөө тосгоны эрэмдэг, зэрэмдэг хүмүүсийн амьдрал, он жилүүдийн түүхийг өгүүлнэ. Мөн “Наран гийсэн он жилүүд”, “Усны хатуулаг”, “Ард түмэндээ зүтгэе” зэрэг зохиолуудыг нь Хятадад хориглосон хэдий ч зарим нь дэлхийн гуч гаруй хэл дээр орчуулагдсан билээ. 

Ян Лянкө 1978 оноос хойш арав гаруй богино өгүүллэгийн түүвэр хэвлүүлсний дотроос 2004 онд хэвлэгдсэн “Цэнгэл” түүвэр нь Хятадад өндрөөр үнэлэгджээ. Өдгөө Бээжин хотод аж төрөн сууж буй ч сэтгэл зүрхээрээ төрсөн нутаг Хэнан муждаа буй хэмээн ярьдаг тэрээр олон зохиол бүтээлээ төрсөн нутгийнхаа аж амьдралаас сэдэвлэн бичсэний дотор “Дин тосгоны зүүд” роман багтана. Ян Лянкө цэргийн алба хаасныхаа дараа 1985 онд Хэнаны их сургуульд улс төр, боловсролын мэргэжлээр сурч төгсөөд, 1991 онд Ардын чөлөөлөх армийн урлагийн дээд сургуульд утга зохиолын мэргэжлээр сурч төгссөн. Эхэн үеийн зохиолуудаа 19-р зууны реалист уран зохиолын нөлөөгөөр бичсэн бол 1990-д оны сүүл үеэс бичлэгийн хэв маяг нь тэр чигтээ өөрчлөгдөж, хүмүүний эгэл амьдралын тухай өгүүлэхдээ үлгэр домог шигтгэн, хурц уран сэтгэмж, бүтээлч зүйрлэлээр баяжуулан бичиж эхэлсэн юм.

 1979 оноос хойш өнөөг хүртэл 15 роман, 50 тууж, 40 гаруй богино өгүүллэгийн түүвэр, эсээний таван эмхтгэл, утга зохиол шүүмжийн зургаан боть, хэдэн арван кино зохиол, бичиж хэвлүүлжээ. Засгийн газраас “Дин тосгоны зүүд” романыг хориглосон нь түүнийг Хятадын хамгийн алдартай, маргаан дагуулсан зохиолч болгосон юм. Ян Лянкө бол 19, 20-р зууны уран зохиолд шүүмжлэлтэй хандаж системтэй, тууштайгаар шүүмжүүдээ бичиж, нийтэлсэн Хятадын орчин үеийн хамгийн бүтээлч, шүүмжлэлт зохиолч билээ. Тэр 2016 оноос Хонг Конгийн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд зочин профессороор ажиллаж, бичих ур чадварын  хичээл эхэлжээ. Зохиол бүтээлүүддээ Хятадын ард түмний өдөр тутмын аж амьдрал, дөрвөн улирлын байгалийн зураглалыг гарамгай дүрсэлдгийн сацуу хятад уншигчдад танил хос уянгын шүлэглэлээр бичдэг. Уран зохиол болон баримтат бүтээлүүдийнх нь хэв маяг онхи өөр учир нэг зохиолчийн бүтээл гэж ялгаж танихад бэрх байдаг нь олон талт авьяастай, баялаг зохиолч болохыг нь бэлхнээ харуулна.

 Бээжинд багшилж асан Америк эрхзүйч коллежийн англи хэлний эхний хичээл дээр бидэнд Хятадад ойрын ирээдүйд Дох өвчний халдвар тархах эсэх тухай лекц уншсан юм. Тухайн үед буюу 1992 онд хамт сурдаг оюутнуудын тэн хагасаас илүү нь завхай зайдан явдал, хариуцлагагүй байдлаас үүдэлтэй энэ өвчин Хятадад хэзээ ч газар авах учиргүй гэж бат итгэж байсан билээ. Удаж түдэлгүй, тав хүрэхгүй жилийн хугацаанд Дох өвчний аймшигт тахал Хэнан муж болон бусад олон мужуудад тархсан нь засгийн газар, нутгийн удирдлагууд болон цусны наймаа эрхлэгчид цус авах хөдөлгөөн өрнүүлэхдээ цусны цэгүүдэд тарилгын зүүг ахин дахин ашигласнаас үүдсэн байжээ. Тариачид хэдэн арван мянгаараа өвчний халдвар авч, зарим газар тосгон даяараа үхэл зовлонтой нүүр тулж байлаа.

 Хятад орны хамгийн зүрх зоригтой, авьяас билигтэй зохиолч болох (байсхийгээд л зохиол бүтээлүүд нь хориглогддог) Ян Лянкө зохиолчийн бичсэн “Дин тосгоны зүүд” романд “халуун ханиад” тархсаны улмаас нэгэн тосгон сүйдэж буй тухай өгүүлнэ. Тариачид Дох өвчнийг ийн нэрлэсэн хэрэг. Тосгоны сургуулийн багш явснаа хожмоо манаач хийх болсон, хэн бүхэнд багш хэмээн хүндлүүлдэг өвгөн тосгоны хүмүүсийг газар шорооны ажлаа орхиж, амьжиргаагаа өөд татахын тулд цусаа зарахыг анхлан ятгасан бол түүний том хүү өвчнөөр шаналан үхлээ хүлээж буй, үхэж үрэгдсэн ер хэний ч төлөө гэмшин зовдоггүй цусны худалдаачин, ахынхаа цус наймаалах ажилд гар бие оролцож, ухаарч сэхээрэлгүй цусаа зарж халдвар авсан бага хүү, өс хонзон санасан тосгоны хүмүүст хорлогдож бие барсан цусны наймаачны бяцхан хүүгийн тухай өгүүлэх эл романд ийн нэгэн гэр бүлийн гурван үеийн түүх хөвөрнө.

 Энэ гэр бүлийг тойрсон бусад дүрүүд олонх нь цусаа зарсан, аль эсвэл цусаа худалдагчийн нөхөр, эхнэр байсан тул өвчний халдвар авсан хүмүүс юм. Азтай нэг нь халдвар авалгүй үлдсэн ч өөд болсон гэр бүлийнхэндээ яаж шуухан авс бэлдэх, гэрлэж амжаагүй үхсэн хүүхдүүдээ хэрхэн гэрлүүлэх, хойдын ертөнц рүү гань ганцаар явуулахгүйн тулд бие барахаас нь өмнө бүр нас нөгчсөн хойно нь ч таарч тохирох хүнтэй нь хамт хөдөөлүүлэх олон асуудалтай тулж үлдэнэ.

 Шороонд булагдахаа хүлээн хөсөр хэвтэх олон цогцсын дүр зургаас үхэл гэдэг бол тайтгарал, тайвшрал мөн болох нь мэдрэгдэх атал хулгай зэлгий хийж, нэгнээ дээрэлхэж, бөөрөлхөж, хууран мэхэлж, алж талж буй амь, амьсгаатай байгаа хүмүүсээс гарах авир ааш л жинхэнэ там гэдгийг энэ зохиол танд харуулах буюу. Зохиолчийн хоржоонтой, егөөтэй хүүрнэл нь уншигчдад Камю, Кафкаг санагдуулна.

 Тахал гарч цусны наймаа зогсоход цусны худалдаачин авсны худалдаачин болж, хожмоо авсны худалдаа ганхахад, үхэгсдийг зуучлан, гэрлүүлнэ. Өнхөрснийхөө дараа эхнэрээ өөр хүнтэй гэрлүүлэхгүй гэхдээ энгэр зөрүүлэхээр улайрах эр, өвчин туссанаа нууж хадамд гарах бүсгүй, өвчин зовлонд нэрвэгдсэн тэдгээр хүмүүс ч ёс бусыг үйлдэнэ. Хамгаас гашуун нь халдвартай хүмүүс тосгоны сургуульд хөл хоригдохдоо гагц унд хоолны төлөө бус нас барахдаа авсаа бэлдэхээр сургуулийн тавилга сэлт булаалдан тэмцдэг.

 Хятадын орчин цагийн үүх түүхийг гадарладаг хэн бүхэн уг зохиолоос тухайн улсын амьдрал, ёгтлолыг олж харах болно. Эрх мэдэл, мөнгө, хөрөнгө зоорь (гагц амьд хүмүүст төдийгүй үхэгсдэд ч хамаатай), хайр сэтгэл, нэгнээсээ нүүр буруулах, бүхний дээр байгаа төр засгийн тухай зохиолд өгүүлнэ.

 Нөгөөтээгүүр өнөө, маргаашгүй ирэх үхлээ хүлээж буй эр, эм хоёр амь тэмцэн байхдаа ч эхнэр, нөхрөөсөө салж, энэ хорвоог орхин одохын өмнө ахин гэрлэж буйгаар, тосгоныхноо өвчин зовлонгоо хэсэг зуур ч атугай мартаасай гэсэндээ шөнөжин дуулж буй сайн дурын жүжигчнээр, гэрлэхийн өмнө эхнэртээ амласан улаан хүрмээ өгөх сүүлчийн хүслээ тээсээр яваа өвчтэй эрийн дүрээр хүмүүний зүрх сэтгэлийн хамгийн нандин сайхныг тод томруун уудлан харуулсан зохиол билээ.

“Энэ нийгэмд хүмүүс нохой шиг амьдарч байна. Би номдоо чангаар хуцаж, хуцах дуугаа тансаг хөгжим болгон хувиргахыг мөрөөддөг.”
                                                                       Ян Лянкө

Түр хүлээнэ үү...
Top