Тагтаа Паблишинг намрын номын нээлтээ Солонгосын шинэ үеийн уран зохиолын гол төлөөлөгчдийн нэг Ким Ионгхагийн "ЭХ ОРОН ЧИНЬ ДУУДАЖ БАЙНА" романаар хийж байгаа билээ. Бид тус зохиолчийн нэгэн ярилцлагыг эл романы орчуулагч Б.Дэлгэрмаа монголчилсныг хүргэж байна.
Орчин цагийн Солонгос орон үнэт зүйлийн эрс ялгаатай залуу болоод ахмад үеийнхний зөрчил тэмцлийн талбар болсон
Өмнөд Солонгосын зохиолч, Ким Ионгха 1968 оны 11-р сарын 11-нд Канвонь аймгийн Хуачонь хошуунд төрсөн. Аав нь цэргийн хүн байсан тул бага нас нь нэг газраас нөгөө рүү нүүж суусаар өнгөрчээ. Хүүхэд байхдаа нүүрсний утаанд угаартсанаас болж арван наснаас өмнөх ой дурсамж нь арилсан гэдэг. Ёнсэй их сургуулийг Бизнесийн удирдлагын чиглэлээр дүүргэсэн ч мэргэжилдээ төдийлөн сонирхолгүй байсан тул богино өгүүллэгүүд бичиж эхэлжээ. 1993 онд их сургуулиа төгсөөд Сувоны ойролцоох цэргийн цагдаагийн хэлтэст туслах мөрдөгчөөр ажиллаж, цэргийн албаа дүйцүүлэн хаасныхаа дараа 1995 оноос уран бүтээлийн замд эргэлт буцалтгүй оржээ. “Надад өөрийгөө хөнөөх эрх бий” зохиол нь тухайн жилдээ шилдэг, шинэ залуу зохиолчийн шагнал хүртсэнээс хойш бичсэн зохиол бүтээлүүд нь Солонгосын утга зохиолын томоохон шагналуудыг хүртсэний сацуу англи хэлт уншигчдын дунд ч алдаршжээ. Тэрээр мөн Солонгосын Үндэсний Их Сургуульд багшилж, уран зохиолын холбогдолтой радио нэвтрүүлэг тогтмол хөтөлж байгаад 2008 оноос бүх ажлаа орхин, зөвхөн зохиол бүтээлээ бичихэд өөрийгөө зориулах болсон юм. Ким Ионгха англи хэлнээс хэд хэдэн бүтээл хөрвүүлсэн бөгөөд хамгийн сүүлд Ф.Скотт Фицджералдын "Агуу Гэтсби" зохиолыг орчуулжээ. Мөн тэрээр 2010-2011 онд Колумбын Их Сургуулийн зочин судлаачаар ажилласан юм.
“Тагтаа” хэвлэлийн газраас эрхлэн гаргаж буй “Эх орон чинь дуудаж байна” хэмээх энэхүү зохиол нь түүний дөрөв дэх роман бөгөөд хэрэглээнд шүтсэн, ардчилсан нийгэмд дасан зохицож, амьдарч яваа Умард Солонгосын тагнуулч эр болон түүний гэр бүлээр дамжуулж хүмүүний мөн чанар, хувь оршихуйд тулгардаг аливаа асуудал, орчин үеийн нийгэмд улам хурцдаж буй гэр бүлийн үнэ цэнийн талаар хөндсөн эл зохиол дэлхийн долоон хэлнээ орчуулагджээ. Түүний бүтээлүүд капиталист нийгэм, хот суурин газрынхны амьдрал, соёл, биеэ шүтэх үзэл, хүн хүнээсээ улам алсран буй харилцааны болон сэтгэцийн эмгэг, донтолт, амиа егүүтгэх гэх мэт өнөө цагт бидэнд тулгамдаад буй олон сэдвийг тун ч гярхай хөндөж, бичлэгийн сонирхолтой ур маягаар харуулсан байдаг. Мөн тэрээр хэд хэдэн кино зохиол бичсэний дотор “Moment To Remember (2005)” киногоороо шилдэг кино зохиолын шагнал хүртэж байв. Зохиолч амьдралыг зовлон, зүдгүүрээр дүүрэн гэж үздэг тул хэзээ ч үр хүүхэдтэй болоогүй билээ.
Солонгосын “АЗАЛИА” утга зохиол, соёлын сэтгүүлд нийтлэгдсэн түүний ярилцлагыг орчуулан хүргэж байна.
Дафна Зур: Тантай ярилцах болсондоо туйлын баяртай байна. Өгүүллэг, романууд тань Солонгосын утга зохиолын томоохон шагналуудыг хүртсэний сацуу англи хэлт уншигчид ч таны зохиол бүтээлүүдийг халуун дотноор, таашаан хүлээж авч байна. Ёнсэй их сургуулийг бизнесийн удирдлагын чиглэлээр төгссөн атлаа солонгос хэлний багшаар ажилладаг өвөрмөц байдал тань юун түрүүнд анхаарал татлаа. Та юуны учир зохиолч болохоор шийдсэн хэрэг вэ. Зохиол бүтээлээ хэрхэн бичдэг, зохиолынхоо санааг хаанаас олж авдаг тухайгаа бидэнтэй хуваалцаач?
Ким Ионгха: Би бүр багаасаа л зохиолч болохыг мөрөөддөг байсан ч зохиолч гэж чухам юу хийдэг, ямар хүн болох тухай төдийлөн сайн мэддэггүй байлаа. Анхны богино өгүүллэгээ арван тавтайдаа бичсэн. Тийм сайн өгүүллэг болоогүй ч бичих явцдаа хэчнээн их хөөрч, догдолж байсан минь санаанаас гардаггүй юм. Зөвхөн бичиж, туурвиад амьдралаа аваад явж чадна гэх итгэлгүй байсан учир бизнесийн удирдлагаар сурч төгссөн л дөө. Харин зохиолч болсныхоо дараа цаг зав ахиухан гарч, бичих боломж олддог болохоор солонгос хэл заах болсон юм. Ихэвчлэн ном зохиол, жүжиг, киноны нөлөөгөөр бичих сэдэл төрдөг. Хөдөө нутаг надад сэтгэлийн амар амгалан өгдөг бол хот орон газарт үүгээр түүгээр явж, кино үзэж толгой тархиа сэргээх нь санаагаа цаасан дээр буулгах урам зориг өгдөг дөө.
ДЗ: Та гаргууд сайн дүрслэлээр зохиолынхоо үйл явдлуудад хүч нэмдэг шиг санагддаг. Өгүүллэг, романуудыг тань унших бүрд кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Идэвхтэй, эрчтэй харилцан яриа ч бас бүтээлүүдийн тань эл төлөв, байдалд нөлөөлдөг биз. Энэ бүгдийг зориудаар төлөвлөж, бичдэг үү. Хийсвэр санаанаас илүүтэй дүрслэлийн дарааллаас урган гарч бичигдсэн зохиол бүтээл танд бий юу?
КИ: Өмнөх үеийн туурвил зүйн туршлагууд кино урлагаас илүүтэй зохиол бүтээлүүдэд маань нөлөө үзүүлсэн гэдгийг тодруулж хэлэх нь зүйтэй болов уу. Анх бичиж эхлэх үедээ өгүүлбэрүүдээ товчхон байлгахыг ихэд чухалчилж, гол санаагаа яв цав, товч тодорхой илэрхийлэхийн тулд багагүй хүчин чармайлт гаргасан. Зохиол бичиж эхэлж байхдаа Хэмингуэй болон бусад товч бичлэгийн хэв маягтай зохиолчдыг их уншдаг байсан нь миний бүтээлүүдэд тусгалаа олсон гэж боддог юм. Ихэнх бүтээлүүд маань ганц өгүүлбэрээс санаа авсан байдаг төдийгүй миний ухамсрын урсгалаас илүүтэй сэтгэл ховсдом тэдгээр бүтээлүүдээр замчлуулсан байдаг юм. Түүнчлэн би хүмүүс хоорондоо хэрхэн ярилцаж буйг анхааралтай ажиглаж, тэр бүхнийг уран зохиолын нэг төрөл жанрт хувиргахыг хүсдэг. Бичлэгийн хэв маягаа өгүүлбэрийн хэмнэлт ба бодит харилцан ярианы нийцэл гэж үзэх дуртай.
ДЗ: Азалиа сэтгүүлийн энэ ботид багтсан "This Tree of Yours”, "Their Last Visitors", “My Brother’s Back” гурван өгүүллэгийнхээ талаар цухас ярьж өгөөч. Мөн Harcourt хэвлэлийн газартай хамтран англи хэлнээ гаргаж буй анхны роман болох “I Have The Right To Destroy Myself” зохиолынхоо талаар сонирхуулахгүй юу?
КИ: Би Камбож руу аялаж ирээд “This Tree of Yours” өгүүллэгээ бичсэн. Католик шашинт гэр бүлд өссөн болохоор Азийн уламжлалт Буддын шашинтай урьд өмнө нь гүн гүнзгий холбогдож байгаагүй. Харин Ангкор-Ватд очсон тэр аялал надад гүнзгий сэтгэгдэл төрүүлж, хэсэг хугацаанд Буддын шашинт ертөнц, уламжлал, соёлд автсан. Тэр мэдрэмжүүд энэ өгүүллэгийг бичих сэдэл болсон юм.
“Their Last Visitors” өгүүллэгийг сонины захиалгаар бичсэн. Жилийн эцсийн дугаарт зориулж богино өгүүллэг бичиж өгөхийг хүссэн юм. “Memory of Murder” (2003) киноны найруулагчийн ярьж өгсөн нэг түүхээс сэдэвлэж бичсэн. Залуухан, ажлын хэнээтэй хүмүүсийн тухай ямар нэг хачин, жигтэй түүх үргэлж яригддаг. Тухайн үед Раймонд Карверын зохиолыг уншиж байсан санагдана. Энэ өгүүллэг маань түүнд хүндэтгэл үзүүлж буйн нэг илрэл.
“My Brother’s Back” өгүүллэгээрээ би өнөө цагийн Солонгост гэр бүлийн үнэ цэн улам доройтож буйг өгүүлэхийг зорьсон. Орчин цагийн Солонгос орон бол эцгийн эрхт ёсыг хүлээн зөвшөөрөхөө нэгэнт больсон залуу үеийнхэн болоод ахмад үеийнхний хоорондын үнэт зүйлийн хурц зөрчил тэмцлийн талбар болчихоод байна. Солонгос улс асар ихээр өөрчлөгдөж, шинэчлэгдсэн нь гэр бүлийн амьдралаас тод томруун харагдаж байна гэж би боддог. Зарим хүмүүст миний бичсэн дүр, дүрслэл хэтрүүлэгтэй санагдаж болох ч үл ялиг хошигнолыг эс тооцвол энэ гэр бүлээр дамжуулан өнөөгийн Солонгост өрнөж буй бүхнийг бодитоор харуулсан юм. Солонгос гэр бүлүүд уналтад орсон төдийгүй цоо шинэ, бодит байдалтай нүүр тулахад шаардлагатай харилцааны чадвар, мэдлэгээр дутмаг байна шүү дээ.
Тун удахгүй Америкт англи хэл дээр хэвлэгдэн гарах гэж буй “I Have The Right To Destroy Myself” зохиол маань миний анхны бүрэн хэмжээний роман юм.
Зохиолын өгүүлэгч нь хамгийн аятай, таатай байдлаар амиа егүүтгэхэд нь хүмүүст туслах гарын авлага бүтээгч, нэг төрлийн “амиа хорлолтыг зохицуулагч” этгээд юм л даа. Энэ өвөрмөц дүрээр 1990-ээд оны үеийн Сөүлийн залуусын хайр сэтгэл, үхлийн тухай өгүүлэхийг зорьсон юм. Гэхдээ уг зохиолдоо дэлхийн өнцөг булан бүрд өрнөж буй амьдралыг дүрсэлсэн тул газар зүйн байршлаас үл хамааран хэлэх гэсэн санаа маань хэн бүхэнд хүрнэ гэдэгт итгэж байна. Орчин цагийн залуус хоорондоо тун төстэй аж төрдөг гэж би боддог. Бид бүгд л ажилгүйдэл, нийгмээс тусгаарлагдах, харилцааны асуудлуудаас болж шаналж, адил хөгжим сонсож, адил хоол унд идэж байна. Энэ зохиолд залуу хүмүүсийн гуниг цөхрөлийн тухай өгүүлдэг.
ДЗ: Таны унших дуртай зохиолчид болон зохиол бүтээлүүдэд тань нөлөөлсөн зохиолчид хэн бэ?
КИ: Толстой, Хэмингуэй, Кафка, Оскар Уайлд, Юкио Мишима, Рушди нар бол миний хамгаас дуртай зохиолчид. Бүгд эрэгтэй зохиолчид гэдгийг сая л анзаарлаа шүү.
ДЗ: Яг одоо бичиж буй зохиол бүтээлүүдийнхээ талаар сонирхуулаач?
КИ: Одоогоор “Quiz Show” нэртэй шинэ романаа бичиж байна. Товчхондоо бол “асуулт хариултын тэмцээн”-ээр дамжуулан танилцаж буй залуусын азаа үзсэн, хайр, сэтгэлийн тухай өгүүлнэ.
ДЗ: Та өөрөөсөө юу хүлээж байна вэ? Хаа хүрэхээр зорьж явна?
КИ: Хүмүүний мөн чанарын тухай баялаг, гүн гүнзгий хүүрнэн өгүүлсэн Толстойн “Дайн ба Энх”, “Анна Каренина” шиг агуу бүтээлүүд туурвих нь миний зорилго. Ирэх арван жилийн амьдралаа ийм бүтээлийн төлөө зориулах болно.
Орчуулсан: Б.Дэлгэрмаа
Эх сурвалж: Азалиа, Солонгосын утга зохиол, соёлын сэтгүүлийн 1-р дэвтэр, 27-30-р тал, 2007 он