ЭДГАР КЕРЕТ: ХАНАН ДАХЬ НҮХ
2022-09-30 Б.Баясгалан 1154

Израйлын зохиолч Эдгар Керет богино өгүүллэгүүдээрээ алдартай. Түүний богино өгүүллэгүүд богиноороо дундаж өгүүллэгээс хэд дахин богино буюу жинхэнэ богино өгүүллэгүүд байдаг. Тийм богинохон өгүүллэгт маш том сэдвийг уй гашуу, инээд хоржоон, ёгтлол, уран сэтгэмж, ур зохиомжтой нь багтааж чаддагаараа суу зальтай туурвилч. Тагтаа хэвлэлийн газар уншигчдадаа Эдгар Керетийн шилмэл богино өгүүллэгүүдийн түүврийг удахгүй өргөн барих болно. Харин өнөөдөр Олон Улсын Орчуулгын Өдөрт зориулаад  нэгэн өгүүллэгийг нь дээжлэн хүргэж байна. 


ХАНАН ДАХЬ НҮХ

Эдгар Керет

Бернадотте өргөн чөлөөн дэх автобусны төв буудлын баруун хананд нэгэн нүх бий. Уг нь тэнд АТМ-ийн машин байсан нь эвдэрсэн юм уу яасан юм, эсвэл хүмүүс огт ашиглахгүй байхаар банкныхан ирээд ачаад явчихсан уу, бүү мэд ээ.

Хэн ч юм Удид тэр нүхэнд хүслээ шивнэвэл биелдэг гэж хэлж л дээ. Уди түүнд нь үнэмшсэн ч үгүй. Үнэн юу гэвээс мань эр нэг удаа театрт кино үзчихээд харьж явахдаа Рүт Рималтыг надад дурлуулж өгөөч гэж тэр нүх рүү хашхирсан ч юу ч болоогүй юмсанж. Бас нэг удаа аймшигтай ганцаардаад байхаар нь өнөөх нүх рүү сахиусан тэнгэртэй найз болмоор байна гээд хашхирч л дээ. Тэгсэн хүсэл нь биелж, өмнө нь нэг сахиусан тэнгэр тэр даруй л гараад ирж. Найз болохоо ч хат даа, Удид үнэхээр хүний хань нөмөр хэрэгтэй үед хаяад алга болчихдог арилсан дотортой амьтан байв. Бөгтийсөн нуруутай, эцэнхий дорой тэр сахиусан тэнгэр далавчаа нуух гэж дандаа урт цув эгэлдрэглэж явна. Гудамжаар яваа улс түүнийг бөгтөр хүн байна л гэж боддог юм. Хааяа хоёулханаа байхдаа цуваа тайлна. Нэг удаа бүр Удиг далавчных нь өдөнд хүрч үзье гэхэд зөвшөөрч билээ. Харин өрөөнд өөр хүн байж гэмээнэ цуваа тайлна гэж үгүй. Клейнийн хүүхдүүд нэг удаа цуван дор нь юу байгааг асуухад тэр дүүрэн номтой үүргэвч байгаа, хүний номууд болохоор бороонд норгохгүйн тулж цуваараа халхалж яваа юм гэжээ. Сайхан залдаг нөхөр л дөө. Диваажингийн сонин сайхан газруудын тухай, машиныхаа түлхүүрийг зоож орхичихоод унтдаг хүмүүсийн тухай, юунаас ч айдаггүй, бүр “Зайл цаашаа!” гэж зандрах үгийн утгыг ч мэддэггүй муурнуудын тухай элдэв гоё үлгэр ярьж, Удигийн чихэнд дээр цэцэг ургуулахыг үзүүлж өгнө. Баахан юм зохиож ярьчхаад үнэнг нь батлах гэж амь насаараа андгай тавихаас ч сийхгүй.

Уди ч тэр яриануудад нь дуртай гэж аргагүй. Хичнээн итгэмээргүй юм ярьсан ч итгэхийг хүснэ. Сахиусан тэнгэр гээд байгаа мөртлөө Удид ганц удаа ч болохнээ тусалж байгаагүй амьтанд шүү дээ. Чаддаг юм нь чалчих. Чалчаад л байна, чалчаад л байна. Учир нь олдохгүй тэнэг юмс зохиож ярихаас өөр шид түүнд үгүй. Чингээд зургаан жил өнгөрхөд Уди түүний үгс үнэндээ амаа зайлах ус төдийг ойлгосон юм.

Цэргийн сургуулилтад татагдаад туйлдаж унах шахсан Удид сэтгэлээ онгойтол ярилцах хүн хэрэгтэй байхад мань сахиусан тэнгэр гуай хоёрын хоёр сар бараа сураггүй алга болчхож билээ. Тэгснээ юу болсныг бүү асуу гэсэншүү царайтай, сахал самбаандаа баригдчихсан хачин юм буцаад ирэв. Уди ч элдвийг шалгаасангүй. Бямба гарагт тэд дээвэр дээрээ дотуур өмднөөс өөр хувцасгүй гарч, наранд биеэ ээнгээ хамтдаа гуниглан суужээ. Уди зэргэлдээх байшингуудын шугамын утас эрээлжилж, нарны зайнууд эгнэсэн дээврүүдийг ширтэн сууснаа нар өөд харлаа. Гэнэтхэн энэ олон жил хамт байчхаад сахиусан тэнгэрийнхээ нисэж байхыг ганц удаа ч хараагүйгээ сэхээрэв.

-       Энүүхэн ойр зуур жаахан нисээд үзвэл яасан юм? Сэтгэл санаа чинь дээрдэх ч юм билүү гэж тэр сахиусан тэнгэрт хэллээ.

-       Мартаж үз. Хүн амьтан харчихвал яах юм гэж сахиусан тэнгэр хариулав.

-       Нэмэргүй хог шүү. Намайг бодоод ч болохнээ оролдоод үз л дээ гэж Уди зэмлэнгүй хэллээ.

Сахиусан тэнгэр муухай хэрхрээд замын хар бялдсан дээврийн дээрээс нялцайсан цагаан цэрээр нулимав.

-       За даа. Чиний нисдэг ч гэж хаашаа харсан юм байх вэ дээ гэж Уди дугарав.

-       Нисэж чадалгүй яах вэ. Хүн харын нүдэнд өртчихвөл  баларна шүү дээ гэж сахиусан тэнгэр муухай хашхирлаа.

Замын эсрэг талын байшингийн дээвэр дээр хэдэн хүүхэд гялгар уутанд дүүргэсэн ус доош шидэн тоглож байгаа харагдана. Уди инээмсэглэх аядаад “Чамтай танилцахаасаа өмнө, бүүр жаахан байхдаа би сав л хийвэл энэ дээвэр дээр гарч ирээд гудамжаар яваа хүмүүсийн дээрээс гялгар ууттай ус шидэж тоглодог байж билээ. Устай уутаа тэр цонх, энэ цонх хоёрын саравчны дундуур хараачилж байгаад л  шидчихдэг байлаа” гэж дээврийн ирмэг рүү тонгойн нэг давхрын хүнсний дэлгүүр, гутлын мухлаг хоёрын цонхны саравчин завсархи нарийхан зай руу заан тайлбарлаад “Усан бөмбөгөнд цохиулсан улс дээшээ харахад цонхны далбагар саравч л харагддаг учраас баригданаа гонж...” хэмээн ярив.

Сахиусан тэнгэр суудлаасаа босож, дээврийн ирмэг лүү тонгойн гудамж руу харлаа. Юм хэлэх гэсэн бололтой амаа ангайж байна. Тэгмэгц нь Уди арагш гялс ухраад сахиусан тэнгэрийг урагш сулхан түлхэж орхитол хөөрхий тэнцвэрээ алдан далбилзав. Уди зүгээр л дүрсгүйтсэн болохоос сахиусан тэнгэрийг жинхнээсээ түлхээд унагачихъя гэж бодоогүй юм. Найздаа ойр зуурхан нисээд үзүүлчхэд яах вэ дээ. Хамтдаа жаахан инээлдэнэ л биз. Гэтэл өнөөх сүрхий сахиусан тэнгэр нь таван давхрын дээврээс зүгээр л нэг муу шуудайтай төмс шиг пидхийгээд уначих нь тэр ээ. Уди явган зам дээр түрүүлгээ харан хэвтэх сахиусан тэнгэрийг хараад балмагдан таг хөшчхөв. Бие нь огт хөдлөхгүй мөртлөө хоёр муу далавч нь амь тавихын өмнө татвалзан байх шиг тэрүүхэндээ сар сур хийн дэвмэр аядах аж. Тэгж л Уди сахиусан тэнгэрийн ярьсан бүхэн худал хуурмаг байсныг ухаарчээ. Хөөрхий минь, өөрөө ч сахиусан тэнгэр биш, нэг муу далавч чирсэн далан худалч байсан юмдаг уу даа. 

 Орчуулсан Б.Баясгалан

 

Түр хүлээнэ үү...
Top