Урлаг, утга зохиолд соён гэгээрүүлэх, сэнхрүүлэн таниулах гэх мэтчилэн элдэв үүрэг оноох тусам дээрээс нь дарсан дарамт, хайрцаглал, хязгаарлалт болж, эргээд урлаг, утга зохиолынхоо мөн чанарт харшилж эхлэдэг. Харин ач холбогдлын тухай яриа бол дороос чиглэлтэй, илүү уян хатан, амьд сэргэг, ойлгож болохуйц зүйл.
Тиймээс ч уран зохиолын үүрэг бус, ач холбогдол гэдэг сэдвийг TEDx-ийн тайзнаа хөндлөө. Уран зохиолын ач холбогдол гэхээр үндэстний сэтгэлгээний толь, соёл, түүх заншлын тусгал, эсвэл эх хэлний урын сангийн баялаг эх ундарга, хэлний оршин тогтнохуйн хамгийн найдвартай эх сурвалж гэх мэтээр нийгмийн олон ач холбогдлыг нь цохон ярьж болно.
Харин TEDx-ийг зорин ирсэн 1000 гаруй сонсогч шинээр өсч өндийн буй залуу оюундаа нэн түрүүнд хэрэгтэй, хувь хүний хөгжилд нь чухал ач холбогдолтой мэдээ мэдээллүүдийг эрж ирсэн учраас энэ удаад уран зохиолын хувь хүнд үзүүлэх практик ач холбогдлыг л онцлон ярилаа.