Оюун санааны минь доторх харь хөндий юмс
2016-05-10 Баясгалан 1479

ГЭРЭГ сэтгүүл, ТАГТАА хэвлэлийн газар хамтран шинэхэн гарч буй номын тойм, шүүмжийн тогтмол буланг толилуулж буй билээ. Хоёр долоо хоногт нэг удаа хүрэх энэ булангаараа бид номын зах зээлд гарч буй шинэхэн номуудаас сорчлон танилцуулж, шүүн хэлэлцэхийн хамт дотоодын болоод гадаад зах зээлд ид шуугиулж буй хамгийн уншуустай, чанартай номуудыг санал болгодог билээ. Харин бид энэ удаад дэлхийн утга зохиолын хамгийн нөлөө бүхий шагналуудын нэг Man Booker Prize - ын сүүлийн шатанд үлдсэн зохиолуудын нэгийг нь онцоллоо.

Утга зохиолын шилдэг бүтээлд олгодог шагналуудын дотроос нэр хүндээрээ Нобелийн дараа орох чухал шагнал ном “Man Booker Prize”. Тэртээх 1969 оноос эхлэн олон улсад хэвлэгдсэн утга зохиолын хамгийн шилдэг бүтээлийг жил бүр шалгаруулан нэрлэж буй “Man Booker Prize” энэ жилийн өрсөлдөгчдийнхөө сүүлчийн шигшмэлийг саяхан зарлалаа. Сүүлийн шигшмэлд Италийн зохиолч Елена Феррантегийн “Төөрсөн хүүхдийн түүх”, Өмнөд Солонгосын зохиолч Хан Каны “Цагаан хоолтон”, Австрийн зохиолч Роберт Сийталерийн “Бүхий л амьдрал”, Хятадын зохиолч Яан Лианкегийн “Дөрвөн ном”, Анголийн зохиолч Хосе Эдвардо Агуаласогийн “Уучлахуйн ерөнхий онол”, Туркийн зохиолч Орхан Памукийн “Оюун санааны минь доторх харь хөндий юмс” нэрт романууд тунаж үлджээ. Тавдугаар сарын 16-нд эцсийн ялагчаа зарлах энэ шагналын товыг угтаж бид шалгаруулалтын сүүлчийн шатанд үлдсэн, Нобелийн Шагналт зохиолч Орхан Памукийн “Оюун санааны минь доторх харь хөндий юмс” романы тухай уншигчдадаа хүргэж байна.


 Оюун санааны минь доторх харь хөндий юмс

Түркийн доторх Курдуудын эсрэг хөдөлгөөн эрчимжиж, олон зуун курдыг алж, барьж, хавчин дарамталж ахуй нэгэн үед үйл явдал хамгийн хүчтэй өрнөж асан хил орчмын хотод Анкарагаас төлөөлөгч буужээ. Төлөөлөгчийн онгоцны буудлаас хөлөглөсөн таксины жолооч Курд хүн байж таарч. Тэр даруй сайх төлөөлөгч хотод Курдуудын нөхцөл байдал ямар байгаа тухай өөрийн албан тушаалыг эс дурдан асуув. Тэгтэл жолооч бүх зүйл сайхан болж буй тухай, эдийн засаг сэргэж хүмүүс ажилтай болон засгийн газраас шинэ тутамд явуулж буй бодлогууд курдуудын амьдралд ч сайн сайхнаар нөлөөлж бүс нутагт энх тайван тогтож хүмүүс бие биентэйгээ ойлголцож амьдрах чадвартай болсон тухай ихээ гэгээн сайхан зүйл ярина. Чингэхүл төлөөлөгч үгээ өөрчилж саяхан гарсан үймээний үеэр баригдаад буй Курд залуучуудыг өмгөөлөхөөр ирсэн тухайгаа хэлэхэд жолооч эр ч үгээ өөрчилж Курдуудыг хичнээн хавчин гадуурхдаг, хэдийнх нь амиар “туг тахьчихаад” байгаа, баривчлагдсан Курдуудыг яаж эрүүдэн тамлаж буй тухай хэртхийм үнэнийг ярьж эхэлнэ. Төлөөлөгч “Гэхдээ та түрүүхэн энд амьдрал сайхан байгаа, Курдууд ч хавчигдаж гадуурхагдсан зүйлгүй гэж ярьсан шүү дээ?” гэж асуухад курд жолооч “Түрүүний үг бол миний ‘нийгмийн үзэл бодол’. Одоо таньд ярьж буй нь бол миний хувийн үзэл бодол” гэжээ.

Энэ түүхийг анх сонсоод манай гол баатар эг маггүй инээж, Курд эрийн овжин занг шоолох авч өөрт нь ч бас түүнийх шиг “нийтэд хамаарах болоод зөвхөн хувь өөрт нь л хамаарах үг” бийг анзаарна. Юу гэвээс романы гол дүр Мевлат хэмээгч Түркийн хязгаар нутгийн ядуу тосгонд төрж өсөөд олны газарт бараадан хар ажилд зүтгэж ар дахь амьдралаа тэтгэхээр Истанбуль явсан аавынхаа араас арваадхан насандаа их хотод ирж, сургууль соёлыг дагавар, гудамжаар доншуучилж тараг, сүүхэн зарж аавдаа туслах ажлаа гол болгосон.., тэгж явсаар бие гүйцэж эр болохдоо оттоманы эзэнт гүрний үеэс олны дунд ихээ алдаршсан боза /Энэ ундаа манай бозтой ихээхэн төстэй, бараг нэг нэршилтэй ч байж мэдэх юм гэж тааж байна. Бозыг чанаж бид архи нэрдэг, үлдсэн идээг нь тарагны хөрөнгө болгох юм уу, шар усыг нь шүүгээд аарч, ааруул хийдэг шүү дээ./ хэмээх түрэгийн уламжлалт ундаа зардаг аав шигээ доншуур худалдаачны дүрээр Истанбулийн амьдралд идээшсэн нэгэн билээ. Залуу эр нэгэнтээ үеэл ахынхаа хуримд очихдоо бэрийн дүү охидын нэгтэй харц мөргөлдөж, тэр харцыг мартаж чадахгүй удаан шаналсны эцэст охинд хайрын захидал бичиж эхлэжээ. Чингэж гурван жил явсны эцэст хуримлагч үеэлийнхээ төрсөн дүү Сулеймантай илүү дотны хувьд үгсэж байгаад охиныг тосгоноос нь богтолж авчрахаар шийднэ. Үүнд нь Сулейман идэвхийлэн туслажээ. Тэд хамтдаа тосгон руу явж, Мевлат хайрт охиныхоо байшингийн гадна нуугдан хүлээж байгаад харанхуй өтгөрхөд дохио авалцаж хамтдаа өвс, чулуу, моддын дундуур хөтлөлцөн гүйсээр тосгоноос холдон галт тэрэгний буудалд хүрэх тэрхэн мөчид л манай баатар сайхан нүдийг нь мөрөөсөн мөрөөсөн гурван жилийн турш захидал бичсэн охиныхоо оронд, царай зүс хэр тааруухан эгчийг нь хөтлөөд гүйж ирсэнээ ойрхи дэнгийн гэрэлд сая анзаарна. Сулейман үзэсгэлэнт Самихад өөрөө сэтгэлтэй тул үеэлээ хуурч анх охины нэрийг асуухад нь л эгчийнх нь нэрийг хэлж өгөөд, “Раяихад” гэж хаягласан захидал гурван жил бичүүлсэний эцэст тосгон руу дагуулж очин мөн л хуурч эгчийг нь хулгайлуулчихжээ. Хүний охин үрийг хар шөнөөр гэрээс нь оргуулж авчирчихаад голоод буцаах зам одоо Мевлатад үгүй. Тэд хамтдаа Истанбулийг зорьж тэндээ бор түрхэн нэг сууц хөлсөлж Мевлатын шөнөөр хотын гол гудмуудаар хэсүүчлэн боза зарж олсон жаахан мөнгөөр амь зуунгаа хоёр ч охины эцэг эх болж Раяихаг гучхан насандаа төрөхийн эндлээр өөд болох хүртэл гомдоллох шалтгаан нэгээхэн ч үгүй аз жаргалтай амьдарчээ. Мевлат андуурч атгасан бүсгүйнхээ гараас жинхэнэ хайр, чин сэтгэл, халамж, халуун дулаан бүхнийг мэдэрсэн нь тэр.

Энэ зуур Мевлатын захидлуудын жинхэнэ эзэн хэн болох тухай яриа ойр тойрноор тархаж Раяихад хүртэл дуулдаад амжсан байв. Тэр бүрт нь Мевлат “Би Раяихадаа л зориулж тэр захидлуудыг бичсэн” гэж гүрэлзэж эхнэрээ оршуулсныхаа дараа ч охиддоо ижийтэй нь анх яаж харц мөргөлдөж тэр харцыг нь санагалзан гурван жилийн турш хэд хэчнээн захидал бичиж тэгээд хэрхэн хамтдаа оргож амьдралаа яажшуухан зүтгэж босгосон тухайгаа сайхан зүүд шиг дурсамж хүүрнэнэ. Харин жинхэнэ түүхийг нь мэдэх төрөл саднууд нь аанай л бэлэвсэрч хоцроод буй Самихаг Мевлаттай нийлүүлэх гэхдээ урьдын явдлыг эрээгүй уудалж, шахаж шамдуулах болжээ. Мевлат болж өнгөрсөн явдлыг өөрийнхөөрөө засварлан ахин дахин хариулахдаа бусдад хэлдэг үг яриа нь хувийн дурсамж, жинхэнэ үнэнээс нь алгуурхан салж хөндийрсөөр буйг мэдэрнэ.

Ер бид нийтэд харагдах, ойлгогдох, хүртэгдэх нэгэн дүрийг хувьдаа оршоох жинхэнэ “би”-гээсээ тусад нь авч явах ёстой гэж үү? Үйлдэл, үзэл хоёр нэг нэгнээ тодорхойлж чадах уу? Үйлдэл нь үзлээсээ тусгаар хүмүүс бурхны өмнө чухам алинаараа шүүгдэх вэ? Бид дотор маань боловсорсон ч үйлдэл болж гадагшлаагүй санаануудынхаа төлөө шүүгдэх үү? Мевлатын үе үе бараалхаж үгийг нь сонсдог нэгэн санваартан “Хүний үзэл үйл хоёр давхцаж байх ёстой,” хэмээжээ. Гэтэл Мевлатын үйлдэл, үзэл хоёр хэзээ ч давхцаж байсангүй. Үйл, үзэл хоёроо нэг болгосу. Ингэж бодоод Мевлат үзэсгэлэнт Самихатай уулзаж анхнаасаа л түүнд хайртай байснаа, тэр бүх захидлыг эгчид нь биш түүнд зориулж бичсэнээ амьдралдаа анх удаа үнэнээр нь улайжээ. Гэвч Самихатай тэр гэрлээгүйдээ харамсаагүй. Эгчтэй нь эхлүүлсэн амьдрал ч түүнд дутуугүй жаргал өгсөн. Ингэж өчөөд Мевлатын сэтгэл түрхэн амарч, олон жил тээж явсан хүнд ачааг аваад хаясан мэт санагдана. Үүний дараа түүнийг Самихатай цуг туулах үлдсэн амьдрал нь хүлээж буй. Үзэл, үйл хоёр нь тэнссэн хүнд санаа зовох юу байх билээ?

Мевлатыг анх ирэхэд Истанбул боспурын эрэг бараадсан хэдхэн навтгар байшинтай, Европын гэгддэг төв хэсгээрээ л жаахан амь амьсгаатай болохоос бус Азийн гэгддэг захын хэсгээрээ хөдөөнөөс амьдрал хөөж ирэгчдийн орой дээрээ овойлж суусан шавар тагзнуудаас өөр юмгүй, цулгуй газар байжээ. Шилжин ирэгсэд нэмэгдэхийн хэрээр хүмүүс хувь хувьдаа дур мэдэн газар дугуйлж, тус тусын шавар тагз босгож аваад хашаалан шавах болсон нь одоогийн Улаанбаатарын гэр хороололуудыг эрхгүй санагдуулна. Мевлатын эцэг ч ахтайгаа нийлж зах газрын хоёр толгод дээр нэг нэг тагз босгож амжжээ. Энэ зуур эх оронд нь цэргийн эргэлт гарч /1960/, Түрк улс Кипрт дайн дэгдээж /1974/, хотод газрын наймаа эрчимжиж, хувийн бизнес цэцэглэж, улс төрийн хүчнийхэн зүүн баруун жигүүрээрээ талцан тэмцэлдэж, Олон Улсын Хөдөлмөрчдийн өдөр гарсан үймээнээр Таксимийн талбай дээр 34 хүн амиа алдаж /1977/, шашны фундаменталь үзэлтнүүд болоод ултранационалистуудын гарт зуун зуун курдууд амиа алдаж /1978/, хажуухан Иранд шашны лидерүүд төрийн эрхэнд гарч /1979/, Чернобилийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтээс үүдсэн тоосжилт Истанбулийг тэнгэрт хүртэл бүрхэж /1986/, Бээжинд Тиананмений бослого дэгдэж /1989/, Берлиний хана нурж /1989/, Балканийн хойгт иргэний дайн дэгдэж /1990-1995/, Түркэд өрнөсөн хувьчлалын шуурганд цахилгааны станцууд хүртэл хувьд гарч /1991/, ЗХУ задарч /1991/, улс төрийн исламистуудын гарт зүүний үзэлт 35 сэхээтэн нэг дор амь үрэгдэж /1993/, Курдийн салан тусгаарлах үзэлтнүүднийн эсрэг Түркийн арми дайнд орж /1994-1995/, Режип Эрдагон Истанбуль хотын даргаар сонгогдож /1994/, Курдын салан тусгаарлах хөдөлгөөнийг 15 жил удирдсан Абдулла Ожалан Сирийн нутгаас баригдаж /1999/, газар хөдлөлтийн улмаас Истанбульд 17480 хүн амиа алдаж /1999/, Аль-Кайдагийн амиа золиослогчдын онгоцонд Нью-Йоркийн ихэр хоёр цамхаг мөргүүлж /2001/, Режип Эрдагоны нам сонгуульд ялж /2002/, улмаар тэрбээр Түркийн засгийн газрын тэргүүлэгч болж /2003/, Иракт АНУ-ын цэрэг нэвтэрч /2003/, “Арабын хавар” хэмээн алдаршсан эсэргүүцлийн хөдөлгөөний үеэр Мевлатын адил гудамжны худалдаачин хийдэг нэгэн эр Тунист өөрийгөө шатааж /2010/, Олон улсыг дамнасан дүрвэгсдийн үер Түркийн хилээр хэдэн зуун мянгаараа цутган орж ирчихээд байхад /2011/ оттоманы эзэнт гүрний үеийн сүүлчийн нулимс мэт боза хэмээх ундаагаа модон дамнуурт мөрлөөд үдэш бүр Истанбулийн гудамжнаа гарч ирдэг Мевлат л өөрчлөгдсөнгүй. Тэр тэнцүүхэн дүүргэсэн хоёр бортого бозагаа дамнуурганыхаа хоёр үзүүрт зүүж мөрлөөд эдүгээ тэнгэр баганадсан өндөр барилгуудаар сүр дарж, олны хөл хөдөлгөөн, орчин цагийн амьдралын нийтлэг хэв маягт уусан алдарсан Истанбулийн гудмуудаар цаг хугацааны аялагч мэт, хуучин цагийн хөшөө дурсгал, үнэт үзвэр мэт, хүмүүсийн ой санамжийн харанхуй буланд лаа барьж ирэх дурсамж сэргээгч мэт, цугаараа тал тал тийш яарч, бусдын байгуулсан өнөөдрөөс өөрсдийнхөө маргаашийг нэгжиж, тэр зүгт яарч адгахдаа өөрсдөөсөө өдөр улс бүр алсран холдох бүхэл бүтэн үндэстнийг мартагдсан хуучин “өөрсөд”, үнэт зүйлтэй нь хадаж тогтоох зэвэрсэн муу хадаас мэт гудамжны аль нэг буланд бөгтийн зогсоно. Түүнийг “Боо-заа” хэмээн уянгалуулан дуудах бүрт хүмүүсийн доторх хуучин он цаг, мартагдсан дурсамжууд салхинд хөдлөх мэт дэрвэсхийгээд намдана.

Тэртээх нэгэн зун аавыгаа дагаж гудамжинд тараг зарахаар ирсэн жаалхүү Истанбульд 42 жил амьдарсны эцэст энэ хоттой явган замынх нь боржин чулуу, гудамжных нь дэнлүү мэт нэгэн цул болжээ. Харин одоо тэр хайртай дотно энэ л хотдоо, Истанбульдаа нэг л үгийг аминчлан хэлэхийн, тэр үгээ хана туурганых нь дээр тодоос тод бичиж үлдээхийг юу юунаас илүү хүснэ. Энэ үгэнд түүний хувийн хийгээд хувьсгалын үзэл давхцаж буй. Үйл, үзэл хоёр нь нэгэн шугамд давхцаж эцсийн эцэст илчлэх хийгээд далдлах зүйл юу ч үгүй, нэгэн цул хүн болсон манай баатар... Тэгээд тэр ингэж хэллээ:

“Би Раяихадаа л энэ хорвоогийн юунаас ч илүү хайртай байжээ.”

Гол дүрийн маань нүдэн дээр, өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж буй Истанбулийн түүхийг уншиж ээ суухад аанай л Мевлатын адил бага залуугаасаа амьдрал хөөж ирж суурьшсан Баатар хотын маань аажим хувьслын дүр зураг нүдний өмнүүр жирэлзээд байлаа. Ерөөд оны дундуур илтэд олширсон Истанбулын гудамжны наймаачид.., ойрхи дэлгүүр, мухлаг, ер хаанаас ч тог татаад залгачихсан, гудамжаар нэг ирийлдэж байдаг асан зайрмагны дөрвөлжин хөлдөөгчүүд.., хотын захиргааны зөвшөөрөл сэлт юу ч үгүй багшраад буучихсан зах хорооллынхон, тэдний шон бүрээс салаалж татсан хууль бус цахилгааны шугам, мөнгөө төлөхгүй бол тог цахилгааныг нь шуудхан таслаад алга болдог өршөөлгүй “гэрлийн байцаагчид”.., улам олшрох авто машинууд, авто зогсоол тойрсон шуугиан цухал, хэрүүл хараал, тэнд үүрлэсэн, найрсаг саналд нь татгалзвал дугуйнд нь хадаас зоож, будгийг нь зураад явчихаас ч сийхгүй машин угаагчид, засварчид.., газар өмчлөл, газар чөлөөлөл, дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөдөлгөөн, гучин жил, дөчин жил суусан хашаа гэрээ ганц нэг өрөө байрын солионд өгчихөөд завших нь завшиж, бүтэлгүйтэх нь бүтэлгүйтэх үймсэн олон... Эртний нүүдэлчдийн үр хойчийг хувааж шингээсэн Истанбуль, Улаанбаатар хэмээх энэ хоёр хот чухам нэг л түүхийг туулж, дотор нь харъяалагдах хүн  ард ч чухам нэг л жаргал зовлонг амсаж яваа мэт дотно дүр зураг энэ романыг нэлдээ бүрхжээ.

Орхан Памук хувь хүний туулсан зам замналаар нийгмийн түүхийг харуулахдаа, жижиг хэсгээс ерөнхий рүү дэлгэгдсэн өгүүлэмжийн цогцолбор байгуулахдаа үнэхээр гаргуун гэдгээ энэ романаараа ахиад л нотложээ. Энэ бол хэний ч нүдэнд үл анзаарагдах, эгэл бор үүргийн худалдаачны түүхээр нэгэн хотын түүхийг, цаашлаад нэгэн үндэстний ойрхи зуун жилийн түүхийг дотроос нь, бүр гүний гүнээс нь уудлан өгүүлсэн зохиол. Орхан Памук мөн л гаргууд эзэмшсэн арга ёсоороо жижгээс том руу дэлгэхдэх шүхэр мэт байгууламжаа шашны уламжлал давамгайлсан нийгэм дэх эрэгтэй, эмэгтэйчүүдийн дүр байдал, нийгмийн бүлгүүдийн хоорон дахь зөрчил тэмцэл, нэг тогтолцооноос нөгөө тогтолцоонд, нэг соёлоос нөгөөд шилжих нийгмийн шилжилтийн дундаас үүсэх алдаа оноо, энэ шилжилтээр бүрэлдэн тогтсон үндэстний “шинэ дүр төрх” гэх мэт эдүгээ дэлхийн бүхий л улс үндэстний туулж яваа, тэр ч утгаараа орчин цагийн хүн бүрт ойр дөт “асуудал, зөрчлүүдээр” араамлан босгожээ.

Батсуурийн БАЯСГАЛАН

Түр хүлээнэ үү...
Top